Monday, January 09, 2012

Үйлчлэгчдийн нөхөрлөлийн талаарх бодрол

Саяхан, 6-р сарын 17-нд бид чуулгандаа үйлчилж байгаа хүмүүсийн үдшийн цэнгүүнийг “Исимусс” төвд зохион байгууллаа. Сонсохнээ манай “ариун-лагууд”-ын эгнээнээс янз бүрийн яриа хөөрөө, үнэлэлт дүгнэлт, шүүмжлэл гарсан байх юм. Тэгэхээр Никодем багш нэгэнтээ Сударын Иохан номын 7:51-т “Бидний Хууль хүний юу хийж байгааг нь эхлээд тэр хүнээс сонсоогүй мэдээгүй байж шүүдэг бил үү?” гэснийг ишлээд, энэ нөхөрлөлийн зорилго ач холбогдол юу байсан тухай яръя.

Нөхөрлөл
Чуулган бол Бурханаар дуудагдсан, аврагдсан, сонгогдсон хүмүүсийн нэгдэл юм. Гэхдээ энэ хүмүүсийн нэгдэлд хүний сайн нь ч бий, муу нь ч бий. Баян чинээлэг нь ч бий, ядарч зүдэрч яваа нь ч бий. Хов жив, атаа жөтөөнд гаршсан нь ч бий, аяга тагш юм эргүүлдэг нь ч бий. Бурхан бүгдийг нь л дуудсан юм. Алдахдаа алдаж, онохдоо онож л яваа хүмүүс. Бид Христийн сүм чуулган гэхээр л чухам архи тамхи, алив хар нүглүүдийг цөмийг нь тэвчин ариуссан, ариусаж яваа хүмүүс гэж өөрсдийгөө ч ойлгодог, бусдад ч тийм мессэж өгөх гэж хичээдэг. Энэ бол гадна талын үзэгдэх байдал юм. Үүнд хэтэрхий анхаарснаас, итгэл бишрэлийн амьдралыг үргэлж энэ талаас нь тайлбарлаж таниулдгаас болоод сүүлдээ сүмийн орчин гэдэг маань зүгээр л ёс суртахууны хэм хэмжээ тогтоож байдаг, түүнд нь хүрээгүй нэгнээ цавчиж, жигшиж байдаг газар болж хувирах гээд байна уу даа гэсэн эмзэглэл байдгаа нуух юун.

Чуулган бол нэг талдаа хүмүүсийн нэгдэл гэдгийг би дээр дурдсан. Энэ бол Есүсээр овоглосон Бурханы гэр бүл, нэг хамт олон. Энэ бол шинэ хамт олон, нигүүлслэл өршөөлөөр өөрчлөгдөн буй хамт олны шинэ дүр төрхийг нийгэмд бий болгох ёстой нэгэн бүрдэл. Өнгөрсөн хугацаанд бид чуулганыг гэр бүл, ёс суртахуун, илгээлтийг хэрэгжүүлэгч байгууллага, шүтлэг бишрэлийн хэрэгцээг хангадаг газар гэдэг талаас нь хангалттай ярьж заасан. Харин хамт олон гэдэг талаас нь төдийлөн заагаагүй болов уу. Эргэн тойрноо хар. Аль ч сургууль соёлын газар анги-хамт олон, албан байгууллагуудад ажлын-хамт олон гэж бий. Хамт олон бүрд өөрсдийн бий болгосон орчин соёл гэж бий. Манай сүмд олон хүн хамрагддаг, үйлчилдэг. Итгэгчид маань сургууль, ажлын газраас нь зохиогддог арга хэмжээнд идэвхийлэн оролцдог, хамт олноосоо таслагдахгүйн тулд аль байдгаараа тэр орчинд дасан зохицож амьдардаг. Гэтэл сүмийн орчин, үйлчлэгчдийн хоорондох нэгдэл төдийлөн хүчтэй байдаггүй. Энэ юуных вэ? Бид чуулганд хамт олон гэсэн ойлголтыг суулгаж өгөөгүйгээс… Итгэгчид маань үйлчлээд л, ядраад л, баярлаад л… Ямар ч хамт олны дунд гардаг асуудлууд бидний дунд гарч л байдаг. Чуулганд үйлчилдэг, зовлон жаргалыг нь хамт үүрэлцэж явдаг хүмүүсээ бид бас сэргээж, урамшуулж, баярлуулдаг байх хэрэгтэй. Тэд маань бас л хүн шүү дээ.

2006 оноос эхлэн манай Үүрдийг гэгээ чуулганд нэг сайхан заншил бий болжээ. “Үйлчлэгчдийн нөхөрлөл” гэх арга хэмжээ зохиодог болж. Сайн байна. Харин уур амьсгал, орчин, цайллага нь хорооны ахмадуудыг хүлээж авдаг шиг тийм л түвшинд явагддаг байж болох уу? Арай боломгүй. Тэгээд бид өнгөрсөн арга хэмжээг хаана хийв гэж үү, “Исимусс” клубт. Ямар орчинд гэж үү, лазерын гэрэл сүлжилдсэн, хөгжим нижигнэсэн, 90 гаруй үйлчлэгчид маань цагаан хувцастай. Яаж гэж үү, цагаан өнгөний тухай шүлэг зохиож уралдсан, бүжиглэсэн, ярьж хөөрч суусан. Нөгөө шинэ тутам хөгжиж буй хамт олон маань хамтдаа цуглаж буй хэрэг шүү дээ, шинэ уур амьсгалтай, шинэ өнгөтэй, шинэлэг орчинд.

Одоо хамт олноо хүний талаас нь тодорхойлъё. Манай сүмийн хамт олон шиг ийм насны ялгаатай, амьдралын төвшин өөр, янз бүрийн үзэл бодолтой бид бие биендээ яаж ханддаг вэ, яаж хүлээж авах вэ? Бүгд адилхан сэтгэнэ гэж байхгүй, бүгд адилхан хөдөлнө гэж байхгүй. Гэхдээ л нэг хамт олон, харин удирдлага үүнээс юу харж, юу хүлээж байв?

Шинэ цаг үе, орчин
Хөгжмийн сонголт гэж нэг юм байна. Үдэшлэгийн арга хэмжээ… Транс хөгжим дуугарч байна, манай залуус бүжиглэж байна. Дотны нэг ах хэлж байх юм. Энэ хөгжим бол чөтгөрийн хөгжим. Энэ залуус мансуурч байна л гэнэ. Дийлэнх настай хүмүүст ийм орчин хөгжим хэцүү л дээ, пасторын хувьд ойлгож байна. Харин энд цугларагсдын нэлээд нь 25-аас доош насныхан. Шинэ үеийнхэн, хөгжмийн стиль, таашаал өөр болчихсон. 50, 60-аад онд залуу байсан ахмадууд маань “Гурван Тамирын уянга” хөгжмийн аянд уярч, Битлзийн дуунд бүжиглэж явжээ. 70-аад оны залуучууд “Бонеи М”, “Абба” сонсож явсан, манго татаж байж, 80-аад оныхон бол эстрад, диско стилийг барьж байсан бол, 90-ээд оноос хойш Хип Хоп, Техно тэгээд л сүүлдээ одоогийнхон бол Электро, Транс гээд л хөгжмийн урсгал өөрчлөгдөж, үе үеийн залуусын сонсдог таашаал авдаг, сэтгэлд нь хүрдэг хөг аялгуу өөр өөр болж байна. Дахиад 20 жилийн дараа гэхэд ямар шинэ урсгал, стиль бий болохыг өнөөдөр би хэлж мэдэхгүй, гэхдээ би юу мэдэж байна вэ гэхээр, хичнээн нас нь хөгширсөн ч үе үеийн залуус тухайн үеийнхээ хөгжмийн стиль, жанрт хайртай дуртай байдгийг л мэднэ.

Бурхан ямар ч цаг үед, ямар ч соёлын орчинд хүмүүнтэй харьцаж чаддаг гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Өнөөдөр дэлхий даяар соёлын, хөгжмийн урсгал өөрчлөгдөж шинэчлэгдсээр байна, угаасаа энэ бол зогсонги үзэгдэл биш. Алдарт сонгодог хөгжмийн зохиолч Бетховен гэхэд л 18-р зууны Европийн хөгжмийн урсгалд зохицсон, сонгодог симфонийн хэлбэртэйгээр Бурханд өргөх сүмийн магтуунуудыг туурвиж л байсан, арай ойрмогхон жишээнүүд гэвэл одоогийн сүмийн мөргөлд дуулж байгаа дийлэнх дуунууд маань Дундад зууны үеийн сүмийн магтуу биш болсон, харин орчин үеийн поп стилийн хөг аялгуу давамгайлж байна. Сүмд ирдэг хүмүүст ч гэсэн сэтгэлд нь ойр байна шүү дээ, тэрнээс биш эртний Израйльд Давид хаан ийм хөг аялгуугаар дуулж байсан гээд тэс өөр хөгжмийн зэмсгээр, манай үеийнхний сонсдоггүй аялгуу тавьбал хэн ч тэр аялгуунд нь нийлэн хоршиж Бурханд сүнслэг магтаалыг өргөж чадахаа болино. Манай үеийнхэнд сонсголонтой, хүлээж авч чадахуйц хөгжмийн хөг гэж байгаа лугаа адилаар, дараа үеийнхэнд ойлгомжтой хөгжмийн стилийг сүм чуулган яаж үзэх вэ? 10 жилийн дараа гэхэд л шинэ хөгжмийн давалгаа түрж ирнэ, Бурханд өргөх магтаал, дуунууд нь тухайн үеийнхээ хөгжмийн урлагийг өөртөө шингээх л болно. Би, пасторын хувьд, залуу үеэ алдмааргүй байна. Өнөөдөр транс хөгжим сонсож байгаа тэр залуус, өсвөр үе заавал дунд насныхан шиг, ахмад үе шиг вальс эргэх албагүй, харин яаж өөрсдийнхөө цаг үед тохирсон хэмнэлээр Бурханд мөргөл үйлдэх вэ гэдэг нь л өнөөгийн чуулганы удирдлагын бодолцох ёстой асуудал юм. Өдгөөгөөс 50 жилийн өмнө гэхэд бөмбөр, гитарыг магтаалд ашиглах ёсгүй гэж үздэг сүмүүд зөндөөн л байлаа, гэтэл өнөөдөр цаг үе өөрчлөгджээ. Энэ нөхөрлөлийн арга хэмжээг би зориуд тийм газарт хийсэн юм. Бурхан манай цуглааны дөрвөн ханаар дуусдаг юм бишээ. Бидний итгэл үнэмшил шинэ үеийн залууст, тэдний орчинд ойр баймаар байна. Тэгээд ч бүжиглэх нь гэм нүгэл биш. Миний дахин дахин, бас дахин хэлдэг зүйл бол та бидний амьдралын хэв маяг, хэл соёл, хөгжим бүжгийг Эзэн Бурхан үзэн яддаг юм бишээ, харин хүмүүний зүрхнээс гарах тэр л бузар муу хүсэл, бодол, атаархал, хорсол занал, энэ бүхэн чинь л нүгэл шүү.

Мөнгө
Үйлчлэгчиддээ бид чуулганаас 5000 төгрөг өглөө, урамшуулж байгаа юм. Бас хүн бүрийг нэг гараанаас эхлүүлэх гэсэн зорилго л доо. 1Коринт 11:17-22 унш даа. Юу гэж хэлсэн бэ? Тухайн үед итгэгчид цуглааны дараа хамтдаа нөхөрлөсөн байна, тухайн үед нөхөрлөнө гэдэг нь хамт сууж, идэж уухын нэр байж л дээ. Гэтэл гайгүйхэн амьдралтай хүмүүс нь нэг бүлэг болж, ядуухан хүмүүс нь хоорондоо нийлээд, мэдээжийн хэрэг, идэж уухад нь, нийлэхэд нь асар ялгаа харагдана биз дээ, энэ тухай л Паул багш хэлсэн байна. Манай үйлчлэгчдийн дунд янз бүрийн л амьдрал ахуйтай хүмүүс байдаг. Тэгэхээр ядаж хүн болгон оногдсон мөнгөндөө тааруулаад уух юм аваад сууж болох, илүү мөнгө төгрөгтэй хүн нь нэмээд юм авна биз. Бид үргэлж ингэж мөнгө төгрөг тараах юм уу, үгүй л дээ. Энэ удаагийн нөхөрлөлийн зорилготой уялдуулж ийм арга хэмжээ авсан юм.

Байршил, орчин
Сүмийн соёл гэж нэг юм байх. Энэ юуг хэлж байна гэхээр бидний сүм дээрээ ирээд аашилж аяглах, нийтээрээ үйлдэж хэвшсэн үйлдлүүд, цуглааны хөтөлбөр, мөргөлийн уур амьсгал, бие биенээсээ шаардах ёс зүйн хэм хэмжээ, энэ бүхнийг маань хэлээд байгаа юм шүү дээ. Тэр ч бүү хэл, хувцаслалт хүртэл энэ ойлголтод орно.

Заримдаа бид энэ сүмийн соёлд хэтэрхий дасчихаад, Сайн мэдээг сүмийн соёл гэж хольж ойлгоод байх нь бий. Гэтэл Сайн мэдээ гэдэг чинь шинэ хүмүүс ирээд бидэнтэй адилхан аашилж аягалдаг болохыг хэлдэг юм уу? Эсвэл энэ чинь 1Коринт 15:1-11 яруу тодорхой хэлсэнчлэн, Христийн үхэл ба амилалтаар ирсэн эрх чөлөөний тунхаг юм уу? Шинэ гэрээний сайн мэдээний номуудыг уншаад үз. “Бурханы хаанчлал иржээ, ирчихээд байна” гэж Есүс айлдаж байлаа. Сүмийн хашаанд уу? Зөвхөн Иерусалимд уу? Үгүй, харин Хүний Хүү үзэгдсэн нь, Бурхан газар дэлхий дээр хүн болж залран буусан нь, “сохрууд хараа орж, суунги нь алхаж, дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядууст сайн мэдээ тунхаглагдсан” нь энэ итгэл найдваргүй болчихсон, гэм нүгэлдээ автсан дэлхийд Бурханы хаанчлал ирсэн тухай сайн мэдээ байлаа. Өнөөдөр бид сайн мэдээг Ням гарагт цуглаан хийдэг байрныхаа дөрвөн хананы дунд болж буй үйл явдалтай хольж хутгаад байна. Андуураад байна, андуураад байна. Христийн урсгасан цус, өргөгдсөн амиар бидэнд ариун гэсэн тодотголтой “тусгай” газар, эд зүйлс, зүг чиг гэж байхгүй болсон. Бидний зүрх сэтгэл цэвэр, итгэл минь Бурхан Эзэндээ үнэнч байх аваас жорлон ч үмхий биш, баар цэнгээний газар ч бузар бус. Эзэн Есүс хэлдэг, бидний биеэс гадуур байгаа орчин, эд юмс биднийг бузарлаж эс чадна, харин хамаг муу муухай, нүгэлт бодол санаа, харанхуйн үйлс нь бидний зүрх сэтгэлээс гардаг гэлээ. Амралтын өдрөөр үйлдэж болохгүй гэснийг мэдсээр байж, Есүс шавь нартайгаа хамт тариан түрүү шувтарч идсэн байлаа. Сурсан заншил нь хориглодог гэдгийг мэдсээр байж, Есүс хүн амьтангүй газар, 6 эр сольсон “хормойн явдалтай” Самари хүүхэнтэй худгийн дэргэд ярилцаж байлаа. Өөрсдийгөө Бурханы Хуулийг гаргууд мэддэг гэж бодчихсон, итгэчихсэн шашны багш нарын юу гэж дүгнэж байгааг нь мэдсээр байж, Есүс тэдэнтэй нийлэхгүйгээр харинчиг эгэл ардын дунд амьдарч, алхаж, унтаж ядарч явлаа. Тухайн цаг үе нь Бурхан газар дэлхий дээр залран ирснийг анзаарч ойлгосонгүй, гэвч Есүс хийх ёстой ажлаа хийсээр байсан юм. Эндээс манай Үүрдийн Гэгээчүүд нэгийг бодож, хоёрыг ухаараасай.

Хөтөлбөр
Хөтөлбөрт оролцсон хүмүүс цөмөөрөө цагаан хувцас өмссөн байсан, их сайхан харагдаж байсан. Бас шүлгийн тэмцээн болсон, авъяастай хүмүүс бидний дунд олон байна. Бурханыг магтан алдаршуулсан, хамт олныхоо тухай шүлэглэсэн, нөхөрсгөөр элэглэсэн шүлгүүдийг уншиж байгааг харж зогсохдоо надад төрсөн сэтгэгдэл, энэ л хүмүүс ямар ч орчуулгын ном барилгүй, харин сэтгэлээсээ урсгаж буй энэ магтаал Бурханд ямар тааламжтай, бас Монгол хүний сэтгэлд ямар ойр байгаа болоо гэсэн бодрол байсан юм. Сайхан байсан, хамгийн гол нь бид хамтдаа нэгэн үдшийг дуутай хууртай, чимээтэй хатираатай, шүлэг найртай өнгөрөөсөн юм. Бурханы хаанчлал ингэж л бидний амьдралд эгэл жирийн байдлаар, миний монголчуудын сэтгэлгээнд ч, амьдралын хэмнэлд ч ойрхон тусаж байгаасай. Монголчууд бид баярлах дуртай ард түмэн, дуулж хуурдах дуртай. Харин Христэд итгэхээрээ дуулах хуурдах нь багасаад, баярын хурал шиг л цуглаанд суудаг баригдмал хиймэл төрхтэй болбол муухай. Чуулганд ч гэсэн баяр цэнгэл, нийтийн арга хэмжээ байх ёстой, шинэ агуулга шинэ өнгөөр бид баяжуулж өгөх учиртай.

Эцэст нь хэлэхэд, Христэд итгэгчид ийм газар цугларлаа гэж үү гэх асуулт. Ийм газар гэдэг нь ийм бузар нүгэлтнүүдийн цуглаж цэнгэдэг газар гэж хэлж байна л даа янз нь. Тэгвэл ариун гэж юу вэ? Энэ тухайд би дараа бүтэн нэг нийтлэл бичиж болно. Тэр орой зарим хүн орж ирээд шүүмжилсэн нүдээр харж байлаа. Итгэл үнэмшлээрээ энэ арга хэмжээг ийм газар хийх нь зөв үү буруу юу гэж цэгнэх нь асуудалгүй ч, харин атгаг хорон санаагаар дараа нь үүнийг яаж гутаах вэ, яаж хүмүүсийн дунд муучлан тараах вэ гэсэн хандлага сэдэлтэй байх нь гэм нүгэл юм. Матай 15:16-20-д Есүс юу нь гэм нүгэл болохыг, юу хүнийг бузарладгийг дэндүү тодорхой хэлсэн билээ. Ариун газар гэгдэх сүмийн дөрвөн хананы дунд сургаал номлогчийг хэлсэн үгэн дээр нь мушгиж буруутгахаар сууж буй, хэлсэн үгсийг нь тэмдэглэн баримтжуулж буй хүнийг би Үүрдийн Гэгээ чуулганд харсан. Гаднаас нь харвал, итгэлээ сахин хамгаалахаар эрслэн шийдсэн нэгэн мэт, дотор руу нь өнгийвөл өрөөл нэгнийг алив нэг алдаан дээр нь барьж авч буруутгах шалтагтай болсондоо баярлан дотроо тавлах гэсэн эрмэлзэл дүүрэн. Эндээс бид гэм нүглийн тодорхойлолтыг дахин харах хэрэгтэй. Бид баахан зөв буруу гэж ярьсан шүүгчдийг, бие биеэ хэмлэгсдийг төрүүлж үү, эсвэл Бурханы уучлал нигүүлслийг амьдралаараа мэдэрч, сэтгэл зүрхнээсээ хүнийг ойлгож дэмжин, аль болох хүнд хар буруу санахгүй юмсан гэсэн энэрэнгүй хүмүүсийг төрүүлж байна уу?

“Үүрдийн гэгээ” чуулганы ахлах пастор: Хатгин. П. Энх-Амгалан
Улаанбаатар хот. Манай Эзэний 2008 оны 8 сар.

No comments: