2011.05.11
1949 онд байгуулагдсан коммунист БНХАУ-ын ӨМӨЗО 24 сая хүн амтай. Үүнээс 4 сая гаруй нь Монгол үндэстэн гэгддэг. Сүүлийн 60 жилд Бээжингийн улс төрийн бодлогын үүднээс энд ирж суурьшсан хятад иргэдийн тоо эндхийн уугуул монголчуудаас хэд дахин давсан. Засаг захиргааны хуучин хуваарь болон түүхээс улбаалан ӨМӨЗО-ы монголчуудыг Зүүн Баруун орон гэж 2 хувааж ойлгодог. Зүүн орны монголчуудын дийлэнх нь Хорчин монголчууд. Хорчин монголчуудыг Чингис хааны дүү хавт Хасарын угсааныхан захирдаг байсан. Эдүгээ 2 сая гаруй хорчин монголчууд бий. Тэд өвөр монголын олон ястнуудаас хамгийн их хятаджсан. Хятад дахь Монголын ноёрхол унаж, монголчууд уугуул нутагтаа буцан ирэхэд, тэднээс зарим нь Хятадын Мин улсад дагаар орж, хойд хилийг нь монголчуудын довтолгооноос хамгаалан суусан. Хожим Манжууд хүчирхэгжих цагт хамгийн түрүүнд тэдэнд дагаар орсон. Мөн сүүлчийн хаан цахарын Лигдэнгийн эсрэг Манжийн талд байлдаж байсан. Баруун орны буюу Шилийн гол, Улаанхад аймгаас баруун зүгт буй монголчууд Дундад зууны үед өвөр Халх гэж нэрлэгдэж байсан. Биднийг ар Халх гэдэг. Тиймээс хэл аялгын хувьд ар Халхтай хамгийн ойр дөт. Мөн Чингисийн угсааны хаад ноёд удирдаж ирсэн. 1960-аад оныг хүртэл Монгол соёл, хэлээ сайтар хамгаалж ирсэн.
Шилийн гол аймагт нүүрсний уурхай олноор нэмэгдсэнтэй холбоотойгоор тэндхийн байгаль экологит хохирол учирч, малчдын бэлчээр сүйдэн цөлжиж, малчдыг уугуул нутгаас нь хүчээр нүүлгэн шилжүүлж байгаа аж. Энэ бүхэнтэй тэмцэхээр үзэмчин нутгийн хэсэг малчид нэгдэн ачааны машинуудад боолж хийж байгаад Мэргэн гэгч нэг монгол залууг Хань үндэстний жолооч нар санаатайгаар толгойн тус газраар нь дайрч хөнөөсөн явдал гарсан байна. Энэ явдал 2011 оны 5 сарын 11-нд болжээ. Хэрэг явдлыг орон нутгийн удирдлагад мэдэгдсэн боловч, тэд үл тоомсорлосон тул нутгийн малчид 5 сарын 23-нд Шилийн гол аймгийн төв Шилийн хотод жагсаал хийх гэтэл цагдаа цэргийн хүчээр тарааж, зарим иргэдийг баривчилсан байна. Дараа нь 26-нд Шилийн хотын монгол оюутан сурагчид тайван жагсаал хийсэн боловч мөн зарим хүмүүс баригджээ. Одоогоор монгол хэл дээрх вэбсайтуудыг хаасан. Өвөр монголчууд энэ бүх мэдээллийг хятадын хамгийн том сүлжээнүүд болох QQ болон UC мессенжэрээр тарааж байна. Энэ 5 сарын 30-нд Хөх хотод том хэмжээний эсэргүүцлийн жагсаал хийхээр төлөвлөж байгаа юм байна.
Эзэн Бурханы авралаар эх орондоо амар амгалан суугаа монголчууд бид элэг нэгт өвөр монголчуудынхаа төлөө залбирах хэрэгтэй байна:
- Энэ бүх хэрэг явдал Эзэний мутарт байж шударгаар шийдэгдэх болтугай.
- Амь үрэгдсэн хийгээд хохирогчдын ар гэрийнхний сэтгэл санааг Эзэн амирлуулах болтугай.
- Хятадын эрх баригчдын зүгээс энэ хэрэг явдалтай холбоотойгоор өвөр Монголчуудын эсрэг ямар нэгэн хүчирхийлэл явуулахгүй байх болтугай.
- Энэ бүх асуудал, үндэстэн хоорондын үл ойлголцол Эзэний Сүнсээр зөвөөр шийдэгдээсэй, өвөр монголчууд маань үнэн Бурханыг болон Түүний илгээсэн Христэд итгэж, авралд нь багтах болтугай.
No comments:
Post a Comment