Огноо: 13/05/2011
Ойрхи Дорнодын Христ итгэгчдээс тоогоор хамгийн олон нь Дорнын Ортодокс чуулгануудад хамрагддаг. Эндээс хамгийн том чуулган нь Египет дэх Копт Ортодокс Чуулган. Үүний дараа, Бейрутаас умард зүгт Ливаны Антилис хотод төвтэй Армений Элчийн эрхэт Чуулган. Дамаскт төвтэй Сирийн Ортодокс Чуулган.
Угсаатны, соёлын хувьд энэ 3 чуулган хоорондоо маш өөр, аль аль нь тухайн улс үндэстнийхээ шинжийг бүрэн агуулсан байдаг. Армений чуулганыг үндэслэн байгуулагч нь элч Таддай, Бартоломай гэж үздэг. Үүсэн байгуулагдсан цагаасаа хойш энэ Чуулган Армени үндэстний соёл, үзэл санааных нь төв болсоор иржээ.
Коптууд өөрсдийгөө Фараоны үеийн египетүүдийн үр сад гэж үздэг. Хойд Африкт сайн мэдээг тунхагласан Маркийг тэд Александрын анхны патриарх гэж тооцдог. Копт Чуулган Египетэд албан ёсны зохион байгуулалтад орохоосоо өмнө 3 зууны туршид хатуу ширүүн хавчлага дарамтыг туулсан. Цөлд даяанчлан байсан гэгээн Антон, гэгээн Пахомиусын бий болгосон уламжлалыг даган асар олон тооны итгэгчид Египетэд ирж байлаа. Тэр итгэгчдийн зүтгэлээр Нуби, Судан, Этиоф зэрэг орнууд Христитгэлийг хүлээн авсан билээ.
Зүүн талдаа Ассирийн Чуулганы тэлэлтээр хязгаарлагдсан “баруун Сиричүүд” Халкедоны Хуралдайгаас гарсан шийдвэрт эгдүүцэхдээ МЭ 6-р зуунд Иаков Барадайн онолыг баримтлах болсон. Тиймээс Сирийн Ортодокс Чуулганыг “Иаковынхан” гэж нэрлэх нь бий.
Энэ мэт ялгааг эс тооцон, энэ гурван Дорнын Ортодокс чуулганууд улс үндэстнээ Византийн болон Персийн улс төрийн ашиг сонирхлоос хамгаалахын төлөө тэмцэж байсан юм. МЭ 7-р зуунд Исламийн шашин ноёрхлоо тогтоосонтой холбоотойгоор тэд 5 зууны туршид шашин-улс төрийн шинэ нөхцөл байдал доор орлоо. Гэтэл энэ нь харин ч тэдний хувьд таатай эргэлт байсан юм. Мусульман шашинтнууд Христ шүтлэгтнүүдийг Ассирийн, Дорнын, Византын гэж ялгахгүй нэг л адил Загалмайн шашин шүтлэгтэй гэж хандана. Тэдний онол үзэл баримтлалын ялгарлыг ч ойшоохгүй. Исламын Халифт үйлчлэх, зарагдах тийм л төрийн албан хаагчид тэдэнд хэрэгтэй байлаа.
МЭ11-13 зуунд болсон барууны Христэд итгэгчдийн хийсэн Загалмайтны аян дайн энэ бүх нөхцөл байдлыг өөрчилсөн юм. Үүнээс болж дорно дахины бүх итгэгчид, чуулганууд хавчлага дайралтад өртөж, гадуурхагдаж эхэлснээс гадна, Багдадын Халифыг устгасан Монголчууд сүүл үе рүүгээ Христэд итгэгчдийг мөн хавчиж эхэлжээ. Энэ бүхнээс болж 14-20 зууныг хүртэл дорнын чуулганууд гадагш сайн мэдээ тараахаа больж, хот тосгондоо бүгэн амьдрах болсон байна. Ингэж зүүний Чуулганууд Ислам шашинтай нийгэмд цөөнх болж Барууны чуулгануудаас тасарсан байна.
Азид байсан чуулганууд болон Византийн чуулганы төлөөлөгчид МЭ 451 оны Халкедоны хуралдайгаас хойш харилцаа тасарсан тул дорнын чуулганууд анхны 3 удаагийн Даяар Чуулганы хуралдайг хүчин төгөлдөр эрх мэдэлтэй гэж үздэг.
Олон зууны туршид энэхүү Халкедоны бус угшилтай чуулганууд улс төр болон газарзүйн байршил учир шалтгаанаас болж Европт байсан чуулгануудаас тустаа хөгжиж ирсэн төдийгүй бие биенээсээ ч хол хөндий байсан юм. Харин МЭ 6-р зуунаас хойш анх удаа Дорнын Ортодокс Чуулгануудын тэргүүнүүдийн уулзалтыг 1965 онд Аддис Абибад хийсэн. Тэр цагаас хойш тэд хоорондоо байнга холбоотой байж, үйл ажиллагаагаа уялдуулах болжээ. Өдгөө тэд “Халкедоны томъёоллыг баримтлагч” Зүүний Ортодокс чуулгануудтай уулзаж, Христологийн талаар харилцан санал бодлоо солилцож, Халкедоны шийдвэрийг эерэгээр хүлээн авч Дэлхийн Чуулгануудын Зөвлөлд гишүүнээр элссэн байна. Мөн Ойрхи Дорнодын Чуулгануудын Зөвлөлд идэвхтэй оролцдог билээ.
Армений Элчийн эрхэт Чуулган
Киликийн Католикосын алба
Армений Ортодокс чуулган гэгддэг энэ чуулган бусад энд өгүүлэх чуулгануудаас угсаатны, соёлын, түүхэн онцлог ялгаатай. Үүссэн цагаасаа хойш түүхийнхээ туршид Арменичууд гадагш дүрвэн нүүсээр ирсэн билээ. Гэхдээ МЭ 10-р зуунаас хойш энэ орныг Визант, Турк Селжук, Персүүд, Оттоманы Турк, Оросууд эзлэн түрэмгийлснээс болж үй олноороо гадагш дүрвэжээ. Мөн дараахь зуунуудад тэднийг улс үндэстнээр нь цөлөх явдал гарч байжээ. Харин 1915-1922 онд болсон шиг тийм их хэмжээний хүн ард нүүдэллэсэн нь байхгүй юм. Энэ үед Туркт 1,5 сая Арменичуудыг хүйс тэмтэрч, үлдсэнийг нь Сирийн цөл рүү хөөсөн байна.
Арменичууд дэлхий дээр газар сайгүй тархсан, Ойрхи Дорнодын орнууд, АНУ, Канад, Өмнөд Америк, баруун Европ, Австралид. Гадаадад цагаачлагсдын дунд 3 төв бий. 1. Киликийн католикосын алба, 1930 онд Ливаны Антелиаст байгуулагдсан. Захиргаанд байх дүүргүүдтэй, теологийн сургуультай, дэлхий даяар бусад чуулгануудтай холбоо харилцаатай. Харьд байгаа Арменичуудын хувьд энэ байгууллага бол бодит сүнслэг төв нь болдог, үндэстний соёл, нийгэм улс төрийн амьдралд том нөлөөлөх хүчин болдог. Ливан, Сири, Кипр, Кувейт, Арабын нэгдсэн Эмират, Иран, Грект болон Хойд Америкт салбаруудтай. 2. Константинополийн патриарх. 3. Иерусалимын патриарх. Энэ хоёр хоёулаа хуучин Зөвлөлт Армений Эчмиацины Католикост харъяалагддаг.
Ливанд буй Армений Элчийн эрхэт чуулган 150,000 гишүүдтэй, гишүүд нь Ливаны нийгмийн бүхий л салбарт идэвхтэй оролцоотой. Бикфаяад буй теологийн сургууль 1930 онд байгуулагдсан, энэхүү чуулганы үйлчлэгчдийг бэлтгэх, цаашид үргэлжлүүлэн сургах ажлыг эрхэлдэг.
Армений чуулган бол Сири улсад 3 дахь том урсгалд тооцогддог, 100,000 гишүүдтэй. Нэгдүгээрт Грек Ортодокс чуулган, хоёрдугаарт Грек Католик чуулган орно.
Энэ чуулган Иранд бол хамгийн том урсгал болно. 1605 онд Шах Аббас хэдэн зуун мянган Арменичуудыг эх нутгаас нь Иран руу цөлөхөд тэд тэнд чуулганаа аваад очсон билээ. Эдүгээ 3 дүүрэг, 170,000 гишүүнтэй. Мөн Армений Чуулган Кипрт 3,500 гишүүдтэй. Тэнд 11-р зуунаас хойш амьдарсаар байна. Кувейт, Эмиратад 12,000 гишүүнтэй. Европт маш олон арменичууд бий, Францад гэхэд л 350,000, АНУ Канадад 600,000 гишүүнтэй.
Эчмиацины Католикосын алба
Армени улсад байршдаг энэ католикосын төв тэндхийн Арменичуудын сүнслэг амьдралын төв болдог. Ойрхи Дорнод (Ирак, Египет), Франц, АНУ, Өмнөд Америк, Австралид амьдарч буй Арменичуудын дунд салбаруудтай.
Армений Чуулганд түүхэн нөхцлөөс үүдэлтэй хоёр тустаа Католикос томилогдсон байдаг. Нэг нь хуучин Зөвлөлт Армений Арменичуудыг харъяандаа багтаасан Эчмиацины Католикос, нөгөө нь Ливаны Антелиас дахь Киликийн Католикос. Иракийн Багдадын дүүрэг 15,000 гишүүнтэй, Египетийн дүүрэг 20,000 гишүүнтэй, Эчмиацины католикост харъяалагдана.
Константинополийн Армени патриархын алба
Туркийн Станбул хотод байрлах энэ төв Эчмиацины католикосын албанаас тустаа бие даасан байгууллага. Станбул хотод байх 80,000 итгэгчдийг хамарсан, 35 дүүрэгтэй. Оттоманы эрх баригчид 1461 онд энэ албыг байгуулсан бөгөөд тухайн үед улс оронд нь байсан бүх Арменичуудыг төлөөлөх хууль ёсны цорын ганц байгууллага гэж үзжээ.
Иерусалим дахь Армений патриархын алба
Энэ бол Палестинд байгаа Армений, Копт, Сирийн, Эфиопийн гэх Дорнын чуулгануудаас хамгийн том урсгал. МЭ 5-р зуунаас хойш Иерусалимд Армений чуулганууд оршсоор ирсэн билээ. Эндхийн патриархын алба Эчмиацины католикосоос хамааралтай. Киликийн Католик чуулгантай бас нөхөрсөг харилцаа холбоотой. Патриархын алба Сион уулыг бүхэлд нь эзэмшдэг. 1,500 гишүүнтэй. 1950-1973 оны хооронд гишүүдийн 90% нь гадаадад дүрвэн гарсан. Иордан улсын Амман дахь салбар чуулган 1,500 гишүүнтэй.
Копт Ортодокс Чуулган
Копт чуулган бол 6 сая гишүүнтэй, Ойрхи Дорнодын хамгийн том чуулган. Египет, Африк, Ойрхи Дорнод, Европ, АНУ-д 45 дүүрэгтэй. Эдгээрээс 40 нь Египет улсын дотор байна. Кувейт, Иордан, Иерусалим, Ливан, Иракт салбар чуулгантай. Иаффа, Назар хотуудад салбартай, эндхийг хариуцсан тэргүүн бишоп нь Иерусалимд суух агаад энэ алба 9-р зуунд байгуулагдсан. Харин бусад улсуудад байх чуулганууд нь шууд Египетэд буй патриархын албанд харъяалагддаг. АНУ Канадын дүүргийг 1960-аад онд байгуулсан. АНУ-д 24 чуулган, Канадад 3 чуулган үйл ажиллагаа явуулж байна. Гол төлөв Египетийн цагаачид энэ чуулгануудыг бүрдүүлдэг. Лондон, Парис, Вена, Женев, Франкфуртад 5 салбар чуулганууд бий.
Сирийн Ортодокс Чуулган
Сирийн Антиохын патриархаар удирдуулдаг (одоо Сирийн Дамаскт сууж буй), 160,000 гишүүдтэй. Энэ чуулган эрт цагт Христэч утга зохиол, теологийн судалгааны бүтээлүүдийг асар ихээр туурвин гаргасан, Христитгэлийг Византийн эзэнт улсаас Алс дорнод хүртэл дэлгэрүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ. Энэ чуулганаас төрсөн хамгийн алдартай бишоп бол Иаков Барадай (МЭ 500-578) бөгөөд тэрээр Сири, Египет, Персийн чуулгануудын жаяг ёс, сүнслэг үйлчлэлийг сэргээн хүчирхэгжүүлсэн хүн байлаа. Сирийн Ортодокс Чуулганыг түүний дагалдагчид хэмээн үзэж Иаковынхан гэдэг.
14-р зуунд Монголчуудын довтолгооны үед энэ чуулган их хэлмэгдсэн. 18-р зууны сүүлээр чуулганы нэг хэсэг нь Ромтой нийлж Сирийн Католик чуулган болж тасарснаар бүр суларсан. 1915-1920 онд Турк Курдуудын хавчлагад өртөж, 1970-аад онд бөөнөөр дүрвэн нүүхэд хүрсэн. Патриарх нь хэдэн зуун жилээр энд тэнд шилжин нүүсээр хамгийн сүүлд 1954 оноос Сирийн Дамаск хотод тогтоод байна.
Зүүний жаяг бүхий Сирийн Ортодокс Католик чуулган хэдэн зуун жилийн дараа 1964 онд дахин байгуулагдаад байна. 12 дүүрэгтэй. 1970-аад онд энэ чуулганд хагарал гарч нэг хэсэг нь Дамаскт буй Антиохын патриархыг дагаж, нөгөө хэсэг нь Малабарт тустаа Католикос томилсон.
Патриархын албанд харъяалагдах 12 дүүрэг, Сири улсад 4, Иракт 2, Туркт 2, Ливанд 2, Иорданд 1. Сирийн Ортодокс дүүргүүд Европын Швед, Голландад, АНУ ба Канадад байна. Бразил, Аргентинд салбар чуулгантай.
No comments:
Post a Comment