Манай цуглааны зарим хүн бясалгалд явдаг юм байна. Саяхан манай чуулганы нэг итгэгч надаас “Пастор аа, манай ажлын хамт олон Шри Шригийн бясалгал хийдэг, тэгсэн атлаа амьдрал ахуйн янз бүрийн асуудлынх нь төлөө Есүсээс гуйж залбирч өгөөч гэж надаас хүсдэг. Би цаашид яах вэ?” гэж асуулаа. Иймэрхүү асуудал өнөөдөр олон итгэгчдийн хувьд нэг тулгамдсан бодитой хариулт хүссэн асуулт болчихоод байгаа. Бясалгалын хичээл гэдэг нь анир чимээгүй орчинд, эсвэл хөгжмийн тодорхой хэмнэлд, оюун санаагаа төвлөрүүлэх, юмуу хийсвэрлэн төсөөлөх замаар дотоод мэдрэмжээ хөгжүүлэх, зарим тохиолдолд янз бүрийн энергийн эх үүсвэрүүдтэй холбогдох, хүлээж авах, сэтгэл санааны засал хийх гээд төрөл бүрийн байдлаар хийгддэг оюун санааны дасгал юм.
Өнөөгийн байдал
Христитгэл Өрнөдөд хөгжихдөө алив юмс үзэгдлийн дотоод чанар руу өнгийхөөс илүүтэй гадагш үйлдэлд хандсан байдаг нь Дорно дахинд Ази хүмүүсийн сүнслэг амьдрал, оюун санааны, сэтгэлзүйн, гоо сайхны мэдрэмж, хандлага үйлдэл, амьдралын хэв маягт тэр бүр тохирохгүй байгаа тал бий. Үүнийг 16-17 зуунаас эхлэн Европын миссионерууд Энэтхэг болон Хятадад ажиллаж амьдарч байсан Христитгэлтнүүд ажиглан бичиж үлдээсэн байдаг. Жишээ нь, Энэтхэгт ажиллаж байсан Мефодист урсгалын миссионер Стэйнли Жонес (1884-1972) Энэтхэгийн ард түмний соёл заншил, тэдний амьдрал дахь өдөр тутмын сүсэг бишрэл, зориуллаг, зан үйл, ёс суртахууны хэм хэмжээ нь өөрсдийгөө христитгэлт хэмээн тунхагладаг Европ Америкчуудаас хол давуутай байгааг харж, Христийн сайн мэдээг Энэтхэг хүний амьдралын хэмнэл, орчлыг өөрчлөхгүйгээр соёлд нь хэрхэн шингээж болох талаар олон ажил хийсэн, Энэтхэг орон даяар Христ Есүс бол харийн шашин биш гэдгийг гайхамшигтайгаар харуулж чадсан хүн байлаа. Стэйнли Жонес бидний сайн мэдэх, Энэтхэгийн эрх чөлөөний хөдөлгөөний нэрт удирдагч Махатма Гандигийн дотны найз, туслагч нь байлаа. Тэр Америк хүн боловч, Христийн жинхэнэ Сайн мэдээ бол Америкжсан Европын асар их соёлын нөлөө орсон, хүмүүсийн үзэл бодол орсон сургаал ойлголтоос өөр гэдэгт бат итгэсэн, түүнийгээ ярьдаг бичдэг, хүмүүст нөлөөлдөг хүн байсан. Христийг хүлээн авч, Түүний дагалдагч болж амьдарна гэдэг бол эгэл Энэтхэг хүнээс өөр болж, илүү Европжсон гадны соёлд уусахын нэр биш гэж тэр хэлж байлаа. Уламжлалт Христийн миссионеруудын хийдгээс тэс өөр хийсэн түүний гайхалтай шинэчлэлийн ажлуудын нэг нь “Ашрам” байгуулсан явдал. “Ашрам” гэдэг нь Энэтхэгээр ширэнгэн дундах амралт (сүнслэг бясалгалын төв) гэсэн үг. Ашрамд сүнслэг удирдагч дагалдагчдын хамтаар амьдрах агаад тэдэнтэйгээ хамт идэж ууж, амьдарч, сургаж зааж, тэднийг дагуулах аж. Ийм багш хүнийг “гүрү” гэнэ. Гүрү хүн амьдралын үнэний утга учрыг таньсан, сэтгэхүй нь нээгдсэн гэгээрлийн тодорхой шатанд хүрсэн гэж үздэг учраас харанхуй бүдүүлэг, мэдлэггүй мунхаг байгаа хүмүүст тусалж тэднийг үнэн рүү араасаа дагуулах нь тэдний үүрэг. Гэгээрэл бол тэдний хувьд ажил биш харин сэрэхүй ажээ. Энэ мэтчилэн дорны шашин шүтлэг, философи, багш нарын тухай ярьвал их зүйл байх. Гэхдээ энэ нь миний зорилго биш, харин би Библид бясалгалын тухай, хүмүүний дотоод ертөнц хийгээд сүнсний мөн чанар, Бурханы Үгээр үүнийг хэрхэн ариусгах тухай энд бичиж байна.
