Monday, January 09, 2012

Ойрхи Дорнод дахь Христ шүтлэгүүд

Огноо:

Орчуулагчийн зүгээс: Христ шүтлэг, Библийн канон ба эрх мэдэл, Чуулганы түүх бол асар баялаг, адармаатай зөрчилтэй, гүн гүнзгий судлууштай ариун нандин уламжлал, ёс заншил билээ. Үнэн зөв итгэлийн амьдрал бол 1) үнэн зөв онолын баримтлал, 2) үнэн зөв үйлдэл, 3) үнэн зөв мэдрэмж зөн билэгээс ирдэг.

Тиймээс, Монгол Чуулганы суурийг тавилцагчид (хэн нэгэн нь хаа нэгтээ түүх туурвигсад хэмээсэн!!!) Даяар Чуулганы түүх ба тархцын талаар үнэн зөв мэдээлэлтэй, мэдлэгтэй байх хэрэгтэй гэж санана. Мэдлэгт чинь дусал нэмэр гэж үүнийг орчуулан тавьлаа. Христ шүтлэгт янз бүрийн уламжлалууд холилдон оршсоор ирсэн газар бол баруун бус, харин Ойрхи дорнод билээ. Бид бол зөвхөн 16-р зуунд баруун Европт гарч ирсэн Протестант уламжлалын дотор өөрсдийгөө ойлгож байгаа тул, зарим талаар хэт явцуу гэж хэлж болно. Одоогоос 7 жилийн өмнө 2004 онд бичигдсэн энэ нийтлэлийг 2005 онд орчуулан түгээх хүсэл байсан боловч, тухайн үед үүнийг хүлээн авах орчин байхгүй гэж санасан тул хойшлуулсан. Одоо цаг нь ирсэн гэж үзээд тавилаа.




Ойрхи Дорнод дахь Христ шүтлэгүүд

Константинополийн Экумени патриархын алба
Рев. Дк. Милтиадес Б. Эфтимой /2004 онд бичсэн/

(Энэ хэсэгт байсан зүйлийг ач холбогдолгүй гэж үзээд орчуулсангүй.)


Ойрхи Дорнодын Христ шүтлэгтнүүд
Ойрхи Дорнодод байгаа чуулгануудыг 5 бүлэгт хувааж болно. Эдгээрт 15 сая итгэгчид хамаардгаас 9 сая нь энд амьдардаг. Үлдсэн нь өөр бүс нутгуудад цагаачилсан. Энэ 5 бүлгээс хамгийн том нь Дорнын Ортодокс Чуулган. Үүнд Египет дэх Копт Ортодокс Чуулган, хуучин Зөвлөлт Армени болон Арабын янз бүрийн орнуудад байгаа Арменичуудыг хамарсан Армений Элчийн эрхэт Чуулган, Сири Ортодокс Чуулган. Тэд бүрэн тусгаар боловч, харилцан холбоотой.

Удаахь бүлэг чуулганууд бол Византийн Ортодокс Чуулган. Голдуу Грек юмуу Зүүний Ортодокс гэж нэрлэдэг. Станбулд суух экумени патриархтай онол үзэл баримтлал, литург – мөргөлийн жаяг, канон – хуульчилсан журам дээр нэгдмэл байж тус тустаа бие даасан үйл ажиллагаа явуулдаг Орос, зүүн Европын Үндэсний чуулгануудийн нэгдэл.

Гурав дахь бүлэг чуулганууд бол Католик. Тэд цөмөөрөө Папыг дэлхий даяарх чуулгануудыг захирах дээд эрх мэдэлтэй гэж хүлээн зөвшөөрсөн, Католик чуулганы онол үзэл баримтлалыг дагадаг. Гэхдээ эдний багахан хэсэг нь л Ромын буюу Латин Католик. Ихэнх нь зүүний жаягийг баримтлагч Католик чуулганууд. Жаяг гэдгээр тэдний мөргөлийн хэлбэр, литург, хуульчилсан чуулганы журам зэргийг хэлж байгаа бөгөөд үүгээрээ тэд барууны Ромын латин жаяг бүхий католикуудаас ялгаатай. Эдгээрээс хамгийн том нь Ливаны Марони чуулган.

Дөрөв дэх бүлэг бол хамгийн эртний түүхтэй, анхнаасаа тусгаар бие даасан байдалтай оршиж ирсэн Зүүний Ассири Чуулган. Түүхээс нь болоод заримдаа Перс чуулган, зүүн Сирийн чуулган гэж нэрлэх нь бий. Эдүгээ Иран, Ирак, Сири, Ливанд бий.

Тав дахь бүлэг нь Англикан, Лютеран, Протестантууд. Дээрх зүүний жаяг бүхий Католик чуулгануудтай адилаар энэ чуулганууд Ойрхи Дорнодод барууны миссионеруудын нөлөөгөөр бий болсон. Зүүний жаяг бүхий Католик чуулгануудын түүх энэ бүс нутагт хэдэн зуунаар тоологддог бол, энэ Протестант чуулганууд 19-р зуунаас хойш л гарч иржээ.

Элч нар болон тэдний байгуулсан Чуулганууд
Христийн Чуулганы түүхийн анхны үед Элч нар сайн мэдээний элч нар болж Газар дундын тэнгис, Ойрхи Дорнодын янз бүрийн нутгуудад аялан явж чуулгануудыг байгуулсан байдаг. Баруун зүгт элч Петр Паул нар Ромын чуулганы суурийг тавьсан гэж үздэг бол Шинэ гэрээнд Паул Грек Туркт байсан чуулгануудад хандан захидал бичсэн нь бий. Иоханы ах Иаков Иерусалимын чуулганыг тэргүүлдэг байсныг, Сирийн баруун хойд нутаг дахь Антиохын чуулганд Петр Паул нар чуулган байгуулж тэр нь хөгжин цэцэглэж байсан тухай Библид гардаг. Элч Томас Антиохын чуулгантай холбоотой байж цааш зүүн зүгт Дундад Азиар дамжин Энэтхэг хүрсэн гэсэн түүх бий. Бартоломай хойд зүгт Туркээр дамжин Арменид очсон гэдэг. Марк Египетийн Александр хотод нутгийнхандаа буюу Коптуудад сайн мэдээ дэлгэрүүлсэн гэдэг. Матай бүр өмнө зүгт цаашлан Эфиопт чуулган тарьсан гэж үздэг.

Энэ бүх домог түүхийн үнэмшилтэй эсэх, баримттай эсэхийг нягтлахад хэцүү ч, эртний энэ зүүний чуулганууд зуун зууны туршид үүнд итгэсээр, өөрсдийнх нь чуулганыг үнэхээр л Есүсийн элч нар ирж байгуулсан гэж үнэмшсээр, өөрсдийгөө жинхэнэ “Элчийн эрхэт” чуулган гэж үзсээр ирсэн юм.

Энэ бүх итгэгчид нийлээд 15 сая боловч, Ойрхи Дорнодын нийт хүн амын 10%- ыг л эзэлдэг. 90% нь Мусульман болон өөр бусад шашинтай. Чуулганууд соёл, угсаатан, түүх, үзэл баримтлалын ялгаанаас болж бие биенээсээ асар их ялгарах агаад Мусульман шашинтай Арабууд үүнийг ойлгодоггүй. Гэхдээ энэ амьд Эзэний чуулгануудын чанар нь хүний тоо хэмжээнд бус, ач холбогдол нь ч ялгарлаар нь хэмжигдэхгүй билээ. Чуулгануудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бэхжиж байгаа манай өнөө үед энэ чуулгануудыг байгаагаар нь ойлгож хүлээн авч сурах хэрэгтэй байна. “Шашинлаг”, “эртний”, “хуваагдмал”, “залуу”, “харийн” гэх мэт бие биедээ нэр хоч зүүж хардаж сэрддэгээ больмоор байгаа юм.

Ойрхи Дорнод дахь таван бүл “Чуулган”
Дараахь судалгаанд Ойрхи Дорнодод байгаа Христийн чуулган урсгалуудыг “Дорнын Ортодокс”, “Зүүний Ортодокс”, “Католик”, “Протестант урсгалууд”, “Зүүний Ассири Чуулган” гэсэн 5 бүлэг болгон хуваалаа.

No comments: