Огноо: 12/05/2011
Ойрхи Дорнодын чуулганы түүхийн энэ мэт ярвигтай, адармаатай байдал нь барууны итгэгчдэд чуулгануудад ер ойлгомжгүй мэт санагдах агаад тэд ойлгоё ч гэж боддоггүй. Энэ судалгааг маш энгийн ойлгоход дөхөм байдлаас бичсэн бөгөөд ерөнхий зорилго маань эхлээд үнэн зөв танилцуулга маягаар өгөөд энэ нь барууны болон Ойрхи Дорнодод байгаа Христийн шүтлэгтнүүд бие биенээ зөвөөр ойлгож харилцаасай гэсэн бодлоос үүдэлтэй болно.
Эндхийн хамгийн том Протестант урсгал бол Эвангелийн Шинэчлэгдсэн Чуулган бөгөөд Армени, Копт, Сиричүүдээс бүрдсэн. Тэндээ үндэсний синодуудаа байгуулсан. Баптист чуулгануудын дийлэнх нь АНУ-ын Өмнөдийн баптистуудтай холбоотой. Англиканууд Ойрхи Дорнод ба Иерусалимын Эпископын харъяалалд байна. Лютераны хамгийн том төв нь Иорданд байгаа. Эдгээр чуулганууд аль ч патриархын бүтцэд хамаардаггүй, бас харъяалалгүй.
Энд Эвангелийн болон Эпископ чуулганууд цөөнх. Ойрхи Дорнодод байгаа нийт Христ шүтлэгтнүүдийн 2,5 хувийг эзэлдэг. Нэгдмэл чанартай байхаасаа илүүгээр бие биенээсээ салангид. Энэ нь тэдний өөр өөр соёлтой газруудаас ирсэн миссионеруудтай холбоотой, бас авралын талаар чуулганы тухай өөр өөрийн гэсэн онолтой байдгаас болдог бололтой. Илгээлтэд Христийн чуулган нэгдмэл байхын ач холбогдлыг төдийлөн ойшоодоггүй, нэгдмэл байя гэхээс илүүгээр харин ч ялгарлыг товойлгон гаргадаг, ингэж заадаг.
Ливаны Эвангелийн Үндэсний Нэгдэл
1847 онд Ливаны нутгийн цөөн Эвангелийн итгэгч нар Бейрутад үндэсний Эвангелийн чуулган байгуулсанаа зарлаж, тухайн үед тэнд ажиллаж байсан гадаадын миссионеруудын анхаарлыг татах гэж оролдсон байна. Энэ урсгал анх ингэж бий болжээ. 1890 онд Ливаны пресбитериан пастор Юсул Бард уг чуулганы анхны нутгийн пастораар томилогдох хүртэл гадаадын миссионерууд удирдаж, Араб хэлээр мөргөл явуулдаг байжээ. 1870 онд урьд нь Ливан, Америкийн чуулгануудын ашиглаж байсан байрыг авч үйл ажиллагаа явуулах болсон.
Одоо Бейрут хот болон ойр хавийн 6,500 гаруй гишүүдтэй. 1960-аад оны дундуур Бейрутын Үндэсний Эвангелийн Чуулган зах хорооллын 8 чуулгантай нийлж Ливаны Эвангелийн Үндэсний нэгдэл гэх байгууллагыг бий болгосон байна.
Сири, Ливаны Эвангелийн үндэсний синод
1819 оны эхээр Ойрхи Дорнодын нутгуудад янз бүрийн илгээлтийн байгууллагаас хүмүүс ирсэн. Тэдний байгуулсан чуулгануудад явж эхэлсэн Арабуудыг “Инжилие” буюу Сайн мэдээнийхэн гэж нэрлэсэн байна. Протестант итгэлийг 1848 онд Ливанд албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. 1851 онд Хермон уулын бэл дэх Хасбаяа сууринд Протестант сүм бий болсон, дараа жил нь Сирийн Алеппод бас байгуулагдсан. Дараагийн жилүүдэд нь Ливаны Сидон, Сирийн Эвэрт хот, өөр 2 тосгонд чуулган таригдсан. 1870 онд нийтдээ 243 хүн энэ чуулгануудад хамрагдаж байна гэж мэдээлжээ. Эдүгээ 10,000 гишүүдтэй.
Эвангелийн Чуулган – Нил мөрний Синод
Энэ урсгал Египетэд 1854 онд эхэлсэн. 1926 онд АНУ-гийн Пресбитериан Чуулганаас бие даасан. Синодын зохион байгуулагчийг жил бүр сонгодог.
1860 оноос энэ чуулган сургуулиуд байгуулахад их анхаарах болсон. 1865 онд Ассиут Америк Коллежийг байгуулсан. Энэ коллежийн ХАА салбар 1928 онд байгуулагдан улс орны хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан.
Ираны Эвангелийн Пресбитериан Чуулган
1934 оноос эхлэн энд хүрэлцэн ирсэн Америкийн Пресбитериан болон конгрегэйшнэл миссионеруудын байгуулсан чуулганууд энэ урсгалыг бий болгосон. Энэ илгээлтийн үйлчлэл анх Ираны баруун хойд нутагт Урмиа (Резиа) дахь Несториан Ассиричуудын дунд эхэлсэн. 1855 он гэхэд энэ нутагт хэд хэдэн Протестант чуулганууд бий болсон байлаа. 1862 онд анхны нутгийн пресбитериан байгууллагыг байгуулсан.
Ойрхи Дорнод ба Иерусалимын Эпископ Чуулган
1976 оны 1 сард энэ урсгал бий болсноо зарласан. 1973 оны Дублинд болсон Англикан Сүмийн Зөвлөлдөх Уулзалтаас гаргасан зарчмуудын дагуу хуучин Иерусалимын тэргүүн бишопийн албыг халж оронд нь энэ Чуулганыг байгуулсан. Энэ урсгалд 4 дүүрэг харъяалагдана, Иерусалим, Египет, Иран, Кипр ба Персийн булан. Дүүргийн бишопуудаас нэгийг нь ерөнхийлөгчөөр Синодоос сонгодог.
Иорданы Эвангелийн Лютеран Чуулган
Англи Германы илгээлтийн байгууллагуудаас Протестант илгээлтийг Ариун газарт 19 зууны дунд үеэс эхлүүлсэн. Бейт Жала, Бетлехем, Бейт Сахор, Иерусалимд чуулган сургуулиуд тарьсан. Хожим Рамалла, Амман хотуудад мөн чуулган байгуулсан.
Ойрхи Дорнод дахь Эвангелийн Армени чуулгануудын холбоо
19-р зууны 20-иод онд Армений Ортодокс Чуулганд дотроос нь шинэчлэлийн хөдөлгөөнийг нутгийн итгэгчид өрнүүлсэн. Энэ нь сүүлдээ бие даасан байдалтай болж, 1846 онд Станбул хотод тустаа зохион байгуулалтад орсон, Оттоманы эзэнт улс даяар 60,000 гишүүдтэй болсон байна. Дэлхийн 1-р дайны дараа Армений хүн амыг зохион байгуулалтайгаар аймаглан устгах үеэр үлдсэн итгэгчид нь Турк дахь өөрсдийн нутгаасаа цөлөгдсөн. Уг холбоо Сири, Ливанд шилжин байрлах болсон. 24 бие даасан чуулганууд энэ холбоонд харъяалагддаг, 10,000 орчим гишүүдтэй. Тэд мөн Протестант Ассири чуулгануудад тусалдаг.
Суданы Эвангелийн Чуулган
“Америкийн илгээлт” гэгддэг байсан Нэгдсэн Пресбитериан чуулганы миссионерууд үүнийг байгуулсан. 1965 онд уг Чуулганыг нутгийн Суданчуудад шилжүүлсэн. Тэр цагаас эхлэн Суданы Эвангелийн Чуулганы Зөвлөл гэж байгуулаад Америкийн илгээлтийн байгууллагад харъяалагдаж байсан сургууль байгууллагуудыг хариуцуулсан.
Суданы Эпископ Чуулган
Хартумд анхны Протестант чуулганыг амжилттай байгуулсан хүн бол англикан бишоп Лиевелин Гвиней. 1899 онд тэрээр Кумдармунд ажлаа эхэлсэн. 1904 онд нийслэл Хартумд анхны Англикан сүмийн суурийг тавьсан байна. Энэ чуулган 1974 оныг хүртэл Иерусалимын тэргүүн бишопт харъяалагдаж байгаад, дараа нь Кантерберийн тэргүүн бишопт шилжсэн. Суданд шинэ бишопийн дүүрэг нээх санаатай байгаа юм.
