Огноо: 12/05/2011
Зүүний Ассири Чуулганы тухайд бас туст нь дурдалгүй өнгөрч болохгүй. Учир нь энэ чуулган бусад уламжлалуудаас ангид, “тэрс номтон” гэгдсэн Несториусын сургаалыг баримталсаар ирсэн.
Түүх
Ассирийн чуулган бол эртний Зүүний чуулгануудын нэгэн яах аргагүй мөн. Месопотами дахь анхны итгэгчдийн үеэс л илгээлтэд онцгой анхаардаг байсан тул миссионерууд нь Хятад, Энэтхэг, Төвд, Монгол хүртэл аялсан байдаг. Энэ чуулганыг Перс чуулган гэж нэрлэхээс гадна “Зүүний Чуулган” гэдэг байсан шалтгаан нь Ромын эзэнт улсаас зүүн зүгт оршдог байсанд байгаа юм. Нөлөөний хүрээ нь өрнө зүгт Газар дундын тэнгис, дорно зүгт Энэтхэг хүрч байсан.
Зүүний Ассири Чуулган бол хамгийн анх байгуулагдсан чуулгануудын тоонд зүй ёсоор багтах бөгөөд итгэлийнхээ төлөө амиа өргөсөн олон мартуруудыг төрүүлсэн. Мөн Арабын соёл иргэншилд үлэмж нөлөө үзүүлсэн шинжлэх ухааны зүтгэлтнүүд, сэтгэгч, эмч нар энэ чуулганаас төрсөн байдаг. Харамсалтай нь энэ чуулганы гишүүд эдүгээ хамгийн ядуу зүдүү амьдралыг эдэлж байна.
Ассири Чуулганыг МЭ 5-р зууны үед Константинополийн патриарх байсан Несториус байгуулсан гэж бодогдуулах зүйлийг Арабууд хийсэн байдаг. Тиймээс Несториан гэж эндүү нэрлэх явдал бий. Үнэн хэрэгтээ бол тэр үед уг чуулганы төв нь Бабел хотод буюу Ктесифонд байрлаж байсан бөгөөд патриарх нь Мардад Ешу гэж хүн байсан. Ассири Чуулган анхнаасаа Ромын эзэнт улсад байсан чуулганаас тусгаар байсан тул тэр үед Христологийн талаар гарсан маргаан мэтгэлцээний тухай юу ч олж мэдээгүй байсан юм. Энэ Чуулган 2-р зууны дунд үе гэхэд Антиохын чуулганаас өрх тусгаарлаж эхэлчихсэн байлаа. Ийм тусгаар байдалтай байсан тул Антиохын оролцоогүйгээр тэд патриархаа сонгох, бишопуудаа томилох бүрэн эрхийг эдэлж байсан.
Үзэл баримтлал
Энэ Зүүний чуулган “Никей-Константинополийн онол баримтлал”-ыг барьдаг бөгөөд Даяар Чуулганы эхний 2 Хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрдөг. Нэг, Ариун, Даяар, Элчийн эрхэт чуулган гэж үздэг.
Тэд Эцэг Хүү Ариун Сүнс – Ариун гурвал, нэг Бурханд итгэдэг. Есүс Христийг цогц Бурхан, цогц Хүн гэж үзэх агаад нэг бодгальд 2 мөн чанар, 2 төрхийг агуулдаг гэж үздэг. Христийг онгон Мариас мэндэлсэн гэж үзнэ. Нэг баптисм бий гэнэ, Ариун Сүнс Эцэг Бурханаас мөнхөд үүдэлтэй гэж итгэдэг.
Зовлон хавчлага
Үүсэн бүрэлдсэн цагаасаа эхлэн Ассири Чуулган аль нэг үндэстний гэх боломж гараагүй. Хавчлага, үй олноороо алуулж байсан тул итгэгчид нь үргэлжид аль нэг улсаас нөгөө улс руу зугтан дүрвэсээр иржээ.
No comments:
Post a Comment