Удахгүй 12-р сарын 25-нд бидний нэрлэж заншсанаар Христмас баяр болох гэж байна. Христмас гэдэг үг нь Христ буюу “тослуулан томилогдсон нэгэн”, масс буюу “олон нийт, цуглаан” гэсэн үгийн хоршил юм. Нийлэхээрээ Христийн олон түмэн гэсэн утга л даа. Бидний мэддэгээр, гадуур энэ баярыг ногоон гацуур, чимэглэл, өнгө өнгийн гэрэл, Санта Клаус, бэлэг солилцох гэх мэтээр нь ойлгодог. Цуглаан дээр Христмас кароль буюу Христ мэндэлсэн баярын дуунууд дуулна, тэвшинд байгаа Есүсийн тухай драм тоглоно. Ерөнхийдөө л Аврагч Есүс мэндэлсэн өдрийг тэмдэглэдэг гэж ойлгодог. За тэгвэл, чухамдаа юу болсон тухай би хүүрнэе.
Библийн түүх
Библид Есүсийн төрсөн өдрийг бичиж үлдээсэнгүй. Харин төрөх газрыг нь заасан байлаа. Хуучин гэрээнд Мика 5:2 “Харин чиний хувьд, Бетлехем Ефрата, хэдийгээр чи Иудагийн бүлүүдийн дунд өчүүхэн авч, Миний төлөө Израилийг захирах нэгэн нь чамаас гарах болно. Түүний гарч ирэх нь эртнээс, мөнхийн өдрүүдээс байсан юм.” Энэ бол Христийг мэндлэхээс 750 жилийн өмнө бичигдсэн үгс. Энэ бүх түүх одоогоос 2000 гаруй жилийн тэртээ одоогийн Палестины Бэтлэхэм хотод биелэлээ олсон билээ. Есүсийн эх Мариаг амаржих үе дөхөхөд тухайн үеийн Ромын эзэнт гүрний Цезарь Августын зарлиг гарч хүн амын тооллого явагдаж байсан тул сүйт хархүү Иосеф Мариаг авч Бэтлэхэмд очсон байдаг. Мариас мэндлэх хүүхэд нь жирийн нэг хүүхэд биш, ер бусын төрөлт байсан тухай Библийн шинэ гэрээний Матай 1:18-25, Лук 2-р бүлэгт өгүүлжээ. Библийн Хуучин гэрээнд Бурхан газар дэлхий дээр залран ирэх тухай өгүүлсэн зөгнөлүүд олон байсан. Христийг мэндлэхээс 700 гаруй жилийн өмнө (МЭӨ 650-700) Исаиа эш үзүүлэгч Исаиа номын 7:14, 9:6, 11:1, 53:2-т Христийн төрөлт, амьдрал, үхлийг зөгнөсөн байлаа. Энэ зөгнөл 700 жилийн хойно биелэгдсэн тухай Матай сайн мэдээнийхээ номд батлан өгүүлсэн нь Матай 1:20, 25-д бий. Тэгэхээр шууд утгаар нь, энэ бол Христийн мэндэлсэн өдөр гэхээсээ илүүгээр мөнх оршигч Бурханы гурван бодгалийн нэг буюу Хүү-Бурхан хүмүүн дүрийг олж залран ирсэн түүхийг тэмдэглэдэг баяр гэж ойлговол зохино. Энэ тухай Иоханы Сайн мэдээний 1:1, 1:14-т ийн бичиж үлдээжээ. “Эхэнд Үг байсан. Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан.” “(тэр) Үг нь махан бие болж бидний дунд оршин, бид Түүний алдрыг харцгаасан. Энэ нь Эцэгийн цорын ганц Хүүгийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байсан юм.” Христ бол Хүн-Бурхан, 100% хүн, 100% Бурхан байлаа. Есүс бол бүх ертөнц бүтээгдэхээс өмнө оршин байсан төдийгүй, бидний авралын төлөө Өөрийн амийг золиослохоор бууж ирсэн, нас бараад дахин амилаад тэнгэрт одсон Бурхан юм.
Чуулганы түүхэнд
Энэ баярыг чуулган анхандаа тэмдэглэдэггүй байлаа. Тэр ч бүү хэл, зарим нэг чуулганы тэргүүнүүд итгэгч хүн төрсөн өдөр тэмдэглэх ёсгүй гэж хориглож байсан тохиолдол ч бий.
Баруун Европоос гаралтай болон Америкийн Христэд итгэгчид энэ баярыг 12-р сарын 25-нд тэмдэглэдэг бол Зүүн Европынхон Христийн мэндэлсэн баярыг 1-р сарын 6-нд тэмдэглэнэ. Армений Чуулган 1-р сарын 7-нд тэмдэглэдэг. Энэ нь хуучин Июлийн календарь, одоогийн бидний хэрэглэж байгаа Григорийн календараас 13 хоногоор хоцорч тоолдог заншлаас болж байгаа хэрэг. Өдөр: 12-р сарын 25 гэдэг өдрийн тухайд, энэ бол Европын орнуудад байсан хуучин шашины баяраас үүдэлтэй бөгөөд Христийн итгэл бишрэлтэй огт холбоогүй. Ромын эзэнт гүрэн Христийн итгэлийг албан ёсоор хүлээн зөвшөөрөхөөс өмнө европчууд бөө мөргөлтэй, олон бурхад шүтдэг байсан байна. Тэр олон шашин шүтлэгүүдийн нэг нь Нарыг шүтэн бишрэх явдал юм. Бөмбөрцгийн хойд хагаст нар буцсаар 12-р сарын 22-нд хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө болдог. Байгалийн энэ үзэгдлийг тэд нар – гэрэл гэгээ харанхуйд дийлдэж үхэж байна гэж үздэг байж, тэгснээ 22-ноос хойш өдөр уртсахын хэрээр Гэрэл гэгээ дахин төрж, харанхуйг дийллээ гэж үзээд жилийн энэ үед Нар дахин төрснийг баярлан тэмдэглэдэг уламжлалтай болж л дээ. Энэ сэтгэлгээ аяндаа Христийн чуулгануудад үлдэж, пасторууд нь итгэгчиддээ “Жинхэнэ гэрэл гэгээ – Нар бол Христ юм. Нар ялагдашгүйн адилаар Христ ч ялагдашгүй, энэ харанхуй хорвоод төрсөн гэрэл гэгээ” гэж заадаг болжээ. Цаг хугацаа өнгөрсөөр, МЭ 3-р зуун гэхэд Европ дахь Христийн чуулганууд 12-р сарын 25-ны хуучин шашины баярыг Христийн мэндэлсэн өдөр хэмээн тэмдэглэх заншил тогтсон байлаа. Энэ түүхийн баримт бол эдүгээ хүн бүхэнд илэрхий билээ. Тийм ч учраас 16-р зуунд Протестантууд гарч ирэхдээ энэ баярыг тэмдэглэн өнгөрүүлэхийг эсэргүүцэж байж. Одоо ч гэсэн зарим чуулганууд энэ баярыг тэмдэглэдэггүй. Дийлэнх чуулгануудын хувьд, Есүс Христ 25-нд төрсөн эсэх нь чухал биш, харин Бурхан бидний төлөө мэндэлсэн явдал нь түүхэн ач холбогдолтой гэж үздэг учраас энэ үеэр хамтдаа баярлаж, авралын зар тараах, энэ баярын жинхэнэ утга учрыг дахин зааж ойлгуулах зэргээр үйл ажиллагаа явуулдаг. Чуулган 1-р сарын 6-нд Эпифани баяр (Грекээр: үзэгдэх, үзүүлэх)-ыг тэмдэглэдэг бөгөөд энэ баяраар 3 мэргэн хүн (зурхайчид) нялх Есүсийг эргэж ирсэн явдлыг тэмдэглэдэг. Эпифани баярын гол ач холбогдлыг Аврагч Есүс еврей бус, харь үндэстний хүмүүст анх удаа Өөрийгөө үзүүлсэн явдал гэж тайлбарладаг. Хуучин гэрээний үед Эзэн Бурхан зөвхөн Израйль үндэстэнд аврал хамгаалалт болж байсан бол, Эзэн Есүс ирснээр Харь үндэстнүүд ч Бурханы авралыг хүртэх болсон юм. Тиймээс чуулганы уламжлалд Эпифани баярт тодорхой хэмжээний мөргөлийн ач холбогдол өгч байсан байна.
Христмас баярын өнгөний билэгдэл гэж бас байна. Ногоон өнгөөр өнө мөнхийг, цагаан өнгөөр өвлийн улирал, хиргүй цагааныг, улаан өнгөөр сэтгэл зүрх, хайрыг билэгддэг.
Гацуур: Энэ талаар мөн олон судалгаа байна. Гацуур модыг жилийн дөрвөн улиралд ногоон байдаг учраас мөнх чанарыг билэгддэг гэж үзэх явдал эртний Египет, Ром, Англи олон оронд байсан төдийгүй, Монголд ч мөнхийн рашааныг гацуур модон дээр цацсан гэх домог бий. Гацуур мод чимэглэх нь эртний шашины зан үйл, гацуурын доор бэлэг тавих нь эртний Вавилоны домогтой шууд холбоотой. Энэ мод Христмас баяртай холбогдох болсон тухайд зарим нь үүнийг эртний Германы бөө мөргөлийн модтой холбож үздэг бол, нөгөө нэг хэсэг нь Хоёр мөрний сав газрын соёлоос гаралтай гэж тайлбарладаг. Харин чуулган үүнийг юу гэж тайлбарладаг болсон бэ? Хуучин шашины баяр, зан үйлийг уламжилж авсан боловч, утга санааг нь шинэчлэн Бурхан бидний төлөө Хүүгээ бэлэглэсэн шиг, бид ч бас бие биедээ чин сэтгэлээсээ хайрын бэлэг өгдөг гэж тайлбарлаж байна. Христ бас мөнхийн Бурхан учраас гацуур модны ногоон өнгө энэхүү мөнх чанарыг билэгддэг гэж тайлбарлаж байна.
Санта Клаус: Энэ бол Библид байхгүй дүр. Хэзээ хойно, МЭ 4-р зууны үеийн Грекийн гэгээн Николас гэдэг бишоп томоотой сайн хүүхдүүдэд бэлэг тараадаг, хүмүүст өглөг тусламж их өгдгөөрөө алдаршсан хүн байснаас уламжилсан хэрэг. Нэршлийн хувьд, Санта гэдэг үг нь Сэйнт буюу ариун гэгээн гэсэн утгатай, СантаНиколас гэсэн нийлмэлээс Николас гэсэн нэр нь сунжирсаар Клаус болж таарчээ.
Соёл
Манай монголчуудын тэмдэглэж заншсан Шинэ жилийн баярын олон элементүүд Христмас баяраас үүдэлтэй тул ногоон мод-ёолк, өвлийн өвгөн, чимэглэл, хүүхдүүдэд бэлэг бэлдэх, дуу хуур гэрэл гэгээтэй бид аль хэдийнээ ижил дасал болчихсон. Барууны уламжлалт соёл бүхий орнуудад Христмас баярыг Шинэ жилээс илүү өргөн тэмдэглэж байсан нь тэдний шүтлэг бишрэлтэй холбоотой. Харин хуучин Зөвлөлтүүд Христэд итгэх итгэлийг нухчин дарахын тулд, нийгмийн амьдралаас бүрмөсөн таслахын тулд Христийн мэндэлсэн баяртай холбоотой олон зүйлийг Шинэ жилийн баяр болгон өөрчилж, Өвлийн өвгөн, цасан охин гэх мэт дүрүүдийг бүтээж амьтад дагуулдаг болгосон бол, монголчууд үүнийг нь бүүр дорнын зурхайд байдаг 12 амьтан хүртэл оруулсан байна. Иймэрхүү маягаар Христмас баярыг тэмдэглэдэг байсан уламжлал газар газрын соёл заншил, цаг цагийн аясаар өөрчлөгдсөөр өнөөгийн Монгол оронд Шинэ жил гэсэн сүрлэг сайхан Гацууртай баяр болсон ажгуу. Энэ баяр бол баруунд санхүүгийн асар их үрэгдэл гаргадаг баяр билээ. Манайхан Цагаан сарыг яаж тэмдэглэдэг билээ, яг л түүн шиг юм болдог. Хэдэн тэрбум долларын худалдан авалт, хоол унд энэ хугацаанд зарцуулагддаг. Манайхан энэ баяраар Америкчууд, Германчууд ингэж тэмдэглэдэг гэнэ, тэгэж тэмдэглэх ёстой юм байна гэх мэтээр дуурайж, “хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөнө” гээчэрхүү юм болох гээд байдаг зуршил бий. Тиймийн тул үүнийг бичив.
Зул сарын баяр: Манайхан энэ баярыг урьд нь Зул сарын баяр гэж нэрлэдэг байсан. Энэ баяраар Католик, Үнэн алдартны сүмүүд лаа асаадаг уламжлалтай учраас ийн нэрийдсэн байж ч болно. Харин “Зулын 25” гэж нэрлэгддэг Буддын шашины баяр Монголд байдаг. Зонховын мэндэлсэн болон таалал төгссөн гэх энэ өдөр зул асаах шашины зан үйл хийгддэг. Зарим хүн үүнийг хооронд нь хольж хутгаж самуурах тохиолдол ч бий. Миний танил нэг хүн надад “Танай зул сарын баярыг 12-р сарын 25-нд хийдэг, манай шашины Зулын 25 бол бас хуучин тооллоороо зул асаах өдөр, манай танайханд адил төстэй зүйл байна” гэж ярьж билээ. Энд хэлэхэд, Буддын шашины Зулын 25 ба Христийн мэндэлсэн баярын хооронд ямар ч уялдаа холбоо байхгүй бөгөөд энэ төөрөгдөл Христийн мэндэлсэн буюу Христмас баярыг Зул сарын баяр гэж буруу орчуулан ТВ, хэвлэл мэдээллээр ярьдгаас үүдэж байна.
Үүрдийн гэгээ чуулганд
Манай “Үүрдийн гэгээ” чуулганы хувьд, Христмас баяр бол
1. Бидний итгэдэг мөнхийн, төгс хүчит Бурхан хүмүүн дүрийг олж бидний дунд амьдарч, бидний гэм нүглийн төлөөс болохоор газар дэлхий дээр залран ирснийг дурсан санадаг баяр гэж үзэх хэрэгтэй.
2. Христмас баяраар олон монгол ах дүү нар маань аврагч Христийг таньж мэдээсэй хэмээн залбирч, тэднийг Эзэний сүм чуулганд урих үе гэдгийг бүү мартаарай.
3. Энэ баярыг Эзэний өмнө гэр бүлээрээ, үр хүүхдүүдтэйгээ, хамт олноороо, сүм чуулганаараа хамт тэмдэглэж, Библиэс тэрхүү мэндэлсэн түүхийг хамт уншиж, Эзэнд талархан залбирч, хөгжиж баярлаарай.
4. Энэ их баярыг тэмдэглэхдээ Европ, Америк газрын хуучин зан заншил, бөө мөргөлийн шүтлэгээс үүдэлтэй олон зүйлсийг, тухайлбал ногоон мод, Санта Клаус, цацагт хяруулын мах, баярын ширээний чимэглэл, лаа барих, Кристмасын печень, хонх, чихэр өгөх зан үйлийг заавал итгэгч хүний хийх ёстой зүйл гэж битгий үзээсэй хэмээн захих байна. Энэ баярыг яаж ч өөрийн орны нөхцөл байдал, амьдралд тохируулж тэмдэглэж болно. Манайхны зарим нь гадаадын соёл заншлыг мухар сохроор бишрэн дагах дуртай байдаг тул, чуулганы пасторын хувьд, энэ баярын утга учир хийгээд энэ олон зүйлээс аль нь Библид байна, аль нь бичигдээгүй зүйл вэ гэдэг талаар тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй гэж үзсэн болно.
5. Манай монголчууд Шинэ жилийн баярт илүү их ач холбогдол өгч тэмдэглэж, хуучин оноо үдэж, шинэ оноо угтдаг ийм соёлтой тул манай чуулганы хувьд, энэ ч уламжлалыг хадгалан шинэ утга учраар баяжуулж, бас Эзэн Есүсийн мэндэлсэн баярыг хамтатган тэмдэглэж байгаа гэдгийг мэдүүлэх байна.
“Үүрдийн Гэгээ” чуулганы ахлах пастор: Хатгин. П. Энх-Амгалан
Улаанбаатар хот. Манай Эзэний 2008 оны 12-р сарын 19.
1 comment:
Олон шинэ содон мэдээлэл авлаа. Баярлалаа
Post a Comment