Суданы Пресбитериан Чуулган
Энэ чуулган АНУ-ын Пресбитериан болон Шинэчлэгдсэн Чуулганаас таригдсан. 1956 онд бие даасан. Суданд Ромын Католик чуулган болон Эпоскоп Чуулганы дараа орох том урсгал гэж тооцогддог. Зүүн Африкийн Нэгдсэн Пресбитериан Чуулгантай холбоотой.
Протестант уламжлалын урсгал деноминацууд
Дараахь чуулганууд хамтарсан экумени арга хэмжээнүүдэд оролцдоггүй, Ойрхи дорнодын Чуулгануудын Зөвлөлд гишүүнээр элсээгүй.
Ойрхи Дорнод ахь Баптист чуулганууд
Янз бүрийн миссион байгууллагуудын оролцоотойгоор байгуулагдсан цөөн гишүүдтэй боловч, сүүлийн үед нэлээд өсөж байгаа. АНУ-ын Өмнөдийн Баптистуудтай холбоотой чуулганууд гол төлөв Ливан, Иорданд, бас Египет, Палестинд бий.
Армений Эвангелийн Сүнслэг ахан дүүс
Энэ чуулган 1920-иод онд Бейрут хотод байгуулагдсан. Дэлхий даяарх Армений Эвангелийн Сүнслэг ахан дүүс хэмээх байгууллагатай холбоотой. 3 гол салбар нь Өмнөд Америкт Хойд Америк мөн Европ Ойрхи Дорнодын гэж хуваагддаг.
Эвангелийн Бурханы Чуулган
Ливан дахь Эвангелийн Бурханы Чуулган нь АНУ-ын Бурханы Чуулгантай холбоотой. 1956 онд Ливаны ерөнхийлөгчийн зарлигаар сүм, сургууль, асрамжийн газар байгуулах эрх авсан.
Долоо дахь өдрийн Адвентист
1904 онд Бейрут хотод миссионерууд ирсэн цагаас эхэлсэн, одоо Иордан, Турк, Кипр, Ирак, Иранд үйл ажиллагаа явуулдаг.
Назар Чуулган
Ливан, Сири, Иордан, Палестинд 3 сургууль 20-иод жижиг чуулгантай.
Христийн Чуулган
1961 онд Ливанд үйл ажиллагаагаа эхэлсэн, Бейрут хотод Библийн сургуультай, 3 чуулгантай.
Персийн булан дахь чуулганууд
Ойрхи Дорнодод үйл ажиллагаа явуулдаг ихэнх урсгалууд Персийн булангийн орнуудад салбар чуулгантай. Антиохын Ортодокс чуулган Багдадад салбартай. Армений Чуулган Кувейтэд шашины хэрэг эрхлэх газартай, Копт Ортодокс Чуулган Кувейтэд салбартай.
Англи үндэсний Чуулганы үйл ажиллагаа нь янз бүр. Британы армийн номлогчид бусад үндэсний хүмүүст зориулсан чуулган нээхээр ажиллаж байна. 1970 онд байгуулагдсан чуулган сүүлд 1976 онд Кипр ба Персийн буланг хариуцсан англикан дүүрэг болон өргөжсөн.
Персийн булангийн Ромын Католик чуулганы гишүүд гол төлөв Энэтхэг, зүүн Африкаас ирсэн. Аденд төвтэй Капучины орден Дэлхийн 2-р дайны дараа Бахрейн болон эргэн тойрны улс орнуудад сүм дуган барьж эхэлсэн. Кувейтэд нэг Католик чуулган бий. Арабын Абу Дабид бас нэг сүм бий.
Сүүлийн жилүүдэд Сирийн Ортодокс чуулган, Энэтхэгийн Мар Томас чуулган, Өмнөд Энэтхэгийн чуулган, Пакистаны Урду Чуулган хэд хэдэн орнуудад Эвангелийн болон Англикан сүмийн байруудад цугларалт зохион байгуулж эхлээд байна.
No comments:
Post a Comment