Monday, January 09, 2012

Ойрхи Дорнодын Христ шүтлэгтнүүд – Католик Чуулганууд

Огноо: 12/05/2011

Семит угсааны, дорнын Католик Чуулганыг 7 өөр тустаа соёл, угсаатны ялгаа бүхий бүлэглэл болгон хувааж болно. Үүнээс тал хагас нь Ойрхи Дорнодод, нөгөө хагас нь энд тэнд дүрвэгсдийн эгнээнд багтдаг билээ.

“Католик” ба “Ромын Католик” гэхээр ихэнх барууныхан адилхан нэг юмыг хэлж байна гэж боддог. Гэтэл үнэн чанартаа энэ бол буруу. Ойрхи Дорнодын Католик шүтлэгтнүүд ингэж ойлгодоггүй. “Католик” гэвэл папыг Христийн Чуулганы тэргүүн гэж хүлээн зөвшөөрсөн бүх итгэгчдийг хамруулан хэлж байна гэж ойлгодог. Харин “Ромын Католик” гэвэл Ромын чуулганы патриархын “дэг жаяг” буюу литург, дүрэм цаазыг дагадаг Католик чуулганы гишүүдийг хэлнэ гэж үздэг. Тэгэхээр Ромын Католик гэдэг маань нэг ёсондоо Латин ёс уламжлалыг хадгалсан чуулганыг хэлж байгаа юм.

Гэтэл Латин ёс уламжлал бол Католик Чуулганы доторх цорын ганц ёс биш, энд Византийн (меликч) уламжлал, Армений уламжлал, Сири уламжлал, Копт ёс уламжлал гэж бий. Эдгээр нь зүүний Католик ёс уламжлалтай Ойрхи Дорнод дахь чуулганууд гэж тооцогддог. Энэ чуулганууд Папын эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөг, Католик онолыг баримталдаг.

Эдгээрээс хамгийн эртний бас хамгийн том нь Мароны патриарх. Тэд эртний хуваагдаагүй чуулганы үеэс Ромтой нэгдлээ хадгалсаар байгаа гэж хэлдэг. Үнэхээр ч тэд ямар нэгэн хуваагдлын золиос болоогүй. Харин бусад зүүний таван Католик чуулгануудын хувьд, Дундад зууны үеийн Ромын Католик чуулганы илгээлтийн үйл ажиллагаа нөлөөнөөс болж Ассири, Византийн, Дорнын Ортодокс чуулгануудаас тасарч бий болсон байна. Ийм хуваагдлуудын хамгийн анхных нь Халдейн Католикчууд бөгөөд тэд 1552 онд Ассирийн патриархаас салсан, Багдадад өөрсдийн Вавилоны Католик патриархын албыг байгуулсан. 1622 онд Антиохын Сири Католик патриархын алба Туркт байгуулагдсан бөгөөд эдүгээ энэ төв Бейрут хотод үйл ажиллагаа явуулж байна. Дараа нь 1724 онд Антиох, Иерусалим, Александрын Византын Ортодокс патриархуудын харъяалалд байсан чуулгануудын дотор бас хуваагдал бий болж, нэг хэсэг нь Ромын нөлөөнд орж Антиох ба Дорно дахины, Иерусалим, Александрын Грек Католик патриархын албыг шинээр байгуулсан. Сүүлд 1773 онд Армени Католик патриархын алба бий болж Ливанд төвлөрлөө. Хамгийн сүүлд 1824 онд Египетийн Александр хотод Копт Католик патриархын алба байгуулагдлаа. Энэ чуулганууд Ромын чуулгантай нэгдмэл бөгөөд Дорно дахины Чуулгануудын Ариун холбоо гэдэг байгууллагаар дамжуулан Ватикантай харилцдаг. Энэ бүхнээс болж эдгээр чуулганыг заримдаа дагаар орсон чуулганууд гэдэг.

Вавилоны Халдей Католик патриархын алба
Халдейчууд 1552 онд Ромтой нэгдсэн анхны чуулган болж тустаа патриарх болсноороо онцлог. Тэр жил Ассиричуудын зарим нь Симеон 8-р Денхаг Зүүний Чуулганы патриархаар сонгогдсоныг эсэргүүцэн, Иоханан Сулака хэмээх санваартанг Ром руу илгээж тэндээс Вавилоны патриархаар томилуулсан байна.

Одоо үед Халдейчууд 242,000 байгаагаас ихэнх нь Иракт амьдарч байна. Иракийн итгэгчдийн дийлэнх нь энэ чуулганд харъяалагддаг. Иракт 10 дүүрэгтэй, Иран (15,000 гишүүнтэй), Сирид (7,000 гишүүнтэй) болон Египет, Ливанд цөөн тооны гишүүдтэй.

Киликийн Армени Католик патриархын алба
1840 онд албан ёсоор байгуулагдсан. Фратрес Униторес гэх Армений Доминик санваартнуудын хүчин чармайлтын үр дүнд 14-р зууны эхээр нэлээд тооны Арменичууд Латин ёсонд дагаар орсон байдаг. 20-р зууны эхээр Туркууд Арменичуудыг хүйс тэмтрэхэд энэ чуулган маш хүнд хохирол хүлээсэн, Ромд хуралдсан синодын хурлаас 1928 онд дахин сэргээн зохион байгуулалтад оруулсан байна. Патриархын алба анхандаа Константинопольд байснаа сүүлд Ливаны Бейрут руу шилжжээ. Ойрхи Дорнодод 35,000 гишүүнтэй. Патриарх нь Петр гэсэн нэр авдаг. Одоогийн патриархийг Иохан-Петр 18-р Каспариан гэнэ.

Антиохын Марон патриархын алба
Мароничуудын түүх МЭ 4-5 зуунаас эхэлдэг. 685 онд тэд Антиохын патриархыг сонгож, 12-р зуунд Ромтой нийлсэн. Мароничууд бол зүүний ёс уламжлалыг баримталдаг Католикчууд бөгөөд Меликч, Халдейчүүд, Арменууд, Сирийн Католик чуулгануудтай адил сүүлд өөрсдийн чуулганаасаа хуваагдаж Ромтой нэгдсэн биш. МЭ 9-р зуунд Мароничууд Ливаны ууланд бүгэж хоргодож байсан. Патриарх нь 1790 онд Канубины уулсаас бууж Бикеркэд суусан. Ливанд өдгөө 1,200,000 Марони Христ шүтлэгтнүүд амьдарч байна. Ойрхи Дорнодоос дүрвэн гарсан Мароничуудын тоо 6,500,000. Ойрхи Дорнодод Мароны 10 тэргүүн бишопын дүүрэгт хуваагддаг. Мароны литург Сири, Араб хэлээр явагддаг.

Антиохын Грек Католик патриархын алба (меликч)
Меликч гэдэг нь “хааны талын хүмүүс” гэсэн утгатай. 5-р зуунаас хойш энэ нэрээр Халкедоны Хуралдайгаас томъёолсон теологийн онолыг хүлээн авсан бүх итгэгчдийг нэрлэх болсон байна. Халкедоноос гаргасан үзэл баримтлалыг Ром, Византийн хаад чуулганы албан ёсны үнэн зөв онол гэж үзэх болсон билээ.

Харин одоо энэ нэрээр 1724 онд Ромтой нийлж патриархаа томилуулсан энэ чуулганыг л нэрлэх болсон. Уг чуулганы гишүүд нь Араб, мөргөл нь Араб хэлээр явагддаг, Ливан, Сири, Палестинд голлон төвлөрсөн байна.

Антиохын Сири Католик патриархын алба
Эртний Сирийн Ортодокс Чуулганы нэг хэсэг нь Алеппо хотын хавиар үйлчилж байсан Католик Иезуйт, Капучин бүлэглэлүүдийн нөлөөгөөр 1662 онд Ромын эрх мэдлийг хүлээн зөвшөөрч, тустаа Католик чиглэлийн чуулган байгуулсан. 1773 онд энэ чуулганыг удирдаж байсан бишопт патриарх цол олгосон. Патриархын алба Туркийн Мардинд 100 гаруй жил төвлөрсний дараа 1899 онд Бейрут руу нүүсэн. Сирийн Католикууд Сири улсад 4 дүүрэг, Иракт 2 дүүрэгт хуваагддаг. Төлөөлөгчийн газар нь Ливан, Египет, Иордан, Туркт байна. Баруунд дүрвэгсэд асар олон бий.

Литургийг Сири (Арамей) хэлээр уншина, сүүлийн үед Араб хэлээр мөргөл явуулдаг болоод байна. Сири хэл одоо ч хэрэглэгдсээр байгаа бөгөөд зүүн Сири, хойд Иракт Христ шүтлэгт хот тосгонуудад өдөр тутмын харилцааны хэл болдог.

Алекандрын Копт Католик патриархын алба
Египетэд Католик шүтлэгтнүүд 17-р зуунаас эхлэн байсан ч, 1824 онд тэднийг захирах патриархыг томилсон. Эдүгээ их хурдацтай өсч 100,000 гишүүнтэй болсон, Египет дэх хамгийн том Католик бүлэглэл.

Иерусалимын Латин патриархын алба
Иерусалим хотод Латин патриархыг 11-р зууны эцсээр томилсон боловч, удалгүй хөөгдсөн. Сүүлд нь дахин 1847 онд пап 9-р Пайусын “Нулла Селебриор” гэх албан захидлаар байгуулсан. Ромын Католикын олон миссион бүлэглэлүүд энд ажилласаар ирсэн бөгөөд эхнийх нь 13-р зууны Франсисканууд. Тэдний нөлөөгөөр Ромд дагаар орсон, Зүүний ёс жаяг уламжлал бүхий чуулганууд бий болсон. Үүнээс ч өмнө Латин жаягаа баримталдаг чуулганууд байгуулагдсан байсан нь өдгөө ч үйл ажиллагаа явуулсан хэвээ байна.

No comments: