Wednesday, April 26, 2006

Нээх их том биш ч, анхаарахгүй байхын аргагүй асуудал

Өнөөдрийн хичээлээр харилцааны тухай авч үзэх гэж байна. Улаанбаатар хотноо Христийн нэгэн чуулганд зочиллоо. Баяр болж байх юм, өнгө гэрэлтүүлэг сайтай, дуу хууртай ер нь л хүний сэтгэлд хүрчихээр болж байна. Үүдэнд зогсох угтагч охид хөвгүүд ч наалинхай урьхан ааштай гэж жигтэйхэн. Сайхан цэвэрхэн хувцасласан, мишээл нүүрэндээ тодруулсан, урьсан тонголзсон гоё байна, болж байна, хүмүүс ч ирэхээс яахав. Хүлээж байгаарай, би бичсэнээ дахин гүйлгээд харлаа, тонголзсон бөхөлзсөн гэнэ үү? Тийм байнаа, нээрээ л тонголзон бөхөлзсөн гэж байна, эргээд бодлоо… Орж ирэх хүний тоогоор тонголзож байсан санагдана, хоёр гараа урдаа хумин бөхөлзөөд л, нөгөө Япон Солонгосын кинон дээрээс харсан шиг л… Монголд зүүн өмнөд Азийн бизнесмэн эзэдтэй компани дэлгүүрүүдэд үйлчилгээний ийм шаардлага тавьдгийг би мэднэ, энэ нь тэдний хүндэтгэлийн хэлбэр л дээ. Харин зөвхөн бизнесийн хүрээнийхэнд төдийгүй, Христийн сүм чуулганд ч ийнхүү гадны соёлын хэв шинж харагдах болжээ.

Манай залуусын хувьд, 90-ээд оны дундаас хүчтэй түрэн орж ирсэн өмнөд Солонгосын кинонуудтай хэдийнээ танил, зарим нь ч бүр шүтэн бишрэгчид нь болсон тул иймэрхүү ааль зан харь байхаа больжээ. Харин дунд эргэм насны, эсвэл хөдөөнийхөн, бас европжсон давхаргынхан үүнд нэг л элгэмсүү биш. Христийн чуулгануудад явж байгаа монгол итгэгчдийн дунд 20 гаруй насныхан зонхилсоор байгаа одоохондоо энэхүү илт мэдрэгдэм соёлд шүүмжлэлтэй хандахгүй байж болох ч, үүний цаана давхар юу агуулагдан буйг тунгаан бодолгүйгээр жинхэнэ үндэсний дүр төрхтэй чуулган бий болно гэдэг юу л бол… Үүдэн дээр үзэгдэх энэ зан үйлийг ухан төнхвөөс зүүн өмнөд Азиас Христийн сүм чуулганаар дамжин орж ирэх тахимдуу ёсыг сурталдах урсгалыг бид олж харах болно. Монгол дахь Христийн чуулгануудад хүчээ авч буй цол хэргэмийн зиндаархал, удирдлагын шаталсан бүтэц, хүлцэнгүйгээр захирагдахыг уриалсан номлолууд, багш шавийн барилдлагыг эрхэмлэх үзэл, ёс суртахууны ягшмал ойлголтууд гэх мэт Күнзийн суртахуунд суурилсан үзэл санаанууд эхэндээ Солонгосын миссионеруудын л асуудал мэт харагдаж байсан бол яваандаа энэ нь тэднээс суралцсан монгол пастор удирдагчдын зан авир, үйлдэл шаардлага болж эхэлжээ. Монголд Христийн шүтлэг бишрэл хүчээ авахын хэрээр зүүн өмнөд Азийн тахимдуу ёс манай соёлд улам бүр нэвчих аяг харагдаж байна. Энэ сайн ч биз, муу ч биз. Монгол хүний унаган сэтгэлгээг эвдэлгүйгээр Сайн мэдээг танилцуулах гэвэл… Энэхүү тахимдуу ёсны харилцааг тэгш эрхийн ёсонтой цөөн хэдэн талаар харьцуулан харъя байз.

Үүдэнд зогсон угтах охид хөвгүүдийн бөхөлзөн мэндчилэхийг буруу зөв гэх нь миний гол бай биш гэдгийг ойлгоорой, харин нүдэнд өртөмгүй атал үүнээс ч илүү урхаг үр дагавартай байж болох чуулган дахь харилцааны хэв маяг, сургаал номлолоор дэвшүүлэх үзэл санааны тухай би ярьж байна.

Өнгөрсөн зууныг хүртэл мянга мянган жил нүүдэллэн амьдарсан монголчууд суурин иргэдийн адил нийгмийн харилцааг зохицуулах ягшмал онолыг бий болгосонгүй. Суурин иргэний (би энд урд зүгийнхнийг хэлж байна л даа, түүхэн үүднээс) зүгээс умардын нүүдэлчин иргэдийг иргэншээгүй гэж үздэг байсан нь нүүдлийн соёлд тогтсон ягшмал дэг жаяг бүрэлдээгүй гэж үзсэнийх байсан бололтой. Гэхдээ алив иргэншил, соёл, нийгэм хувь хүнээс бүрэлдэх тул харилцаа нь хувь хүмүүсийн итгэл үнэмшил, зан суртахуун, эрхэмлэх чанаруудаас шалтгаалж байдгийн адилаар алив нийгэм нь өөрийн гэсэн бүрэлдэн бий болсон харилцааны хэлбэрээр зохицуулагддаг нь жам ёсны үзэгдэл. Энэ утгаараа суурин иргэншилд хүмүүний харилцааг зохицуулах ёс тогтсон байсан гэдэг бол, нүүдлийн соёлд ч энэ мэт харилцаа зохицуулагддаг өөрийн гэсэн механизм байсан л байж таарна. Нүүдэлчид нэг доор шавааралдан суухгүй тул, хувь хүний эрх чөлөөний ойлголт мэдрэмж, түүний төлөөх тэмүүлэл илүү хүчтэй. Хувь хүний бусдаар хязгаарлагдах хариуцлагын ухамсар бага байсан нь амьдралынх нь орчин нөхцөлтэй холбоотой. Харилцаа илүү чөлөөт хэлбэртэй, нөхцөл байдлаас хамааралтай, тэгш эрхийн ёсонд илүү дөхүү гэж ойлгогдохоор... Гэтэл Күнзийн уламжлалтай зүүн өмнөд Азийн орны иргэд бодит байдлыг хязгаарлагдмал орчин дахь харилцаа гэдгээр нь илүүтэй үздэг байж болох, тэр утгаараа гэр бүл, нийгэмд, хүмүүний харилцаа үүсч болох алив орчинд зохицуулах үүрэг бүхий ягшмал ойлголтуудыг бий болгон, түүн дээр үндэслэсэн хэм хэмжээг тогтоосон байдаг нь тэдний ялгарах онцлог гэлтэй.

ТүүхАль дивангартКүнзийн суртлыг үндэслэгч Кон Фу Цу Аналект-д хэлэхдээ “Умардын зэрлэг овог аймгуудад дэг жаяг тогтлоо ч, манай агуу улсад самуун дэгдэж, ёс жаяг алдагдсанаас дорд байх болно. Ямар ч үед иргэн хүн зэрлэгүүдийн адилаар ёс жаяг, тахимдуу ёсыг үл таягдана” гэжээ. Энэ бол өмнөдийн Күнзийн суртахуун манийг яаж харсаар ирсний илрэл гэлтэй. Монголыг Хятадаас ангид байлгаж байсан зүйл нь нүдэнд үзэгдэх их Цагаан Хэрэм биш, харин сэтгэлгээний ялгарал байсан. Үүнийг ажигласан нэгэн судлаач “Хятадын соёл иргэншилд үл буун өгөх Монголчуудын хандлага” хэмээн тодорхойлсон байдаг.







Tuesday, April 25, 2006

Шилжүүлэн суулгасан ба ахуйдаа төрсөн Чуулган

Dr. Gailyn Van Rheenen


Хятадын "Three-Self" (албан ёсны гэгддэг) чуулганд анх би айлчлахдаа "Хятад хэл, соёл мэдэхгүй юм чинь мөргөлийн үйл ажиллагаанд яаж оролцох билээ?" гэж бодож байсан ч, үнэндээ цуглаанд нь суугаад Барууны чуулганы орчуулгын дуу дуулахыг нь, мөргөлийн хэлбэр нь ч Барууны уламжлалт хэв маягийг хуулбарласан байгааг ажиглаад гайхаж билээ. Цуглааны үйл ажиллагаа дууссаны дараа Хятад, Америк итгэгчид цуглаад нөгөө л бүхний танил болсон дуунуудыг Америкчууд нь Англиар, Хятадууд нь Мандарин хэлээр дуулцгааж байлаа.

Бидний харсан чуулган бол миний хүсэн найдаж байсан шиг ахуйдаа төрсөн Хятад чуулган биш, харин Барууны чуулганаас ялгарах юмгүй, шилжүүлэн суулгагдсан дуураймал чуулган байлаа. Иймэрхүү чуулганууд тарьсан эх чуулганыхаа соёл, өв бүхнийг нь өөртөө шингээн тусгасан байдаг билээ. Анх тарьсан илгээлтийн эзэд нь өөрсдийнхөө соёлын тусгал болсон хэв загварыг мөнөөх соёлын дотор үндэслэнэ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нутгийн итгэгчид мөнөөх экспортолсон хэв шинжийг сайн мэдээний салшгүй хэсэг мэт ойлгож хүлээж авч хөгжүүлсээр байдаг нь гашуун үнэн юм. Гэтэл нөгөө талд, ахуйдаа төрсөн чуулганууд "Бурхан Өөрийн мөнхийн хүсэл таалал, авралын мэдээг энэ соёлын орчин нөхцөлд хэрхэн тусгагдаасай гэж хүсэж байгаа бол?" гэсэн ярвигтай хүнд асуултыг тавин байж Бурханы хүсэл тааллыг тусган харуулах нутгийн арга замуудыг хөгжүүлдэг байна.

Шилжүүлэн суулгагдсан чуулганыг би юутай зүйрлэх вэ гэвэл шинэ орчинд шилжүүлсэн ургамлын суулгацтай зүйрлэнэ. Иймэрхүү суулгац нь анхдагч орчиндоо хэрхэн ургаж байсан шигээ ургаж, өсөн үржих ёстой болно. Гэтэл ахуйдаа төрсөн чуулган гэдэг бол шинэ хөрсөнд "Бурханы үр"-ийг тарихтай адил бөгөөд мөнөөх үрийг мөнхийн утга учраа алдалгүйгээр тухайн шинэ соёлын хэл, сэтгэлгээ, дэг жаягийг хүлээн авч ургах нөхцлийг бүрдүүлдэг. Мөнхийн утга учир гэж юуг хэлээд байна вэ гэхээр Бурхан ба Христ, Ариун Сүнс, чуулган, хүмүүн, цаг хугацаа, өнө мөнхийн тухай ойлголт, авралын тухай Библийн ухагдахууныг багтаасан байх ёстой.

Шилжүүлэн суулгагдсан чуулганыг бид зүйрлэвээс энэ нь гадил жимсийг Канадад аваачин тарьсантай агаар нэгэн буй. Канадын хатуу ширүүн өвлийг даван туулахын тулд энэ жимсийг гэрт оруулж, тусгайлан халамжлах хэрэгтэй болдог. Шинэ уур амьсгалд дасан зохицох чадваргүй тул гадил өсөн үржих чадваргүй байх нь мэдээж. Гэтэл эсрэгээрээ, ахуйдаа төрсөн чуулган гэдэг бол Багамын аралд ургаж буй гадил жимстэй адил гэж хэлж болно, тэгээд ч байгаль орчинтойгоо нягт уялдаатай, үр жимс ч их гаргадаг.

Олон илгээлтийн чуулганууд хүйтэн уур амьсгалтай газарт таригдсан гадил юмуу, савтай цэцэг шиг байж, өсөн үржих чадваргүй, харин ч амьд үлдэхийн тулд тусгай амь тариа хэрэгтэй болж байгаа нь үнэн. Энэ удаа бид шилжүүлэн суулгагдсан, ахуйдаа төрсөн чуулгануудыг дөрвөн талаар харьцуулан үзэх болно: 1. Үйл ажиллагааны хэв шинж; 2. Удирдлагын хэв шинж; 3. Танин мэдэх аргачлал; 4. Мэдээ дамжуулах хэв шинж.

Үйл ажиллагааны хэв шинж

Ням гарагийн мөргөлийн цагийг авч үзье. Мөргөлийн энэ үйл ажиллагаа эх чуулганы цагийн хуваарийн нарийн хуулбар болох нь ч бий. Мөнөөх шилжүүлэн суулгагдсан чуулганууд Ням гарагийн өглөөний 10 цагийг мөргөлд тусгайлан зориулсан Бурханы ариун цаг гэж үзэх нь холгүй байдаг. Гэтэл Уругвай гэх мэт шөнийн амьдралтай соёлд шашны ихэнх томоохон үйл ажиллагаанууд нь орой 7 юмуу 7.30-д эхэлдэг юм байна. Христийнхний түүхийн анхны үед ч гэсэн ихэнх чуулганууд үдэш цуглаанаа хийдэг байж. Яагаад вэ гэж үү? Итгэгч боолуудыг эрх чөлөөтэй иргэдийн адилаар мөргөлийн үйл ажиллагаанд хамруулахын тулд л тэр шүү дээ.

