Хятадын "Three-Self" (албан ёсны гэгддэг) чуулганд анх би айлчлахдаа "Хятад хэл, соёл мэдэхгүй юм чинь мөргөлийн үйл ажиллагаанд яаж оролцох билээ?" гэж бодож байсан ч, үнэндээ цуглаанд нь суугаад Барууны чуулганы орчуулгын дуу дуулахыг нь, мөргөлийн хэлбэр нь ч Барууны уламжлалт хэв маягийг хуулбарласан байгааг ажиглаад гайхаж билээ. Цуглааны үйл ажиллагаа дууссаны дараа Хятад, Америк итгэгчид цуглаад нөгөө л бүхний танил болсон дуунуудыг Америкчууд нь Англиар, Хятадууд нь Мандарин хэлээр дуулцгааж байлаа.
Бидний харсан чуулган бол миний хүсэн найдаж байсан шиг ахуйдаа төрсөн Хятад чуулган биш, харин Барууны чуулганаас ялгарах юмгүй, шилжүүлэн суулгагдсан дуураймал чуулган байлаа. Иймэрхүү чуулганууд тарьсан эх чуулганыхаа соёл, өв бүхнийг нь өөртөө шингээн тусгасан байдаг билээ. Анх тарьсан илгээлтийн эзэд нь өөрсдийнхөө соёлын тусгал болсон хэв загварыг мөнөөх соёлын дотор үндэслэнэ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нутгийн итгэгчид мөнөөх экспортолсон хэв шинжийг сайн мэдээний салшгүй хэсэг мэт ойлгож хүлээж авч хөгжүүлсээр байдаг нь гашуун үнэн юм. Гэтэл нөгөө талд, ахуйдаа төрсөн чуулганууд "Бурхан Өөрийн мөнхийн хүсэл таалал, авралын мэдээг энэ соёлын орчин нөхцөлд хэрхэн тусгагдаасай гэж хүсэж байгаа бол?" гэсэн ярвигтай хүнд асуултыг тавин байж Бурханы хүсэл тааллыг тусган харуулах нутгийн арга замуудыг хөгжүүлдэг байна.
Шилжүүлэн суулгагдсан чуулганыг би юутай зүйрлэх вэ гэвэл шинэ орчинд шилжүүлсэн ургамлын суулгацтай зүйрлэнэ. Иймэрхүү суулгац нь анхдагч орчиндоо хэрхэн ургаж байсан шигээ ургаж, өсөн үржих ёстой болно. Гэтэл ахуйдаа төрсөн чуулган гэдэг бол шинэ хөрсөнд "Бурханы үр"-ийг тарихтай адил бөгөөд мөнөөх үрийг мөнхийн утга учраа алдалгүйгээр тухайн шинэ соёлын хэл, сэтгэлгээ, дэг жаягийг хүлээн авч ургах нөхцлийг бүрдүүлдэг. Мөнхийн утга учир гэж юуг хэлээд байна вэ гэхээр Бурхан ба Христ, Ариун Сүнс, чуулган, хүмүүн, цаг хугацаа, өнө мөнхийн тухай ойлголт, авралын тухай Библийн ухагдахууныг багтаасан байх ёстой.
Шилжүүлэн суулгагдсан чуулганыг бид зүйрлэвээс энэ нь гадил жимсийг Канадад аваачин тарьсантай агаар нэгэн буй. Канадын хатуу ширүүн өвлийг даван туулахын тулд энэ жимсийг гэрт оруулж, тусгайлан халамжлах хэрэгтэй болдог. Шинэ уур амьсгалд дасан зохицох чадваргүй тул гадил өсөн үржих чадваргүй байх нь мэдээж. Гэтэл эсрэгээрээ, ахуйдаа төрсөн чуулган гэдэг бол Багамын аралд ургаж буй гадил жимстэй адил гэж хэлж болно, тэгээд ч байгаль орчинтойгоо нягт уялдаатай, үр жимс ч их гаргадаг.
Олон илгээлтийн чуулганууд хүйтэн уур амьсгалтай газарт таригдсан гадил юмуу, савтай цэцэг шиг байж, өсөн үржих чадваргүй, харин ч амьд үлдэхийн тулд тусгай амь тариа хэрэгтэй болж байгаа нь үнэн. Энэ удаа бид шилжүүлэн суулгагдсан, ахуйдаа төрсөн чуулгануудыг дөрвөн талаар харьцуулан үзэх болно: 1. Үйл ажиллагааны хэв шинж; 2. Удирдлагын хэв шинж; 3. Танин мэдэх аргачлал; 4. Мэдээ дамжуулах хэв шинж.
Үйл ажиллагааны хэв шинж
Ням гарагийн мөргөлийн цагийг авч үзье. Мөргөлийн энэ үйл ажиллагаа эх чуулганы цагийн хуваарийн нарийн хуулбар болох нь ч бий. Мөнөөх шилжүүлэн суулгагдсан чуулганууд Ням гарагийн өглөөний 10 цагийг мөргөлд тусгайлан зориулсан Бурханы ариун цаг гэж үзэх нь холгүй байдаг. Гэтэл Уругвай гэх мэт шөнийн амьдралтай соёлд шашны ихэнх томоохон үйл ажиллагаанууд нь орой 7 юмуу 7.30-д эхэлдэг юм байна. Христийнхний түүхийн анхны үед ч гэсэн ихэнх чуулганууд үдэш цуглаанаа хийдэг байж. Яагаад вэ гэж үү? Итгэгч боолуудыг эрх чөлөөтэй иргэдийн адилаар мөргөлийн үйл ажиллагаанд хамруулахын тулд л тэр шүү дээ.
Шилжүүлэн суулгагдсан чуулгануудад мөргөлийн дараалал нь мөн л эх чуулганаа хуулбарлана. Ням гарагийн цуглаан "нээлтийн залбирал, магтаалын гурван дуу, номлол, шинэ хүмүүст зориулсан дуу, дахиад дуу, зарлал, хаалтын залбирал" гэсэн дараалалтай явагддаг чуулганаас ирсэн илгээлтийн эзэд ийм л дараалалтай үйл ажиллагаа явуулдаг чуулганыг байгуулдаг. Гэрчлэлд тулгуурладаг чуулганууд тийм л чуулган тарьдаг. Эсийн бүлэгт суурилсан чуулганууд өөрсдийнх нь эсийн бүтэц хэлбэр энэ дэлхийн хаана ч гэсэн, ямар ч нөхцөлд таарна гэж итгэх хандлагатай байдаг. Шилжүүлэн суулгагдсан чуулгануудын удирдагчид "Манай энэ соёлд мөргөлийн ямар хэлбэр, бүтэц Христэч мөнхийн утга учир, сүнслэг төлөвшлийг бий болгох вэ?" гэж асуудаггүй гэж хэлэхэд буруудахгүй л болов уу.
Бурханы илэрхийлэл гэхээсээ илүүгээр хүмүүний соёл л мөргөлийн цаг хугацаа, хэв загварыг бий болгон бүрдүүлэгч хүчин зүйл болдог гэдэг нь ойлгомжтой.
Удирдлагын хэв шинж
Шилжүүлэн суулгагдсан чуулганы удирдлагын хэв маяг нь мөн л эх чуулганы хуулбарласан байдаг. Барууны соёл залуу үе рүүгээ хандсан байх агаад, тэндхийн чуулганууд гол төлөв хүчтэй, хурц дайчин номлогчдыг илүүд үздэг нь залуу гэр бүлүүдэд нөлөөтэй болохоор аргагүй юм. Гэтэл "намбалзсан" соёлд иймэрхүү залуу удирдагчдыг үйлчлэлд томилох нь Христийн чуулганыг "хүүхдийн шашин" гэх сэтгэгдлийг нийгэмд төрүүлдэг. Ийм чуулганууд залуу насны ид хав, алдаа эндэгдлээр дүүрэн. "Намбалзсан" соёлд залуу номлогчид нас намбатай хүмүүст бараг хүрч чаддаггүй болох нь барууны соёлоос ялгарах онцлог юм.
Хойд Америкийн зарим чуулган ахлагч нарын зөвлөлтэй. Зөвлөл пасторыг болон чуулганыг бүхэлд харгалзан хоньчлох замаар ажилладаг. Тэд сүргийг хоньчлохоос (Үйл 20:28; 1Пт 5:1-4) гадна, чуулганы гол гол шийдвэрийг гаргадаг удирдах зөвлөлийн үүргийг гүйцэтгэдэг. Ийм бүтэц нь тэгшитгэсэн удирдлагын хэвийг хадгалсан болон бизнес үйл ажиллагаа явуулахад тохиромжтой байдаг учраас Америкийн жижиг дунд хот суурин газарт гайхалтай сайхан зохицно. Харин тэгшитгэсэн удирдлагын загвартай чуулганууд Латин Америкт төдийлөн гойд өсдөггүй. Энд хүчтэй нэг гол удирдагч хүн Паул элчийн жишээгээр ахлагч нарыг томилохоос гадна, бусад удирдагчдыг босгодог. Латин Америкт зарим шилжүүлэн суулгагдсан чуулганууд Хойд Америкийн чуулганы удирдлагын тэгшитгэсэн загварыг шууд хуулбарласан байгаа. Ахуйдаа төрсөн чуулганууд нь Христийн зарцлагдах сэтгэлийг өвөрлөсөн хүчтэй удирдагч нартай. Латин Америкт ажилладаг чуулган таригчид авралын зарын том цуглаан зохион байгуулах замаар ажиллах нь элбэг агаад үл итгэгчдийг харанхуйгаас гэрэлд, Сатаны эзэрхийллээс Бурханы хаанчлалд дуудаж хуучин шашных нь далдын хүч, сүнслэг зан үйлтэй шууд тэмцэл хийдэг. Цугларалтуудын дараа шинэ итгэгчдийг Христийнхний хүрээнд оруулж авах ажлыг бэлтгэгдсэн үйлчлэгч нар хийнэ. Үндэслэгч авралын зар тараагч маань тэднийг тэгээд орхихгүй, нутгийн удирдагчидтай хамтран ажиллаж, хөгжиж буй шинэ чуулганы сүнслэг болон материаллаг хэрэгцээг хангадаг. Тэгшитгэсэн удирдлагын загвар нь Латин Америкт чуулганы хөгжилтөд, нэгдэлд хамгийн их саад болж байгаа зүйлийн нэг юм.
Библи ч Христэч удирдлагын зарчим (Мк 10:35-45), бүтцийн (Тит 1:5-9) тухай өгүүлэхдээ яг ийм байх ёстой гэсэн нарийн загварчлалыг, аргачлалыг өгөөгүй гэдгийг бид мартаж болохгүй.
Ф. Х. Смитийн бий болгон Эдмунд Перригийн бичсэн материалаас Давид Хэсселгрэйв ашиглан, бодит байдлыг танин мэдэх гурван хэв маягийн тухай өгүүлсэн байдаг: (1) орчин цагийн Барууныхны оюуныг шүтэх үзэл, (2) Хятад маягийн Күнзийн суртахууны нөлөөтэй ягшмал харилцаа, (3) уламжлалт Энэтхэгийн гэгдэх зөн совингоор хандах хандлага (1991, 301-304). Энэ танин мэдэх аргачлалууд нь өөр өөр соёлтой хүмүүсийн Бурханд хандах байдал, мөргөлийн зан үйлд асар их нөлөөлдөг байна. Оюуныг шүтэгчид танин мэдэх, ойлгох, ялгаж салгахыг эрхэмлэнэ. Тэд Христэч үзэл санааг хэд хэдэн судлахууны ангилалтайгаар системчилсэн байдлаар судалдаг. Гэтэл ягшмал харилцааг эрхэмлэгчид нэр хүнд, хүндэтгэл, тахимдуу ёс, тойрон хүрээллийг чухалчилдаг байна. "Амьдрал, бодит байдал тэдний нүдэнд хязгаарлагдмал орчинд үүсэх бодит харилцааны илэрхийлэл гэсэн утгаар харагддаг" (1991, 303). Зөн совингоороо үйлдэгчид нэгдмэл байдал, харилцан хамаарлыг илүүтэйд үздэг. Тэдний мэдрэмж нь "дотоод сэрэхүй, үзэгдлээс үүсдэг" (1991, 303). Энэ гурван чанар бүх соёл иргэншилд ямар нэг хэмжээгээр илэрч байдаг ч, хэмжээнээсээ шалтгаалан өөр өөр байдаг гэсэн байх юм.
Шилжүүлэн суулгагдсан чуулгануудад санаатай ч, санаагүй ч тэр, нэг соёлын танин мэдэх аргачлалыг эвдэн нөгөө соёлын хэв маягийг хүчлэн тулгаж эхэлдэг. Барууны чуулган таригчид дотоод мэдрэмжийн алив илэрхийллээс ангид байхыг эрмэлзэж, харилцаанаас агуулгыг нь чухалчилж, мөргөлийн танин мэдэх хэлбэрт нь илүү анхаардаг. Гэтэл нөгөө талд, ахуйдаа төрсөн чуулганууд нь теологийн хувьд Библид суурилан Бурханы мөнхийн мэдээг өөрийн соёлд нөхцөл байдалтай нь уялдуулан хүргэдэг. Мөн чуулганы дуу хөгжим соёлынхоо тусгал болж байна. Ингэж нутгийн хүмүүсийн дуу хөгжим урлагаар нь дамжуулан Христэч Сайн мэдээ хүчтэй тархаж байгаа юм. Энэ нь илгээсэн соёлын урлагыг ашиглахаас хамаагүй дээр гэсэн сэтгэгдлийг төрүүлж байна. Жишээлбэл, Латин Америк шиг сэтгэлийн асар их хөөрөлтэй хүмүүс манай Америкийн чуулгануудад ирэхдээ заавал Барууны оюуныг шүтэгч байх албагүй шүү дээ. Саяхан би Латин Америкт 4 сар болохдоо өсөн дэвжиж буй олон чуулгануудад зочилж танилцсан. Бүгдэд нь ажиглагдсан нэг гайхалтай онцлог шинж гэвэл, тэд сэтгэлийн асар их хөөрөлтэйгөөр Бурханыг магтаж байсан явдал юм. Библийн өргөн мэдлэгтэй Сударт итгэдэг итгэгчид бид ч гэсэн сэтгэлийн их хөөрөлтэй байж болно гэж би үздэг.
Та дээрх гурван айн алинд нь багтдаг байлаа ч гэсэн итгэл, дуулгавартай байдлаар чинь дамжуулан Бурхан Өөрийнхөө нигүүлслээр дагалдагсдыг хүлээн авдаг билээ.
Мэдээ дамжуулах хэв шинж
Шилжүүлэн суулгасан чуулганы авралын зар тараагч хүн энэ дэлхийн аль ч өнцөг буланд ямар ч орчинд байсан хамаагүй нэг л Сайн мэдээ нэг л аргачлалаар тунхаглагдах ёстой гэж сэтгэдэг байх юм. Номлол нь мөн адил нэг хэлнээс нөгөө хэл рүү орчуулах төдий л байна. Харин ахуйдаа төрсөн чуулган дамжуулж буй мэдээгээ хүлээн авч буй соёлынх нь арга хэлбэрт нийцсэн загвар, бүтэцтэйгээр дамжуулах ёстойг мэддэг.
Африкийн баруун эргийн Бениний Аяа хүмүүсийн дунд бичиг үсэггүй хүмүүст Сайн мэдээг түүх хүүрнэх маягаар ярихад маш сайн хүлээн авдаг нь ажиглагдсан байна. Сэдэвчилсэн хичээлүүд нь түүхийн орхигдуулсан зайг нөхөж болох ч, ингэж дамжуулсан хүүрнэл нь зөвхөн цээжлэгдээд зогсохгүй, теологийн ухагдахууныг ойлгох хөрсийг бүрдүүлж өгнө. Христ агаарын хүчнүүд ба эрх мэдлийг ялсан гэдэг сургаал (Кол 1:15) сүсэг бишрэл, аливаа сүнслэг хүчнийг төдийлөн ойшоохоо больсон өнөөгийн Америкчууд болон Европчуудын хувьд төдийлөн ач холбогдолтой байж чаддаггүй мөртлөө сүг сүнс, лус савдагуудыг ялсан ялгуусан Христийн тухай ухагдахуун анимист, спиритист зэрэг сүсэг бишрэлтэй хүмүүсийн сэтгэлд хүрч, тэднийг загалмайн өмнө авчирдаг байх юм (Ван Рийнэн 1991, 141-142). Хүн зөвхөн Христийн хүчээр л Сатаны эзэгнэлээс ангижирч, айдсаа даван туулах боломжтой. Үл итгэгчдийн дунд Христийг тунхаглахдаа тэдний сэтгэлд хүрэх хамгийн хүчтэй цагаатгалын зураглалыг гаргаж ирэхэд анхаарч Бурханы хаанчлалыг ойлгоход нь тэдэнд туслах нь чухал болоод байна.
Тиймээс, теологи ч мөн призмийн гадаргуугаас ойх гэрлийн тусгал мэт. Уг нь призм нэг л эд зүйл боловч, өнгө, гэрлийн хугарал, чиглэлээсээ шалтгаалан өөр өөрөөр харагддаг. Христэч мэдээ ч үүнтэй агаар нэгэн бус уу? Нэг л Сайн мэдээ байгаа хэдий ч, илэрхийлэл, аргачлалынхаа хувьд өөр өөр байдлаар тусгагдаж болох юм.
Нутгийн хэл усыг нь сурч, давтагдашгүй соёлынх нь уг чанарыг ялган таньж, Бурханы мөнхийн мэдээг дамжуулах хийгээд яаж орон нутгийн асуудалтай уялдуулахдаа нутгийн төлөвшсөн Христэч удирдагчидтай хамтран ажиллах тал дээр муу бэлтгэгдсэн илгээлтийн эзэд л шилжүүлэн суулгасан чуулганыг тарьж байна. "21-р зуунд илгээлтийн сонирхогчдын хүрээг тэлэх" замаар хөнгөн хуумгай ахуй соёлд уялдуулах явдал асар их дэлгэрч байна (Winter, 1996). Илгээлтийн олон эзэд хангалттай хэмжээний бэлтгэл сургуулилтгүй явснаас болж шилжүүлэн суулгасан суулгац шиг чуулгануудыг тарьсаар байна. Тухайн үндэстний хэл ус, соёлыг нь сурч, нутгийн итгэгчидтэй хамтран ажиллаж буй илгээлтийн эздийн хувьд амин чухал хэрэгцээ бол Бурханы мөнх сайн мэдээг тухайн нутгийн соёлд уялдуулах явдал болоод байна.
No comments:
Post a Comment