Библийн үг ба утга санаа
Библид бясалгал гэж үг гардаг. Монгол Библийн Эхлэл номын 24:63-т “Үдэш болж байхад Исаак БЯСАЛГАЛ хийхээр хээр гарчээ” гэж байна. Эх Еврей хэлнээ бясалгал гэж орчуулагдсан хоёр үг байдаг. Суваах, хаага энэ хоёр үгийн гол утга нь “өөртэйгөө ярих, гүнгэнэх бувтнах” гэж буудаг. Тэгэхээр эндээс үзвэл Исаак хээр гарч өөртэйгөө ярьсан ч юмуу, эсвэл гүн бодолд дарагдан суусан, эрэгцүүлсэн аль нь ч байж болох. Цаг хугацааны хувьд их эртний МЭӨ 2000-аад оны үед болж байгаа үйл явдал, одоогоос 4000 гаруй жилийн өмнө гэсэн үг. Амьдарч байсан нутаг орны хувьд гэвэл, Исаакийн амьдарч байсан нутаг бол өнөөгийн өмнөд Палестиний хатуурхаг хөрстэй, зундаа 30-аас дээш градус хүрч халдаг хагас цөлөрхүү газар байлаа. Манай Говь нутаг л гэсэн үг. Ийм нутагт хүн зуны халуун өдөр гадагш гарахын аргагүй, тэгээд ч Исаак үдэш оройн сэрүүн унасан үед гадагшаа гарсан байлаа. Ихэнх Еврей судлаачид түүнийг сэтгэл санаагаа тайтгаруулах юмуу сэтгэлээ засах үйлдэл дасгал хийсэн гэж үздэг. Тэрээр дотроо юм бодон алхалсан ч байж магад, завилж суугаад юмуу эсвэл нүдээ аниж хэвтсэн ч юм билүү. Ямар ч байлаа гэсэн бясалгал гэдэг үг гарч ирсэн. За эндээс цаашаа явъя.
Иошуа номыг гаргаад 1-р бүлэг 8-р ишлэлийг үзээрэй. “Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй, харин түүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүлэхээр (биелүүлэхийн тулд) түүнийг (хуулийн ном) бясалгаж яв. Тэгвэл чи хөгжин дэвжиж, амжилтад хүрэх болно”. Энд бясалгал гэсэн үг дахин гарч байна. Одоо энэ үгийн Библийн утга улам тодорхой боллоо. Мосегийн бичсэн Хуулийн таван номыг бүхэлд нь цээжлэн, тэгээд түүний дагуу амьдрал ахуйгаа зохицуулж бай гэсэн утга гарч байна. Тэгэхээр бясалгах гэдэг нь Бурханы хууль болох Үгийг цээжлээд түүнийгээ тунгаан бодож явах гэсэн утгатай боллоо.
Цааш нь үзвэл Дуулал номд бясалгах тухай бүр их гарна. Гэхдээ Монгол Библид заримдаа “тунгаан бодох”, заримдаа “бясалгах” гэсэн үгийг хэрэглэсэн байгааг та дараах ишлэлүүдээс харж болно: Дуу 1:2, 63:6, 77:12, 119:15, 119:23, 119:48, 119:78, 119:148, 143:5, Иса 33:18. Шинэ Гэрээнд Лук 21:14-т “санаагаа түвшитгэ”, 1Тимот 4:15 “… эдгээрт санаа тавь буюу эдгээрийг бодож тунгааж бай” гэсэн утгатай үгс байна. Энд 5 төрлийн зүйлийг сэтгэлдээ хадгалж тунгаан бодож, бясалгаж явах тухай хэлжээ.
1. Бурханы Сургаалыг цээжлэн бясалгах. Дуулал бол Бурханы үгийг бясалгаж буй хүний ерөөлтэйг өгүүлсэн гайхамшигтай ном. Эзэнд итгэдэг хүмүүс Бурханы Үг болсон Библиэс хэсэгчлэн болон бүтэн нэг бүлэг юмуу номоор нь цээжилж ямарваа цагт тэр үгсийг тунгаан бодож, тэндээс Эзэний гайхамшигтай амийн охь ундаргыг олж авдаг.
2. Бурханы үйлдсэн ажлуудыг тунгаан бодох. Хувь хүн бүрийг Бурхан янз бүрийн арга замаар хөтлөн дагуулж ирсэн. Хүн бүрийн амьдрал дахин давтагдашгүй. Туулсан амьдралаа, өдөр хоногуудаа, сэтгэлд хоногшин үлдсэн уй гашуу, баяр хөөр, авралын үнэ цэнэ, амьдрал дахь Бурханы ивээл нигүүлслийн тухай бодож байхад тэндээс бид Бурханы үнэн замыг, Түүний хосгүй зан чанарыг бас олж үздэг.
3. Бурханы сүр жавхланг, бүтээлийг харан бясалгах. Байгаль ертөнц бол Бурханы мутрын гайхамшигтай бүтээл. Бид заримдаа Исаак шиг аагим халуун зуны оройн сэрүүнд гадаа суугаад уулын орой ширтээд юмуу, шингэх нарны туяа, аадрын зузаан үүл, аянгын гялбаа, шувуудын жиргээ, борооны шиврээн, солонгын өнгө, цэцэгсийн дэлбээ гээд Бурханы төгс уран бүтээлийг харж, сэтгэл нүдээ баясгаж дотроо Эзэний гоо сайхныг бишрэх юутай таатай. Сэтгэлдээ тэр болгоныг зураглан буулгаж, энэ байгалийг цогцлоон бүтээсэн, оршоосоор байгаа бүтээгч Эзэнийг нь шүтэн бишрэх, сэтгэлдээ тэр агуу байдлыг нь мэдрэх бол бас нэгэн бясалгал юм.
4. Дотоод сэтгэл санааны байдлаа хянах, засах. Бидний дотор “дотор хүн” гэж бий. Амьдралын туршлагаасаа болж, туулсан орчин гэр бүлийн найз нөхдийн нөлөөнөөс болж бид олон зүйлд аюулгүй байдалдаа санаа зовних, ирээдүйдээ үл итгэх, эргэн тойрноо хардах, айдас түгшүүрийг сэтгэлдээ тээх, хорсол зовинол гээд тоочоод үл барам ааш аяг гаргадаг, Заримдаа бид өөрсдийгөө ч ойлгодоггүй. Бид “Энэ хүн сонин шүү, энэ ааштай, энэ гажигтай, тэр аминч, гутранги, галзуу” гээд хүмүүсийг хочилдог, тодорхойлдог. Зарим нь ч үнэхээрийн сэтгэл санааны хувьд их дарамттай, хураасан их шархтай байдаг. Их нууцлаг амьдралтай хүн байдаг. Гаднаа жигтэйхэн сайхан гэрчлэл яриад л, инээж ханиагаад байдаг атлаа сэтгэлийнхээ мухарт ганцаардал, айдас, гансрал, өнчрөл хагацал гээд л урхагшсан байх нь бий. Яг тэр хүмүүний “дотоод ертөнц”-д яаж Ариун сүнсний гэрлийг тусгах вэ? Бидний сэтгэлд хэнийг ч нэвтрүүлдэггүй, хэнд ч нээдэггүй тэр мухарт Ариун Сүнсийг яаж оруулж гийгүүлэх вэ, дотор хүнээ хүлээснээс чөлөөлөх вэ? Энд бид Эзэний өмнө сэтгэлээ нээн, өөртэйгөө цаг өнгөрөөх бясалгалын тухай ярьж байна. Үүнийг Библид Ариун сүнсэнд сэтгэлээ нээх гэж хэлдэг. Сэтгэлээ гэгээрүүлэх ч гэж хэлж болно. Ухаарал бол Ариун сүнсний гэгээрүүлэх ажил юм. Ариун сүнсний хүчээр хүмүүний дотоод сэтгэл гэрэл тусдаг. Тиймээс хүмүүн өөрийгөө хараг.