Шилжүүлэн суулгагдсан чуулгануудад мөргөлийн дараалал нь мөн л эх чуулганаа хуулбарлана. Ням гарагийн цуглаан "нээлтийн залбирал, магтаалын гурван дуу, номлол, шинэ хүмүүст зориулсан дуу, дахиад дуу, зарлал, хаалтын залбирал" гэсэн дараалалтай явагддаг чуулганаас ирсэн илгээлтийн эзэд ийм л дараалалтай үйл ажиллагаа явуулдаг чуулганыг байгуулдаг. Гэрчлэлд тулгуурладаг чуулганууд тийм л чуулган тарьдаг. Эсийн бүлэгт суурилсан чуулганууд өөрсдийнх нь эсийн бүтэц хэлбэр энэ дэлхийн хаана ч гэсэн, ямар ч нөхцөлд таарна гэж итгэх хандлагатай байдаг. Шилжүүлэн суулгагдсан чуулгануудын удирдагчид "Манай энэ соёлд мөргөлийн ямар хэлбэр, бүтэц Христэч мөнхийн утга учир, сүнслэг төлөвшлийг бий болгох вэ?" гэж асуудаггүй гэж хэлэхэд буруудахгүй л болов уу.

Бурханы илэрхийлэл гэхээсээ илүүгээр хүмүүний соёл л мөргөлийн цаг хугацаа, хэв загварыг бий болгон бүрдүүлэгч хүчин зүйл болдог гэдэг нь ойлгомжтой.

Удирдлагын хэв шинж

Шилжүүлэн суулгагдсан чуулганы удирдлагын хэв маяг нь мөн л эх чуулганы хуулбарласан байдаг. Барууны соёл залуу үе рүүгээ хандсан байх агаад, тэндхийн чуулганууд гол төлөв хүчтэй, хурц дайчин номлогчдыг илүүд үздэг нь залуу гэр бүлүүдэд нөлөөтэй болохоор аргагүй юм. Гэтэл "намбалзсан" соёлд иймэрхүү залуу удирдагчдыг үйлчлэлд томилох нь Христийн чуулганыг "хүүхдийн шашин" гэх сэтгэгдлийг нийгэмд төрүүлдэг. Ийм чуулганууд залуу насны ид хав, алдаа эндэгдлээр дүүрэн. "Намбалзсан" соёлд залуу номлогчид нас намбатай хүмүүст бараг хүрч чаддаггүй болох нь барууны соёлоос ялгарах онцлог юм.

Хойд Америкийн зарим чуулган ахлагч нарын зөвлөлтэй. Зөвлөл пасторыг болон чуулганыг бүхэлд харгалзан хоньчлох замаар ажилладаг. Тэд сүргийг хоньчлохоос (Үйл 20:28; 1Пт 5:1-4) гадна, чуулганы гол гол шийдвэрийг гаргадаг удирдах зөвлөлийн үүргийг гүйцэтгэдэг. Ийм бүтэц нь тэгшитгэсэн удирдлагын хэвийг хадгалсан болон бизнес үйл ажиллагаа явуулахад тохиромжтой байдаг учраас Америкийн жижиг дунд хот суурин газарт гайхалтай сайхан зохицно. Харин тэгшитгэсэн удирдлагын загвартай чуулганууд Латин Америкт төдийлөн гойд өсдөггүй. Энд хүчтэй нэг гол удирдагч хүн Паул элчийн жишээгээр ахлагч нарыг томилохоос гадна, бусад удирдагчдыг босгодог. Латин Америкт зарим шилжүүлэн суулгагдсан чуулганууд Хойд Америкийн чуулганы удирдлагын тэгшитгэсэн загварыг шууд хуулбарласан байгаа. Ахуйдаа төрсөн чуулганууд нь Христийн зарцлагдах сэтгэлийг өвөрлөсөн хүчтэй удирдагч нартай. Латин Америкт ажилладаг чуулган таригчид авралын зарын том цуглаан зохион байгуулах замаар ажиллах нь элбэг агаад үл итгэгчдийг харанхуйгаас гэрэлд, Сатаны эзэрхийллээс Бурханы хаанчлалд дуудаж хуучин шашных нь далдын хүч, сүнслэг зан үйлтэй шууд тэмцэл хийдэг. Цугларалтуудын дараа шинэ итгэгчдийг Христийнхний хүрээнд оруулж авах ажлыг бэлтгэгдсэн үйлчлэгч нар хийнэ. Үндэслэгч авралын зар тараагч маань тэднийг тэгээд орхихгүй, нутгийн удирдагчидтай хамтран ажиллаж, хөгжиж буй шинэ чуулганы сүнслэг болон материаллаг хэрэгцээг хангадаг. Тэгшитгэсэн удирдлагын загвар нь Латин Америкт чуулганы хөгжилтөд, нэгдэлд хамгийн их саад болж байгаа зүйлийн нэг юм.

Библи ч Христэч удирдлагын зарчим (Мк 10:35-45), бүтцийн (Тит 1:5-9) тухай өгүүлэхдээ яг ийм байх ёстой гэсэн нарийн загварчлалыг, аргачлалыг өгөөгүй гэдгийг бид мартаж болохгүй.

Танин мэдэх аргачлал

Ф. Х. Смитийн бий болгон Эдмунд Перригийн бичсэн материалаас Давид Хэсселгрэйв ашиглан, бодит байдлыг танин мэдэх гурван хэв маягийн тухай өгүүлсэн байдаг: (1) орчин цагийн Барууныхны оюуныг шүтэх үзэл, (2) Хятад маягийн Күнзийн суртахууны нөлөөтэй ягшмал харилцаа, (3) уламжлалт Энэтхэгийн гэгдэх зөн совингоор хандах хандлага (1991, 301-304). Энэ танин мэдэх аргачлалууд нь өөр өөр соёлтой хүмүүсийн Бурханд хандах байдал, мөргөлийн зан үйлд асар их нөлөөлдөг байна. Оюуныг шүтэгчид танин мэдэх, ойлгох, ялгаж салгахыг эрхэмлэнэ. Тэд Христэч үзэл санааг хэд хэдэн судлахууны ангилалтайгаар системчилсэн байдлаар судалдаг. Гэтэл ягшмал харилцааг эрхэмлэгчид нэр хүнд, хүндэтгэл, тахимдуу ёс, тойрон хүрээллийг чухалчилдаг байна. "Амьдрал, бодит байдал тэдний нүдэнд хязгаарлагдмал орчинд үүсэх бодит харилцааны илэрхийлэл гэсэн утгаар харагддаг" (1991, 303). Зөн совингоороо үйлдэгчид нэгдмэл байдал, харилцан хамаарлыг илүүтэйд үздэг. Тэдний мэдрэмж нь "дотоод сэрэхүй, үзэгдлээс үүсдэг" (1991, 303). Энэ гурван чанар бүх соёл иргэншилд ямар нэг хэмжээгээр илэрч байдаг ч, хэмжээнээсээ шалтгаалан өөр өөр байдаг гэсэн байх юм.

Шилжүүлэн суулгагдсан чуулгануудад санаатай ч, санаагүй ч тэр, нэг соёлын танин мэдэх аргачлалыг эвдэн нөгөө соёлын хэв маягийг хүчлэн тулгаж эхэлдэг. Барууны чуулган таригчид дотоод мэдрэмжийн алив илэрхийллээс ангид байхыг эрмэлзэж, харилцаанаас агуулгыг нь чухалчилж, мөргөлийн танин мэдэх хэлбэрт нь илүү анхаардаг. Гэтэл нөгөө талд, ахуйдаа төрсөн чуулганууд нь теологийн хувьд Библид суурилан Бурханы мөнхийн мэдээг өөрийн соёлд нөхцөл байдалтай нь уялдуулан хүргэдэг. Мөн чуулганы дуу хөгжим соёлынхоо тусгал болж байна. Ингэж нутгийн хүмүүсийн дуу хөгжим урлагаар нь дамжуулан Христэч Сайн мэдээ хүчтэй тархаж байгаа юм. Энэ нь илгээсэн соёлын урлагыг ашиглахаас хамаагүй дээр гэсэн сэтгэгдлийг төрүүлж байна. Жишээлбэл, Латин Америк шиг сэтгэлийн асар их хөөрөлтэй хүмүүс манай Америкийн чуулгануудад ирэхдээ заавал Барууны оюуныг шүтэгч байх албагүй шүү дээ. Саяхан би Латин Америкт 4 сар болохдоо өсөн дэвжиж буй олон чуулгануудад зочилж танилцсан. Бүгдэд нь ажиглагдсан нэг гайхалтай онцлог шинж гэвэл, тэд сэтгэлийн асар их хөөрөлтэйгөөр Бурханыг магтаж байсан явдал юм. Библийн өргөн мэдлэгтэй Сударт итгэдэг итгэгчид бид ч гэсэн сэтгэлийн их хөөрөлтэй байж болно гэж би үздэг.

Та дээрх гурван айн алинд нь багтдаг байлаа ч гэсэн итгэл, дуулгавартай байдлаар чинь дамжуулан Бурхан Өөрийнхөө нигүүлслээр дагалдагсдыг хүлээн авдаг билээ.

Мэдээ дамжуулах хэв шинж

Шилжүүлэн суулгасан чуулганы авралын зар тараагч хүн энэ дэлхийн аль ч өнцөг буланд ямар ч орчинд байсан хамаагүй нэг л Сайн мэдээ нэг л аргачлалаар тунхаглагдах ёстой гэж сэтгэдэг байх юм. Номлол нь мөн адил нэг хэлнээс нөгөө хэл рүү орчуулах төдий л байна. Харин ахуйдаа төрсөн чуулган дамжуулж буй мэдээгээ хүлээн авч буй соёлынх нь арга хэлбэрт нийцсэн загвар, бүтэцтэйгээр дамжуулах ёстойг мэддэг.

Африкийн баруун эргийн Бениний Аяа хүмүүсийн дунд бичиг үсэггүй хүмүүст Сайн мэдээг түүх хүүрнэх маягаар ярихад маш сайн хүлээн авдаг нь ажиглагдсан байна. Сэдэвчилсэн хичээлүүд нь түүхийн орхигдуулсан зайг нөхөж болох ч, ингэж дамжуулсан хүүрнэл нь зөвхөн цээжлэгдээд зогсохгүй, теологийн ухагдахууныг ойлгох хөрсийг бүрдүүлж өгнө. Христ агаарын хүчнүүд ба эрх мэдлийг ялсан гэдэг сургаал (Кол 1:15) сүсэг бишрэл, аливаа сүнслэг хүчнийг төдийлөн ойшоохоо больсон өнөөгийн Америкчууд болон Европчуудын хувьд төдийлөн ач холбогдолтой байж чаддаггүй мөртлөө сүг сүнс, лус савдагуудыг ялсан ялгуусан Христийн тухай ухагдахуун анимист, спиритист зэрэг сүсэг бишрэлтэй хүмүүсийн сэтгэлд хүрч, тэднийг загалмайн өмнө авчирдаг байх юм (Ван Рийнэн 1991, 141-142). Хүн зөвхөн Христийн хүчээр л Сатаны эзэгнэлээс ангижирч, айдсаа даван туулах боломжтой. Үл итгэгчдийн дунд Христийг тунхаглахдаа тэдний сэтгэлд хүрэх хамгийн хүчтэй цагаатгалын зураглалыг гаргаж ирэхэд анхаарч Бурханы хаанчлалыг ойлгоход нь тэдэнд туслах нь чухал болоод байна.

Тиймээс, теологи ч мөн призмийн гадаргуугаас ойх гэрлийн тусгал мэт. Уг нь призм нэг л эд зүйл боловч, өнгө, гэрлийн хугарал, чиглэлээсээ шалтгаалан өөр өөрөөр харагддаг. Христэч мэдээ ч үүнтэй агаар нэгэн бус уу? Нэг л Сайн мэдээ байгаа хэдий ч, илэрхийлэл, аргачлалынхаа хувьд өөр өөр байдлаар тусгагдаж болох юм.

Нутгийн хэл усыг нь сурч, давтагдашгүй соёлынх нь уг чанарыг ялган таньж, Бурханы мөнхийн мэдээг дамжуулах хийгээд яаж орон нутгийн асуудалтай уялдуулахдаа нутгийн төлөвшсөн Христэч удирдагчидтай хамтран ажиллах тал дээр муу бэлтгэгдсэн илгээлтийн эзэд л шилжүүлэн суулгасан чуулганыг тарьж байна. "21-р зуунд илгээлтийн сонирхогчдын хүрээг тэлэх" замаар хөнгөн хуумгай ахуй соёлд уялдуулах явдал асар их дэлгэрч байна (Winter, 1996). Илгээлтийн олон эзэд хангалттай хэмжээний бэлтгэл сургуулилтгүй явснаас болж шилжүүлэн суулгасан суулгац шиг чуулгануудыг тарьсаар байна. Тухайн үндэстний хэл ус, соёлыг нь сурч, нутгийн итгэгчидтэй хамтран ажиллаж буй илгээлтийн эздийн хувьд амин чухал хэрэгцээ бол Бурханы мөнх сайн мэдээг тухайн нутгийн соёлд уялдуулах явдал болоод байна.

