Monday, January 09, 2012

Нэг хот, нэг бишоп, нэг чуулган - Ортодокс Чуулган Америкт

(орчуулагчийн зүгээс: Нийтлэлийн өмнөх хэсэгт энэ онолын түүхийг өгүүлсэн. Харин энэ зарчим АНУ-д болон цагаачлалтай хамтаар хэрхэн алдагдсан тухай энд өгүүлэх болно. Практик бэрхшээл, ашиг сонирхлын зөрчил, чуулганы удирдлага нийтлэг асуудал гэх мэт.
Америк дахь Ортодоксууд анхнаасаа нэг чуулганы зохион байгуулалтад орж болох байсан ч, өөр өөр үндэстнүүд, хэл соёлын ялгаанаас болж энэ зарчим хэрэгжээгүй өдий хүрчээ. Харин Монгол нэг үндэстэн, нэг хэл соёлтой боловч гадаадаас орж ирэх Библийн багш нар өөр өөр улс үндэстэн, Библийн өөр өөр онол, чуулганы уламжлалтай байдгаас болоод нэг үндэстэн, нэг хэл соёлтой газарт бас зэрэгцээ удирдлагын хэв маяг үүсчихээд байна. Энэ талаар бодолцох л хэрэгтэй гэж санана.)

Канончилсан нутаг дэвсгэрийн зарчмыг 20-р зууны эхэн хүртэл орон нутгийн Ортодокс Чуулгануудын дунд маш хатуу баримтлан дагасаар ирсэн билээ. Энэ зарчим ёсоор тухайн Чуулганы хил хязгаар нь улс үндэстнийхээ хил хязгаараар тогтоогдож байх ёстой. Тиймээс 19-р зуунд Константинополийн Патриархийн захиргаа Оттоманы Турк улсын хил хязгаар дотор, Оросын Ортодокс Чуулганых Оросын эзэнт гүрний хилээр тогтоогдож байлаа.

Гэхдээ Ортодокс Чуулганууд канончлагдсан нутаг дэвсгэрээсээ гадагш үйл ажиллагаа ерөөсөө явуулдаггүй байсан гэж бодвол эндүүрэл болно. Нэлээд олон Ортодокс чуулганууд өөр улс үндэстнүүд рүү чиглэсэн илгээлтийг хийсээр ирсэн. Жишээ нь, Оросын чуулганы миссионерууд 18-19 зуунд Америк, Япон, Хятадад Ортодокс канончилсан бүтцийг бий болгосон. Ингэж ажиллахдаа тэнд нутгийн Үндэсний Ортодокс чуулган байхгүй тохиолдолд үйл ажиллагаа явуулж байсан юм. Дээрх орнуудыг Оросын Ортодокс Чуулганы “илгээлтийн нутаг дэвсгэр” гэж үзэж байлаа.

1910-аад онд Европын хэд хэдэн оронд гарсан хувьсгал, Дэлхийн 1-р дайн, их гүрнүүдийн задрал геополитикт гарсан том өөрчлөлт шилжилтүүд нь дэлхийн Ортодокс ертөнцөд хүчтэй нөлөөлсөн. Нэгдүгээрт, 20-р зууны эхний хагаст хэд хэдэн Ортодокс Чуулганууд алдагдсан байсан автокэфал буюу автономи эрхээ сэргээсэн, мөн шинээр олж авсан. Хоёрдугаарт, үй олноороо шилжин нүүдэллэх хөдөлгөөнөөс болж нэг Үндэсний чуулганы итгэгчид өөр үндэсний чуулганы нутаг дэвсгэрт амьдрах болсон. Гуравдугаарт, 1920-оод онд Оттоманы эзэнт улс задран унасантай холбоотойгоор Константинополийн Патриархын алба урьд нь энэ улс буюу канончлагдсан нутаг дэвсгэрт багтаж байсан бүх итгэгчдээ алдсан. Тэгээд Константинополийн патриарх “диаспора” буюу эх орноосоо гадуур тархсан Ортодокс бүх итгэгчдэд пасторын халамж үзүүлэх үүрэгтэй хэмээн өөрийгөө зарлаад, Европ Америк даяар шинээр метрополит, бишопуудыг томилж эхэлсэн. Үүнээс болж Ортодокс итгэгчид цөөнх болж буй улс орнуудад давхар зэрэгцээ Ортодокс захиргаа бий болж эхэлсэн.

