Monday, January 09, 2012

Чуулганы удирдлага

Огноо: 15/03/2011

Чуулганы удирдлага, эрх мэдэл гэж юу вэ? Чуулган бол гишүүн бүр нь шууд Бурханыг сонсчихдог босоо харилцаатай, амьдралын болон шүтлэг бишрэлийн алив асуудлыг өөрийнхөө ойлгосон хэмжээнд тайлбарлачихдаг бүлэг хүмүүсийн нэгдэл юм уу?

Бидний сайн мэдэх “Элч нарын” гэж нэрлэгддэг итгэлийн тунхагт болон Никайн итгэлийн тунхагт заахдаа “Бид элч нарын үндэслэсэн нэг, ариун, даяар Чуулганд итгэдэг” гэсэн байна. Элч нарын үндэслэн байгуулсан гэдгийг чуулганууд өөр өөрөөр тайлбарладаг ч, Чуулганы эрх мэдлийг хэрхэн ойлгох хийгээд Бурханаас соёрхсон чуулган дахь эмх журам, бүтэц ямар байхаас шалтгаалан чуулганы удирдлагын эрх мэдлийн тухай ч ярих ёстой. Энэ удаа чуулганы удирдлагын бүтцийн талаар бидэнд ойлгомжтой, хамаатай гэсэн талаас нь цөөн хэдэн үг хэлье. Дэлхий даяарх Христийн чуулгануудын удирдлагыг ерөнхийд нь гурав хувааж болох бөгөөд үүнийг тус тусд нь үзье.

Чуулганы уламжлал

Эпископос загварын удирдлага
Протестант урсгалаас бусад бүх уламжлалт Чуулганууд (Ромын Католик, Үнэн алдартан, Ассирийн Зүүний Чуулган, Армен, Коптик, Эфиоп, Мара Томасын Сүм г.м) эпископ (Бишоп гэж ойлгож болно. Монгол хэлнээ харгалзагч хэмээн орчуулсан байгаа.) загварын удирдлагатай байдаг. Протестант урсгалд Англикан, Мефодист, Лютеран чиглэлийнхэн мөн ийм удирдлагатай.

Газар нутгийн болон уламжлалаасаа шалтгаалан тодорхой бүс нутгийг хариуцсан удирдагчийг бишоп гэх агаад нутгийн чуулганы пастор буюу удирдагч нь бишопын удирдлага доор байна. Зарим тохиолдолд бишопуудын дээр арай томруулсан тойрогт метрополитан юмуу кардинал байна. Тэд патриарх, пап, арчбишоп (Archbishop: тэргүүн бишоп буюу бусад бишопуудын ахлагч тэргүүн гэсэн үг.), католикос гэх мэт мяндагтай бишопуудын удирдлагад харъяалагддаг. Дээрх Чуулганууд удирдлагын энэ загварыг анхны Элч нарын үеэс тасралтгүй өвлөгдсөн алба гэж үздэг. Удирдлагын энэ хэв маягт шаталсан удирдлагын хэлбэр ноёлох агаад ихэнх тохиолдолд бишопуудаас бүрдэх Дээд Зөвлөл тухайн урсгалын дээд удирдлагыг сонгох томилох эрх эдэлдэг. Чуулганы итгэгчид, гишүүд удирдлагыг сонгох томилох эрх эдэлдэггүй.

Ахлагчдын эрх мэдэлтэй удирдлага

Пресбитерианизм буюу чуулган ахлагчдын эрх мэдэл доор байхыг хэлж байна. Шинэчлэгдсэн Чуулганууд, пресбитериан чуулганууд голчлон энэ засаглалыг хэрэгжүүлдэг.

Товчхон энгийнээр тайлбарлавал, холбооны засаглалтай адилхан. Нутгийн чуулганы түвшинд бол ахлагчдын зөвлөл дээд эрхээ барьдаг бол тухайн урсгалын хэмжээний дээд түвшиндээ зөвлөлөөр шийдвэр гаргадаг. Энэ тохиолдолд нутгийн чуулгануудын төлөөлөгчдийн хурал, хуралдаанаар асуудлаа шийдвэрлэнэ. Чуулганы гишүүд дундаасаа ахлагчдын зөвлөлийг сонгож болно, эсвэл ахлагчдын зөвлөл нь мэргэшсэн пасторуудаас болон чуулганы итгэл хүлээсэн шаардлага хангасан зөвлөх эрх бүхий гишүүдээс бүрдэж болдог.

Конгрегэйшнл загварын удирдлага

Гэтэл энэ чуулгануудын онолоор бол, орон нутгийн чуулган бүр өөртөө засан тохинох эрхтэй бөгөөд Чөлөөт сүмүүд, Брэдрэн, Мэннонайт, Баптистууд энэ чиглэлийн удирдлагыг библийн гэж үздэг. Чуулганы гишүүд нь удирдлагаа сонгуулиар гаргаж ирдэг, чуулганы дээд эрхийг бүх гишүүдийн хурал гартаа барьдаг.

Библийн баримтлал

Удирдлагын бүтцийн талаар чуулганууд өөр өөр үзэл бодолтой байдаг ч, Библид аль нэг бүтцийг нь онцгойлон чухалчлаагүй, харин Бурханы ба, хүн хоорондын удирдах удирдуулах зарчим, уялдаа харилцаа, хандлагын талаар чухалчилсан байдаг.

Монгол Чуулгануудын хувьд

Манай оронд чуулганы засаглал ба удирдлагын асуудал хамгийн ярвигтай, бас ойлгомжгүй явж ирлээ. Энэ нийтлэлийн эхэнд товч тайлбарласны дагуу асуудлыг харъя.

Монголд орж ирсэн бараг бүх илгээлтийн эзэд (Оросын үнэн алдартны сүм – Чуулган, Ромын католик Чуулганаас бусад) протестант, тэр дундаа эвангелийн чиглэлийнхэн байсан болохоор манай чуулганууд бие даасан нутгийн шинжтэй үүсэж хөгжиж ирсэн. Тэгэхдээ урсгал чиглэл үүсгэхгүй гэсэн хараатай байснаас болсон уу, ямартай ч бие даасан нутгийн чуулган бий болгоод л монгол пастор удирдагч томилоод орхиж байлаа. Энэ талаас нь үзэхээр нутгийн чуулганууд маань конгрегэйшнл (өөртөө засан тохинох эрхтэй) хэлбэртэй юм шиг ойлгогдож байгаа юм.

Сөрөг тал: Ардчилсан хэлбэртэй харагддаг ч, муудахаараа анарх байдал үүсгэдэг. Манай монгол хүний сэтгэлгээнд, улс төрийн амьдралыг харсан ч тэр, ажил хамт олны уур амьсгалыг харсан ч тэр, хувь хүний ухамсар, эрх үүргийн талаарх ойлголт багатай, хувь хувьсгалын асуудлаа ялгаж салгадаггүй, зарчимч бус гээд засаглалын энэ хэлбэрийг зөвөөр нь хэрэгжүүлэхээсээ завхруулах, талцах, ажил гацаах, ёс суртахуунгүй сөрөг сурталчилгаагаар олонхийг өөртөө татаж эрхэнд гарах гэх мэтээр асуудлууд олон тохиолддог.

Гэтэл нэг парадокс үзэгдэл байна. Бодит амьдрал дээр, ихэнх нутгийн чуулганы гишүүд пастор удирдлагаа сонгох, батламжлах, чуулганы эрх барих тал дээр ямар ч эрх мэдэлгүй, мэдээлэлгүй байдаг. Тэр байтугай, нутгийн чуулганы пасторууд маань ихэнх тохиолдолд сүм цуглааны талаарх асуудлаа бие даан шийддэг, чуулганы удирдлагыг өөртөө үнэмлэхүй хэмжээгээр төвлөрүүлэн барьсан байдаг. Энэ талаас нь үзэхээр нутгийн чуулганы удирдлага пастор гэж нэрлэдэг нэг хүнд төвлөрч, тэр хүн нь бараг л томилогдсон бишоп лугаа эрхтэй тул үүнийг эпископос загвартай адилтгаж болмоор санагдах юм.