5. Үйлдэл хэв маягаа хянах, бодож тунгаах. Тимотод хандаж Паул захихдаа олон зүйлийг хичээж яваарай, үйлдэл болгоноо ажаарай гэсэн байдаг. Зам мөрөө Эзэнд даатгаж, алдаа оноон дээрээсээ суралцаж амьдралын ухааныг аваарай гэсэн байна. Бид заримдаа гаднах үйлдэлдээ хэтэрхий их анхаарч, бусдын явдал үйлийг ч гэсэн гадна үзэгдэх байдлаас нь дүгнэх гээд байдаг дутагдал байдаг. Гэтэл гаднах үйлдэл, амьдралын хэв маяг тэр болгон дотоод сэтгэлийн, хандлагын илрэл болоод байдаггүй. Жишээ нь Номлогчийн Үгс 7:3-т “Царай нь гунигтай байвч, зүрх нь жаргалтай байж болох буюу” гэсэн байдаг. Архи тамхи хэрэглэж авгай хүүхэн эргүүлэхгүй мөртлөө зүрх сэтгэлдээ атаархал хорслоор дүүрэн, дотроо хүнд муу санаж явдаг, хөршөө зүхэж байдаг, бусдыг өөрөөсөө дорд үзэх хандлагатай хүн зөндөө байдаг буюу. Хүний сэтгэл рүү өнгийн харж чадахгүй үйлтэй хүмүүн бид бусдыг явдал үйлээр нь л дэнслэн хэмжиж, сайн муу гэсэн нэр хаяг зүүх ажгуу. Харин Эзэн хүний дотоод сэтгэл санаа, зүрхний хандлага болон гаднах үйлдэл амьдралын хэв маяг аль алийг нь харан шинждэг. Тиймээс жинхэнэ бясалгал бол хүмүүний дотоод сэтгэл ба явдал үйлийг аль алийг нь агуулсан цогц ариусал байх учиртай юм.
Буддизм ба дорнын бясалгалын мөн чанар
За, ингээд бид Библиэс бясалгалын тухай цөөн хэдэн ишлэлүүдийг харлаа. Харин гадуур байгаа Дорнын шашин шүтлэг, бясалгалын арга техникүүд юуг хүмүүст заадаг вэ? Үндсэн сургаал нь бол 1-рт бүхнийг бүтээгч, оршин байгаа бүхний Эзэн болсон төгс Бурхан гэж байхгүй гэж заадаг. 2-рт энэ ертөнцөөс ангид төгс Бурхан байхгүй учраас хүн өөрийнхөө асуудлыг өөрөө шийдэх ёстой гэж заадаг. Библийн сургаал ёсоор, бид оршин байгаа бүхнийг Бурхан бүтээсэн гэж эхэлдэг байхад, Буддын шашинд хүмүүний амьдрал зовлонгоор дүүрэн байна гэж эхэлнэ. Буддын шашины суурь онолыг энд тавьлаа:
1. Зовлон үнэн – Хүн болон аливаа амьд бүхэн энэ ертөнцөд төрөн буй болсноос эхлэн зовлон эдэлнэ.
2. Зовлонгийн шалтгаан үнэн – Хүн амьтан амьдралынхаа бүх хугацаанд амьдралд шунан зовлонгийн шалтгааныг буй болгож байдаг.
3. Зовлонг гэтлэх (салах) нь үнэн – Сансарын хүрднээс гарвал зовлонгоос бүрмөсөн ангижран Нирван дүрийг олно гэж үздэг.
4. Зовлонг гэтлэх арга зам үнэн – Зовлонгоос ангижрах найман зөв зам бий.
Тэгэхээр Буддын болон Азийн бусад шашин шүтлэгийн гол асуудал нь хүмүүний зовлонг эцэслэх гэсэн эрэл хайгуул юм. Хүн сэтгэл санааны хувьд ядаргаанд орно, уур цухал гажууд муу бодол санаа, шаналал айдаст автана, бие махбодийн хувьд ядарч туйлдана, өвчин зовлон орооно, үхэж хагацна. Энэ бүхнээс яаж хагацах вэ? Үүнд хариулт олохын тулд зовлонгийн уг шалтгааныг гаргаж ирдэг. Ямар ч амьд амьтан амьдрахын төлөө тэмцдэг, шунан тэмүүлдэг. Өөрийгөө БИ гэдгээ мэдэрч байгаа үед, тэрхүү БИ-г амьд үлдээхийн төлөө тэмцэл өрнөдөг. Тэр шунан тэмүүлээд байгаа амьдрал нь зовлонгоор дүүрэн. Тэгэхээр зовлонгоос ангижрах санаатай бол БИ амьдралд шунан тэмүүлэхээ болих ёстой гэж зааж байна. Амьдрахын тулд бид сайхан орон байр, тансаг орчин, мөнгө төгрөг гээд тэр болгоныг хүсдэг. Маханбиеийнхээ тав тух идэх дур хүслээ бид тэвчих ёстой гэж заадаг. Тэвчих гэдэг маань өөрийнхөө маханбиеийн хүслийг дарж үгүйсгэх гэсэн үг л дээ. Тэгээд идэж уух, амар хялбар тав тухыг эрэлхийлэх, бэлгийн дур хүслээ үгүйсгэх гээд үйлдэлтэй холбоотой бүх хүслээ зогсоохыг эрмэлзэнэ. Энэ бүх хүсэл оюун ухаанд бүрэлддэг. Тиймээс бодол санаагаа бас зогсоож үгүйсгэж сурах хэрэгтэй. Хүсэл тэмүүллээ хориглох хэрэгтэй. Хайрлах, үзэн ядах мэдрэмжүүдээ аль болохоор тоохгүй байх хэрэгтэй. Ингэж бидний сэтгэл санааг бие махбодийг зовоож байгаа зовлонгийн үндэс болсон БИ-г эцэслэнэ.
Энэ бүх биемахбодийн, оюун санааны, сэтгэлзүйн зовлонг эцэслэх гэж гаргаж ирсэн арга техникүүдийн нэг нь бясалгал юм. Дорнын шашнуудад бясалгал гэдэг бол бурхантай нэгдэх, өөрийгөө үгүйсгэх (оюун ухаан, хүсэл, биемахбодийн хэрэгцээгээ мартагнах, үгүй хийх), гэгээрэлд хүрэх зам, бие сэтгэлээ ариусгах арга, энерги хуримтлуулах гэх мэт үр дүн хүлээдэг. Иога бол бас үүний нэг жишээ юм. Оюун ухааны дасгал талаас нь хөгжүүлбэл ийм л үр дүнг чухалчилдаг. Манай Монголд болон барууны орнуудад хүмүүс бясалгалыг стресс тайлах арга зам гэдэг талаас нь илүү их сонирхож хичээллэж байна. Оюун санаагаа төвлөрүүлж сурах, хэсэг хугацаанд юу ч бодохгүй байх, эсвэл зөвхөн сайхан юмс төсөөлөх, хийсвэр орчныг өөртөө бий болгох гэх мэтээр энэ бодит ертөнцөөс салах ангижрах оролдлогуудыг хийсээр байна. Энергийн тухай ч яриа байна. Иймэрхүү бясалгал хийснээр эерэг энерги хуримтлуулдаг гэж зарим хүн тайлбарладаг. Манай чуулганы нэг итгэгч Дорноговь аймагт байгаа “дэлхийн энергийн төв” гээчид очиж энерги авах юмсан гэж ярьж байлаа. Энэ болгоны цаана юу нуугдана вэ?
Библийн болон дорны шашнуудын бясалгалын Ялгаа
Бясалгал гэдэг үг нь буруу юм бишээ. Харин үүнийг хийх арга техникт том ялгаа байна. Бясалгалыг хоёр янзаар хийж болно. Нэг нь хоосолно, нөгөө нь дүүргэнэ. “Хоослох бясалгал” гэж юу вэ? Хүн өөрийгөө үгүйсгэж, бодол санаа бүх юмаа хоосолж, Бурханаас хүнд өгсөн тэр хүсэл тэмүүлэл, амьдралд шунах хүслийг үгүй хийхийг хэлдэг. Юу ч бодохгүй, юу ч хүсэхгүй, юу ч мэдрэхгүй. Өөрийнхөө дотоод ертөнцийг хоосолсон үед, ямар ч муу ёрын сүнс (бидний энерги юмуу ер бусын хүч гэж нэрлээд байгаа) сүнслэг биетүүд бидний дотоод ертөнцийг эзэгнэх боломжтой юм. Яагаад бөө лам нар олон сар жилээр даяан хийж, эзгүй хээр ганцаар байж бясалгал үйлдсэний дараа сүнсний тодорхой хүч чадал олж авдаг вэ? Яагаад тэд үздэг хардаг, мэргэн түргэн болдог вэ? Энэ болгоны цаана муу ёрын сүнсний хүч үйлчилж эхэлдэг. Дотоод ертөнцдөө ямар нэгэн гадны хүч, сүнслэг биеттэй нэгдсэнээр хүн ер бусын мэт хүчийг олж авдаг. Үүнийг Библийн Левит ном 19:31, Дэд хууль 18:9-т хатуу чанд хориглосон байдаг. Христэд итгэдэг хүн Шри Шригийн бясалгалд явж таарахгүй. Янз бүрийн өөр шашны багш, сургаалыг шүтэж дагаж болохгүй. Бидэнд Христээс өөр багш байхгүй, өөр аврал байх ёсгүй.
Зарим хүний хувьд дотроо хийсвэр орчныг төсөөлөх замаар бясалгал хийнэ. Байгаль төсөөлнө, эсвэл сайхан дурсамж төсөөлнө. Сайн сайхан бодол санаан дээр төвлөрүүлэхийг хичээнэ. Гэхдээ энэ болгон бас л хоосон. Байгаль ертөнцийг бүтээсэн Бурханыг бус, харин зүгээр л уран зураг харж байгаа хүнтэй адилаар сэтгэлээ баясгана гэдэг мөн л хоосон чанар. Хүмүүнийг өөрийг нь бүтээсэн Бүтээгч Бурханы зорилго санааг олж авалгүйгээр хүний сайн сайхныг бишрэнэ гэдэг мөн л хоосон. Хоосноос хоосон гэж Номлогчийн үгс дээр хэлдэг.
Библийн бясалгал бол “дүүргэх бясалгал”. Дүүргэх бясалгал гэдэг маань Есүсийн Иохан номын 10:10 “Хулгайч зөвхөн хулгайлан, алж, сүйтгэхээр ирдэг. Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн юм” гэж хэлсэнтэй агаар нэгэн буюу. Бурхан хүмүүнд амь амьдрал хайрласан. Оршин байгаа бүхэн Бурханы хүслээр тогтсон. Эзэн Бурхан биднийг идэж ууж, хайрлаж дурлаж, хос хосоороо амьдарч, үр удмаа үлдээ гэж бүтээсэн. Эзэн Бурхан хүмүүний түүхийг бүтээдэг. Амьдралд тэмүүлэх тэр их хүсэл бол Бурханаас ирдэг. Тийм ч учраас Христитгэгчид хүмүүний амь, сүнс гэдэг бол хамгийн үнэ цэнэтэй гэж үздэг. Библи биднийг бодит ертөнцөөс өөрийгөө устгах замаар ангижрах ёстой гэж хэлдэггүй. Бурханаар бүтээгдсэн хүмүүн үйлдэх ёстой, бодох ёстой, мэдрэх ёстой. Ингэж байж сая жинхэнэ хүмүүн болно. Харин Библи бидэнд зөв хандлага, зөв амьдрал, зөв үзэл санаатай байх ёстой заадаг. Тэр зөв хандлага, үзэл бодол, амьдралыг бид хаанаас сурах вэ гэдгийг Библи бидэнд заасан. Хүмүүний амьдралд дутуу байгааг, бидний гэм нүглээс болсон зовлон шаналалын асуудлыг шийдэхийн тулд Есүс энэ дэлхий дээр ирсэн. Тэгээд Тэр “Би та нарыг амьтай, бялхсан (дүүрэн) амьтай, амьдралтай байлгахын тулд ирсэн юм” гэж хэлсэн. Бид үхэхгүй, үгүйсгэхгүй, хоослохгүй, харин бид амьдарна, бид тогтооно, бид дүүргэнэ.
Библид өгүүлсэн дүүргэх бясалгалыг хийх нь
Бид дотоод ертөнцөө хоослохгүй, харин бид Есүс Христийн нэрээр дүүргэж байх ёстой юм байна гэдгийг та ойлгосон байх. Бид залбирч, Есүст хандан намайг дүүргэж өгөөч гэж гуйх ёстой. Миний зүрх сэтгэлийн хоосон орон зайг дүүргэхийг гуйх учиртай. Яаж дүүргэх вэ? Христэд итгэгчдэд зөвшөөрөгдөх “Бясалгалын арга замууд”-ыг би дахин товчхон дүгнэе:
- Библийн тодорхой нэг хэсгийг цээжлэх, тунгаан бясалгах
- Туулсан амьдралаасаа Бурханы удирдамжийг хайн бясалгах
- Бүтээлээс нь Бурханы сүр жавхланг үзэж бясалгах
- Ариун Сүнсний гэрлээр дотор хүнтэйгээ ярьж бясалгах
- Үйлдэл хэв маягаа шинжин бясалгах
Энэ бүх бясалгал Эзэнээс гуйсан залбирлаар хийгдэх юм. Бясалгалын орчин ямар байх вэ? Энэ бол таны л сонголт. Та чимээгүй орчинд байж болно хөгжим тавьж болно, гадаа байж болно дотор байж болно сууж болно хэвтэж болно. Библийн Дэд Хууль номын 6:4-7 “Израиль аа, сонс. Эзэн бол бидний Бурхан, ЭЗЭН бол ганц. Чи өөрийн Бурхан Эзэнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла. Өнөөдөр миний чамд тушааж байгаа энэ үгсийг чи зүрхэндээ байлгаж, хөвгүүддээ хичээнгүйлэн зааж, ГЭРТЭЭ СУУЖ БАЙХДАА Ч, ЗАМД ЯВЖ БАЙХДАА Ч ХЭВТЭЖ БАЙХДАА Ч ӨНДИЙН БОСОХДОО Ч түүний тухай ярьж бай” гэсэн юм. Тохиромжтой цагийн хувьд, Есүс Эцэгтэйгээ хамт байхаар өглөө эртлэн ганцаараа уул өөд гарч байсан. Дууллыг бичигч шөнө дунд Эзэний ажлуудыг тунгаан бодож байсан. Тимот чуулганд үйлчилж байхдаа өдөр тутмын амьдралдаа санаа тавьж байсан. Нэг ёсондоо, би өөрөө амьдрал маань эргэн тойрон цөм нийлээд бүхэлдээ цогц бясалгалын орчин юм.
Бясалгалыг би ганцаараа хийдэггүй, харин Эзэнтэй хамт хийдэг. Эзэнээс гуйж залбиран бясалгах үед, Тэр Библийн сургаалаас урьд өмнө миний ойлгож, ухаарч байгаагүй нандин үгсийн утга учрыг тайлж өгдөг, ухаарал хайрладаг, чиглүүлэг удирдамж өгдөг. Эзэнээс гуйж залбиран бясалгах үед, Тэр бидний туулж өнгөрүүлсэн амьдралд Бурхан юу хийснийг харуулдаг, яагаад намайг ийм гэр бүлд төрүүлсэн, өсгөсөн, ийм гэр бүлтэй, үр хүүхэдтэй найз нөхөдтэй, хамт олонтой болгосон утга учрыг надад тайлж өгдөг, итгэлийг минь батжуулдаг, бодитой амьдралын хүрээнд Түүний арга замуудыг олж харах хараа өгдөг. Эзэнээс гуйж залбиран бясалгах үед, Тэр бидний орчин тойрон, байгаль ертөнцийн нарийн цогц шүтэлцээг харуулж, эгэл атлаа тансаг уялдаа, өнгөний зохицол болгоноор дамжуулан намайг ямар гайхамшигтай ертөнц дээр амьдруулсан юм бэ гэдгийг ухааруулдаг, баясгадаг, талархах сэтгэлтэй болгодог. Эзэнээс гуйж залбиран бясалгах үед, Тэр сэтгэл зүрхний минь гүнд орж, хэнд ч хуваалцаж хэлж гаргаж зүрхлэхгүй тэр нууцхан бодол санааг минь хуваалцаж, сонсож, зүгшрүүлж залж миний сэтгэл санааг төвшитгөдөг. Өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй, бусад хүмүүс ч намайг хүлээн зөвшөөрч чадахгүй тийм үед ч, өөрийгөө ойлгохгүй болох тийм үед ч Тэр надад тайвшрал, ухаарал хайрладаг. Эзэнээс гуйж залбиран бясалгах үед, Тэр бидний алдаа оноог, үйлдэл болгоны минь үр дагаврыг хүртэл харуулдаг, засаж залруулдаг, бидэнд амьдралын мэргэн ухаан хайрладаг.
“Үүрдийн гэгээ” чуулганы ахлах пастор: Хатгин. П. Энх-Амгалан
Улаанбаатар хот. Манай Эзэний 2009 оны 8 дугаар сар 14
No comments:
Post a Comment