Илгээлтийн эзэн гуай, гэртээ харь... эсвэл үлд

Илгээлтийн эздийн үйл ажиллагаа, харьцаатай холбоотой асуудлаар Коста Рикачууд болоод илгээлтийн эздийн хийсэн нэгэн хурал дээр Нэгдсэн Методист Чуулганы бишоп Федерико Пагура Латин Америкт илгээлтийн эздийн хийж буй үйлчлэлийн агуулга чанарын талаар өөрийнхөө санаа бодлыг илэрхийлсэн товчхон тунхгийг уншсан байна. Энэ тунхаг Латин Америкт төдийгүй дэлхийн өөр бусад газруудад ч өргөн тархаж, хэвлэгдсэн байх юм. Үүнийг анх Испани хэлнээс Англи хэлнээ Виллиам Ноттингэм хөрвүүлэн 1973 оны 4-р сарын 11-нд The Christian Century (Чикагогийн) сэтгүүлд хэвлүүлснээр нь Ж. Эндерсон, Т. Странски нар "Mission Trends No.1" эмхтгэлд оруулсан байна.

Үүнийг Монгол хэлнээ хөрвүүлэн нийтлэх нь цаг үеийн уур амьсгалтай нийцнэ хэмээн үзэхийн учир нь, 1) анх сайн мэдээ алив улс оронд орох үеийн бэрхшээл зовлон, үл ойлголцлыг бид ч мөн туулж байна, 2) иймэрхүү сэдэв зөвхөн Монголд болдог хэрэг бус, энэ бол олон улсын чанартай олон зуун жилийн урхагтай ярвигтай асуудал байсаар ирсэн гэдгийг мэдүүлэх, 3) бид үүнээс болоод нэг бол, хэт өөрийн улс үндэстнийг дөвийлгөх явуургүй үндсэрхэг үзэлд баригдахвий, нөгөө талаас, өөрийн соёлын үнэлэмж, улс үндэстний эрх ашгийг үл тоомсорлон харийн сэтгэлгээг мухар сохроор шүтэн бишрэхвий гэсэн бодлоос үүдэлтэй болно.

Федерико Пагура бол Аргентин улсын иргэн бөгөөд 1968-1972 онд Нэгдсэн Методист Чуулганы Панам, Коста Рика улсуудыг хариуцсан бишопийн албыг хашиж байгаад дараа нь нутагтаа буцан ирснээс хойш Мендоза дүүргийг хариуцсан зөвлөх болсон аж. Пагура бол нэрд гарсан найрагч, зохиолч, магтуу зохиогч төдийгүй АНУ-ын Калифорни мужийн Клэйрмонтийн Теологийн Сургуульд зэрэг хамгаалж, эдүгээ КИЛАДИК-ийн (Латин Америкийн Христчин Боловсролын Хороо) ерөнхийлөгчийн албыг хашиж байна.

Ингээд танд энэхүү алдарт тунхаг бичгийг танилцуулъя. Таалан болгооно уу:

Хэрвээ та Сайн мэдээний мөнхийн Үгийг өөрийнхөө соёлын үнэлэмж хэмжүүрээс бүрмөсөн тусгаарлаж, очсон ард түмнийхээ дунд цэвэр Бурханы үгийг зааж чадахгүй бол, илгээлтийн эзэн гуай, гэртээ харь.

Хэрвээ та нутгийн хүмүүсийн хувьд цөхөрмөөр, хөмөрсөн мэт санагдах тэр л хүч тэнцвэргүй, харьцуулшгүй бэрхшээл зовлон дунд нь өөрөө тэдний нэг мэт байж, өрнөсөн үйл явдал, тэдний сэтгэлийн зовлон шаналалыг мэдэрч чадахгүй бол, илгээлтийн эзэн гуай, гэртээ харь.

Хэрвээ та "Хүчтнийг бөхийлгөж, дордсыг өргөхөөр" ирсэн (Лк 1:52) Есүс Христэд үнэнч, хүлцэнгүй байхаас илүүгээр өөрийн төрж өссөн улс үндэстнийхээ эрх ашигт баригдмал, үнэнч байгаа бол, илгээлтийн эзэн гуай, гэртээ харь.

Хэрвээ та "төөрсөн" хэмээн үзээд авралын зар тараах гэж зорьж ирсэн тэр л хүмүүсээ өөртэйгөө тэгш эрхтэй хэмээн үзэж, хайрлаж хүндэлж чадахгүй бол, илгээлтийн эзэн гуай, гэртээ харь.

Хэрвээ та нутгийн хүмүүсийг, чуулгануудыг шинэ шатанд төлөвшиж, хараат бус байдал, үүрэг хариуцлагыг үүрэх тийм цаг үе ирэхэд нь, тэр ч байтугай өнгөрсөн үед мөн л адил та болон танай өмнөх үеийнхний гаргаж байсны адилаар алдаа оноог гаргах байлаа ч гэсэн үүнд нь баярлаж чадахгүй бол, илгээлтийн эзэн гуай, гэртээ харь.

Тийм ээ, таны хувьд, гэртээ харих цаг болжээ.

Гэхдээ хүлээгээрэй,

Хэрвээ та өөрийгөө үгүйсгэн байгаад ч болов, өнөөдөр манай өмнөд Америкчуудын туулж буй энэхүү чуулган төрөлтийн өвчин шаналал, хүндрэл эрсдэлийг үүрэлцэхэд бэлэн байх аваас,

Хэрвээ та Сайн мэдээ бол алс хэтийн найдвар төдий зүйл биш, харин ч аль хэдийнээ хүмүүний түүхийг хувьсган өөрчлөөд эхэлчихсэн найдвар, чөлөөлөлт гэдгийг тунхаглах, батлах явдал юм байна гэдгийг мэдэж мэдрэхийн жаргалыг энэ л хүмүүстэй хамт эдэлж, баярлан бахдаж эхлэх аваас,

Хэрвээ та өөрийн чинь хувьд үнэ цэнэтэй цаг хугацаагаа, үнэлэмж цэгнэмжээ, амь амьдралаа энэ л сэрээсэн хүмүүсийнхээ төлөө үйлчлэхэд илүүтээгэйр зориулахад бэлэн байх аваас, тэгвэл:

ТА ҮЛДЭЭЧ. Хийх зүйл асар их байна. Христийн амь амьдралаа зориулан байж үүсгэн босгосон энэ агуу үйлсэд амь бие хайрлахгүй зүтгэх хүн дутагдсаар байгаа шүү.

Нэгдмэл Монгол Чуулганы суурь онол

Христийн Зүүний Чуулганы тухай нэгэн номын оршилд ийм тэмдэглэл бичигдэн үлджээ:

"... Англи хэлээр ярьдаг Христийнхэн Барууны Чуулган хэрхэн үүсэн бий болсон, хэрхэн тархан түгсэн тухай сонирхдог атлаа Зүүний Чуулганы илгээлтийн санаанд багтамгүй түүхийг төдийлөн сонирхдоггүй, тэгээд ч тэр талаар бичсэн материал төдийлөн элбэг биш. Тэртээ улирсан он цагийн нэгээхэн зайнд Ази тив гэдэг тухайн үедээ хүн ам хамгийн их нягт суурьшсан, хөгжлийн өндөр түвшинд хүрсэн газар нутаг байсан хийгээд Христийн хаанчлалын сайн мэдээ тэдэнд хэрхэн хүрч байсан нь өнөөгийн барууны Христийнхний анхаарлыг тийм ч их татахгүй байгаа бололтой. Сайн мэдээний төлөөх тэр их зүтгэл чармайлт, хөлс хүч, амь нас өнөөдөр бараг л олж мэдэхийн аргагүй арчигджээ... Нэгэн цагт цэцэглэн мандаж байсан чуулганууд хожмын үеийнхнийхээ ой ухаанд ч буухгүй болтлоо түүхээс арчигдан хаягдаж, тэдний итгэл бишрэлийнх нь хэм хэмжүүрийг бүү хэл, өөрсдийнх нь тухай хэн ч хэзээ ч мэдэхгүй болох тийм цаг үе, тийм нөхцөл байдал тулгардаг юм байна шүү гэдгийг түүх бидэнд сануулж байна. Үүнийг бидэнд зөвхөн тэртээ он цагийн тоосонд булагдсан талийгчдын гэрчлэл, булш бунхны бичээсүүд л гэрчилж байгаа бус уу. Улиран одсон тэртээ цаг үеийн тэр л дуу хоолойны нэгээхэн илэрхийлэл болж МЭ 9-р зууны үеийн нэгэн Христэд итгэгчийн дурсгал, төв Азийн цээжинд байгаа гэрэлт хөшөөн дээрх "Энэ бол бидний Золигч Эзэн Есүсийн төлөө амьдралаа өргөсөн Пасакийн булш" гэсэн бичээс бидэнд намуухан шивнэн байна. Тийм л учраас түүхээс суралцахын нигуурыг нэгэн мэргэн хүний "Өнгөрсөн түүхээсээ суралцдаггүй хүн ирээдүйд алдаагаа дахин давтах үйлтэй хүн" хэмээсэн ухаант үгээр та бүхний мэргэн ухаанд толилуулъя".

Христийн Чуулганы түүхийг Монголд 1990 оноос эхлэн тоолдог хүн эдүгээ олон байгаа нь бидэнд нэгэнт илэрхий болсон түүхийн эх сурвалжуудыг мэдэхгүйн харгайгаар төөрөлдөж байгааг дээрх мэргэн хүн голчтой онож хэлснээс гадна, бидэнд ер нь өөрийн гэсэн хайрлан бахархах эх орон, соёл иргэншил, үүх түүх, гарвал угсаа байна уу? МЭ 7-р зуунаас эхтэй Монгол Чуулганы түүхийг сэргээн, улс үндэстнээ хайрлах сэтгэлийг хөхүүлэн дэмжих үү, эсвэл Барууны соёл иргэншлийн нүдээр зэрлэгүүд гэгддэг байсан цаг үеийг бүрмөсөн эх түүхээсээ таягдан хаяад, "зөвхөн нарыг хэвээр үлдээх" "хөл нүцгэн хувьсгалчид" гэсэн нэр зүүх үү гэдэг асуулт бидний өмнө тавигдаж байна. Монголын итгэгчид үүх түүхээ бодсон ч, хэл соёлоо аваад үзсэн ч биднийг нэгтгэж байх үндэсний гэх нийтлэг ашиг сонирхол байх учиртай санагдана.

Монголд Христийн Чуулган нэгдмэл байхын утга учрыг зөвхөн Эвангелийн чиглэлийн гадаадын багш нарын Библийг юу гэж тайлбарлаж байгаагаар нь юмуу, ямар цонхоор харах ёстой гэсэн чиглүүлгээр нь бус, харин Бурханы өв тэгш чиг санаа Библид хэрхэн тусгагдсанаар нь, мөн дээл, гутал өмсөж, хадаг барьснаар нь биш, харин Монголын төлөө цохилох зүрх, чинхүү залбирлаар нь ойлгох цаг ирээд байна. Чуулгануудын Монгол удирдагчид ч сүүлийн үед энэ талаар илүүтэй ярих болж байгаа хэдий ч, суурь үзэл санааг төрүүлэх тал дээр дутагдалтай байгаа нь ажиглагдаж байна. Иймд энэ талаар зарим нэгэн зүйлийг тодруулах нь цаг үед нийцсэн алхам болох болов уу хэмээн миний бие сэтгэлээ.

2003 оны 8-р сард Улаанбаатар хотноо хуралдсан "Монгол Чуулганы Ирээдүй" чуулга уулзалтаас гаргасан баримт бичигт энэ үзэл санаа албан ёсоор анх тусгагдсан болно:

"... Бид МОНГОЛ ЧУУЛГАН гэсэн нэгэн дээвэр доор Даяар Чуулганы эгнээнд зүй ёсны байр сууриа эзэлж, өөрийн дуу хоолойгоо илэрхийлэхийн төлөө байгаа бөгөөд хүмүүний соёл иргэншил дэх өөрийн давтагдашгүй, өвөрмөц өнгө төрхийг хадгалан өвлөхийн зэрэгцээ хүн төрөлхтний өв соёлын эрхэм чанаруудыг өөртөө шингээж, Эзэн Бурханы нигүүлсэл ба Христийн загалмайгаар ариусгагдсан шинэ Монголын дүр төрхийг эрэлхийлж, Библийг Бурханы алдаа мадаггүй үг хэмээн үзэхийн сацуу христийнхний түүхэн итгэлийг баримталж, улс үндэстнийхээ язгуур эрх ашгийг дээдлэх болно."

Бид дараах хоёр шалтгааны улмаас МОНГОЛ ЧУУЛГАН нэгдмэл байх үзэл санааг чиг шугамаа болгон дэвшүүлж байна. Үүнд:

1. Эрхэм дээд шалтгаан бол Судар бидэнд " Сүнсний нэгдлийг хадгалахыг хичээгтүн. Та нар өөрсдийнхөө дуудлагын нэг найдвар дотор дуудагдсаны адил нэг бие, нэг Сүнс, нэг Эзэн, нэг итгэл, нэг баптисм, нэг Бурхан байна. Тэр бол бүгдийн Эцэг бөгөөд бүгдийн дээр бүгдээр дамжуулан бүгдийн дотор байдаг" (Еф 4:4-6) гэж айлдсан явдал мөн.

2. Удаах шалтгаан бол Монгол үндэстний нийтлэг хил хязгаар, хэл соёл, улс үндэстний эрх ашиг билээ. Монгол чуулганы удирдагч бид гарал үүсэл, нийгмийн байдал, мэдлэг боловсрол, үзэл баримтлал ялгаатай хэдий ч, "нэг Эзэн, нэг итгэл" дээр эвлэлдэн нэгдэж, харилцан хүндэтгэл үзүүлж, аливаа ялгарлыг давж, дараах нийтлэг ойлголтыг бий болгож нэгдмэл байр сууриа илэрхийлж байна"

Тунхагт тусгагдсан дээрх хоёр учир шалтгааныг бид салгаж ойлгож хэрхэвч болохгүй. Бид итгэгч хувь хүн бүрийг Библийн эрх мэдлийн тусгал болсон итгэлийн амьдралтай байхыг хүсдэг бол, тэгэх тусмаа Библийн үзэл санааг дээдэлсэн улс үндэстний эрх ашгийг өндөрт авч үзэх нь зүйн хэрэг.

"Монгол Чуулган" нэршлийн утга хийгээд хэвшүүлэн тогтоохын ач холбогдол

Зарим хүн ""Монгол Чуулган" гэвэл үндсэрхэг үзэл санаа нэвт шингэсэн байна. Тэгээд ч Христийн чуулган гэж байна уу гэхээс Монгол Чуулган гэж байхгүй. Дэлхий даяар нэг л бие, нэг л Даяар Чуулган байгаа тул "Христийн Монгол дахь чуулган" юмуу, "Монгол дахь Христийн чуулган" гэсэн нэр томъёо илүүтэй" гэцгээж байна. Гэвч "юманд учир, суманд занги" бий:

Энэ асуудлыг нэгдүгээрт, үзэл санааных нь шийдлийн хувьд авч үзье:

Грекээр "экклэсиа" хэмээх үгийг Монгол Библид "чуулган" хэмээн орчуулсан болно. Энэхүү чуулганыг 1) Католик (Ромын биш) буюу Даяар Чуулган, 2) нутгийн чуулган гэж хоёр ангилдаг болохыг уншигч та хэдийнэ ямар нэгэн замаар мэддэг болоо биз. Монгол Чуулган хэмээх санаанд аль нэг нутгийн чуулганы тухай яригдаагүй, харин Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Христийнхний нийт чуулган, байгууллага, хувь итгэгчдийг хамруулан ойлгож байгаа учраас "чуулган" гэдгийг жижгээр бус, оноосон нэр хэмээн үзэж томоор бичих нь зүйд нийцнэ. Нөгөө талаар Даяар Чуулганы эгнээнд бид хэрхэн нэгдэж, яаж ялгарах вэ?

Өнгөрсөн түүхийг сөхөн үзвээс, өнөөгийн бүхий л чуулганы хэлбэршилт нь тухайн улс үндэстнийхээ үүх түүх, соёл, засаглалын хэлбэр хүрээ, газарзүй-угсаатны байршлаасаа болж тогтсон байх юм. Монгол Чуулганыг бүрдүүлэгч нутгийн чуулгануудын дийлэнхийг нь Америк, Солонгосын илгээлтийн эзэд үүсгэж, удирдаж байгаа тул тэндхийн Христийнхний нэг том онцлог болох деноминацаар ялгарах үзэл нэлээд хавтгай байна. Энэ заавал ийм байх ёстой гэсэн үг үү гэвэл хараахан тийм бус. Деноминацийн ялгарал хамгийн хүчтэй тогтсон улс бол яах аргагүй Америк мөн. Харин Америк Монголыг хооронд нь харьцуулбал, ялгаатай зүйл асар их байгаа. Солонгосын хувьд ч мөн адил. Гэтэл манайх гэдэг айл нэг хэл соёлтой, бүгд найрамдах засаглалтай, нэг үндэстэн (казах иргэдийг эс тооцвол) гэдгээс гадна манай газарзүйн байршил, ард түмний идээшиж дадсан амьдралын хэв маяг, үзэл суртал, сэтгэлгээний онцлог энэ болгон яах аргагүй Сайн мэдээний байлдан дагуулалтын жинхэнэ утга учир юу болохыг (эсвэл, энэ чинь колоничлол юмуу?), тухайн улс үндэстний Чуулган гэж юу болохыг (эсвэл, энэ чинь шилжүүлэн суулгасан ургамлын суулгацыг хэлдэг юм уу?) нухацтай тунгаан бодохыг биднээс шаардаж байгаа юм. Үүнийг бид үл хайхрах аваас, манай үндэстний эрх ашиг хохирно. Зарим хүн улс үндэстний эрх ашиг гэж ярихаас айж байна. Яагаад? Яагаад гэвэл, хар нялхаасаа интернационалч үзлээр хүмүүжиж, нийтийн тусын тулд эх орноо Социалист лагерийн МАА-н орон болохыг, гадны империалист довтолгооноос хамгаалах стратегийн халхавч орон болохыг зөвшөөрч, хариуд нь хэрээ мэдэхгүй давилуун загнах гэж баахан өр шир тавьж амьдарч сурсан тул, эдүгээ үнэнч, сайн Христэч хүн байхын тулд мөн л тэнгэрийн улсын харъяат болсон гэх сайхан халхавчаар хаанахын хэн ч байсан хамаагүй мэт аяглах нь ёсонд үл нийцнэ.

Эзэн Есүс өөрийн иудей шавь нартаа (тэдний дунд нэг ч харь үндэстэн байгаагүй) Израиль хэмээх үндэстнийг, соёлыг үл ойшоох тухай зааж байгаагүй, харин Израилийг бусад үндэстнээс дээгүүр тавих гэсэн мухар сохор үндсэрхэх үзлийг нь дэвэргэж байгаагүй гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй. Петр ч, Паул ч, Христийн Чуулганы тулгуур болсон энэ хүмүүс өөрсдийгөө зөвхөн иудей гэж хэлснээр хязгаарлаагүй, иудейчүүдийн сүнсний аврал төдийгүй, тэдний сайн сайхан, хөгжил дэвшлийн төлөө залбирсаар, үйлчилсээр байсан гэдгийг Библиэс хараарай. Эдүгээ Сайн мэдээ улам бүр түгэн дэлгэрэхийн хэрээр дэлхийн өнцөг булан бүрт, улс үндэстэн болгонд итгэгчид "Бид Барууны юмуу, Библид суурилсан гэх өөр нэгэн улс үндэстний соёлын хэв маягаар амьдарч, тэдний зөв буруугийн хэмжүүрээр өөрсдийгөө хэмжиж, тэдний үзэмжээр шүүн тунгаах уу?" гэж өөрсдөөсөө асуусаар байна.

Жинхэнэ Христийн Чуулган гэж юу юм бэ? Жинхэнэ Монгол Чуулган гэж юу юм бэ? Энэ хоёр ойлголт хоорондоо харшлах уу? Үгүй, ерөөс тийм биш. Таныг Монгол хэлээрээ залбирахад чинь сонсон авралаа хайрлаж, Монгол хэлээр Өөрийн үгийг бидэнд уншуулж, яг л энэ соёлын дунд эрээн бараантай бүхнийх нь дундаас таныг л гэж байгаагаар нь авч, өнөөдрийг хүртэл дагуулан замчилсан Бурхан энэ соёлыг чинь, хэлийг чинь, сэтгэлгээг чинь, ахуй амьдралыг чинь үзэн яддаг гэж үү? Бурхан нүглийг, бузар муу бүхнийг, хүчирхийллийг, шударга бус байдлыг үзэн ядаж байна гэдгийг л мэдэхээс өөр юуг ч би мэдэхгүй байна.

Монголд сүүлийн хэдэн жил ажиглагдаж байгаа нэг үзэгдэл бол, бүлэглэл үүсэх явц. Энэ явц удирдлагын түвшинд найз нөхдийн харилцаагаар явагдаж байгаа ч, онол сургаалаар нэгдэн бүлэглэх нь илүү давуу нөлөөтэй байгаа. Энд нэгдмэл удирдлага, алсын хараа, стратеги төлөвлөлт, мөн боловсон хүчний бөөгнөрөл үүсэн бий болох цогц систем бий болж байгаа юм. Пентекостууд, баптистууд, пресбитерианууд, методистууд гээд тус тусдаа бодлогоо боловсруулж, хүрээгээ тэлж, дэлхий дахины хэмжээнд садан төрлүүдтэйгээ холбогдож тухайн чиглэлээрээ байр сууриа тодорхойлж байгаа нь зөв зүйтэй боловч, бидний нийтлэг бүхнийг хамтатган багтаасан Монгол Чуулган гэсэн нэгэн дээврийн доор өөрсдийгөө тодорхойлох нь бидний цаашдын эрүүл саруул хөгжил дэвшилд амин чухал байна.

Хоёрдугаарт, нэр томъёоны шийдлийн хувьд авч үзье:

Зарим хүн "Монгол дахь Христийн бие" гэж ярина гэж байна. Энэ буруу. Хэдийгээр үзэл нь зөв мэт боловч, дэлхий нийтийн нэгэнтээ хэрэглэж хэвшиж дадсан, нийтэд ойлгомжтой хэллэгийг барих нь олон талын мэдлэгтэй, өргөн боловсролтой хэний ч хувьд соёлын асуудал мөн. "Христийн бие" гэдэг хэллэг нь итгэгчдийн хүрээнд хэрэглэгддэг билэгдлийн шинжтэй үг болохоос оноосон нэр хараахан биш. Энэ нь угтаа мөн л чуулганыг хэлж байгаа нь хэн ч хараажийн илт байна. Иймээс чуулган гэсэн нэр илүү зохимжтой. Гэтэл чуулган гэсэн үгийг хэрэглэх тал дээр яривал мөн ярвигтай.

Зарим хүн "Монгол дахь Христийн Чуулган" гэхийг илүүтэйд үзэж магад. Гэвч бодож үзэх зүйл бий. Дээр өгүүлсэнчлэн, Библи дэх экклэсиа гэдэг үг нь Грек хэлэндээ анх дуудагдсан хүмүүсийн цугларалт гэсэн утгатай байсан хэдий ч, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр шашны утга нь давамгайлан хэрэглээнд үлдэж эдүгээ англи хэлнээ church, орос хэлнээ церковь гэвэл Христийн чуулган гэсэн утгыг шууд илэрхийлдэг болсон байна. Энэ үгсийг өөр ямар ч шашны цугларалттай хольж хутгадаггүй. Мөн Чуулган (жич: жижиг биш шүү) гэж хэрэглэхэд, ер Улсын ардын дуу бүжгийн чуулга юмуу, Улсын Их Хурлын намрын чуулган гэж хүн ойлгохгүй юм. Монгол гэсэн үгийн тухайд, Чуулган гэсэн үг маань Монгол гэсэн тодотголыг өмнөө авснаар өөрийн давтагдашгүй дүр төрхийг, улс үндэстний тусгаар тогтнолыг Христийн загалмайн тугийн доор хадгалах, өвгөдийн уламжлалыг Библийн үнэнээр ариусган өвлөн авснаар жинхэнэ Монгол дүр төрх гэж юу болохыг, Бурханыг алдаршуулах соёл иргэншил нь зөвхөн Англи-Саксоны соёл юмуу, Солонгосын соёл ч бус, эсвэл нөгөө талын туйлшрал болох космополитик үзэлтнүүдийг төрүүлэн хөхүүлэн дэмжих явдал бус, харин бид Монголчууд Бурханаас заяасан эх орондоо, өнөөдрийг хүртэл хадгалан үлдсэн ялгарахуйц өв соёл, сайн сайхан үнэт чанар, хэл соёлдоо үнэнч үлдэн, улмаар үүнийгээ хөгжүүлж, энэхүү Төв Азийн уудам тал нутгаас Эзэнд магтаалыг өргөх, шашинлаг бус, харин Сүнсээр өөрчлөгдсөн мянга мянган хүмүүсийн итгэл, амьдрал, үйлсээр илэрхийлэгдэх шинэчлэлтийн төлөө гэсэн зүрх сэтгэлийн дуудлагыг тодорхойлох болно. Мөн Монгол гэсэн үгийн ард заавал харъяалахын тийн ялгал залгах уу гэдэг асуудал байна. Энэ бол илүүц хийгээд, ер хэлний баримжаагүй хүний хийдэг зүйл мөн.

"Монгол Чуулганы Ирээдүй" үндэсний чуулга уулзалтаас гаргасан тунхгийн албан ёсны англи орчуулгыг хийх явцад гарсан нэг инээдтэй ч гэх үү, эмгэнэлтэй ч гэх үү явдал бол "Монгол Чуулган" гэсэн нэрийг англиар "Mongolian Church" гэх үү, "Mongol Church" гэж бичиж хэвших үү гэсэн яриа хөөрөө байлаа. Англи хэлэнд эдүгээ хүртэл Дауны синдром буюу сэтгэцийн согогтой хүнийг Монголжуу хүнтэй нүүр царай нь төстэй болдог гэсэн утгаар Монголоид юмуу Монгол гэж хэлж дадсан тал бий. Тэгээд "Mongol Church" гэж тавьбал ийм утгаар ойлгогдож магадгүй гэж эргэлзсэн хүн ч байлаа. Харин миний бодлоор, хэрвээ үнэнхүү бид даяаршиж буй ертөнцөд амьдарч буй нь үнэн бол, хүмүүний соёл иргэншлийн ялгарлыг эрх тэгш гэж үздэг цаг үед амьдарч буй нь үнэн бол, тэр тусмаа гүнээ соёлжсон Христийн ертөнцөд манийг тэгэж ойлгох хүн ер байхгүй байгаасай гэж санахын хажуугаар, хэрвээ байлаа гэхэд тэр хүн хаанаас нь ч харсан их гүрний дээрэнгүй үзэлтэй, ухвар мөчид хүн яавч гарцаагүй мөн гэж мунхаглан сэтгэсэн болно.

Манжид гурван зуугаад жил, Орост 70 жил дарлагдсан нь биднийг туйлын арчаагүй, харийн хүний таалалд нийцүүлэх гэсэн сэтгэлгээтэй, тэднийг тахин шүтэх ухамсартай болгосон байна гэсэн дүгнэлт хийхэд буруудахгүй болов уу. Ялангуяа Монголд Христийнхэн өсөж төлөвшиж байгаа эдүгээ цагт нэг талаас, Монгол удирдагчид өөрсдөө хувь хүнийхээ хувьд ч бүрэн төлөвшөөгүй насандаа гадны хүнээс хэт их мэдээлэл авч, даган баясаж байгаа нь тэднийг харийн соёлын бүтээгдэхүүн болгохын нэгэн угтвар болж өөрсдийн гэсэн алив зүйлд өөнтөгч нүдээр харах хөрсийг бүрдүүлж байгаагаас гадна, Монголд ирсэн илгээлтийн эздийн хувьд ч, ядуу буурай орны ядарсан зүдэрсэн хэдэн хүнтэй ч гэсэн туурга тусгаар Монгол улсын нутаг дэвсгэрт хэл соёлын баялаг өвтэй ард түмний дунд байгаагаа умартан, зарим талаар үндэсний удирдлагыг дэндүү басамж үзэн зааж зааварлан, өөрийн хүчинд эрдэж бүхнийг мэдэгч, хамгийг чадагч бурхны дүрд тоглож байгаа нь Христийн сайн мэдээний тулгуур үзэлтэй ер авцалдахгүй байна. Христийн Чуулганы 2000 жилийн түүхийг аваад үзсэн ч, тухайн үед Европод үүсэн бүрэлдсэн Чуулганыг хэн хамгийн зөв хэлбэр гэж заасан юм бэ? Өнөөгийн барууны Христийнхний теологийн ухааны үндсийг тавигчид үнэндээ хуучин Грек-Ромын соёлын бүтээгдэхүүнүүд байсан төдийгүй, Грекийн гүн ухаантнуудаас суралцсан хэмжээгээрээ Библийг тайлбарлаж, дүгнэх оролдлогыг хийсээр байгаагүй гэж үү? Америк чуулгануудын хөгжлийн явцад гарсан алдаа завхралыг хэн шүүж хэмжсэн бэ? Солонгос Чуулганыг энэ дэлхий дээрх хамгийн төгс шатны чуулган гэж хэн үзсэн юм бэ? Өнөөдөр ч бид энэ нь ийм, тэр нь тийм гэж харьцууллаа ч, тухайн улс үндэстний Чуулганыг шүүн хэлэлцэх эрх өөр бусад үндэстний чуулгануудад бий гэж үү? Өөрийнхөө соёлын хэм хэмжүүрээр бусдын соёлыг шүүх хэмжээлшгүй эрх хэн нэг илгээлтийн эзэнд бий юү? 1990-ээд оныг хүртэл Өмнөд Африкийн Чуулган арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг албан ёсны номлолоо болгон зааж байхад хэн тэднийг буруушаасан юм бэ? 1960-аад оныг хүртэл Америкийн өмнөд мужуудын чуулганууд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг өөгшүүлсээр, эцэст нь энэ нь пастор Мартин Лютер Кингийн амь насыг хороох хэмжээнд хүртэл даварч байхад Англи Үндэстний Чуулган энэ талаар ямар мэдэгдэл гаргасан юм бэ? Үнэндээ Монгол Үндэстний Чуулганыг үндэслэн байгуулагчийн хувьд, Бурхан Өөрөө биднийг цаашид ч сургамжилсаар, зэмлэсээр, тэвэрсээр авч явах болно гэдэгт би итгэж байна. Тиймээс Монгол Чуулганы туйлын чиг алив хүний үзэмж, нөгөө үндэстний соёлын хэмжүүрээр тодорхойлогдох бус, Библийн хэм хэмжүүрийн тусгал, манай соёл дахь Бурханы хүслийн илэрхийлэл болж байх ёстой бус уу? Энэ бол Монгол итгэгч хүн бүрийн сэтгэлдээ сүслэн тээх буулга юм.

Эцэст нь, миний энд бичихгүй байхын аргагүй нэгэн сайхан найргийн мөрүүд морьтон ардын эрмэлзэл, эх орон улс үндэстнээ хайрлах сэтгэлийг эрхгүй бадрааж байгааг өвгөдийн амиа тавин тэмцэж байж бидэнд үлдээсэн газар нутагт чөлөөтэй амьсгалж байгаа хүн бүр мэдрэх учиртайсан. Жинхэнэ итгэгч хүн бол эх орон ард түмнээ хайрладаг нэгэн байх агаад, жинхэнэ эх оронч хүн бол Эзэн Есүсийн авралд ард түмнээ дуудах сэтгэлтэй нэгэн байх учиртай.

"Монгол нутгийн гол мөрнөөр ундаалсан би
Морьтон ардын дуу хуураар хөглөгдсөн би
Тоост зам, аяны харгуйд хөл дээрээ тэнцсэн би
Тоймгүй олон баатруудын гавъяаг сонссон би.
Зам толгод уулс, шувуудыг чинь би
Заяагдсан амьдралаа дуустал хайрлана би,
Завсаргүй сүлжих гол мөрнийг чинь би
Залуу насны гэрэлт амраг шигээ энхрийлнэ би.

Дахилт: Хоёр дахин төрвөөс, энэ л нутагтаа эргэнэ
Хоёр дахин үхвээс, энэ л нутагтаа дуусна
Хорвоод миний хаяг миний Монгол
Холоос давхисан хүлэг морь шиг эх орон

Үүл нэвтэлсэн Алтайн оргил дууг минь өргөнө
Үргэлжилсэн дорнын тал хайрыг минь хүлээнэ
Үзэж харсан бүхэн минь үнэн гайхамшиг
Үхэшгүй мөнхийн алдар, өгүүлшгүй хотлын нутаг
Яруу дуут галуудын ганганаанд хаврыг чинь би хайрлана
Яргуй дэлгэрэх хаврын цагт уулсыг чинь би шүтнэ.
Жигдхэн хүнгэнэх хуурын эгшгэнд буйраа тэлж
Жилээс жилд өндөрсөх толгодыг чинь би ширтэнэ. (О. Дашбалбар)"

Эх орон нэгт энэ ах минь Буддын шашинтан учраас яруу тансаг энэхүү найрагтаа манайхны зарим нь хүлээж авмааргүй зүйлийг илэрхийлсэн байлаа ч, даяар Монголын ариун голомт төв Халхын намхан бор толгодын оройгоос бид Загалмайн тугийн доор нэгэн түрлэг болон босч, ертөнцийн чихэнд Монгол хэмээх нэрийг дахин дуурсгах цаг заавал ирнэ гэж хүсэн залбирнам. Монголыг Бурхан Эзэн ивээх болтугай.

Зүүний Чуулганы талаар хүүрнэхүй

Манай монголчууд Христийн шүтлэгийг Европт үүссэн тэндхийн шашин мэтээр ташаа ойлгодог явдал байна. Манайхан ч гэлтгүй, Монголд орж ирсэн Христийн сургаалыг дэлгэрүүлэгч гадаадынхан ч ингэж үздэг заадаг. Тэд Ази Африк дахь Христийн Чуулганы түүхийг төдийлөн ойшоодоггүй, эсвэл үнэхээр мэддэггүй алин болохыг тэднээс асуувал зохилтой. Барууны теологийн сургуулиудад заагдах Христийн Чуулганы түүх судлалыг аваад үзвэл хаана байдгаас үл хамааран цөмөөрөө Сайн мэдээ Палестинаас Ром хүрсэн түүхийг заагаад, залгуулаад "Ромын Эзэнт Гүрэн ба Христийн шашин", цааш нь "Грек ба Латин хэлтэй Чуулган хэрхэн хуваагдсан нь" гэдгээр дайраад "Дундад зууны Баруун Европ - Христийн шашны түүхэн хөгжил", "Ромын Католик Чуулганы завхрал ба Протестантизмын үе" гэх мэтээр үргэлжилдэг. Мэдээж хэрэг, үүний хажуугаар энэ үеийн Европоос бусад тив, улс орнуудад Христийн шашныг түгээхээр миссионеруудыг илгээж байсан тухай тун ч бадрангуй дайчин хавсралтууд орж ирнэ. Энэ бүгд цөмөөрөө Их газарзүйн нээлт, цагаан арьсны колоничлолын үетэй давхацна. Тэгээд Британы эзэнт гүрний үетэй хамтаар тэд дэлхий даяар Англикан буюу Англи үндэстний Чуулганыг дэлгэрүүлсэн тухай, 20-р зуунд Америкчуудтай хамтаар зүсэн бүрийн деноминэйшнууд1 газар бүрт нэвчин орсон тухай баатарлаг туульсыг хайлна. Энэ зураглалын тусламжтайгаар Христийн шашны түүхэн хөгжлийн талаарх андуу ташаа ойлголт барууны ертөнцөд ч амь бөхтэй оршсоор байгаа юм. Үүнийг ажиглаад байхнээ, Христийн Чуулган Иерусалимаас баруун зүгт дэлгэрээд, Ромд төвлөрөн тэндээсээ баруун ба хойд Европт бэхжин "цагаан арьстнууд" Христийн үнэн сургаалыг хадгалж хамгаалж үлдсэн болж таардаг. Үүгээр тогтохгүй Христийн шашин дэлхий дахины шашин болон хөгжсөн нь үлгэрлэвээс дэлхийг тойрох наран лугаа баруун тийшээ гийгүүлээд Америкаар дамжин Солонгос мэтийн оронд ялан бадраад одоо буцаад Иерусалимыг зүглэн байгаа юм байхаа. Ингэж л түүх бичигдэж, яригдаж байх юм.

Үнэн байдал ямар байв? Христийн шашин Азид "цагаан арьст ах нар"-ын буянаар орж ирсэн гэж үү?

Зүүний Чуулган - өнгөрсөн үе

Өдгөө Палестин гэж нэрлэгдэх тэрхэн зурвас жижиг нутагт, Иерусалимд "Аврагч" гэж өөрийгөө тунхагласан Есүс хэмээгч Жүүд Христ МЭ 30-аад онд загалмайд тэлүүлж нас барлаа. Угаас Жүүдийн шашинд өөрийгөө ертөнцийн аврагч, Иудей үндэстний алдагдсан эрх дархыг сэргээхээр Бурханаас илгээгдсэн гэх улс төр - шашны хийрхэлтэнгүүд байсхийгээд гардаг байсан учир эрх баригчид Есүсийн үхлийг төдийлөн ойшоосонгүй. Тэр хэнээтэнгүүд баахан үймүүлж үймүүлж, олон түмнийг турхирч байгаад алга болдог байж л дээ. Удирдагчийг нь хөнөөчихөөр дагалдан баясагсад нь тэгэсгээд мөр мөрөө хөөж, чимээгүйхэн тардаг байлаа. Гэтэл энэ удаа байдал шал эсрэгээрээ эргэж, мөнөөх дагалдагчид нь Есүсийг амилсан гэж цуурч эхэлжээ. Тэр ч бүү хэл, энэ "цуурхал"-ынхаа төлөө зарим нь амиа хүртэл алдлаа. Хөдөлгөөн ингээд зогссонгүй, хаяагаа бүр тэлэн айлаас айлд, хотоос хотод дамжин яригдаж "Есүсийг Бурханаас ирэх учиртай жинхэнэ Христ мөн, Түүнд дагаар орогсод нь хожмын ертөнцийн мөхлөөс ангижрана" гэсэн үгс хуурай өвсөнд авалцах түймэр мэт тархжээ. Энэ бол манай он тооллын 40-өөд он бөлгөө.

Эхэндээ ч байдал муугүй байлаа, харин Христийн шавь нарын хөдөлгөөн Жүүдийн шашны болон Ромын улс төрийн ашиг сонирхолтой харшилдаж эхэлснээр байдал өөрчлөгдлөө. Дээрээс нь МЭ 66-70 онд өрнөсөн Иудейн бослого Ромын эрх баригчдын тэвчээрийг барж, 72 онд тэд Иерусалимыг цусанд умбууллаа. Тэр үеийн түүхчийн бичсэнээр 1 сая Иудей хүн алагдсан гэдэг энэ яргаллаас хойш Израйль гэх улс 1948 оныг хүртэл газрын хөрснөөс арчигдсан. Иудейн түүхийн энэ эмгэнэл нь харин Христийн шашны түгэн дэлгэрэхэд тунчиг таатаагайр нөлөөлсөн байдаг. Палестинаас оргон зугтсан үй түмэн Иудейчүүдын дунд Христийн шавь нар ч олноороо байлаа. Тэд Ромын эзэнт гүрний нутаг дэвсгэрээр нэг таран, Персийн хил хязгаарыг ч даван оджээ.

Анх Христийн чуулганд Иудейчүүд зонхиолдог байсан бол, тун удалгүй өөр үндэстэн ястнуудын эзлэх жин асар хурдтайгаар нэмэгдлээ. Христийн сургаалыг дэлгэрүүлэгчид өмнө зүгт Египетээр дамжин Африк руу, дорно зүгт Сири Арабаар дамжин Ази, өрнө зүгт Грек бага Азиар дамжин Европ руу нэвтрэн оров. МЭ 2-р зууны үед Осроен хэмээх жижиг улс Ромын болон Персийн эзэнт гүрний хооронд оршдог байж. Энэ улсын хааныг түүхэнд анх Христийн шашинд дагаар орсон хэмээн өгүүлдэг. Нийслэл Эдэсса хотоос Христийн шашин зүүн болон зүүн өмнөд Ази руу торгоны замаар дэлгэрсэн гэгддэг. Баруун болон Дундад Ази, Энэтхэгийн хойгт Христийн Чуулганы түүх МЭ 3 - 4-р зуунаас эхлэн тоологддог бол, бидэнд баттай мэдэгдэж байгаагаар, МЭ 7-р зуун гэхэд Хятад болон Төв Азид Христийн шашин өөрийн байр сууриа нэгэнт олсон байлаа. Христийн шүтлэг бишрэлийн тотем болон бичиг дурсгалын олдворууд өнөөгийн Туркменистан, Төв Ази, Солонгосын хойг, Энэтхэг, Хятад тэр бүү хэл Индонезиос олддог билээ. Тухайн цагт Христийн шашин энэ нутаг дэвсгэрт зонхилж байсан гэж би хэлж чадахгүй ч, Азийн бусад олон шашин шүтлэгийн дунд өөрийн гэсэн өвөрмөц дүр төрх, дуу хоолойтой байсныг гаргаж тавьмаар байгаа юм. Христийн шашин Монголын эзэнт гүрний үед урьд хожид хэзээ ч байгаагүй тийм эрх чөлөөг, зарим үед онцгой эрхийг эдлэж байсан нь бас нууц биш. Гэтэл эдүгээ энэ талаар мэдэж байгаа нь цөөн, ярьж байгаа нь бүр ч хуруу дарам. Нэгэн цагт цэцэглэн хөгжиж байсан чуулганууд Азийн олон улс оронд яагаад ийн мөхөж, ор тас мартагдсан талаар олон эрдэмтэд судлаачид хариу олоогүй л сууна. Азийн Чуулган буюу Зүүний Чуулганы түүх гэхээр МЭ 2-р зуунаас 15-р зуун хүртэлх цаг үеийг л хамардаг. Энэ цагаас хойш Христийн Чуулган Азид чимээ аниргүй болж, Васко Да Гама Энэтхэгийн эрэгт зангуугаа хаян Калкуттыг их буугаар буудан Европчуудын Колонийн их эринийг зарлах хүртэл түүхэнд юу ч тэмдэглэгдсэнгүй. Харин Европчуудын хамтаар Азид барууны Чуулган, эхлээд Ромын Католик, сүүлд Протестантууд хуйлран орж ирлээ. Азид Ромын Католик Чуулганы түүх 16-р зуунаас эхлэн тоологддог бол, Протестантуудынх 18-р зуунаас эхэлдэг. Энэ үеэс эхлэн Ази хүмүүс Загалмайн шашныг колоничлогч Европчуудын шашин хэмээн үздэг болсон байх юм.

Зүүний Чуулган - эдүгээ

Гэхдээ барууны бус - Азийн гэгдэх Чуулган ор тас алга болчихоогүй, нутаг дэвсгэр - угсаатны байршлаар нь авч үзвэл хязгаарлагдмал шинжтэй болсныг бид дараах судалгаанаас үзэж болно. Би энд Ойрхи Дорнод болон Азийн бусад бүс нутагт өнөөг хүртэл оршин байгаа Христийн Чуулганы уламжлалт гол чиглэлүүдийг бүлэглэн үзүүлье:
- Византийн Ортодокс2 Чуулган
- Зүүний Ортодокс Чуулган
- Зүүний жаяг бүхий Католик Чуулган
- Англикан болон бусад Протестант чуулганууд
- Зүүний Ассири Чуулганыг дурдаж болно.

Дээр дурдагдсан Чуулгануудаас гадна, Энэтхэгийн Мара Тома Чуулганыг ч бас нэрлэх нь зүйтэй. Дээрх жагсаалт дахь Византийн Ортодокс Чуулгануудад зүүн Европын болон Византийн соёлтой улс орнууд багтдаг бол, Зүүний Ортодокс Чуулганд Египетийн Коптийн Чуулган, Арменийн Апостолийн Чуулган, Иаковын Чуулган гэх мэтээр дотроо ангилагдана. Зүүний Ассири Чуулганыг энд зориуд цохон тэмдэглэх хэрэгтэй. Энэ л Чуулганаас илгээлтийн эзэд Энэтхэг, Хятад, Төв Ази хүртэл явж Христийн сургаалыг дамжуулсан байх юм.

Зүүний Чуулган - ирээдүй

Түүх цааш яаж бичигдэх нь зөвхөн танаас надаас шалтгаална гэж үзэж боломгүй, Загалмайн шүтлэгтэн түүх сонирхогчийн хувьд, би хүн төрөлхтний түүх Бурханы мутарт атгаастай гэж итгэдэг шигээ, Азийн Чуулганы түүх - хувь тавилан мөн л Түүний хүсэл зоригийн эрхшээл дор байдаг гэж үздэг. Хүмүүн ирээдүйгээ тодорхойлдог мэт үзэгдэвч, үнэн чанартаа тэр нь хэдийнээ зурагдсан байсныг ухаарах хүртэл бидэнд сонголт байгаа мэт ойлгогдсоор байдаг нь тайлагдашгүй нууц юм.


Зүүвэр:

1 Деноминэйшн гэдгийг манайхан урсгал чиглэл гэж хөрвүүлдэг. Энэ нь хуучин Европт Протестантизмийн нэг гол үзэгдэл болж хөгжөөд, тэндээс хүч аван салбарласан, хоорондоо ялгаа багатай, салангид явцуурах үзэл бүхий жижигдүү бүлэглэлүүд юм.

2
Үнэн Алдартан гэж орчуулдаг. Грек гэдэг үг Англиар шууд Orthodox, Орос хэлнээПравославный гэж буусан байдаг нь үг хөрвүүлгийн талаас үзвэл ихэд нарийн буусан ч, Грек хэлний Догса хэмээх үг нь зөвхөн алдар, сүр жавхлан гэдгээс гадна онол сургаал гэсэн утгыг давхар илэрхийлдэг. Мөн чанартаа зөв сургаалыг баримтлагч буюу үнэн шүтлэгтэн гэсэн утгатай.

Библийн Монгол орчуулгын товч түүх

Есүс Христгүйгээр Христийн шашин төсөөлөгдөхгүйн адил, Христийн шашингүйгээр дэлхий ертөнцийг ойлгоно гэдэг бэрх бизээ. Түүхийнхээ туршид Христийн шашин дэлхийн 5 тивд хэдэн мянган үндэстэн ястнуудын итгэл бишрэл болж, амьдралынх нь утга учир болсоор ирсэн. Өөр өөр цаг үед, газарзүйн байршил, хэл соёл, угсаатны ялгарлаас болж Христийн шашин үзэгдэх өнгө, хэлбэршил, онол сургаал-үзэл суртлаар дотроо ялгарч байсан ч, бидэнд нийтлэг нэг зүйл байсан нь Библийн хөлгөн судар байлаа. Библи бол Христэд итгэгчдийн хувьд Бурханы амьд үг сургаал, үл итгэгчдийн хувьд хүн төрөлхтний соёлын асар үнэт бүтээлд тооцогддог. Харин манайд заримдаа ухвар мөчид улс хэт хөнгөн үзэх явдал байдгийг нуух юун.

Монголчууд бид бичиг үсгийн нэн баялаг өвтэй улс. Монгол бичгийг бид Уйгур иргэнээс авсан гэдгийг дунд сургуулийн түүхийн хичээлд заадаг байлаа, цааш нь ухаж үзвэл Уйгурууд Согдуудаас авсан болж таардаг. Согд бичиг нь Сири бичгээс гаралтай. Сири хэл бол Арамей хэлний бүлэгт багтдаг, Арамей хэлээр нэгэн цагт Есүс Христ газар дэлхий дээр сургаалаа зааж байжээ. Тэр эрт цагт Сири, Халдейн худалдаачид дорно зүгт Торгоны замаар худалдаа эрхлэхийн хамтаар Христийн шашныг түгээн дэлгэрүүлж, мөн л тэрхүү замаар Христийн сургаалыг номлогчид Төв Ази, Хятад хүрч байсан билээ. Өрнө дахинд Латин хэл, Дорнод Европт Грек хэл соёл гэгээрэл, шашны хөгжлийн түлхүүр болж байсны адилаар, эртний өрнөд Азид Христийн шашны голлох хэл нь Сири хэл байсан тул дорно зүгт сургаал номлогчид Сири бичгийг хэдэн мянган бээр дамнуулан ийн зөөжээ. Ингээд бодохоор манай үндэсний бичиг үсгийн соёл Христийн шашинтай холбогдоод л ирдэг. Үүгээр зогсохгүй, өнөөгийн бидний хэрэглэж буй кирилл бичиг бол МЭ 10-р зуунд Византиас Славяньчуудын дунд Христийн шашныг номлож байсан ах дүү Кирил, Мефодий нарын бүтээл юм. Энэ бичиг үсгийг зохиохдоо тэд мөн л Библийн судрыг орчуулах зорилгыг агуулж байсан бизээ. Инээдтэй нь, бид Сирийн миссионеруудын хамтаар Төв Азийн өндөрлөгт ирсэн Уйгур бичигт тулгуурласан Монгол бичгээ хаяад, оронд нь Византийн миссионеруудын зохиосон бичгийг 1950-иад онд хэрэглэж эхэлжээ. Дуртай ч дургүй ч түүх иймээс хойш.

Монгол хэлээр Библийн судрыг орчуулах гэсэн хүчин чармайлт бол зөвхөн 20-р зууны явдал бус аа. Хэрвээ Их хаадын үеэс өмнө Христийн Несториан шүтлэгтнүүд Библийг орчуулсан баттай баримт байхгүй гэвэл хамгийн анх түүхэнд тэмдэглэгдсэн нь Ромын Католик шүтлэгтэн Монтекорвинийн Жаны 1305 онд Бээжинд хэвлэсэн гэх Шинэ гэрээ ба Дуулал болох ажээ. Монголчууд Тогоонтөмөр хааны үед Хятадаас хөөгдөн эх нутагтаа эргэн ирж, Хархоринд нийслэлээ шилжүүлснээс хойш хоёр ч удаа Хятадын их цэрэг Хархоринг галдан шатаасан түүх бий. Энэ үеэр асар их ном судар устаж үгүй болсон гэдэг. Тэр ч бүү хэл, Хятадын Мин улсын эхэн үед Хятад хэлээр бичигдээгүй бүх ном судрыг галдан шатааж байсны харгайгаар Монголын эрт цагийн бичгийн арвин их соёлын дунд Христийн шашны судар зохиолууд ч үрэгдсэн байхыг үгүйсгэх аргагүй. Хятадын түйвээний дараагаар, 16-р зуунд Монголд дахин хүчийг олсон Буддын шашныг дэлгэрүүлэгчид хуучин бөө мөргөлийн болон бусад шашны ном судар, эд өлгийн зүйлийг устгаж байсныг Монголын түүхчид тэмдэглэсэн байдаг. Ингээд үндсэндээ 1800-аад он гэхэд Монголын газар нутагт Христийн шашинтай холбоотой түүхэн бичиг соёлын өв үлдсэнгүй.

Христийн шашин дэлгэрүүлэх хийгээд Библи орчуулгын дараагийн их давалгаа өрнөд Азиас бус, харин Европоос орж ирлээ. Бидний сайн Монголч эрдэмтэн Иаков Шмидт 1815 онд Халимагт Шинэ гэрээний номуудыг орчуулан гаргалаа. Хожим нь энэ орчуулга дээр тулгуурлан нэрт монголч эрдэмтэн, археологч Алексей Позднеев хянан засварласан Шинэ гэрээг 1894 Шанхайд хэвлүүлэн гаргалаа. Үүнээс хойш нэг их удсангүй Лондон Миссионерийн Нийгэмлэгээс илгээгдэн Буриадад ажиллаж байсан Эдвард Сталлибрас, Уйльям Сван, Роберт Юиль нар 1840 Хуучин гэрээг, 1846 Шинэ гэрээг хэвлэн гаргасан байна. Сонирхуулахад, уг 1840 оны Хуучин гэрээний хувийг Японы нэгэн иргэн Монголд хувь хүнээс 300 ам.доллараар 1999 онд худалдан авсан байсныг миний бие нүдээр үзсэн билээ. Буриадад орчуулан гаргасан Библийн Шинэ гэрээг ариусган шүүж, дахин хэвлэх ажилд хожим нь Франс Ларсон татагдан орж 1913 Японд хэвлүүлсэн бол, Региналд Стюрт ч мөн Өвөр Монголд энэ чиглэлээр ажиллаж байлаа.

Ийнхүү Халимагт анх шангаа татсан Библи орчуулгын ажил, Буриадаар дамжин Өвөр Монголд орж ирлээ. Стюарт Гунзэл Шинэ гэрээний хяналтыг хийх ажлыг 1930-аад оноос эхэлж, 1952 онд Тайваньд хийж дуусгажээ. Хонконгийн Библийн Нийгэмлэгээс энэ Шинэ гэрээг Шинэ Тестамент гэсэн нэртэй Монгол бичгээр хэвлүүлсэн нь одоо ч гэсэн хүмүүсийн гар дээр байдаг. Витнэсс Ли хэмээх сектийнхэн эл Шинэ гэрээг кирилл бичгээр хөрвүүлээд Англи хувилбартай хавсарган тавьсныгаа Шинэ Гэрээс гэсэн нэртэйгээр гаргасныг манайхан санаж байгаа буйзаа.

Ингээд ерөнхийдөө бид 1990-ээд онтой золгож байгаа бөгөөд Монгол улсад Жон Гиббэнсийн буюу манайхны ярьж заншсанаар нарны зурагтай Шинэ гэрээ 1990 онд хэвлэгдэн уншигчдын гар дээр очсон. Үүнээс гадна бас дурдагдах ёстой нэг орчуулга бол Японы иргэн Китамура Акихитэгийн 1990-ээд оны дундуур гаргасан Шинэ гэрээ билээ. Манайхан уулны зурагтай гэж ярьж заншсан шиг санагдана. Өдгөө Монгол дахь Христийн чуулгануудын дийлэнх нь Монголын Библийн Орчуулгын Хорооноос гаргасан Ариун Библийг хэрэглэж байгаа билээ. Энэ орчуулгын төсөл 1994-2000 оны хооронд үргэлжилсэн хийгээд өмнөх орчуулгуудын давуу сайн талуудыг судлан харгалзаж, нэр томъёоны сонголтыг хийсэн юм.

Энэ бүхнийг товчхон дурсахад, Монгол түмний оюуны гэгээрлийн төлөөх Бурханы хайр энэрэл хийгээд эл агуу үйлсэд өөрсдийнхөө амь, гэр бүлээ хүртэл зориулан асан тэр л хүмүүсийн зүтгэл чармайлт юутай гэгээн. Та Христэд итгэдэггүй байж болох ч, уншигч танаа би "Библи бол хуушуур боодог цаас биш ээ, Библи бол цагийн шалгуурыг даван гарсан оюуны охь бүтээл юм шүү" хэмээн захин үлдээеэ. Бурхан таныг үнэн тийш хөтлөн дагуулах болтугай.

Өөрийгөө бэдрэн тэнүүчлэхүй

Үүнийг бичигч бивээр хэрэн хэссээр нэгэн ийм бичиг бүхий эртний язгууртны булшин дээр ирэв. Чулууны бичээсийг сийрүүлбээс

"(Сири бичгээр) Есүс Христийн нэрээр ... (Түрэг бичгээр) Эзэн хаан Александрын 1629 онд, Түрэг хуанли ёсоор могой жилийн 3-р сарын 9-нд /энэ нь даруй Манай Эзэний 1317 оны 5-р сар 20 гэсэн үг болно/ Даду (Бээжин) хотын дүүргийн захирагч Самшагийн эхнэр Элизабет 33 насандаа таалал нөгчсөнд, эрхэм дээд эзэгтэйн шарилыг энд онголов. Түүний сүнс Диваажинд мөнхөд амарлих болтугай... Үүрд мөнхөд амар амгалан лугаа хөхөн баясаж, нэр нь дуурсаг. (Сири бичгээр) Амэн, чин үнэнээр Амэн" хэмээж1.

Нар салхинд идэгдэн хэдэн зууныг элээсэн бор чулууг сайтар ажиглан харвал, дөрвөн жигүүр дэлгэсэн хоёр тэнгэр элчийн дүрээс гадна загалмайн сийлбэртэй болох нь мэдэгдэв. Эл талийгч Элизабетийн эр нөхөр Самша хэмээгч нэгнийг Монгол хүн байсан гэж түүхэнд өгүүлсэн байнам. Монгол хүний шарил дээр загалмайн дүрийг товойлгон байсан нь зөвхөн энэ бидний үед биш юмсанжээ. Үүнийг харж зогсохдоо, юуны учир энд ирснээ эргэн бодлоо. Ой тоонд үлдэж хоцорсон ядмаг дурсамжуудаа нэхэн хөөвөөс, ухаан орохын би гэдэг хүн хаашаа ч юм, юунд ч юм сэтгэл татагдан эцэс төгсгөлгүй мэт санагдах алсын замд гарсан байх юм. Би юу бэдрээд байгаагаа, юунд тэмүүлээд байгаагаа ч үл мэдэн, өмнө минь зурайх тэр л замыг дагаад зах нь үл харагдах талын дундуур алхан алхсаар энд, энэ булшны дэргэд иржээ. Булшны дэргэд амсхийн суугаад алс тэртээ дорно зүгт нүд бэлчээн, унасан газраа дурсан саналаа. Миний Монголын хөх тэнгэр, миний Монголын дунайртсан уудам ногоон тал юутай гайхам сайхан... Бодол хөвөрсөөр, эрхлэн тоглож өссөн балчир насаа дурслаа. Энэ л зах хязгааргүй мэт санагдах уудам нутагт төрж өссөн болоод ч тэр үү, задарсан хүний өмнө "тонголзон бөхийж", ядарсан хүний дээрээс "сарьж" үзээгүй өдий хүрчээ. Бодол хөвөрсөөр, туулж өнгөрүүлсэн замаа эргээд нэг харлаа, уулзаж учирсан, тулж тулгарсан "хүний, өөрийн" олон хүнийг тунгаан бодлоо. Эх нутгийнхаа элгэн дээр учирсан тэр хүмүүсийг санахуйд зарим нь ч гуйлгачин байх, зарим нь ч доншуурчин байсан биз, зарим нь бүр хачин араншинтай, Монгол хүн "хүнээр хүн хийдэгсэн" харин хүнээр хүүхэлдэй хийдэг хүнтэй ч таарч байлаа. Энэ хорвоогийн элдэв бусын хүнтэй учраад, гартаа тоолох нь ядмагхан ч, тал шигээ сэтгэлтэй өвгөдөө үгүйлэх нь жилээс жилд нэмэгдсэн ч юмуу. Би юу бэдрэн тэнүүчилнэ вэ? Хүний нутгийн барааг хараад ч сэтгэл тайтгарсан нь үгүй, хөлхөн үймэх олны дунд ороод ч хөвсөлзөж хөөрөх сэтгэл төрсөнгүй. Би юу бэдрэн тэнүүчилнэ вэ? Анир чимээгүй бодлогошрон, халиуран гүвэлзэх өвсний толгойг хэсэг ширтэн сууснаа.... гэнэт, "Аа, би өөрийгөө хайгаад байгаа юм байна шүү дээ" хэмээн уулга алдлаа. Яг тийм, би өөрийгөө хайсаар өдий хүрчээ.

Цагаан морин жилийн хувьсгалаас хойш, Монголд олон ч юм орвонгоороо эргэж, бас ч чамлахааргүй юмс өнгө төрхөө шинэчилжээ. Хөмөрсөн тогооны "хуучин хүү" Монголчуудын өмнө ертөнцийн үүд хаалга цэлийтэл нээгдэж, даяаршлын хүчит давалгаанд бид байдгаа урсгаад зогсохгүй, зарим нь ч энэ цалгисан их усанд хөл алдаж, хөгөө чирж явна. Даяаршил хэмээн нэрлэгдээд байгаа энэ их урсгал өнгөн талдаа үзэмжтэй ч, үнэн чанартаа яах аргагүй "барууны соёл иргэншил"-ийн боловсон хүчирхийлэл гэдэг нь тодорхой. Энэ давалгаанд зөвхөн Монголчууд өртөж байгаа юм биш, хуучин Социалист гэгдэж байсан бүх л улс орнууд, хэдэн зуун сая хүмүүс салам цохигдсон. Энэ бол түүхийн цоо шинэ эмгэнэл биш, биднээс өмнө Зүүн өмнөд Азийн улс орнууд, Африк, Латин Америк, Ойрхи Дорнод гээд энэ дэлхийн хөвөө хязгаар бүхэнд энэ зовлонг туулсан, туулсаар ч байна. Барууны соёл иргэншлийн тархи болсон "хувь хүнийг төвчлөх сэтгэлгээ" нь өнгөрсөн хэдэн зууны колоничлол, империализмээс олж завшсан хөрөнгөлөг байдал, "евроцэнтрик" онол сургаалтай нь сүлэлдэн нийлээд, эцэстээ барууны чуулганууд үүний учрыг олох гэж тархиа гашилгаж сууна. Хэдийгээр энэ сэтгэлгээг үүсэн бүрэлдэхэд Барууны Чуулган түүхэнд тодорхой үүрэг гүйцэтгэсэн ч, захирч залдаг цаг нь эдүгээ нэгэнт өнгөрсөн бололтой, үнэнийг хатуухан хэлэхэд, Баруун сүүлчийн хүчээ шавхан амьсгалж байна. Үүнийг тайлбарлан нуршихад цаг заралгүйгээр сонирхуулах нэгэн баримт бол, өнөөгийн ямар ч миссиологч Христийн хөдөлгөөний төв байршил шилжээд эхэлчихсэн гэдгийг санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байгаа. 2004 оны 8-р сард Малайзын нийслэл Куала-Лумпурт болсон Дэлхийн Миссион судлаачдын хуралд Сингапурын Тринити Теологийн Коллежийн лектор рев. доктор Ли. Мүүнжаны тавьсан илтгэл дотор ч энэ тухай тун ч тодорхой дурдсан нь бий.2 Өнөөдөр Христэд итгэгчдийн тоо 2000 оны байдлаар Европ, Хойд Америкт 820 сая байхад, Ази, Латин Америк, Африкт 1 миллиард 179 сая байна. Гуравдагч ертөнц гэж нэрлэгдэж байсан энэ орнуудын итгэгчдийн тоо 25 жилийн дараа гэхэд 1 миллиард 771 сая болж өснө гэсэн тооцоо бий. Харин Европ, Хойд Америкийн өсөлт харьцангуй удаан 844 сая болно.3 Уншигч та магадгүй статистикийн энэ тоон үзүүлэлтийг хараад, Европ Америк ч гэсэн их байна шүү дээ гэж хэлж магадгүй юм. Харин үнэнийг хэлэхэд, энд Зүүн Европийн 220 саяыг хамруулчихсан байгаа. Гэтэл бодит байдал дээр, Зүүн Европийн дийлэнх нь Христийн Үнэн алдартны шүтлэгтэй бөгөөд тэд хэзээ ч өөрсдийгөө "Барууны Чуулган" гэж тодорхойлж байгаагүй. Өдгөө "барууны чуулгануудын эх" гэж хэлэгддэг Ромын Католик Чуулганаас нэгэн мянган жилийн тэртээ туурга тусгаарласан тэд өөрсдийгөө харин ч Зүүний Чуулган гэж нэрлэж заншсан. Гэтэл үүнээс бүр хэдэн зууны өмнө Христийн бодгалийн талаар агуу онолчдын хооронд дайн дэгдэж байх тэр цагт, МЭ IV-V зуунд Сири Перст байсан Чуулган тусгаар тогтносноо зарлан тунхаглаж, патриарх, католикос, метрополитан гээд мяндагтангуудаа өөрсдөө тохоон тавьж эхэлсэн билээ. Тэд мөн л өөрсдийгөө Зүүний Чуулган хэмээн нэрийдэж байсан. Зүүний Чуулган гэдэг маань зөвхөн миний гаргах гээд байгаа нэр томъёо ч биш, угаасаа байсан нэр томъёо. МЭ 800-аад оны үед Дамаскаас зүүн зүгт амьдарч байсан Христ шүтлэгтний тоо толгой өрнөдийнхөнтэй зүйрлэшгүй олон байсан нь түүхэн үнэн.4 Лалын шашинтнуудын аймшигт дайн, хавчлага, хүйс тэмтрэх бодлогын уршгаар Ази, Хойд Африк битгий хэл, өмнөд Европийн зарим оронд хүртэл Христийнхний ул мөр устан алга болсон ч, тэр л итгэгчдийн үлдээсэн улбаа мөр түүхийн хуудаснаас арилаагүй байгаа.

Угаас Христийн чуулганы анхны түүхэн үед МЭ III-VI зуунд юмдаг, үндсэндээ Газрын Дундад Тэнгисийг тойрон Христийнхний таван гол төв байсан нь Ром, Александр, Константинопол, Антиох, Иерусалим. Энэ тавын нэг нь Европод буюу Эзэнт гүрний нийслэлд, нэг нь Африкт, нөгөө гурав нь Азид байлаа. Хэрвээ түүхийг нягтлан судлах аваас, ялангуяа, Христологи-ийн асуудал дээр дайснаа илрүүлээд бие биенийгээ нухаж авдаг нэг сайхан заншил тэр үед тогтсон нь цаанаа геополитикийн учир шалтгаантай байсан. Эхлээд Иерусалимыг жагсаалаас гаргасан. Дараа нь Антиохыг, Нестор гэдэг нөхрийг Константинополийн патриархийн суудлаас мултлахын тулд Александрын патриарх Кирил, Ромын Паптай нийлж аваад цааш нь харуулчихсан хэрэг. За энэ ч яахав гэхэд, хамгийн гол нь миний дээр дурдсанчлан түүнээс өмнө Иерусалимаас зүүн тийш Ази руу илгээлт хийгдээд хэдийнээ Христийнхэн Перст тодорхой хэмжээний нөлөөгөө бэхжүүлчихсэн байлаа. Сүүлд нь Перс Ромын улс төрийн харьцаа хурцдах үед чуулгануудын хоорондох харьцаа бас хөндийрсөн. Бас дээрээс нь Ромын бишоп (пап) бусдыгаа дарж авах шалтгаан байсан зэргээс болоод, Азид байсан чуулганууд түүхээс мартагдсан гэх юм уу даа. Ром сүүлд нь Александрын патриархыг бас нухаж аваад, эцэст нь одоо Коптик чуулган гэж багахан шиг чуулган Египетэд байдаг юм байна. Зүүний чуулган бүр мартагдаад, ор сураггүй. Гэхдээ тэд МЭ 1400-аад он хүртэл нөлөөтэй байсан гэдгийг нотлох баримт их бий. Хамгийн сүүлд Ромын Чуулган Констанинополын патриархтай тулаад МЭ 1052 онд сүүлчийн тулалдаанаар бүр хоёр тийшээ хараагүй гэж үү? Нэг нь Католик болж, нөгөөдөх нь Үнэн алдартан болоод жүжиг дууссан. Сүүлд Католикийг эсэргүүцээд баруун болон төв Европод Протестантууд гарч ирлээ. Тэдний янз бүрийн шалтгаанаас болоод одоо дэлхий даяар деноминэйшн буюу "урсгал чиглэлүүд" үүсэн бий болсон. Уг гарал нь Европ, угтаа бол Барууны Чуулган тэр дундаа Ромын Католик Чуулганаас гал тастаж өрх тусгаарлагсад. Энэ их урсгал Азид түрэн орж ирэхдээ Барууны Чуулганы бий болгосон бүхэл бүтэн системийг тээн авчирсан. Өнөөдөр хүмүүс энэ системийг Библийн эрх мэдлээс, Сайн мэдээний үнэнээс ялгаж салгахгүй байна, тэгэхийг ч зарим нь хүсэхгүй байгаа нь нууц биш. Киргизэд ажиллаж байсан нэгэн миссионер "Америкийн чуулганы тогтолцоо Солонгос миссионеруудаар дамжин Киргизийн хөрсөнд суулгагдаж байна" гэж харамсан ярьж байлаа. Үнэн хэрэгтээ, Барууны Чуулганы Ази дахь хамгийн том түшиц газар бол Солонгос гэдэг нь хэнд ч илэрхий байгаа. Тогтолцооны гажуудлын талаар, мөн тогтолцооноос ангижрах "гэгээрэл"-ийн талаар би дараа бичих болно.