Сөрөг тал: Хариуцлагын тогтолцоо маш муу байна. Чуулгануудын хийгээд пастор ахлагч удирдагчдын харилцан хамаарал ч байхгүй. Чуулган байгуулж байгаа илгээлтийн эзэд маань өөрсдийг нь илгээсэн гадаадын байгууллага чуулганыхаа өмнө л тайлагнаж, хариуцлага тооцохоос, энд нутгийн чуулганы өмнө ямар ч хариуцлага хүлээдэггүй, тайлагнадаггүй. Тэгэхээр дараа нь гарч ирсэн монгол пастор ахлагч нар бас хэн нэгний өмнө юмуу, чуулганы өмнө хариуцлага хүлээх тогтолцоо ч байхгүй, тийм ёсзүй ч бүрдэж бий болдоггүй зовлон бий. Нэмж хэлэхэд, чуулганууд тодорхой нэг бүтцэд ороогүй тохиолдолд нутгийн сүм хувийн компани, хувиараа эрхлэх аж ахуйгаас ялгарахгүй байна.

Үүрдийн гэгээ чуулганы онцлог, түүх

Үүрдийн гэгээ чуулган 1992 оны 11 сард Мөнхийн Гэрэл цуглаанаас тасарч тусдаа байгуулагдахад удирдаж байсан илгээлтийн эзэн нь Солонгосын пресбитериан байсан учраас анхнаасаа удирдлагын загвар нь ахлагч (пресбутерос) нарын эрх мэдэлтэй байх ёстой байсан. Тэгэхээр Үүрдийн гэгээ чуулганы хувьд, 2003 оны удирдлагын өөрчлөлт хийгдээгүй бол, пресбитериан урсгалын цуглаан болох ёстой байлаа. Удирдлага нь ахлагч нарын зөвлөлийн эрх мэдэлтэй байх байсан. 90-ээд оны дундуур монгол итгэгчдээс бүрдсэн нутгийн зөвлөлийн удирдлага бий болгох гэсэн оролдлого байсан ч амжилттай болоогүй.

Харин 2003 онд удирдлага солигдсон ч, зөвлөл чуулганыг удирдаж явах ёстой гэсэн зарчим хэвээр үлдсэн билээ. Тэр үед Үүрдийн гэгээ чуулганд болсон үйл явдал болон удирдлагын бүтцэд зарим нэг тайлбар хийх ёстой гэж миний бие боддог. Үүрдийн гэгээ чуулганы тухайн үеийн удирдлагад байсан тэргүүн ахлагч болон бусад ахлагч нар чуулганы уламжилж ирсэн удирдлагын хэв маягийг хүндэтгэн үзэж авч үлдсэнээс гадна, монгол хүний хувьд удирдлагын аль загвар нь хамгийн нийцтэй болохыг ч бодолцож үзсэн байлаа.