Үүний жишээ болгож би Америк тивд 20-р зуунд өрнөсөн явдлыг өгүүлье. (Леонид Кишковскийн “Америк дахь Ортодокс үзэл санаа: Диаспора юу, Чуулган уу?” гэсэн нийтлэлийг үзээрэй.) Ортодокс итгэл үнэмшлийг Америк тивд Оросын миссионерууд Аляскаар дамжуулан анх авчирсан. Оросын Ортодокс Чуулганы Ариун Синод 1840 онд Америк дахь анхны бишопийг томилсон байдаг. Гэхдээ үүнийг хариуцаж байсан бишоп Иннокент (Венияминов) Новоархангельскт суудаг байсан. Аляскийг АНУ-д худалдсанаас хойш 5 жилийн дараа буюу 1872 онд Оросын бишопын алба Сан-Францискод шилжин байрласан. 1898-1907 онд сүүлд бүх Оросын патриарх болсон Тихон энд бишопоор үйлчилж байлаа. Тэр үед бишопын ажлын албыг Нью Йоркт шилжүүлсэн байна. Тихон 1907 онд бүх Америкийн Ортодокс Зөвлөлийг байгуулж, чуулганаа “Умард Америкийн Оросын Ортодокс Грек Католик Чуулган” гэж нэрлэжээ. Ингэж ирээдүйн автокэфал эрх бүхий Америкийн Ортодокс Чуулган эхэлсэн.

Тихоныг Америкт үйлчилж байх үед Антиохын уламжлалт итгэгчид Шинэ ертөнцөд маш олон тоогоор цагаачлан ирсэн. Тэдгээр цагаачдын төлөө Брүклиний Сири гаралтай Рафаелийг 1903 онд Тихоны хүсэлтээр бишопоор томилсон байна. Ийнхүү анх удаа нэг үндэстний Чуулганд өөр үндэстэн ястны хүнийг томилж, хамт үйлчилж, нутаг дэвсгэрийн харъяалалаар бус, харин тодорхой нэг үндэстэн угсаатанд зориулж шинэ чуулганы албыг бий болгосон билээ. Ийм загвар эртний Чуулганы уламжлалт зохион байгуулалт бүтэцтэй тохирохгүй байсан ч, Европ Америк руу үй олноороо цагаачилснаас үүдсэн шинэ нөхцөл байдалтай уялдаж байлаа. Хэрвээ Тихоны тухайн үед төлөвлөж байснаар үйл явдал үргэлжилсэн бол Америкийн үндэсний Ортодокс Чуулган 1920-иод онд байгуулагдаж, нэг метрополитоор удирдуулан, өөр өөрийнхөө үндэстэн ястнуудад, Оросуудад, Украйнуудад, Грекчүүдэд, Антиохчуудад, Румынчуудад гэх мэтээр үйлчлэх бишопоор тухайн үндэстний хүн гарч ирэх ёстой байлаа.

Гэтэл Оттоманы гүрэн задарснаас болж үй олон Грекчүүд Европ, Америк, Австрали руу 1920-оод онд цагаачлан, тэднийг дагаад Константинополийн патриарх дээрх газруудад метрополитуудыг томилж эхэллээ. Ингэхдээ Ортодоксийн уламжлалт чуулгануудтай улс орнуудаас бусад бүх баруун Европ, Хойд Өмнөд Америк, Австрали Номхон далайн орнуудыг хамруулан “диаспора” гэж томъёолоод эдгээр газруудад очсон бүх Ортодокс шүтлэгтнүүдийг өөрийнхөө харъяанд байх ёстой гэж зарлажээ. Харин АНУ-д аль хэдийнээ Орос бишопоор толгойлуулсан Ортодокс чуулган үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Ийнхүү Константинополийн патриарх Америкийн Ортодокс чуулганд хуваагдлыг бий болгов, энэ нь цааш үргэлжлэн Антиохын патриарх, Румыний Чуулган, Сербийн патриарх цөмөөрөө өөр өөрийн гэсэн чуулгануудыг АНУ-д байгуулж эхэлжээ.

Тихон Америкт нэгдмэл нэг л Ортодокс чуулган байгаасай гэж мөрөөдөж харж байсан ёсоор 1970 онд Оросын Ортодокс Чуулган Америкийн Ортодокс Чуулганд автокэфал буюу өөртөө засан тохинох эрхийг олгосон билээ. Америкт үйл ажиллагаа явуулж байсан бусад Ортодокс чуулганууд үүнийг дагаж, аль нэг үндэстний Ортодокс Чуулганаас хамааралгүйгээр “АНУ-ын Ортодокс Чуулган” гэсэн нэгэн дээвэр дор хамтдаа зохион байгуулагдаасай гэж найдаж байсан боловч, харамсалтай нь ийм зүйл болсонгүй. Одоо ч гэсэн Америкт Константинополийн, Антиохын болон бусад үндэстний Ортодокс чуулганы метропол, бишоп, нутаг дэвсгэрийн зэрэгцээ бүтцүүд оршсоор байна.

1920-иод оны хувьсгал зэвсэгт тэмцлүүдээс болж баруун Европт ч нөхцөл байдал мөн адил болсон. Үй олон Оросын Ортодокс шүтлэгтэй дүрвэгсэд Франц, Герман болон баруун Европын бусад орнууд өөр тивүүдэд дүрвэн очиж тэндээ Орос чуулганаа бий болгосон бол, Константинополь, Антиохын патриархууд мөн адил тэнд зохион байгуулалт хийж эхэлсэн. Дэлхийн 2-р дайны дараа Серб, Румын, Болгарын дүрвэгсэд улам нэмэгдэж, тэндхийн чуулганууд зэрэгцэн оршиж эхэлсэн, сүүлийн хэдэн жилд Гүржийн Ортодокс Чуулганы салбарууд Европт үзэгдэж эхэллээ. Ингэсээр эцэст нь нэг хотод гэхэд өөр өөр үндэстний Ортодокс чуулгануудын салбар, өөр өөр Ортодокс бишопууд зэрэгцэн орших болжээ.

Баруун Европ, Америк дахь Оросын диаспорагийн нөхцөл бүр ч ярвигтай, яагаад гэвэл тэндхийн Оросууд цөмөөрөө нэг Чуулганд харъяалагддаггүй. Москвагийн патриархын мэдлээс гадуур “Орос улсаас гадуурх Оросын Ортодокс Чуулган” гэсэн байгууллага 1920-иод оноос хойш үйл ажиллагаа явуулсаар байгаа. Энэ байгууллага улс төрийн шалтгаанаас болж эх чуулганаасаа тусгаарлагдсан бөгөөд аль ч үндэстний албан ёсны Ортодокс чуулгантай албан ёсны харилцаа байхгүй. 1930-аад онд байгуулагдсан бас нэг өөр Орос Чуулган баруун Европод үйл ажиллагаа явуулдаг ч Оросын Ортодокс Чуулгантай хамааралгүй, харин Константинополийн патриархийн мэдэлд байдаг. Москвагийн патриарх дэлхий даяар тархсан Оросын чуулгануудыг нэгэн дээвэр доор оруулах гэж өдгөөг хүртэл зүтгэсээр байна. Москвагийн патриархын алба “Орос улсаас гадуурх Оросын Ортодокс Чуулган” гэх байгууллагын хооронд харилцан хүлээн зөвшөөрөх талаар яриа хэлцэл хийгдсээр байна.

Хатгин П. Энх-Амгалан
2011 оны 04 сарын 14

No comments: