/Үүрдийн гэгээ чуулганы итгэгчдэд зориулан 2010 он 4 сард бичсэн нийтлэл/
“Ахлах пасторын ӨЧИЛ” хэмээх энэхүү бодрол-нийтлэлийг чуулганыхаа итгэгчдэд зориулан гаргаж эхлээд чамгүй хугацаа өнгөрлөө. Зөвхөн манай чуулган төдийгүй зарим пасторуудад ч бас хүргэдэг. Үзэл бодлоо хуваалцах хэрэгсэл минь гэх үү дээ. Би ер нь зожиг талдаа хүн, энэ бол миний сул тал гэж би хааяа боддог юм. Гэхдээ Бурхан намайг ингэж л бүтээж… Би хүмүүстэй худал үнэн хэрэгтэй хэрэггүй юм чалчиж суух дургүй, надад хамаагүй хэрэгт хошуу дүрэх дургүй. Гомдол гутрал, баяр хөөрөө тэр болгон хүнтэй хуваалцаад байдаггүй, дотроо л оволзож явдаг хүн. Найз нөхөд цөөнтэй. Тийм болохоор хэлье гэсэн зүйл маань тэр болгон хүмүүст хүрч чаддаггүй, үзэл бодлоо илэрхийлж байна гээд энд тэнд “цуураад” явж чаддаггүй. Аль таарсан хүнтэйгээ “тэр ингэсэн гэнэ, энэ ингэсэн гэнэ” гэх ухамсар төлөвшөөгүй. Ер нь ч ярихаараа санаж бодсоноо бүрэн дүүрэн илэрхийлж чаддаггүй, энд тэндээс нь өм цөм ярьдаг тэр хэмжээгээрээ хүнд буруу ойлголт төрүүлэх магадлалтай хүн шиг байгаа юм. Ингээд л бичгээр өөрийнхөө бодол санааг, үйлдлээ үйлчлэлээ та бүхэндээ таниулж байхаар шийдсэн минь энэ.
ӨЧИЛ гэдэг үгийн утга нь хэрэгтэн үгээ өчин мэдүүлэх гэсэн санаа. Заавал ч хэрэгтэн байх албагүй л дээ. Жишээ нь, 90-ээд оны эхээр Оросын ерөнхийлөгч асан Борис Ельциний Өчил хэмээх дурдатгал ном гарч байлаа. Ельциний хэрэгтэн гэж юу байхав дээ. Ерөөсөө л тэр хүний амьдралын замнал, үзэл бодлоо л хүмүүст нээлттэй өчиж байгаа юм шүү дээ. Нэг талдаа ч энэ нэр таарч байгаа юм. Энх-Амгалан гэдэг хүн юу бодож, юуны төлөө явсан юм бэ гэдгээ өчиж байгаа юм. Ямар үзэл санаатай хүн бэ гэдгийг минь эндээс та харж танилцаж болно. Зөв бурууг нь шүүн тунгааж болно. Би Монгол дахь Христийн Чуулганы хөгжлийн талаар, алс хэтийн чиг баримжааны талаар бодож залбирч, судалж санааширсан, зах зухаас нь бичиж Мараната интернет сэтгүүл, цөөн хэдэн вэбсайт дээр тавьсаар ирсэн. “Үүрдийн гэгээ” чуулганы ахлах пасторын албыг хүлээн авна уу хэмээн чуулганы УЗ-өөс 2007 оны сүүл 2008 оны эхээр надад санал тавихад, тэрхүү саналыг хүлээн авч зөвшөөрсөн гурван л шалтгаан байлаа:
1. Монголчууд удирдлага аваад явж чадахгүй арчаагүй гэж хэлэгдэх вий гэсэн эмзэглэл. 2003 онд ҮГ чуулган Солонгос пастораа хөөж гэнээ гэсэн том сенсаац Монгол дахь Христийнхний дунд тарсан. Тэрхүү Солонгос пастор нь тухайн үедээ бол Монголдоо хүчээ авчихсан нөхөр байлаа. Тухайн үедээ бидний дунд хоорондоо хэрэлдэж, гомдсон хувийн чанартай гэхээсээ илүүтэй чуулганы хөгжил, удирдлагын загвар ямар байх вэ, чуулганы нутгийн удирдлага ба миссионерийн харьцаа ямар байх ѐстой вэ гэсэн онолын асуудлаас энэ бүхэн үүдсэн байсан. Тэр үед би ҮГ чуулганд ахлагч байсан учраас уг асуудалд нэлээд гар бие оролцсон. Нэг талаас чуулганы Монгол ажилчдыг дэмжиж, нөгөө талаас нутгийн чуулганы удирдлага хөгжлийн талаарх зөрүүтэй үзэл бодлын ялгаанаас болж оролцсон боловч, сүүлд Энх-Амгалан гэдэг “лүд барам” хайртай Хуан багшийг хөөсөн гэнэ гэсэн муу нэртэй үлдсэн. Хэдэн жилийн дараа 2007 онд Шинэ Зеланд улсаас гэр бүлийн хамт буцаж ирэх үед чуулганд харилцааны, удирдлагын, итгэлцлийн хямрал нүүрэлчихсэн байсан. Хуучин пастор нь ядарсан, орхиод явахад бэлэн болчихсон. Чуулганд үүссэн нөхцөл байдалд миний нэрийг оруулан гүжирдэх, хов жив хутгах, хардах уур амьсгалыг үл тоон удирдлагыг гартаа хүлээн авахдаа нэг л зүйлийг би бодож байлаа. Энх-Амгаланг муулах, гүтгэж доромжлох яах вэ? Энэ чуулган цэгцэндээ ороод, Монголчууд маань удирдаж удирдуулж сураасай, бие биенээ хүндэлдэг болоосой, өөр хоорондоо хөнөөлддөг, нэр хүндийг нь гутаадаг энэ муухай арчаагүй муухай зангаа хаяасай гэж л залбирч байсан. “Үүрдийн гэгээ” чуулганыг тухайн үед булгидаг чуулган гэж нэрлэж байсан. Нэг ѐсондоо пастораа булгиж авч хаядаг морьтой зүйрлэсэн хэрэг шүү дээ. Монголд гадаадын миссионерийг “хөөсөн” чуулган болохынхоо хувьд, хэрвээ ҮГ муу явбал, “миссионер хөөвөл ингэж муугаа үздэг юм” гэж тавлуулах, эсвэл ҮГ сайн явбал монголчууд нь эвтэй байгаад нэгэн зорилгоор нэгдэж Эзэнийг алдаршуулж, Сүнс ба Үгээр хүчтэй нийгэмд нөлөөтэй байвал олон Монгол чуулгануудад үлгэр жишээ загвар болж бид чадах юм байна гэсэн итгэл зориг өгөх ийм хоѐр зам биднийг хүлээж байгаа юм. Ийм хариуцлагын мэдрэмж надад байсан. Тийм учраас ичиж зоволгүй энэ албыг хүлээн авсан. Харин сүүлд нь мөнөөх “лүд барам” Энх-Амгалан Майдарыг хөөгөөд өөрөө пастор болсон гэнэ гэсэн ярианд орсон доо.
2. Монгол газар нутаг дээр Монгол хүний ахуй ухамсарт шингэсэн, соёлд нь ууссан жинхэнэ Сайн мэдээ дэлгэрээсэй гэсэн чин хүсэл. Христ миний хувь хүний амьдралд ямар их өөрчлөлт, үзэл санааны шинэчлэлт авчирсныг би 17 жилийн итгэлийн амьдралаараа гэрчилнэ. Мянга мянган эмээ өвөө нарт, аав ээж нарт, үр хүүхдүүдэд танд надад өөрчлөлт авчирсныг бид харсан. Гэхдээ Христийн сайн мэдээ зөвхөн хувь хүнд л хамаатай гэж үү? Христийн хувьсган өөрчлөх агуу хүч чадал гэр бүлүүдийг өөрчлөхгүй гэж үү? Жирийн малчны хотонд үнэн Бурхан Христийн үг хүрч чадахгүй гэж үү? Ертөнцийг бүтээсэн хийгээд мутартаа атгагч, Өөрийнхөө хүслийн дагуу үйлдэгч төгс Бурханы Хүү Христэд энэ ядарсан буурай үндэстнийг өөрчлөх тийм хэцүү юм гэж үү? Нэг талаас улс үндэстнээ Христ рүү дагуулан авчрах, нөгөө талаас Христийг энэ монгол түмэнд эгэл байдлаар танилцуулахад бид өөрсдөө дунд нь ГҮҮР болж өгөхгүйгээр энэ зорилго хэрэгжихгүй. Христ Есүс Израильд хүн болж мэндлэхдээ төгс Иудей хүн болсон. Тэрээр Иудейчүүдэд Бурханы сайн мэдээг тунхаглахдаа гадаадын хөрөнгө мөнгөнд дулдуйдаагүй, Ромын эрх баригчдын гар хөл болоогүй, харин эгэл Иудей хүний ѐсоор амьдарч Эзэн Бурханаас өгөгдсөн ажлыг гүйцэлдүүлсэн байдаг.
Халширмаар, нүд халтирмаар арай ч дээ гэмээр эх оронд минь үзээд өгөх сайн сайхан үүх түүх, хэл соѐл, үндэсний бахархах өв сургаал байхгүй болчихоод бид гадаадын хүний хэлсэн болгоныг Бурханы зарлиг лүндэн лугаа бодож алгаа хавсран хүлээж авч байна уу? Миний эх оронд сайхан юм зөндөөн бий. Хүний сайхан чанар бий. Хүнлэг тусч сэтгэл бий. Мянга мянган жилээр тоологдох түүхийн шарласан он жилүүд бидэнд бий. Инээж баяссан, хуримлаж найрласан баярлаж талархсан мянга мянган гэр бүлүүд бий. Бүгдээрээ донтсон архичин, янхан, алуурчин, үгээгүй ядуус бишээ. Үр хүүхдүүдээ яаж сургахыг, гэр бүлээ босгохыг, ахас ихэсээ яаж ачлахыг мэдэхгүй болчихсон уулын сармагчингууд бид бишээ. Харин эдүгээ Христийн шашины нэр барьсан захын хүн ирээд Монголчуудад маань багш болоод суучихаж. Муур багшийн үлгэр байдаг даа. Өнөөдөр дэлхий даяар чуулган тарилт, сайн мэдээ тараана гэдэг бол үнэн чанартаа хэн хөрөнгө мөнгөтэй нь хийдэг болчихсон үе. Мөнгө байхгүй бол авралын зар тараах ажил зогслоо гээд шогширч байна, гадаадаас санхүүгийн дэмжлэг байхгүй бол Бурханы ажил далайцтай хийгдэхгүй байна гэнэ, гадаадын сүм цуглаануудтай, пасторуудтай (гэхдээ бүх гадаадынхан биш, зөвхөн Америк, Европ, Солонгос гэх мэт баян улс орны сүмүүд) түншлэхгүй бол ирээдүй алга л гэнэ. Бид гадаадын сүм байгууллагуудаас мөнгө авч л энэ бүхнийг хийдэг юм бол, харийн шашины Монгол дахь албан ѐсны дистрибьютер болсноос ялгаа юу байгаа юм бэ? Мөнгө дагаад эрх мэдэл орж ирдэг. Монгол итгэгчдэд юу заах ѐстойг нь, юу ярих, яаж аяглах ѐстойг нь зааж өгдөг гадаад багш нар олон бий. Тэр байтугай, “жинхэнэ итгэгч монголчууд Цагаан сараа тэмдэглэж болохгүй ээ, энэ бол хуучин шашинтай холбоотой баяр” гэж хүртэл сургасан Солонгос пастор бий. Монгол залуу хосыг цуглаан дээрээ гэрлэхэд нь Солонгос үндэсний хувцас өмсгөн адисласан ч бий. Үзэл бодол нь төлөвшөөгүй өсвөр насныхан, залуучууд Христийн сүмд олноороо ирж байгаа. Охид олноороо ирж байгаа. Тэдэнд улс үндэстнээ хайрлах өмөөрөх сэтгэл, үндэсний үзэл төлөвшөөгүй байдаг. Гадаадын багш нь юу гэж заана, тэрнийг нь мухар сохроор итгэн дагалдаж байна. Ийм юм болж байхад хорьдог газар ч гэж алга, эсэргүүцдэг хүн ч гэж алга. Ёстой л нөгөө “мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү ямар хамаа байна” гэдгийн үлгэр юм даа. Манай Монгол чуулгануудын пасторууд ч гэсэн байгууллага, үйлчлэлийг нь тэтгэж ивээдэг гадаадын “сургагч” нараа гомдоогоод үргээчих вий гэсэндээ тэдэнд үг хэлэх зүрхтэй хүн байхгүй. Харин бие биедээ, монгол итгэгчиддээ бол “эр бар”. Нөгөө л муухай Монгол хүний зан. Бидэнд сайн ч юм бий, бас муу ч юм бий. Түүнтэй адил, аль ч улс орны соѐлд авах ч юм бий, бас жигшин зайлах ч юм бий. Хүний сайн нь ч бий, хүний адаг нь ч бий. Үүнд бид авах гээхийн ухаанаар ханддаг байх учиртай. Тэрнээс биш, гадны нэг хүн ирээд л Библиэс ийм байх ѐстой, тийм байх ѐстой гээд л баахан гоѐ гоѐ зарчим ярьчихаад яваад өгдөг, энд үлдсэн монголчууд нь нөгөө сургаалыг нь бариад бие биенээ буруутгаад, шүүгээд яллаад талцаад байгааг харахад сэтгэл өвдмөөр. Христ биднийг энэ үндэстэнд өршөөл уучлалын Сайн мэдээг зарлуулахын тулд, цорын ганц үнэн Бурхан руу эргэх ѐстойг тунхаглуулах элч байлгахын тулд энэ ард түмний дундаас сонгосон биш гэж үү?
Үнэн сайн мэдээ гэж юу юм бэ? Христийн үхэл ба амилалтаар өгөгдсөн авралын мөн чанар нь юу вэ? Бурханы Үг болсон Библиэс уншаад, үнэн сайн мэдээ юу болохыг хараарай. Монгол хүний, гэр бүлүүдийн, энэ ард түмний соѐл заншил, сэтгэлгээг эвдэхгүйгээр Бурханы Сүнс алгуур боловч шинэчлэлийн ажлыг хийсээр байх учиртай юм. Давс ба гэрэлтэх дэнлүүний тухай Есүс Матай 5:13-16-д өгүүлсэн байдаг даа. Давс дангаараа хоол биш, алив юманд уусаж байж муудахаас сэргийлдэг амт оруулдаг чанартай эд. Сайн мэдээ тэгэж нийгэмд уусах ѐстой юм. Энэ соѐлд, гэр бүлийн харьцаанд, хүний дотоод мөн чанарт, үндэстний ухамсар сэтгэлгээнд, амьдралын хэв маягт нь уусаж байж сая хэргээ бүтээдэг. Тэрнээс механикаар заавал Европ юмуу Солонгос маягийн амьдралын хэв маягийг бий болгоод дагаж дуурайгаад, аашилж аягалдаг болоод, өөрийн үндэсний гэсэн болгоныгоо паа пүү гээд, урьд нь өөрөө ямар байсныгаа ердөө хэдхэн жилийн өмнө нөгөө гудамжинд лааз өшиглөж яваа нөхрөөс нээх дээрдэхээргүй сэтгэлгээтэй “модон толгойтон” явснаа мартчихсан элит юм шиг аашилж аяглахыг ч арай өөрчлөгдсөн Христитгэлт гэж хэлдэггүй л юм даа. Шууд утгаараа цэрэг дайны милитаризм империализм гэж байдаг, хүмүүс үүнийг ноцтой авч үздэг. Гэтэл соѐлын империализм болон шашин шүтлэгээр дамжин орж ирэх улс төрийн бодлого гэж байдаг. Хэрвээ Библид бичигдээгүй Христ тушаагаагүй л бол, хүний тогтоосон соѐл уламжлалаас үүдэлтэй аливаа зүйл, Христийн сүмийн халхавчин доор орж ирж буй “дайвар бүтээгдэхүүнүүд”-ийг манай улс үндэстний эрх ашигт хохиролтой байвал би тэр бүхний эсрэг зогсдог. Учир нь үнэн Сайн мэдээ бол соѐлын “дайвар бүтээгдэхүүн” биш.
3. Миний улс үндэстнээ хайрлах үзэл санаа минь намайг хөтөлсөн. Би Монголоороо үлдмээр байна. Би эрүүл саруул, хөгжин цэцэглэсэн ирээдүйг хүүхдүүддээ үлдээмээр байна. Би амар амгалан, инээд хөөр хадсан гудмаар алхмаар байна. Бурхан намайг төрүүлж өсгөсөн энэ ард түмэн бие биеэ хүндэлдэг, хайрладаг, нэгдмэл хүчтэй байхыг би үзмээр байна. Цор ганц Бурханыг шүтэх шүтлэг бишрэлээр нэгдсэн эрх чөлөөт оронд би амьдармаар байна. Өнөөдөр миний эх оронд ирсэн бол харийн хүмүүс хэн нь ч байлаа гэсэн миний эх орон нэгтнүүдийг хүндэлдэг байгаасай, энэ улс орны хууль тогтоомжийг нь мөрддөг байгаасай гэж би ямар их хүснэ вэ. Гадны хүн миний гэрт ирээд миний гэр бүлийг, миний хүүхдийг, миний эхнэрийг дээрэлхвэл би эгдүүцнэ, өөрийнхөө гэр бүлийг өмөөрнө хамгаална. Нэг үндэстэн, нэг ард түмэн гэдэг бол угтаа бас гэр бүл юм. Нэг хэл соѐл, үндэс угсаагаараа нэгдсэн том гэр бүл. Тийм учраас би бас өөрийн ард түмэнд хайртай. Монгол хүн гадныханд дээрэлхүүлэхэд би дургүй. Гадныхантай нийлж өөрийн ард түмнийг махыг нь идэж, цусыг нь сорогчдод би яснаасаа дургүй.
Гэхдээ Монгол хүн байхын тулд заавал шарын шашиныг шүтэх албагүй. Монголын түүхийг уншиж судалсан ямар ч хүн, манай Монголд шарын шашиныг оруулахад Манж Хятадын төрийн бодлого тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэдгийг хэлээд өгнө. Энэ ард түмэн өнөөдөр ингэтлээ мунхарсанд, ядуурсанд, нийгмийн баялаг бүтээдэггүй сэтгэлгээ төлөвшихөд, энэ насны амьдрал хамаагүй гэсэн арчаагүй ухамсар бүрэлдсэнд шарын шашин хариуцлага хүлээх ѐстой. Энэ насны амьдрал хамаагүй гэж сургаж, ад чөтгөр, нүгэл хилэнц гэдгээр шалтаглан ийм үхээнц дорой болгосон үндэстнийг тэд өнөөдөр ч мунхруулсаар, өргөл барьц авсаар уул овоо тахьсаар энэ ард түмний нуруун дээр хувалз мэт шигдсээр л байна. Энэ шарын шашиныг дагаж баясаад манай Монгол хөгжих нь юу л бол. 300 жил дагалаа байдгаа барьлаа, эвдрэлцлээ, ядуурлаа, мунхарлаа. 300 жил духаа цоортол мөргөлөө, хир бөөсөндөө баригдлаа, хүний өөдөөс ч эгцэлж харж чадахаа болилоо. 300 жил Монгол туургатан даяараа энэ шарын шашинаас аврал эрлээ. Цахар, хорчин, барга, үзэмчин цөм Хятадын дотор бага үндэстэн болж, хэл соѐлоо алдаж дууслаа. Буриад, тува, халимагууд Оросын мэдэлд орж Монголоор ярих залуу хүн ч байхгүй болж. Туурга тусгаар үлдсэн голомтоо сахьсан манай улсад одоо найдвар байна уу? Мунхрагсад, мөлжигчид, авилгачид, үзэн ядагсад, хорсогчид, атаархагчид, хүчирхийлэгчид, хүний мууд дурлагсад, хутган үймүүлэгчид, ашиг хонжоо хайгчид, залилан мэхлэгчдээс, алуурчдаас энэ улс орныг үр хүүхдийн минь ирээдүйг хамгаалж өгөх ачтан байна уу? Нэг л найдвар байна. Нэг л гарц байна гэж би тунхагламаар байна. Улс үндэстнээрээ эргэлт хийх цаг болсон юм биш үү? Гэр бүлүүдээрээ, ах дүү хамаатан саднаараа, айл хотлоороо, улс үндэстнээрээ хуучин харанхуй мухар шүтлэг, шашинаа орхин Христийг дагаж, загалмайн замыг сонгох юм биш үү? Гэхдээ хуучин байдлаараа мухар сохроор даган бишрэх биш, харин шинэ сэтгэлгээгээр, бүтээлчээр, эрүүл саруул ухаанаар хүн хүнээ ойлгож хайрласан тийм барилдлагаар бид шинэ нийгмийг цогцлоох хүсэл мөрөөдлийг өвөрлөх цаг ирсэн юм биш үү? Би үндэсний үзэлтэй учраас улс үндэстнийхээ ашиг сонирхол, ирээдүй хойч үеийнхээ төлөө Христийн шүтлэг бишрэлийг тунхагладаг. Миний эх орон нэгтнүүд минь энэ үнэний замыг таниасай, энэ Бурханаас аврал өршөөл гуйгаасай гэж уриалдаг хүн. Үнэн бүтээгч Бурхан ба Түүний илгээсэн Христийг таньж мэдэж мөнх амийг олж аваасай гэдэг бол миний чин хүсэл байсаар ирсэн.
Би ингэж бодож санаж ирсэн. Энэ өдрийг хүртэл би Бурханы өмнө болон чуулганы өмнө, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, итгэл бишрэл болон хүний мөс чанараар сайн амьдрахыг хичээж ирсэн. Мэдээжийн хэрэг, би та нарын хэнтэй ч адил мөхөс хүн учраас алдаа дутагдлаас ангид төгс байж чадаагүй, цаашид ч хүн бүрд таалагддаг тийм супер хүн болно гэж мөрөөддөггүй. Надаас илүү сэтгэл зүрхтэй, ухаалаг, зорилго чигтэй, чадвартай, боловсролтой, “ариун буянт явдалтай” хүн гарч ирэх аваас би энэ албыг өгөхдөө баяртай байна гэдгээ урьд нь ч мэдэгдэж байсан, эдүгээ ч өөрчлөгдөөгүй байна. “Үүрдийн гэгээ” чуулганы тэргүүн пасторын албыг хүлээж аваад өнгөрсөн 3 жилд олон ч юм тууллаа, чуулганд газар авсан анархи байдлыг илбэн тохинуулж сүнслэг байдлын хувьд нэг “буулган”-д орууллаа. Ажилчдын орон тооны хувьд ч нэлээд цөөллөө, цаашид бас үргэлжилнэ. Олон жилийн үлдээсэн бүтэц, үйлчлэлийн тухай хуучин ойлголтыг халах гэж нэлээд зүтгэлээ. Нутгийн чуулган гэж юу болох, чуулган юуны төлөө оршин байдаг, юунд зорьж чиглэх ѐстой, яаж хөдөлгөгддөг болох талаар бодлогыг шинээр тодорхойлоход сэтгэл оюунаа чилээж ирлээ. Энэ бүхнийг Эзэний чиг удирдамжийн дагуу хийж, Түүний хамгаалалт доор гүйцэтгэсэн болно. Энэ бүхнийг ажил хэрэг болгоход хамт байж, санал бодол хуваалцаж, залбирлаар дэмжиж, чиг өгч байсан Удирдах Зөвлөл болон чуулганы ажилчдад хувиасаа талархмаар байна.
Өдөр тутмын захиргааны ажил, удирдлагаар хангах, сургаал номлол мөргөлд бэлдэхээс гадна, алс хэтийн чиг хараа руугаа чиглэсэн “Үндэсний Чуулган”-ы талаар та бүхэнд зах зухаас нь хуваалцаж байсан. Үндэсний Чуулганыг үүсгэн байгуулах явц бол гадаадаас хэн нэгнээс семинар дээр сонсчихоод ирж хийх гээд байгаа ажил биш, энэ тэр номын санааг хуулбарлах гээд байгаа ч биш энэ санаа бол анхдагч байдлаараа Монголоос эндээс гарч байгаа юм. Энэ үзэл санааг гадаадаас ямар ч хөрөнгө мөнгөөр дэмжсэн юм байхгүй, аль ч урсгал чиглэлтэй холбоогүй. Энэ үзэл санааг тээж, илэрхийлж явахдаа өнгөрсөн хугацаанд олон хүмүүсийн санаатай болон санаандгүй буруу дутуу ойлголтуудаас болж, гүжирдлэг хардлага, тэдний хувийн байр суурь, нэр төр, ашиг сонирхлынх нь зөрчилтэй тулж гутарч урам хугарч, цухалдаж явсаар өнөөг хүрлээ. Миний яриад байгаа Үндэсний Чуулганд гаж буруу сургаалын үнэр ч байхгүй, гадаадынхны эсрэг өдөөн турхирсан үзэл ч байхгүй, хувь хүмүүсийн нэр төрийг гутаахад чиглэсэн ямар ч санаа агуулагдаагүй байсан билээ. Энэ бол цэвэр үзэл санаа, онол чиглэл байсан.
“Үндэсний Чуулган” концепцэд ямаршуухан санаанууд багтаж байгаа юм бэ гэж үү?
- Засаг захиргааны бүтцэд тулгуурласан чуулганы нэгж ба удирдлага зохион байгуулалт
- Орчин цагийн nation-state буюу нэг үндэстэн нэг улс орон гэсэн олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн геополитикийн ойлголттой холбоотойгоор нэг үндэстэн – нэг чуулган – нэг итгэл бишрэл гэсэн онолыг түгээн дэлгэрүүлэх
- Гадаадаас хараат бус, эрх тэгш харилцах зарчим бүхий үндэсний чуулганы удирдагчдын дээд зөвлөл – Синодыг бүрдүүлэх
- Монголын Үндэсний Чуулган онол сургаал, түүх, үзэл баримтлалын хувьд өөрийгөө тодорхойлох чадвартай байх чиглэлийг барих
- Үндэсний Чуулган нь Христийн Даяар Чуулганы түүхэн итгэлийг баримтлахдаа Монгол үндэстний эрх ашгийг дээдэлж, сүсэг бишрэл, соѐл заншил, ахуй амьдрал, оюун санааны амьдралд нь нөлөөлөх, Библид суурилсан үнэлэмжийг бий болгон хэвшүүлэх
- Зөвхөн Монгол улсаар тогтохгүй, тархсан Монгол туургатны сүсэг бишрэл, оюун санааны нэгдмэл байдлыг хангахын тулд Үндэстний Христитгэлт мөргөлийн төвийг (Хархорин гэж санал болгож байна) тогтоон зарлах
- Чуулганы уламжлалт тогтсон загварыг шинэчилж, орчин цагийн ертөнц, нийгмийн хувьсал өөрчлөлт, хүмүүсийн үзэл бодол амьдралын хэв маягт гарч буй асар хурдац бүхий өөрчлөлттэй уялдсан, орчин үеийн ертөнцөд амьдрах чадвартай итгэгчдийг, чуулганы үйлчлэгчдийг бэлдэн гаргах “Үйлчлэлийг хувьчлах” үзэл санааг дэлгэрүүлэх, сургалтын бааз бий болгох гэх мэт;
олон салбар, чиглэлийн суурь онол баримтлал, хийгдэх ажил хэргүүд гээд цаг хугацаа хүн хүч шаардсан зүйлсийн талаар бодож санаж, залбирч, зарим нэгээс нь бичиглэж та бүхэнд хүргэсээр ирсэн. Дээрх үзэл санаа, зорилгыг хэрэгжүүлэхэд нэгэн насны амьдрал багадна. Ганц хүн ч хийдэг юм биш. Үүнийг хэрэгжүүлэхэд ажил хэрэг болгоход хүн бүхний оролцоо, итгэл үнэмшил тус дэм, амьдралын зориулалт шаардагдана. Энэ бол зүгээр нэг ҮГ чуулганы хөгжлийн асуудлаас том зорилт. Бүхэл бүтэн нэг үндэстэнд Сайн мэдээгээр хүрэх төдийгүй, тэдний сэтгэлгээ, соѐл үнэлэмжийнх нь харилцаа гэр бүлүүдийнх нь цаана мянга мянган жил ажилласаар ирсэн харанхуйн хүчний эсрэг, тамын үүд хаалгын эсрэг хийх тийм тэмцэл юм. Тийм ч учраас бидэнд бүтэн цагаар ам нь ажилладаг хэдэн пастор биш, зэрэгцээд хамт зогсох итгэлийн пионерууд хэрэгтэй байгаа юм. Тийм гэр бүлүүд хэрэгтэй байна. Хороо болгон дээр залбирлаараа, үйлчлэлээрээ, Үг ба Сүнсээр зогсох гэр бүлүүд хэрэгтэй байна. Сум болгон дээр тухайн газар нутгийнхаа, хүн ардынхаа сүнс болон оюун санаа, харилцааны эрүүл энхийн манаанд Бурханаар томилогдон зогсох тийм гэр бүлүүд хэрэгтэй байна. Бидэнд багш хэрэгтэй байна, эмч хэрэгтэй байна. Бидэнд инженер-пастор, хуульч-пастор, бизнесмэн-пастор, теологич-пастор, худалдагч-пастор, тэтгэвэрийн пасторууд хэрэгтэй байна. Амьдралаасаа Бурханы хүсэл утга учрыг олж харж, Түүний ажлыг гүйцэлдүүлэхээр сэтгэл шулуудсан тийм итгэгчид энэ эгнээг өргөжүүлэх боломжтой гэж би боддог. Ингэж гэмээнэ, бид гаднаас орж ирсэн өндөр зардал чирэгдэл бүхий чуулганы тогтолцоог халж чадна. Ингэж гэмээнэ, бид Христийнхэн гэхээр гадаадаас санхүүжилт аваад хүмүүст гурил будаа тарааж буян үйлдэж байх ѐстой гэсэн төр засгийн ойлголтыг өөрчилж чадна. Цаашид хүмүүс цалин авахын тулд Эзэнд үйлчилдэг биш, харин сэтгэл зүрх, итгэл бишрэлээрээ, хайраараа Түүнд үйлчилдэг болох цаг ирнэ. Ажлаа алдчих вий, хүмүүст муучлагдах вий гэсэндээ айж “зөвт хүн”-ий дүр эсгэдэг биш, харин хүмүүст таалагдах гэж биш Эзэнээс эмээх сэтгэл төлөвшинө. Нандигнан хайрлаж байх ѐстой шүтлэг бишрэлээ талх олох хэрэгсэл болгосон хүмүүсийн цуваа багасах болно. Эзэнд үйлчилнэ гэхээр л зөвхөн цуглаан дээр үйл ажиллагаанд хамрагдаж зүтгэхийн нэр биш юм байна, харин гэр бүлдээ үр хүүхэддээ, эргэн тойрондоо сайныг үйлдэж үг хэлээрээ ч Эзэнийг тунхаглаж, хоѐр гараараа ажил хийж хөлсөө хүртэж амьдрах нь ивээл үйлчлэл юм байна гэдгийг ойлгох цаг ирнэ. Хүмүүс шударгаар сурч хөдөлмөрлөж, хүчирхийлэлгүй нийгэмд эрүүл саруул ухаан сэргэж, хүн ард маань элбэг дэлбэг өвчин зовлонгүй байж, газар нутаг минь сэргэсэн байгаасай гэж би мөрөөдсөөр байсан. Энэ бол би пастор болсноос хойшх “албан үүргийн мөрөөдөл” биш, энэ бол эх орон ард түмнээ хайрласан миний багийн хүсэл мөрөөдөл байсан. Энэ мөрөөдөлдөө хөтлөгдөн энэ өдрийг хүртэл гадаадад гарч амьдрал хөөсөнгүй, намайг янз бүрээр хардаж гүжирдэж байгааг сонссоор байсан ч больсонгүй, заримдаа гэр бүлээ хангалттай тэжээж чадахгүй гутарч суухдаа ч орхисонгүй.
Би энэ үйл хэргийг Бурханы хүсэл мөн бол ажил хэрэг болоосой гэж бодож ҮГ чуулганы тэргүүн пастор болсон. Монголоо алдан байж, өөрийн эрхэмсэг оршихуйгаа алдан байж үхэн хатан пастор байх гэсэн хүсэл надад алга. Монгол хүн гээд дээл өмсөөд эрх эргүүлэн маань уншиж, харийнхныг бүгдийг нь хөөж гаргаад гэр бариад Гандангийн үүдийг сахих туйлширсан хийрхэл ч надад алга. Нэг талаас Христэд итгэдэггүй Монголчууд маань, тэдний амьдралын хэв маяг, зан заншил намайг “чи харийн шашин шүтэгч” гэж гадуурхаж байхад, нөгөө талаас Христэд итгэснийхээ төлөө гадны соѐл сэтгэлгээний тулгалтуудыг хүлээн авах шахалтад орж, дуулгавартай гүйцэтгэгч нь байгаагүйнхээ төлөө адлагдан элдвээр хэлүүлж хардуулж байлаа. Энэ хоѐр шахалтын дунд байхдаа би Христийг дагах нь аль нэг хүний үүсгэсэн уламжлалыг дагаж, бий болгосон бүтэц тогтолцооны эрэг шураг болж амьдрахын нэр биш юм байна гэдгийг улам илүү ойлгосон.
Нэгэнт бий болчихсон тогтолцоог сөрөх, тогтсон хэвшсэн ойлголтыг халахад ямар хүчир болохыг бие сэтгэлээрээ мэдэрч, ганцаардаж, гутарч, үл хүлээн зөвшөөрөгдөж, гологдож, ядрахаас гадна санхүүгийн бэрхшээл, гачаалтай тулж, сүнслэг дайралтад өртөж байлаа. Зорилго хараа тавин ажиллаж байсан ажлаасаа халагдаж үзсэн. Сорилт өдөөлт, уруу таталтаас ч ангид байгаагүй. Харанхуйн хүчинд баглуулсан Монголын нийгмийн тогтолцоог би сөрөхийг хичээж байна, Монголын ахуй соѐлд таарахгүй байгаа чуулганы тогтолцоог би сөрөхийг хичээж байна. Би өөрийнхөө хуучин хүн, зуршил бодол санаагаа сөрөхийг хичээж байна. Муу ѐрын чөтгөрүүдийн дайралтыг би сөрөхийг хичээж байна. Би өөрийгөө алдаагүй ариун хүн гэж хэлэхгүй. Намайг идэж уусан хэргээр яллагчид, найз нөхөдтэйгөө баярлаж бүжиглэсний минь төлөө гутаагчид, ажил үйлчлэлийн хариуцлага тооцож зарим хүнд зарчмын арга хэмжээ авсны минь төлөө хувийн сэдлээр хонзогногчид, Христитгэлийг нутагшуулан ард түмнийхээ ахуйд оршоох гэсэн оролдлого арга замуудыг минь мушгин гуйвуулагчид, өөрсөдтэй нь адил үнэлэмжээр амьдраагүйд атаархагчидтай би тэмцэлдээгүй, тооцоо бодоогүй. Миний сэтгэлийг мэддэг, алдаа оноог минь дэнсэлдэг Эзэн бүхнийг цаг нь ирэхээр ил болгож, хэн нь хэн болохыг харуулах биз ээ.
Энэ бүхэн миний сэтгэлийн өчүүхэн өчил байлаа. Үзэл санаа, итгэл үнэмшил, хараагаа танилцуулахад ийм байна. Надад нэг л айдас, эргэлзээ байна. Явах ѐстой замаараа явсны эцэст эргэж хараад энэ бүхэн Эзэнээс биш байжээ гэж хэлэх тийм өдөр ирэх вий гэж би эмээж байна. Ингэж өөрийгөө ч өрөөлийг ч зовоон байж зүтгэсэн зорилго хүсэл минь хэрэгжих тавилангүй байвал яана гэж би эмээж байна. Түүний зөв баруун мутар хангахгүй юм бол, хамгаалахгүй юм бол, удирдахгүй юм бол би урагш хөдлөхөөс эмээж байна. Хэрвээ Тэр надтай хамт, миний өмнө явахгүй бол битгий намайг явуулаасай.
Гэхдээ эцэст нь хэлэхэд, тэнгэрийн доор бүх юмс үзэгдэл Бурханы хүслээр болж байдаг, Түүний товлосон цагт хэрэгждэг гэж би итгэдэг. Тийм ч учраас, Энх-Амгалан ингэж бодож мөрөөдөж, залбирч байсан ч, он цагуудаа, боломжуудаа үрсэн байсан ч, Эзэн эс таалбал миний хараа зорилго “хог новш” билээ. Эзэн Бурхан миний ард түмэнд өөр зорилго тавьсан байх аваас, Түүний хүсэл биелэг. Эзэн Бурхан ҮГ чуулганд өөр зорилго тавьсан байх аваас, Түүний зорилго хэрэгжиг. Эзэн Бурханаас Энх-Амгаланд өөр амьдрал, хувь тавилан тавьсан байх аваас, Тэр миний сэтгэлийг амрааж, Өөрийнхөө хүслийн дагуу явуулах болтугай. Таны хүсэл тэнгэрт шигээ газар дээр, миний ард түмэн дээр, миний чуулган дээр, миний гэр бүл дээр, над дээр хэрэгжих болтугай гэж залбирах байна.
Өнгөрсөн хугацаанд пастортайгаа хамт байж, тулж дэмжиж, цааш явах тэнхэлгүй итгэлгүй, сөхрөхөд минь түшиг болж байсан бүхий л хүмүүст, хамт үйлчилж ирсэн багтаа, залбирлаар болон урмын үг хайрлаж байсан итгэгч нартаа баярлаж явдгаа хэлмээр байна. Бурхан Эзэн та бүхний дээр огторгуйн сайхан сан хөмрөгөө нээж, ивээлийг хальтал асгаж, та нарт болон үр удамд чинь сайн сайхнаар хандаж, тэнгэр элч нараараа сахин хамгаалж, амьдралын чинь туршид та нарын өмнө замчлах болтугай гэж ерөөе! Аминь.
“Үүрдийн гэгээ” чуулганы тэргүүн пастор: Хатгин. П. Энх-Амгалан
2010 оны 4 дүгээр сар 19
No comments:
Post a Comment