Манай залуусын хувьд, 90-ээд оны дундаас хүчтэй түрэн орж ирсэн өмнөд Солонгосын кинонуудтай хэдийнээ танил, зарим нь ч бүр шүтэн бишрэгчид нь болсон тул иймэрхүү ааль зан харь байхаа больжээ. Харин дунд эргэм насны, эсвэл хөдөөнийхөн, бас европжсон давхаргынхан үүнд нэг л элгэмсүү биш. Христийн чуулгануудад явж байгаа монгол итгэгчдийн дунд 20 гаруй насныхан зонхилсоор байгаа одоохондоо энэхүү илт мэдрэгдэм соёлд шүүмжлэлтэй хандахгүй байж болох ч, үүний цаана давхар юу агуулагдан буйг тунгаан бодолгүйгээр жинхэнэ үндэсний дүр төрхтэй чуулган бий болно гэдэг юу л бол… Үүдэн дээр үзэгдэх энэ зан үйлийг ухан төнхвөөс зүүн өмнөд Азиас Христийн сүм чуулганаар дамжин орж ирэх тахимдуу ёсыг сурталдах урсгалыг бид олж харах болно. Монгол дахь Христийн чуулгануудад хүчээ авч буй цол хэргэмийн зиндаархал, удирдлагын шаталсан бүтэц, хүлцэнгүйгээр захирагдахыг уриалсан номлолууд, багш шавийн барилдлагыг эрхэмлэх үзэл, ёс суртахууны ягшмал ойлголтууд гэх мэт Күнзийн суртахуунд суурилсан үзэл санаанууд эхэндээ Солонгосын миссионеруудын л асуудал мэт харагдаж байсан бол яваандаа энэ нь тэднээс суралцсан монгол пастор удирдагчдын зан авир, үйлдэл шаардлага болж эхэлжээ. Монголд Христийн шүтлэг бишрэл хүчээ авахын хэрээр зүүн өмнөд Азийн тахимдуу ёс манай соёлд улам бүр нэвчих аяг харагдаж байна. Энэ сайн ч биз, муу ч биз. Монгол хүний унаган сэтгэлгээг эвдэлгүйгээр Сайн мэдээг танилцуулах гэвэл… Энэхүү тахимдуу ёсны харилцааг тэгш эрхийн ёсонтой цөөн хэдэн талаар харьцуулан харъя байз.
Үүдэнд зогсон угтах охид хөвгүүдийн бөхөлзөн мэндчилэхийг буруу зөв гэх нь миний гол бай биш гэдгийг ойлгоорой, харин нүдэнд өртөмгүй атал үүнээс ч илүү урхаг үр дагавартай байж болох чуулган дахь харилцааны хэв маяг, сургаал номлолоор дэвшүүлэх үзэл санааны тухай би ярьж байна.
Өнгөрсөн зууныг хүртэл мянга мянган жил нүүдэллэн амьдарсан монголчууд суурин иргэдийн адил нийгмийн харилцааг зохицуулах ягшмал онолыг бий болгосонгүй. Суурин иргэний (би энд урд зүгийнхнийг хэлж байна л даа, түүхэн үүднээс) зүгээс умардын нүүдэлчин иргэдийг иргэншээгүй гэж үздэг байсан нь нүүдлийн соёлд тогтсон ягшмал дэг жаяг бүрэлдээгүй гэж үзсэнийх байсан бололтой. Гэхдээ алив иргэншил, соёл, нийгэм хувь хүнээс бүрэлдэх тул харилцаа нь хувь хүмүүсийн итгэл үнэмшил, зан суртахуун, эрхэмлэх чанаруудаас шалтгаалж байдгийн адилаар алив нийгэм нь өөрийн гэсэн бүрэлдэн бий болсон харилцааны хэлбэрээр зохицуулагддаг нь жам ёсны үзэгдэл. Энэ утгаараа суурин иргэншилд хүмүүний харилцааг зохицуулах ёс тогтсон байсан гэдэг бол, нүүдлийн соёлд ч энэ мэт харилцаа зохицуулагддаг өөрийн гэсэн механизм байсан л байж таарна. Нүүдэлчид нэг доор шавааралдан суухгүй тул, хувь хүний эрх чөлөөний ойлголт мэдрэмж, түүний төлөөх тэмүүлэл илүү хүчтэй. Хувь хүний бусдаар хязгаарлагдах хариуцлагын ухамсар бага байсан нь амьдралынх нь орчин нөхцөлтэй холбоотой. Харилцаа илүү чөлөөт хэлбэртэй, нөхцөл байдлаас хамааралтай, тэгш эрхийн ёсонд илүү дөхүү гэж ойлгогдохоор... Гэтэл Күнзийн уламжлалтай зүүн өмнөд Азийн орны иргэд бодит байдлыг хязгаарлагдмал орчин дахь харилцаа гэдгээр нь илүүтэй үздэг байж болох, тэр утгаараа гэр бүл, нийгэмд, хүмүүний харилцаа үүсч болох алив орчинд зохицуулах үүрэг бүхий ягшмал ойлголтуудыг бий болгон, түүн дээр үндэслэсэн хэм хэмжээг тогтоосон байдаг нь тэдний ялгарах онцлог гэлтэй.
ТүүхАль дивангартКүнзийн суртлыг үндэслэгч Кон Фу Цу Аналект-д хэлэхдээ “Умардын зэрлэг овог аймгуудад дэг жаяг тогтлоо ч, манай агуу улсад самуун дэгдэж, ёс жаяг алдагдсанаас дорд байх болно. Ямар ч үед иргэн хүн зэрлэгүүдийн адилаар ёс жаяг, тахимдуу ёсыг үл таягдана” гэжээ. Энэ бол өмнөдийн Күнзийн суртахуун манийг яаж харсаар ирсний илрэл гэлтэй. Монголыг Хятадаас ангид байлгаж байсан зүйл нь нүдэнд үзэгдэх их Цагаан Хэрэм биш, харин сэтгэлгээний ялгарал байсан. Үүнийг ажигласан нэгэн судлаач “Хятадын соёл иргэншилд үл буун өгөх Монголчуудын хандлага” хэмээн тодорхойлсон байдаг.
No comments:
Post a Comment