Энэ бүхнийг нуршаад байгаагийн нэгээхэн том учир шалтгаан бол, бидэнд өөрийн гэсэн үүх түүх, гарвал угсаа байх хэрэгтэй гэж үзсэнийх юм. Өнөөдөр Ази тивдээ тэргүүний гэгдэх Библийн судлаач эрдэмтэн мэргэд теологийн шинэчлэл, Христэч боловсролийн тогтолцоо, үйлчлэлийн цар хүрээ, илгээлтийн бодлогыг өөрийн ахуй соёлд шингэсэн байдлаар дахин тодорхойлох нөр их ажилтай тулгараад байна. Тэд аль хэдийнээ барууны чуулганы системээр "тархиа угаалгачихсан" учраас асуудлыг шинэлэг байдлаар харж чадахгүй байгаа нь ажиглагдаж байгаа. Гэтэл энэ бүхнийг чуулганы түүхтэй уялдуулан авч үзээгүй цагт, жинхэнэ Азийн, жинхэнэ Монголын гэсэн чуулган хэзээ ч төрж чадахгүй, төрөх ч учиргүй. Монгол дээл өмсөөд, морин хуур барьснаараа Монгол болчихоод байгаа юм биш... Эсвэл нутгийн ахлагч нар нь пастор гэдэг цол зүүчихээр л Монгол болчихож байгаа юм биш, харийн хүнээс царай алдахгүй гэдэс нь цатгалдаад ирэхээр нутгийн чуулган бие дааж байгаа ч юм биш... Энэ бүхнээс дээгүүр сэтгэлгээний хараат бус байдал жинхэнэ Монгол чуулган төрөхөд жинтэй үүрэг гүйцэтгэх учиртай юм. Өөрийн гэсэн үүх түүхгүй бол, ой ухаанаа алдсан хүн шиг гэж хэлж болно. Малайзын Теологийн Семинарын захирал Хва Юнг "Манго юу, эсвэл Банана уу" гэдэг номдоо иймэрхүү санааг их тод гаргасан... Тэрээр өнөөгийн Азийн итгэгчдийг Банана шиг байна гэж шүүмжилсэн байна, учир юунд вэ гэхээр Банана Манго гэдэг хоёр жимс хоёулаа гадна тал нь шар өнгөтэй. Харин дотор тал нь өөр. Банана гадна тал нь шар мөртлөө дотроо цагаан, түүнтэй адил Азийн Христийнхэн гадна талдаа шар арьстан мөртлөө сэтгэлгээ нь цагаан арьстан шиг болсныг шүүмжилж байхгүй юу, харин Манго бол гаднаа шар, дотроо бас шар өнгөтэй.5 Тэгэхээр жинхэнэ Ази чуулган Манго шиг гаднаа ч шар, дотроо ч шар байх учиртай ч, Азийн соёл иргэншил гэж юуг хэлэх вэ гэдэг тал дээр их том асуудал байгаа юм. Ази тив том, Азийн улс үндэстэн соёл өөр хоорондоо харилцан адилгүй. Гэхдээ бидэнд тулгарч буй нийтлэг нэг асуудал бол, Христийн итгэл үнэмшлийг Европ Америкчуудын шашин гэсэн ойлголт Азид хавтгай байдаг. Бид энэ ойлголтыг халахын тулд, анхнаас нь Бурханы энэ агуу авралын нууцыг Монгол хүний сэтгэлгээнд ойр дөт, төрөлхийн юм шиг болтол нь ахуй соёлд нь нийцүүлэх хэрэгтэй. Эс бөгөөс, Азийн гэлтгүй, Монголын цөөхөн итгэгчид бид хайрлан бахархах үүх түүхгүй хүмүүс, эх орон нэгтнүүдийнхээ хувьд, харийн шар толгойтнуудыг тахин шүтсэн төдийгүй тэдний шашин шүтлэгийг дагалдан баясагсад, эх орон үүх түүхээ огоорогсод гэсэн нэр зүүсээр байх болно.

Өнөөдөр дэлхий дээр оршиж байгаа чуулганы хэлбэрийг хоёр хуваан ангилж болно. Нэг нь үндэсний чуулган (ялангуяа Протестант Эвангелийн чиглэлийн чуулгануудуудын зүгээс шашинлаг, үндсэрхэг хэмээн адлагддаг), нөгөө нь деноминэйшн буюу урсгал чиглэл. Хэрвээ Англи, Орос, Болгар ч юмуу, Армени гээд өөр олон улс орнуудын чуулганыг харвал тэд Үндэсний Чуулгантай. Яагаад гэвэл үү, тэд нэг хэл соёл бүхий нэгдмэл ард түмэн. Тэдэнд нийтлэг ашиг сонирхол гэж юм бий. Харин хэзээ урсгал чиглэл бий болсон бэ гэвэл, нөгөө л Ромын Католиктай үзэлцэх үед Европт өргөн дэлгэрсэн үзэгдэл. Чухамдаа хөгжлийн туйл нь Америк. Хар л даа, Америк бол эрээвэр хураавар хүмүүсийн газар. Тэдэнд нийтлэг угсаа гарал, хэл соёл гэх юм байхгүй, Германаас, Англиас, Италиас, Оросоос, Африкаас гээд л... Энэ тохиолдолд, шүтлэг бишрэлийн хувьд, нэг үндэсний чуулган байх угаасаа боломжгүй, Америк тивд анх нүүдэллэн суурьшигсад өөрсдийнхөө шүтлэг бишрэлийг тээж авчраад эв найртайгаар хамтран амьдарсан. Баптист байна уу, брэтрэн байна уу, Католик байна уу тэдэнд ер падлий байхгүй. Тийм учраас тэнд энэ урсгал чиглэл туйлдаа хүртэл хөгжөөд, тэндээс дэлхий даяар хүчтэй тархаж байна. Бас Европын цагаачид очсон газар бүртээ урсгал чиглэлүүдээ аваад очсон байгаа. Тэгэхээр нэг бол, гаднаас цутган орж буй энэ их урсгалыг даган хөвөх, эсвэл нэг хэсэг нь Үндэсний Чуулганыг байгуулах гэсэн хоёр хувилбар Монголчууд бидний өмнө байна.

Монгол бол нэг хэл соёлтой нэг ард түмэн. Бид нийтлэг ашиг сонирхол, нэг хувь тавилантай. Бидний өнгөрсөн түүх, ирээдүй бүхэн бидэнтэй холбоотой. Бид Халхын хавтгайгаас хаачих ч үгүй, Бурхан биднийг энэ газар нутаг дээр эзэн болгосон, бидний үр удам энэ газар нутаг дээр Эзэн Бурханы ивээл нигүүлслийг хүртэн, эрх чөлөө, тусгаар тогтнолоо хадгалан хүмүүний жамаар амьдрах болно. Энэ үндэстний сайн сайхан хөгжил дэвшил, мандал бадрал Христийн Чуулгантай салшгүй холбоотой байх учиртай. Энэ сэргэн мандлын галыг бадраагчид нь Үндэсний Чуулган байх тавилантай гэдэгт би эргэлзэлгүй итгэж байна. Монгол Чуулган бүх талаар тусгаар байх эрхтэй. Бидний халдашгүй дархан эрх гэж байх ёстой. Газар нутгийн бүрэн бүтэн байдал төдийгүй, ард түмний ахуй ёс, уламжлал, сэтгэлгээний хэв шинж гээд бүх зүйл бидний хувьд нандин. Өнөөдрийх шиг, хэн дуртай нь ирээд Монголыг нулимдаг, хэн дуртай нь ирээд Монголыг өөлдөг, хэн дуртай нь ирээд эмс охидынх нь бөгсийг, эрчүүдийнх нь тархи толгойг нь худалдаж авдаг ийм тогтолцоог эвдэхийн тулд энэ Чуулган зогсох болно. Бурхан Монгол газар нутаг /Бурханы бүтээл/ дээр Монгол хүнд /Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн эрдэнэт хүмүүн/ өгсөн тэр язгуур эрх, эрх чөлөө, сайн сайхныг бүрэн утгаар нь эдлүүлэхийн тулд энэ Чуулган зогсох учиртай. Эргээд энэ нь, биднийг Монголын нийгмийн шинэчлэгч хүчний дунд өөрийнхөө зүй ёсны байраа эзлэхэд хүргэнэ, нөгөө талаар Монгол Чуулган жинхэнэ өөрийн хөрсөн дээрээс ургаж эхэлнэ гэж найдаж байна. Ингэхийн хэрээр, гадны хүчнээс хамааралтай байх явдал багасахын хажуугаар, бид энэ системийг бүхэлд нь хөдөлгөхийн тулд өөрсдийн боловсролын систем, үндэсний хөрөнгөлөг хэсгийг бий болгож дэмжихэд гаднаас хөрөнгө оруулалтыг бодлоготойгоор оруулах хэрэгтэй болно. Энэ бол нийгмийг шинэчлэх хөдөлгөөн, нөгөө талаас оюун санааны, сүнсний сэргэлтийг жинхэнэ утгаар нь Монгол хүмүүний төрөлх байдалд нийцүүлэх гэсэн эрэл хайгуул байх болно. Үндэсний чуулган нь өөрийн боловсролын тогтолцоо, бизнес, санхүү, мэдээлэл харилцаа, утга соёл, мэдээллийн бааз, илгээлт, нийгмийн уялдаа гэх мэт өргөн салбарыг хамрах юм. Үндэсний Чуулганыг бий болгохдоо бидний харж судлах зүйл бол, бусад уламжлалт үндэсний чуулгануудтай орнуудыг, тэдний чуулганы бүтэц загваруудыг харж, алдаа оноон дээрээс нь суралцах хэрэгтэй л дээ. Ямартай ч байлаа гэсэн би Христийг дагахдаа Монголоо алдмааргүй байна, ямартай ч байлаа гэсэн би Монголын төлөө цохилох зүрхнээсээ Христийг салгамааргүй байна.

Тийм ээ, би өөрийгөө хайсаар, эрлийнхээ үзүүрээс бариад авлаа. Та бас өөрийгөө хайж байгаа юм биш биз? Тэгвэл алс холын аянд хамтдаа гарахгүй биз? Оройд залрах Бурханаас заяасан энэ газар нутагт эрдэнэт хүмүүний биеийг олж мэндэлсэн тэр өдрөөс хожмын нэгэн өдөр, ирэх өдөр нь улирах өдөртэйгөө харьцуулшгүй гайхам эгэлгүй тансаг, хүмүүний санаанд чиг үл буух, чанад алсын тэр оронд очих хүртлээ нэгэн жимээр бид алхана. Тэнгэрт хүрэх гэгээн замыг олсон нь юутай завшаан, харин тэнд хүрэн хүртэл Христ намайг нэгэнтээ эл байгаагаар минь олсон шиг, би "бавгар шар сахалгүй, кимчи үнэртүүлээгүй" Түүнийг, мөн өөрийгөө олохоор явлаа. Би зөвхөн өөрийгөө төдийгүй, загалмайн үнэнээр ариусгагдсан шинэ Монголын дүр төрхийг хайж байна. Он цагийн уртад, түүхийн хуудаснаа мартагдсан өвгөдийнхөө буурийг олж, ертөнц дахинаа хөл нийлсэн, хүчирхэг шинэ Монголын хэтийг цохин, очийг бадраах Монгол Чуулганы шавийг тавилцах хүсэлдээ хөтлөгдөн би алсын аянд гарлаа. Абрахам, Исаак, Иаковтай хамт байж, тэднийг удирдан замчилсан Бурхан аян замыг минь хамгаалан адислах болтугай.

(Манай Эзэний 2004 оны 9 дугаар сар 14)


Зүүвэр:
1 Ian Gillman and Hans-Joachim Klimkeit, Christians in Asia before 1500.
2 Personal resource on his paper Asianization of Theology and Theological Education and Re-configuration of Western Theology in Asia
3 D. B. Barrett and Т. М. Johnson. World Christian Trends. William Carey Library, 2001. pp 319-334.
4 John Young. By Foot to China: Mission of the Church of the East.
5 Yung Hwa, Mangoes or Bananas? : The Quest for an authentic Asian Christian Theology. Oxford- Regnum, 1997