Үнэн байдал ямар байв? Христийн шашин Азид "цагаан арьст ах нар"-ын буянаар орж ирсэн гэж үү?
Зүүний Чуулган - өнгөрсөн үе
Өдгөө Палестин гэж нэрлэгдэх тэрхэн зурвас жижиг нутагт, Иерусалимд "Аврагч" гэж өөрийгөө тунхагласан Есүс хэмээгч Жүүд Христ МЭ 30-аад онд загалмайд тэлүүлж нас барлаа. Угаас Жүүдийн шашинд өөрийгөө ертөнцийн аврагч, Иудей үндэстний алдагдсан эрх дархыг сэргээхээр Бурханаас илгээгдсэн гэх улс төр - шашны хийрхэлтэнгүүд байсхийгээд гардаг байсан учир эрх баригчид Есүсийн үхлийг төдийлөн ойшоосонгүй. Тэр хэнээтэнгүүд баахан үймүүлж үймүүлж, олон түмнийг турхирч байгаад алга болдог байж л дээ. Удирдагчийг нь хөнөөчихөөр дагалдан баясагсад нь тэгэсгээд мөр мөрөө хөөж, чимээгүйхэн тардаг байлаа. Гэтэл энэ удаа байдал шал эсрэгээрээ эргэж, мөнөөх дагалдагчид нь Есүсийг амилсан гэж цуурч эхэлжээ. Тэр ч бүү хэл, энэ "цуурхал"-ынхаа төлөө зарим нь амиа хүртэл алдлаа. Хөдөлгөөн ингээд зогссонгүй, хаяагаа бүр тэлэн айлаас айлд, хотоос хотод дамжин яригдаж "Есүсийг Бурханаас ирэх учиртай жинхэнэ Христ мөн, Түүнд дагаар орогсод нь хожмын ертөнцийн мөхлөөс ангижрана" гэсэн үгс хуурай өвсөнд авалцах түймэр мэт тархжээ. Энэ бол манай он тооллын 40-өөд он бөлгөө.
Эхэндээ ч байдал муугүй байлаа, харин Христийн шавь нарын хөдөлгөөн Жүүдийн шашны болон Ромын улс төрийн ашиг сонирхолтой харшилдаж эхэлснээр байдал өөрчлөгдлөө. Дээрээс нь МЭ 66-70 онд өрнөсөн Иудейн бослого Ромын эрх баригчдын тэвчээрийг барж, 72 онд тэд Иерусалимыг цусанд умбууллаа. Тэр үеийн түүхчийн бичсэнээр 1 сая Иудей хүн алагдсан гэдэг энэ яргаллаас хойш Израйль гэх улс 1948 оныг хүртэл газрын хөрснөөс арчигдсан. Иудейн түүхийн энэ эмгэнэл нь харин Христийн шашны түгэн дэлгэрэхэд тунчиг таатаагайр нөлөөлсөн байдаг. Палестинаас оргон зугтсан үй түмэн Иудейчүүдын дунд Христийн шавь нар ч олноороо байлаа. Тэд Ромын эзэнт гүрний нутаг дэвсгэрээр нэг таран, Персийн хил хязгаарыг ч даван оджээ.
Анх Христийн чуулганд Иудейчүүд зонхиолдог байсан бол, тун удалгүй өөр үндэстэн ястнуудын эзлэх жин асар хурдтайгаар нэмэгдлээ. Христийн сургаалыг дэлгэрүүлэгчид өмнө зүгт Египетээр дамжин Африк руу, дорно зүгт Сири Арабаар дамжин Ази, өрнө зүгт Грек бага Азиар дамжин Европ руу нэвтрэн оров. МЭ 2-р зууны үед Осроен хэмээх жижиг улс Ромын болон Персийн эзэнт гүрний хооронд оршдог байж. Энэ улсын хааныг түүхэнд анх Христийн шашинд дагаар орсон хэмээн өгүүлдэг. Нийслэл Эдэсса хотоос Христийн шашин зүүн болон зүүн өмнөд Ази руу торгоны замаар дэлгэрсэн гэгддэг. Баруун болон Дундад Ази, Энэтхэгийн хойгт Христийн Чуулганы түүх МЭ 3 - 4-р зуунаас эхлэн тоологддог бол, бидэнд баттай мэдэгдэж байгаагаар, МЭ 7-р зуун гэхэд Хятад болон Төв Азид Христийн шашин өөрийн байр сууриа нэгэнт олсон байлаа. Христийн шүтлэг бишрэлийн тотем болон бичиг дурсгалын олдворууд өнөөгийн Туркменистан, Төв Ази, Солонгосын хойг, Энэтхэг, Хятад тэр бүү хэл Индонезиос олддог билээ. Тухайн цагт Христийн шашин энэ нутаг дэвсгэрт зонхилж байсан гэж би хэлж чадахгүй ч, Азийн бусад олон шашин шүтлэгийн дунд өөрийн гэсэн өвөрмөц дүр төрх, дуу хоолойтой байсныг гаргаж тавьмаар байгаа юм. Христийн шашин Монголын эзэнт гүрний үед урьд хожид хэзээ ч байгаагүй тийм эрх чөлөөг, зарим үед онцгой эрхийг эдлэж байсан нь бас нууц биш. Гэтэл эдүгээ энэ талаар мэдэж байгаа нь цөөн, ярьж байгаа нь бүр ч хуруу дарам. Нэгэн цагт цэцэглэн хөгжиж байсан чуулганууд Азийн олон улс оронд яагаад ийн мөхөж, ор тас мартагдсан талаар олон эрдэмтэд судлаачид хариу олоогүй л сууна. Азийн Чуулган буюу Зүүний Чуулганы түүх гэхээр МЭ 2-р зуунаас 15-р зуун хүртэлх цаг үеийг л хамардаг. Энэ цагаас хойш Христийн Чуулган Азид чимээ аниргүй болж, Васко Да Гама Энэтхэгийн эрэгт зангуугаа хаян Калкуттыг их буугаар буудан Европчуудын Колонийн их эринийг зарлах хүртэл түүхэнд юу ч тэмдэглэгдсэнгүй. Харин Европчуудын хамтаар Азид барууны Чуулган, эхлээд Ромын Католик, сүүлд Протестантууд хуйлран орж ирлээ. Азид Ромын Католик Чуулганы түүх 16-р зуунаас эхлэн тоологддог бол, Протестантуудынх 18-р зуунаас эхэлдэг. Энэ үеэс эхлэн Ази хүмүүс Загалмайн шашныг колоничлогч Европчуудын шашин хэмээн үздэг болсон байх юм.
Зүүний Чуулган - эдүгээ
Гэхдээ барууны бус - Азийн гэгдэх Чуулган ор тас алга болчихоогүй, нутаг дэвсгэр - угсаатны байршлаар нь авч үзвэл хязгаарлагдмал шинжтэй болсныг бид дараах судалгаанаас үзэж болно. Би энд Ойрхи Дорнод болон Азийн бусад бүс нутагт өнөөг хүртэл оршин байгаа Христийн Чуулганы уламжлалт гол чиглэлүүдийг бүлэглэн үзүүлье:
- Византийн Ортодокс2 Чуулган
- Зүүний Ортодокс Чуулган
- Зүүний жаяг бүхий Католик Чуулган
- Англикан болон бусад Протестант чуулганууд
- Зүүний Ассири Чуулганыг дурдаж болно.
Дээр дурдагдсан Чуулгануудаас гадна, Энэтхэгийн Мара Тома Чуулганыг ч бас нэрлэх нь зүйтэй. Дээрх жагсаалт дахь Византийн Ортодокс Чуулгануудад зүүн Европын болон Византийн соёлтой улс орнууд багтдаг бол, Зүүний Ортодокс Чуулганд Египетийн Коптийн Чуулган, Арменийн Апостолийн Чуулган, Иаковын Чуулган гэх мэтээр дотроо ангилагдана. Зүүний Ассири Чуулганыг энд зориуд цохон тэмдэглэх хэрэгтэй. Энэ л Чуулганаас илгээлтийн эзэд Энэтхэг, Хятад, Төв Ази хүртэл явж Христийн сургаалыг дамжуулсан байх юм.
Зүүний Чуулган - ирээдүй
Түүх цааш яаж бичигдэх нь зөвхөн танаас надаас шалтгаална гэж үзэж боломгүй, Загалмайн шүтлэгтэн түүх сонирхогчийн хувьд, би хүн төрөлхтний түүх Бурханы мутарт атгаастай гэж итгэдэг шигээ, Азийн Чуулганы түүх - хувь тавилан мөн л Түүний хүсэл зоригийн эрхшээл дор байдаг гэж үздэг. Хүмүүн ирээдүйгээ тодорхойлдог мэт үзэгдэвч, үнэн чанартаа тэр нь хэдийнээ зурагдсан байсныг ухаарах хүртэл бидэнд сонголт байгаа мэт ойлгогдсоор байдаг нь тайлагдашгүй нууц юм.
1 Деноминэйшн гэдгийг манайхан урсгал чиглэл гэж хөрвүүлдэг. Энэ нь хуучин Европт Протестантизмийн нэг гол үзэгдэл болж хөгжөөд, тэндээс хүч аван салбарласан, хоорондоо ялгаа багатай, салангид явцуурах үзэл бүхий жижигдүү бүлэглэлүүд юм.
2 Үнэн Алдартан гэж орчуулдаг. Грек гэдэг үг Англиар шууд Orthodox, Орос хэлнээПравославный гэж буусан байдаг нь үг хөрвүүлгийн талаас үзвэл ихэд нарийн буусан ч, Грек хэлний Догса хэмээх үг нь зөвхөн алдар, сүр жавхлан гэдгээс гадна онол сургаал гэсэн утгыг давхар илэрхийлдэг. Мөн чанартаа зөв сургаалыг баримтлагч буюу үнэн шүтлэгтэн гэсэн утгатай.
1 comment:
Хэрэгтэй мэдээлэл байна. Баярлалаа
Post a Comment