Тэгэхэд Үүрдийн гэгээ чуулган нь ахмадын цуглаан буюу 1-р цуглаан, залуучуудын цуглаан, 3-р цуглаан, бас өсвөрийн, хүүхдийн цуглаанаас бүрдсэн байсан. Анхны зөвлөл 9 хүний бүрэлдэхүүнтэй, үүндээ чуулганы тэргүүлэх ахлагч нар, мөн цуглаануудын ахлагч нараас гадна, чуулганы итгэгчдийн итгэл хүлээсэн хүмүүсийн төлөөлөлтэй байгуулагдсан. Пастор нь Зөвлөлийн хүрээнд хамтран ажиллаж, тайлагнах, хариуцлага хүлээх тийм л тогтолцоотой байлаа. Нэг ёсондоо, эрхийг бүх итгэгчдэд нялзаан хавтгайруулахгүй, бас хаана ч хариуцлага тооцож болдоггүй нэг хүний гарт чуулганы бүх эрхийг төвлөрүүлэхгүй байх ёстой байлаа. Цаад санаа нь, ганц хүний ноёрхлыг дахин гаргахгүй байх, нэг хүний үзэмжээр алив асуудал шийдэгддэг байхыг халах, Христийн бие болсон нутгийн чуулганаас дээгүүр эрх мэдэлтэй хувь хүн гэж цаашид байх ёсгүй гэсэн үзэл баримтлалыг хатуу мөрдлөг болгож, дээр өгүүлсэн нутгийн чуулгануудад нийтлэг байгаа удирдлагын зөрчилтэй байдлаас зайлсхийх гэсэн эрмэлзэл байсан.

Үүрдийн Гэгээ чуулганыг Зөвлөлийн багаар удирдаж байх шийдвэр бол зүгээр нэг ухамсаргүйгээр хийгдсэн сонголт байгаагүй, харин ч дээр өгүүлсэн дэлхий дахины чуулганы засаглалын хэлбэрүүдээс тухайн үеийн нөхцөл байдал, монгол хүний сэтгэлгээнд ойр удирдлагын загвар, гарч болох алдаа уршгаас хамгийн бага эрсдэлтэй хэмээн тооцож сонгосон ухамсартай сонголт байсан юм. Харин хожим 2006 онд шинэчилсэн Үүрдийн гэгээ сүмийн дүрэмд “чуулганы дээд эрхийг бүх гишүүдийн хурал барина” хэмээн 2-р бүлгийн 10.1-д заалт оруулсан байсан нь 2003 онд гаргасан шийдвэрээс ухарсан алхам, чуулганы удирдлагын онол аргазүй, хүмүүсийн сэтгэлгээний онцлогийг сайтар бодолцоогүй заалт болжээ. Үр дагавар нь, чуулганы амьдралын нарийн ширийнийг, зовлон жаргалыг мэдэхгүй, чуулганы удирдлагын талаар библийн үндэслэл бүхий мэдлэггүй, чуулганы удирдлагын түвшинд үйлчилсэн туршлагагүй, чуулганы засаглалын түүхийг судалж үзээгүй хүмүүс нийгмийн үнэлэмж, хувийн үзэмж, сэтгэгдлээрээ чуулганы удирдлагын асуудалд хандах сөрөг үзэгдэл их гардаг. Ингээд 2008 онд чуулганы дүрэмд дахин засвар хийж, Үүрдийн гэгээ чуулганы дээд эрхийг сүмийн зөвлөл барихаар болгон өөрчилсөн билээ.

Эцэст нь, тэргүүн пастор миний бие удирдлагын энэ загварыг дэмжиж энэ хүрээнд ажиллах болно гэдгээ хэлэх байна. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр энэ шийдлийн үр дагавар нь зөв буруу аль байсан нь харагдах бизээ. Ертөнцөд Бурханаас өөр хэн ч алдаанаас ангид байж чадахгүй нь үнэн тул бид өөрсдийгөө Эзэний өршөөл нигүүлсэлд даатган өргөж, алдаа эндлээсээ сургамж аван, Түүгээр чиглүүлэгдэж, залруулагдсаар тэр нэгэн өдөр гэж нэрлэгдэх цагийг хүртэл алхах урт замын энэхэн эгшинд явахдаа шийдсэн шийдэл маань энэ байсан хэмээн өргөх байна.

“Үүрдийн Гэгээ” чуулганы тэргүүн пастор: Хатгин. П. Энх-Амгалан

Улаанбаатар хот. Манай Эзэний 2008 оны 7-р сарын 25.

No comments: