Monday, January 09, 2012

Яах вэ?

/Миний бие Үүрдийн гэгээ чуулганы ахлах пасторын үүрэгт ажлыг хүлээн авсан цагаас чуулганыхаа гишүүдэд зориулан олон нийтлэл бичсэнийхээ заримаас та бүхэнтэй энд хуваалцаж байгаа тул зарим асуудлуудыг нийтэд хандаж бичсэн гэж ойлгохгүй байхыг хүсэе. 2008 онд, 2009 онд, 2010 онд бичиж байсан нийтлэлүүд юм. Харин зарим нь үүнээс өмнө 2003-2006 онуудад бичигдсэн.

Жич: Энэ нийтлэлд 2009 оны чуулганы санхүүгийн мэдээлэл байгаа. Бид чуулганы санхүүгийн мэдээллийг 1) чуулганы итгэгчдэд нээлттэй байлгадаг, 2) энэ нийтлэл манай чуулганы итгэгчид аль хэдийнэ үзсэн мэдээлэл, бас энэ талаар залбирч удирдлагатайгаа санал бодлоо солилцдог зүйл, 3) дүүргийн татварын алба болон харъяа байгууллагуудын удаа дараагийн шалгалтад онц сайн үнэлгээтэй гардаг учраас нууцлах хэрэггүй гэж бодлоо. Бусад Монгол Христийн чуулгануудад Үүрдийн гэгээ чуулганы санхүүгийн төлөв байдал, пасторын болон Удирдах зөвлөлийн чиг харааны талаар мэдээлэл болог гэж санасан болно./

——– х ——– х ——— х ———–

Бид хүмүүст Есүс Христ аврагчийн тухай ярихдаа Иохан 3:16-г гаргаад “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ илгээсэн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм” гэдэг ишлэлийг ашигладаг. Хэсэг хугацааны дараа мөнөөх Хүүд итгэлээ гээд зогсох ёсгүй юм байна, цааш нь Сайн мэдээгээ бусдад түгээх ёстой юм байна гэдгийг Матай 28:18-20 “Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа… .” гэсэн ишлэлээс уншаад л явж өгдөг. Тэгээд л за итгэгч хүн ерөөсөө л Сайн мэдээ тарааж байвал боллоо гэж үзэх гэтэл… Бүх юм үүгээр бас зогсохгүй ажээ.

Библи ерөөсөө Иохан 3:16 ч юмуу, Матай 28:20 гээд л дуусдаггүй юм байна гэдгийг итгэгч хүн он цаг өнгөрөхийн хэрээр ойлгодог ажгуу. Үгүй ядаж л, Бурханы Үг болох Библийн судар гэдэг маань Шинэ Хуучин гэрээнд хуваагдсан 66 номоос бүрддэг, 1189 бүлэг, 31103 ишлэлтэй байдаг аж. Тэгэхээр Библийн 1 ишлэлийг цээжлээд, түүгээрээ Бурханыг, авралыг, чуулганыг ойлгож болдоггүй, 1 ишлэлийг тойроод нөгөө 31 мянган ишлэл нь эргэлдэж байдаггүй юм байна гэдгийг ухаарахад итгэгчдэд тодорхой хугацаа шаардагддаг. Есүс Христ Матай 16:16-д хэлэхдээ “Петрийн итгэлийн тунхаг дээр чуулганаа барьж байгуулна” гэж дурдсан байдаг. Тэрхүү чуулган нь Бурханы шинэ гэрээний ард түмэн болох учиртай байлаа. Тэрхүү шинэ гэрээ нь Хуучин гэрээний шууд үргэлжлэл. Хуучин шинэ гэрээнд адилхан үргэлжилдэг энэхүү Бурханы ард түмэн гэсэн ойлголт Хуучин гэрээнд зөвхөн Абрахамаас гаралтай Израиль үндэстнийг зааж байсан бол, шинэ гэрээнд бүх улс үндэстнээс хүмүүс сонгогдож энэхүү ард түмнийг бүрдүүлэх учиртай гэж өгүүлсэн байна. Экклижиа буюу ЧУУЛГАН гэх энэ Грек үг бол ердөө л нэгэн зорилгоор дуудаж цуглуулсан хүмүүсийг л хэлж байгаа юм. Гэтэл хүмүүс болсон юм хойно нийлээд ирэхээрээ дахиад л сайн муу бөөн юм болдог аж. Манай өвгөд дээдэс ч гэсэн олон хүн нийлж цугларахаар яадаг, уг нь ямар байвал зүгээр байдгийг сургасаар ирснийг бид бишгүй л олон сонсож байсан. Жишээ нь одоо, “Хүн ахтай дээл захтай”, “Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр”, “Эвт шаазгай буга барина”, “Арван толгойтой нэг сүүлтэй могойноос нэг толгойтой арван сүүлтэй могой дээр” гэхчлэн нэгдмэл нэг санаатай, бүлсэг, дэг журамтай, удирдлагатай байхын чухлыг заасан сургаал үг олон байдаг шиг, “Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг”, “Хоёр хүн эвтэй бол төмөр хүрээ мэт, 20 хүн эвгүй бол эвдэрхий хэрэм мэт” гээд бас олон хүн нийлэхээрээ эвгүй бол муухай төдийгүй аюултай болохыг сануулдаг.

Тэгэхээр Бурханы зорилгын дагуу дуудагдсан энэ хурсан олон түмнийг эмх цэгцтэй, зохион байгуулалттай, тодорхой бүтэцтэй соёл бүхий шинэ орчинд нийгэмшүүлэхийн тулд Бурхан анхнаас нь элч нарыг Апостолуудыг томилсон байдаг. Тиймээс Апостолуудын сургаал ба эрх мэдэл дээр үндэслэгдсэн чуулгануудад дараа дараагийн үед нь Бурхан бишоп буюу харгалзагч нарыг, үйлчлэгчдийг, ахлагч нарыг томилж, чуулганд гарах алив сүнслэг материаллаг асуудлуудыг шийдвэрлүүлдэг байлаа. Чуулганыг бид энэ өнцгөөс нь харахаар зүгээр нэг хүн-сүрэг биш, харин Эзэнээс газар дэлхий дээр байгуулсан ИНСТИТУЦ гэж ойлгож болно.

Чуулган Христийн институц болохынхоо хувьд, өөрийн гэсэн дэг журам, соёл, харилцааны стандарт, хэв хэмжээ, засаглалыг бий болгосон байдаг. Чуулганд гишүүнчлэл бий, байнгийн үйл ажиллагаа гэж бий. Манай “Үүрдийн гэгээ” чуулганы дүрэмд тусгагдсанаар бол “Христийн сайн мэдээг дэлгэрүүлэх, Библийн сургаалыг заах, ариун ёслолуудыг гүйцэтгэх, төрөл бүрийн үйл ажиллагааг эрхлэн явуулах, ном судар эрхлэн гаргах, аж ахуй эрхлэх” гэх мэтээр үйл ажиллагааны үндсэн чиглэлээ тодорхойлсон байдаг. Ийм ажлуудыг хийхэд, ийм институцийг авч явахад санхүү зайлшгүй шаардлагатай болдог. Удирдлага байгаа бол захиргааны зардал гарна, ажил явагдаж л байгаа бол үйл ажиллагааны зардал гарна, чуулган өөрийн гэсэн байр савтай, эд аж ахуйтай бол байрны зардал, улсад бүртгүүлсэн бол татварын зардал гээд өч төчнөөн хэдэн саяар тоологдох зардлууд гарч эхэлдэг. Ингээд би энэ удаа чуулганы санхүүгийн талаар бичихээр шийдлээ.

Библид юу гэж заасан байдаг юм бэ?
Өргөл гэж юу вэ?
Энэ бол Эзэн Бурханыг хөрөнгө баялагаараа эмээн хүндэлж буйгаа илэрхийлэх зан үйл юм. Эрт цагт хүмүүс мал амьтан, өргөл барьц эд агуурс өргөдөг байсан бол, эдүгээ цагт бэлэн мөнгөний эдийн засагт шилжсэнээс хойш өргөлийг ихэвчлэн мөнгөн хэлбэрээр хийдэг болсон. Бидний олох орлого болгон Бурханаас ирдэг гэж итгэдэг тул бид Түүнд зөвхөн дуу хоолойгоороо магтаал хүндлэл өргөөд, авъяас чадлаараа үйлчлээд зогсохгүй, орлогоороо Түүнд мөргөл хүндлэл өргөж болдог. Үүнийг Эзэн Библид тушаасан.

Ямар хандлагаар Эзэнд өргөх ёстой вэ?
- Бүхий л эд баялаг, боломж, амьдралын сайн сайхан болгон Эзэнээс ирдэг гэж итгэдэг итгэлээр өргөдөг. /Иов 1:21; Дуу 24:1; Хаг 2:8/
- Эзэн Бурханаас надад олгосон бүхнээс дээжийг нь буцаан талархсан сэтгэлээр өргөдөг. /Лев 27:30/
- Өргөхдөө албадлагаар дурамжхан бус, чин сэтгэл ба хайрын илэрхийлэл болгож, Эзэнийг эмээн хүндлэх байдлаар өргөдөг. /2Ко 9:7; Сур 3:9/
Эзэн Есүс сүмд өргөл өргөсөн хүмүүсийн дотроос ядуу бэлэвсэн эмэгтэйн сэтгэлийг сайшаасан байдаг /Лк 21:1-4/. Бага ч гэсэн сэтгэлээрээ өгсөн гэдэгтээ биш, харин тэр эмэгтэйд байсан хоногийн хоолныхоо мөнгийг харамлалгүйгээр Эзэнд өргөсөн сэтгэлийг нь энд хэлээд байгаа юм. Тэрнээс, түрийвчнээсээ ёс болгож 50 төгрөг өргөлийн хайрцагт хийчихээд “найз нь сэтгэлээрээ шүү” гээд байдаг хуурамч хандлагын тухай энд өгүүлээгүй.

Өргөл юунд зориулагддаг вэ?
- Эзэний үйлчлэлд буюу Чуулганы (институц) явуулж буй үйл ажиллагаа, санхүүгийн хэрэгцээнд зарцуулагддаг. /Мал 3:8-12/
- Эзэний сүмд, үйлчлэгчдийг хоол ундтай байхад буюу Эзэний чуулганд тусгайлан бэлтгэгдсэн үйлчлэгчдэд зориулагддаг /1Ко 9:9-12; 1Тим 5:17-18/
- Чуулганы илгээлт болон ядуу буурай хүмүүст зарцуулагддаг. /Иак 1:27/

Хуучин гэрээний цаг үед мал амьтны тахилыг болон Аравтын өргөлийг онцолдог байлаа. Библийн ариун Бурханд хүн ойртон очихын тулд нарийн зааварчилгаатай тахилын бүхэл бүтэн системийн дагуу өргөл өргөдөг, гэм нүглээ цайруулдаг байлаа. Заасан тусгай сүмд тахилчдын оролцоотойгоор энэ бүхэн гүйцэтгэгддэг байж. Тухайн сүмийн болон тахилчдын Леви овгийнхныг тэжээхийн тулд Эзэн Израильчуудыг бүх орлогынхоо Арван хувийг татвар болгон авчрах ёстой гэж тушаасан байлаа. Эндээс Аравтын өргөлийн ойлголт бий болсон гэж ойлгож болно. Энэ өргөл тахилын систем Израильчуудын амьдралын бүхий л салбар нэгжид хамааралтай хууль цааз байсан.

Шинэ гэрээ, аравтын өргөлийг албадлага маягаар шаардахаа больсон ч, Эзэнд өргөх өргөлийн үндсэн зарчмыг өөрчлөөгүй юм. Харин ч Паул хэлэхдээ, бид ямар нэг юмныхаа тодорхой хувийг өргөдөг байх биш, бид өөрсдөө 100 хувь Эзэнд өргөл болж амьдардаг байх ёстой гэж хэлсэн байдаг. /Ром 12:1-2/ Учир нь Эзэн Бурхан бидний төлөө, биднийг аврахын төлөө Өөрийгөө бүхлээр нь 100 хувь үхэлд хүртэл тушаасан билээ. Шинэ гэрээний 1Коринт 16-р бүлгийн эхэнд тухайн үеийн чуулган долоо хоног бүр уулзахдаа өргөл хандив өргөсөөр байсныг, 2Коринт 8, 9-р бүлэгт энэхүү өргөлийн хандлага, зориулалтын тухай Паул элч тодорхой хэлсэн байдаг. Зарим Библийн судлаачид Шинэ гэрээний чуулган Аравтын өргөл авах ёсгүй гэж хэлдэг ч, дийлэнх чуулганууд энэ өргөлийг авдаг. Бас олон итгэгчид Эзэнд Аравтын өргөлийг өргөхдөө баяртайгаар, урамтайгаар өгсөөр ирсэн. 2000 жилийн туршид ийм л итгэгчдийн харамгүй өргөл хандиваар Христийн сайн мэдээ бүх тивд, бүх улс үндэстэнд тархах боломжтой болж, шинэ шинэ чуулганууд бий болсоор ирсэн. Бид Эзэнд хайртай, тиймээс магтан дуулъя гэдэг, Эзэний үгээс чимээгүй цаг хийе гэдэг, Эзэнтэй яръя залбиръя гэдэг. Зарим нь сэтгэл нь шатаад чуулганд үйлчлэе гэдэг, бид авралын зараар явъя гэдэг, эсийн бүлэг удирдая гэдэг. Болж байна, сайн байна. Харин та Эзэнийг эд хөрөнгөөрөө, олсон орлогынхоор тодорхой хувиар хүндэлж чадах уу? Та үнэхээр мөнгөнөөс илүү Эзэнд хайртай юу? Матай 6-р бүлгийн 24-р ишлэлд Есүс ингэж хэлсэн:
Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцнэ. Та нар Бурхан болоод эд баялагт хоёуланд нь зэрэг үйлчилж чадахгүй… .
Бид Эзэнд өргөж чадахгүй, мөнгийг тэргүүнд тавиад харамлаад, харамсаад байна уу? Эзэнд өргөгтүн, Тэр яаж ивээдэг болохыг амсаж үз гэж Эзэн айлдсан. Итгэж чадахгүй байвал, туршаад үз гэж Малахи номын 3:10 “Миний өргөөнд хоол хүнс байхын тулд бүхий л аравны нэгээ агуулахад авчир. Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгах эсэхийг Намайг одоо үүгээр шалга” гэж айлдсан тэр Эзэн өнөөдөр ч амьд байна.

Бид Эхлэл 32-р бүлэгт, Иаковын Бурхантай зууралдан барилдсан түүхэнд гардагчлан “Та намайг ерөөхөөс нааш таныг явуулахгүй” гээд Эзэнээс зуурдаг Иаков шиг тийм зантай баймаар байна. Санхүү хэцүү байсан ч, Эзэнд өргөлөө итгэмжтэйгээр өргөөд, өөрт үлдэх 90 хувийг маань өсгөж, 30, 60, 100 дахин өсгөж өгөөч хэмээн зууран залбирах тийм итгэгчид төрмөөр байна. Бүр тавихгүй зуураад, ерөөлийг хүсэн залбирсаар, хөдөлмөрлөсөөр зүтгэсээр баймаар байна. Эзэн бол Хангагч Эзэн билээ.

Бид Шастирийн дээд 4-р бүлэгт, зовлон гамшгийн үүр уурхай болсон Иабез яаж ах дүүсээсээ илүүгээр хүндлэгдэж ивээгдэх болсон тэрхүү түүхийг уншихдаа, Иабезийн залбирлыг харахдаа, түүн шиг Бурхан бидний хүслийг гүйцэлдүүлэх болно гэсэн тийм итгэлийг өвөрлөмөөр байна. Эзэн бол Итгэлийн Зохиогч билээ.

Библийн итгэлийн баатрууд болох Иосеф шиг, Даниел шиг бид юу ч хийсэн тэр нь амжилт олж, эргэн тойронд байгаа хүмүүс ах дүүс, хамаатнууд маань биднийг ерөөгдсөн гэж дуудаж, бидний ивээлийн үндэс болсон Эзэнийг таньж мэдэх гэж уралдан гүйх тийм цаг үеийг бид үзмээр байна. Эзэн бол Дэд хууль 28:1-14 айлдсанчлан:
Хэрэв чи өөрийн Бурхан Эзэнд дуулгавартай байж, миний өнөөдөр чамд тушааж буй Түүний бүх тушаалыг хичээнгүйлэн дагаж мөрдвөөс, ЭЗЭН Бурхан чинь чамайг газар дэлхий дээрх бүх улс үндэстнээс илүү өндөрт тавина. Хэрэв чи өөрийн Бурхан Эзэнд дуулгавартай байвал эдгээр бүх ерөөл чам дээр бууж, чамд хүрнэ. Чи хотод ч ерөөгдөнө, хөдөөд ч ерөөгдөнө. Биеэс чинь төрөх үр хүүхэд, газрын чинь ургац, мал амьтдын чинь төл, үхэр хонины чинь төл ерөөгдөнө. Чиний сагс талх исгэдэг сав ерөөгдөнө. Чи орохдоо ч ерөөгдөнө, гарахдаа ч ерөөгдөнө.

Чиний эсрэг босох дайснуудыг ЭЗЭН чиний өмнө ялагдахад хүргэнэ. Тэд чам руу нэг замаар довтолж, чамаас долоон замаар зугтана. ЭЗЭН чиний тариа будааны агуулах, чиний гар оролцох бүх зүйлд ерөөл айлдана. ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй тэр газарт Тэр чамайг ерөөнө. Хэрвээ чи ЭЗЭН Бурханыхаа тушаалыг сахиж, Түүний замаар явбаас ЭЗЭН чамд тангарагласан ёсоороо чамайг Өөрийн ариун ард түмэн болгон байгуулна. Тэгвэл чамайг ЭЗЭНий нэрээр дуудагдсан болохыг газар дэлхий дээрх бүх ард түмнүүд хараад, чамаас айх болно. ЭЗЭНий чамд өгөхөөр чиний өвөг дээдэст тангарагласан газар дээрээ чиний эд хөрөнгийг, биеэс чинь төрөх үр хүүхэд, малын чинь төл, газрын чинь ургацыг арвин болгоно. Газар дээр чинь цаг улиралд нь хур бороо оруулж, гарын чинь аливаа ажил үйлсийг ивээхийн тулд ЭЗЭН чиний төлөө огторгуйн сайхан сан хөмрөгөө нээнэ. Олон үндэстэн чамаас зээлнэ. Харин чи зээлэхгүй. Хэрэв миний өнөөдөр чамд тушааж буй ЭЗЭН Бурханыхаа тушаалыг чи сахин үйлдэхийн тулд тэдгээрийг сонсвол ЭЗЭН чамайг сүүл болгохгүй, тэргүүн болгоно. Чи доор орохгүй ямагт дээр нь байна. Өнөөдөр миний та нарт тушааж буй аливаа үгнээс баруун тийш ч, зүүн тийш ч хазайж, өөр бурхдад үйлчлэхээр дагаж болохгүй.

Энэ ерөөл таных байх болтугай. Итгэлээр энэхүү ерөөлийг өвлөн авахыг хүсэгч хэн боловч үүнийг уншихдаа “Амен” гэж хэлэг.

“Үүрдийн гэгээ” чуулганы байдал
Манай чуулганы тухай ярихаасаа өмнө би “Чуулган төрөлт”-ийн тухай хэдэн үг хэлмээр байна. Өчилийн эхэнд, итгэгчид зөвхөн Сайн мэдээ ярих нь Бурханы ажил гэж ойлгодог тухай хэлсэн. Гэтэл Христ бидний төлөө нас бараад Сударын дагуу дахин амилсан, Түүнд итгэгч нь мөнх амьтай гэх энэхүү Сайн мэдээг хүлээн авсан хүмүүс маань нэгдэн нийлж Христийн биеийг бүрдүүлэх ёстой байдгийг би тэнд дурдсан байгаа. Тэр нутгийн чуулган нь Христийн дүр төрхөөр өөрчлөгдөж, нийгэмдээ эргэн тойрондоо гэр бүлдээ улс орондоо өөрчлөлтийг авчрах Бурханы хаанчлалын гишүүд байх ёстой гэдгийг би дурдсан. Тэр чуулган төлөвших ёстой, бие даасан чанарыг агуулсан байх ёстой. Ингэхдээ хөгжлийн хэд хэдэн үеийг туулдаг. Үүнд:
• Үйл ажиллагааны хувьд, бие даасан тогтвортой хөгжил
• Удирдлагын хувьд, бие даасан тогтвортой хөгжил
• Санхүүгийн хувьд, бие даасан тогтвортой хөгжил
• Онол теологийн хувьд, бие даасан тогтвортой хөгжил
1. “Үүрдийн гэгээ” чуулган 1992 онд байгуулагдсан цагаасаа хойш, үйл ажиллагаа буюу авралын зар тараах, цуглаан мөргөлийн үйл ажиллагаа, ариун ёслол, айлчлал, энэрлийн үйлс концерт драм гээд чуулганд зайлшгүй явагдах, хийгдэх ёстой ажлуудыг Монгол итгэгчид, ахлагч удирдагчид хангалттай сайн хийж ирсэн. Авралын зар тарааж чадахгүй байна, цуглааныхаа магтаалыг удирдаж чадахгүй байна гээд гадаадаас хүн урьж байсан тохиолдол бидэнд байхгүй.
2. Манай чуулган анхнаасаа Монгол ажилчидтай байсан. Чуулганы Монгол ажилчид болон эсийн бүлгийн ахлагч нар цөм Монголчууд байлаа. Чуулганы ахлагч, туслагч нарыг Монгол хүнээр томилдог байсан. Ямар ч миссионер өөр улс оронд чуулган байгуулаад, тодорхой хугацааны дараа нутгийн удирдлагыг гаргаж ирэх ёстой байдаг. Энэ бол Библийн зарчим. 2003 оныг хүртэл энэ чуулганд ахалж удирдаж байсан олон Монгол удирдагчид тусдаа цуглаан байгуулж гарч байсны нэг том шалтгаан бол тухайн үед чуулганыг удирдаж байсан гадаад хүн болон монгол ахлагчдын хооронд чуулганыг хэрхэн удирдаж авч явах тал дээр үзэл бодол зөрүүтэй байснаас болдог байсан. 2003 оны сүүлээр чуулганы монгол ахлагч нар, ажилчид манай чуулганыг тухайн үед удирдаж байсан хүнтэй үзэл бодол таарахгүй болсон учраас нутгийн чуулганы удирдлагыг Монголчууд гартаа авч, тэр цагаас эхлэн Удирдах Зөвлөлөөр чуулганы дээд эрхийг барьдаг болсон. Тэр цагаас хойш манай Монгол пастор, ахлагч нар, Удирдах зөвлөлийн гишүүдэд алдсан зүйл ч олон бий, оносон зүйл ч олон бий. Ямартай ч байсан өнөөдрийг хүртэл энэ чуулганыг удирдлагаар хангаж, зааж чиглүүлж, үүрч дүүрсээр ирсэн. Алдаан дээрээсээ суралцсан, хатуужсан, асуудлыг хооорондоо яриад шийдсэн, залбирсан, цаг заваа үүнд зориулсан. Өнөөдөр ч гэсэн бид энэхүү зарчмыг үргэлжлүүлэн барьсаар байна. Сатан монголчуудыг Христийн чуулганыг удирдаж чадахгүй гэж басаж байсан байж магадгүй юм, алдахыг нь хүлээж байсан байж болох юм. Харин өнгөрсөн жилүүд Бурханы Сүнс монголчуудаар дамжуулан чуулганыг удирдаж чадна гэдгийг гэрчлэн харуулсан юм. Өнгөрсөн жилүүд бидний алдаагаар биш, харин биднийг өдгөө хүртэл урамшуулан босгож урагшлуулсаар байгаа Бурханы нигүүлслээр хэмжигдсэн. Хэн Бурханы сонгосон хүмүүсийг буруутгах вэ? Бурхан нь зөвтгөгч нэгэн мөн. Ялладаг нь хэн юм бэ? Христ Есүс нь үхээд, бүр амилуулагдсан, Бурханы баруун талд байдаг, бидний төлөө зуучлан гуйдаг Нэгэн юм. /Ром 8:33-34/ “Үүрдийн гэгээ” чуулганд эсийн бүлгээс авхуулаад чуулганы пасторуудын эгнээнд, Удирдах зөвлөлд үйлчилсээр ирсэн олон олон эх орон нэгтнүүддээ, итгэл нэгт ах эгч дүү нартаа би хувиасаа талархмаар байдаг. Сатан бидний унахыг хүлээж бах таваа хангахыг хүсэж байсан, харин бидний итгэдэг Эзэн итгэмжтэй. Тэр биднийг Сатаны элэг доог болгоогүй, бидний мууг үзэхийг хүссэн хүмүүсийн хэл амны зугаа болгоогүй. Бид Монгол газар нутагт байгаа нутгийн чуулганы хувьд, нутгийн хүмүүсээр удирдуулсан чуулганыг төлөвшүүлж чадсан.
3. Санхүүгийн хувьд, 2003 оноос хойш бид хангалттай чардайж амьдарч байна. Эх орон маань хөгжил буурай, ард түмний маань амьдрал ядуу зүдүү. Гадны тусламж, санхүүгийн дэмжлэгт шүтэхийг урьтал болгоогүй жинхэнэ Монгол чуулган болохынхоо хувьд манай “Үүрдийн гэгээ” ч гэсэн халгиж цалгиад байгаа юм алга. “Үүрдийн гэгээ” чуулган бол ашгийн байгууллага биш, компани биш. Жил болгон татварын өрөө төлөх гэж, ажилчдын цалингаа тавих гэж ардахаараа урдахаа нөхөж өнөөгийн Монгол айлын санхүүгийн дүр зураг ямар байгаа вэ түүнчлэн явж байна. 2003 оноос өмнө Хуан багшийг удирдаж байх тэр үед ямар нэгэн үйл ажиллагаанд, татвар торгууль дээр мөнгө дутвал багшаас гуйдаг, багшийн кармаанаас ч мөнгө нь олддог байлаа. Гадаадын хүнийг чуулганыхаа удирдлагад байлгахын нэг ашигтай тал нь энэ. Дараа нь тодорхой хэмжээнд Маркус багшаас санхүүгийн дэмжлэг авдаг боллоо. 2009 оноос эхлээд бид яг өөрсдийнхөө бодит хөрсөн дээр унаж байна. Бодит санхүүгийн чадавх, дотоод нөөц бололцоо маань ямар вэ гэдгээ харж байна. Итгэгч Монголчууд маань өргөлөөрөө чуулганаа аваад явж чадах нь уу? Бид өөрсдийгөө итгэлээр төлөвшсөн гэж үзэж байгаа бол, тэр хэмжээгээрээ Эзэнд өргөж чаддаг, Христийн бие болсон чуулганыг хайрладаг, хариуцлага үүрдэг, залбирдаг, үйлчилдэг тийм хүмүүс болж төлөвшиж үү? Эсвэл шүүмжлэгчид, танхайрагчид, сагсуурагчид, амиа хичээгч, чуулганыг үл хайрлагч, хов жив хутгагчид, өө сэв хайгчид, гомдоллогсод болж уу? Энэ чуулган өвчинтэй байна, энэ нь ч болохгүй байна, тэр нь ч болохгүй байна гээд муулж муулж хаяад явагчид болж уу? Бид санхүүгийн хувьд босож ирэхийн тулд чуулганы итгэгчдийн сүнслэг орчин эрүүлжээсэй. Чуулганы төлөө гэсэн халуун сэтгэлтэй бизнес эрхлэгчид, санхүүгийн батлан даагчид манай чуулганд төрөн гараасай. Энэ чуулганд 100 хүн сард 500,000-1,000,000 төгрөгний орлого олдог, тэрнийхээ Аравтыг итгэмжтэйгээр өргөдөг байлаа гэхэд 5-10 сая төгрөгийг бүрдүүлэх боломжтой. Манай чуулганы итгэгчдийн дотроос хэдхэн хүн санаа нийлээд Хүүхдийн цуглааны жилийн үйл ажиллагааны зардлыг батлан даах боломж бий гэж би итгэдэг. Сар тутамд хийдэг хүүхдийн багш нарын цуглаанаас авдаг дэмжлэгийн 15,000 төгрөгийг нь даах ч юмуу, уулзалтыг нь гэртээ хийлгээд ивээх тийм итгэгчдийг төрж гараасай гэж би ямар их хүснэ вэ? Бид гадаадын хүнээс, байгууллагаас, чуулгануудаас мөнгө авч болноо. Энэ амархан. Бид тэр мөнгөөр том том үйл ажиллагаа явуулаад, бүх юм сайхан байна хөгжиж байна гэж ярьж болноо. Чуулганы ажилчдын цалингаа нэмж чадахгүй санхүүгийн хүнд байдалд байхад нэг пастор маань гадаадаас санхүүжүүлэгч олъё л доо гэж байлаа. Би зөвшөөрөөгүй. Үүнээс болж тэр хүн надад дургүй болсон байх. Яагаад? Манай монголчууд эртнээсээ нааш материаллаг баялаг бүтээдэггүй, бэлэн мөнгөний харилцаанд төдийлөн суралцаагүй нүүдэлчин удамтай улс. Тэр чигээрээ байсаар байгаад Манжийн үетэй золгосон. Монгол ноёдыг хамгийн амархан эрхэндээ оруулах арга нь бэлэг сэлт, шан харамж, зоос өгөх явдал байж. Өөрсдөө бөндгөрөө ажиллуулж хоёр гараа хөдөлгөж баялаг бүтээх тийм сэтгэлгээ манайханд хомс, харин хүнээс мөнгө аваад амархан баяжаад жаргах хүсэлтэй хүн олон. Энэ л зангаасаа болж Манжийн явуулгад автаж ах дүүс бие биенээ худалдаж, хоорондоо дайтаж эвдрэлцсэн. Хөндлөнгийн хүний зууш болсон. Эцэст нь бид ядуу хэвээрээ үлдсэн. Монгол улс Социализмын сүүлийн 30 жилд ЗХУ-аас 9 тэрбум рублийн зээл авсан, бас буцалтгүй тусламж авсан. Бид зээл аваад, тусламж аваад ард түмний амьдрал сайн байна гэж хөгжиж байна гэж дуулсаар ирсэн. Харин тэр суваг хаагдахад Монгол хүнд юу үлдэв, ямар сэтгэлгээ үлдэв? Бид бэлэнчилж сурчээ, бид хариуцлагагүй үрэлгэн байж сурчээ. Бид хэрээ мэдэхгүй цамаан байж сурчээ. Бид том том ярьж сурчээ. Гэртээ идэх талхгүй, хүн ороход аятайхан суучих сандалгүй мөртлөө, ганган утас гоё машин барьж сурчээ. Бид ажил голоод, цалин голоод сурчихжээ. Бидний голсон ажлуудыг Хятадууд орж ирээд хийж байна. Биднийг саятан болох юмсан гээд санаашраад хэвтэж байх зуур тэд өдөр шөнөгүй зүтгээд, мөнгөө хуримтлуулаад дансандаа сая сая төгрөгтэй болчихож. Бид залхуу, бид чалчаа, бид юу ч сураагүй байна. Энэ бол өнөөгийн Монголын дүр зураг. Бурханы Сүнсээр өөрчлөгдөж байгаа, Христийн сургаалаар хүмүүжиж байгаа гэсэн итгэгчид энэ Монголд ямар шинэчлэлийг авчрах гэж байна вэ? Над дээр 2 жилийн өмнө нэг итгэгч залуу ирээд гэр бүл нь салж сарних гээд байна гээд уйлан алдаад ярьлаа. Өөрийг нь эхнэр нь тоохгүй байна гэнэ. Чи юу хийдэг юм бэ гэж асуулаа. Группэд байдаг гэж байна, цааш нь ухаад ярилцсан чинь тийм ч ноцтой өвчин биш. Хөдөлмөрийн бүрэн чадвартай мөртлөө, арын хаалгаар бичиг хийлгээд авчихсан. Тэгээд группын хэдэн төгрөгөндөө сэтгэл хангалуун болоод байдаг гэнэ. Үхдэг ч үгүй, сэхдэг ч үгүй. Зүгээр л өдрийн хоолтой учраас амьдралд тэмцэл байхгүй. Хайран залуу. Над дээр дахин ирээд уулзлаа. Бас л сэтгэл санаа хүнд байна, залбирч өгөөч гээд л гоншигноод… Би тэр залууд ингэж хэллээ. Хэрвээ чи ажил хийхгүй, гэр бүлээ эр хүн шиг тэжээхгүй, хоёр гараараа хоолоо олж идэхгүй, тэгсэн атлаа Библи сүнс яриад гоншигноод ирэх юм бол би чамайг хүлээж авахгүй шүү гэсэн. Бодвол гомдсон биз, цуглаанд дахиж үзэгдээгүй. Өнөөдөр олон чуулган пасторууд Монголын төлөө гээд л амаа цууртал ярьдаг. Харин энэ ард түмний сэтгэлгээнд нь амьдралд нь гүн гүнзгий нэвчсэн энэ мэт ядуурлыг өөрчлөхгүйгээр, дахиад л чуулганууд нь пасторууд нь гадаадаас доллараар цалинжаад л, гоё сайхан сургаал яриад л эхэлчихэвэл, бид итгэдэггүй монголчуудаас юугаараа ялгарч байгаа юм бэ? Бид орчин үетэйгээ хөл нийлүүлж чадах хариуцлагатай, хөдөлмөрч, зорилготой, ухамсартай, ухаантай итгэгчдийг төлөвшүүлэн бий болгохгүйгээр яаж “Монголын нийгэмд тэргүүлэгч Христийн дагалдагчдыг” төрүүлэх гээд байгаа юм бэ? Эсвэл гадны хөрөнгө мөнгөнд дулдуйдаж энэ ард түмнийг ядуугаар нь далимдуулж хэрэгцээгээр нь шашин шүтлэгтээ оруулах гээд байна уу? Мөнгө төгрөгөөс нь болж гадныхны улыг нь долоох шахан бөхөлзөх атлаа, эх орон нэгтэндээ болохоор эр бар загнадаг доорд үздэг энэ ертөнцийн ялгаварлах үзлийг бид Христийн чуулгануудад, гадаадын гэсэн тодотголтой байгууллагуудад ч гэсэн харсаар байгааг юу гэх вэ? “Үүрдийн гэгээ” чуулган санхүүгийн хувьд бие даасан тогтвортой хөгжлийн замыг сонгосон. Бидний хувьд, манай Монголчуудын санхүүгийн үзэл санаа нэн тэргүүнд өөрчлөгдөх ёстой. Бид хариуцлагатай болж төлөвших ёстой. Эзэнд өргөдөг, улам илүү их санхүүгийн ивээлийг авахын төлөө бөндгөрөө ажиллуулдаг, залбирдаг, зүтгэдэг байх ёстой. Бид авсан ивээлээсээ бусдад ивээл болох ёстой. Эзэнд өргөж, бусдыг ивээж, чуулганыг батлан даах чадвартай байхын тулд та баян байх ёстой, баян байхын тулд та хөдөлмөрлөх ёстой. Ингэж оюун санаа нь шинэчлэгдсэн монголчууд олон болохын хэрээр Монгол улс маань өөдлөн дэвжинэ, эрүүл саруул бизнесийн орчин бий болно. Монгол улс гадаадын зээл тусламжид шүтэн амь зогоодог биш, харин хүч хөдөлмөрөөрөө, Эзэн Бурханы ивээлийн доор хүчирхэг эдийн засагтай улс болох болно. Библийн Номлогчийн Үгс 9:10а “Гар чинь юуг хийхээр тэмүүлнэ, түүнийг бүхий л чадлаараа хийгтүн”.
4. Онол теологийн хувьд, энэ оноос 2010 оноос миний бие Үндэсний чуулганы үзэл баримтлал, онол сургаалыг бий болгох цэгцлэх тал дээр илүү ажиллах санаатай байна. Бичье гэж бодсон зүйл олон байна, гэвч тэр болгон санаагаар гарч өгөхгүй, цаг зав болохгүй зовлон бас байна. Чуулганы баримтлах итгэлийн тунхаг, бүтэц, мөргөл, ариун ёслол, литург, түүх, институц, нэршил гээд бичих томъёолох зүйл их байна. Өнгөрсөн хугацаанд хангалттай хуучин тогтолцоотой зууралдлаа, эрүүл галзуу нь мэдэгдэхгүй гүжир гүтгэлэгтэй хутгалдлаа, цаг хугацаа ч алдлаа. Та нар энэ талаар залбирч өгөөрэй. Өнөөдөр чуулганууд амжилттай байх тухай ярихаараа дандаа сайн менежмэнтийн тухай ярьж байна, энэ учир дутагдалтай. Менежэрүүд бол хамгийн прагматик хүмүүс байдаг, тэдний дээр чиглүүлж залах сэтгэгчид гарч ирэхгүй бол Монгол Чуулган оюуны-сэтгэлгээний ядууралд хоосролд орно. Тийм учраас Үүрдийн гэгээ чуулган энэ алхмыг хийхийн тулд энд зогсож байгаа юм.

Чуулганы санхүү, тоо баримтууд
2007 оны сүүл, 2008 оны эхээр намайг “Үүрдийн гэгээ” чуулганы тэргүүн пасторын албыг хүлээн авах үед манай чуулган нийтдээ 19 ажилтантай байсан. Дийлэнх нь хагас цаг, гар дээрээ авдаг нь бага. Өнгөрсөн 2 жил гаруйн хугацаанд үндсэн ажилчдын тоог 12 болгож цомхтгосон. Одоо санхүү, жижүүр, үйлчлэгчийг эс тооцвол бусад бүх ажилтнууд хагас цагаар ажиллаж байгаа. Олон ажилтанд хүртээмж муутай цалинг цөөн ажилтанд хүртээмжтэй байхаар зохицуулахыг зорьж ирлээ. Бид ийм арга хэмжээг эрт аваагүй байсан бол, сүүлийн 2-3 жилд бий болсон инфляцийн түвшинтэй уялдуулан цалингийн фондоо яаж өсгөх байснаа мэдэхгүй байна. Инфляци зөвхөн сүүлийн 1 сард 2,5 хувьд хүрсэн мэдээ байгаа. Монголын төр засгийн явуулж байгаа эдийн засгийн буруу бодлого ард түмний амьдралд хүнд тусаж байна, манай итгэгчдийн санхүүд ч нөлөөлж байгаа. “Үүрдийн гэгээ” чуулганд удирдлагын түвшинд болон хүмүүсийн хоорондын харилцаанд бий болсон хямралыг 2006 оноос хойш бид туулсаар байна. Хамгийн хүнд цаг үеэ давсан гэж би ойлгож байгаа. Гүтгэлэг, хов жив, цуурхал, хуваагдал, үл итгэлцэл манай чуулганы гишүүдийн тоон ирцэд ч нөлөөлсөн, өргөлд ч маш ихээр нөлөөлсөн. Өргөлийн хэмжээ 30 хувь буурсан. Гэтэл өргөл буурлаа гээд гардаг зардлууд буураагүй. Энэ бол зөвхөн манай чуулганд нүүрлэсэн хямрал биш, манай Монголын томоохонд тооцогддог нэгэн чуулганы өргөлийн хэмжээ 40 хувиар буурсан гэж би сонссон. АНУ-д энэ талаар гарсан статистикт бас буурсан үзүүлэлт байгаа. Гэхдээ манайд хүнд туссан зүйл нь Дэлхийн эдийн засгийн хямрал-бэлэн мөнгөний хомсдол, чуулганы сүнслэг хямрал нэг цаг үед давхцсанд байгаа юм.

Манайд гардаг нэг том зардал бол байрны эд аж ахуй, дулаан цахилгааны урсгал зардлууд. Өнгөрсөн онд бид цахилгаанд 2,100,000 МНТ, дулаанд 3,200,000 МНТ, усанд 1,500,000 МНТ төлсөн. Үүн дээрээс нэмээд улсын татварын зардал асар өндөр байдаг. Бид газрын татвар 1,500,000 төгрөг, НДШ 7 сая гаруй гээд зардал сая саяараа урсдаг.

Нийт зардлыг багцалбал:
Захиргааны зардал 35 491 762,80 40
Чуулганы үйл ажиллагааны зардал 18 190 138,66 21
Барилга ашиглалтын зардал 13 667 326,00 15
Нийт татварын зардал 10 067 425,73 11
Үйл ажиллагааны бус зардал 542 680,00 0,6
Нийт элэгдлийн зардал (энэ бол бодит бус зардал) 10 276 306,00 12,4
Чуулганы нийт зардал 88 143 570,12 100%

Гэтэл манай чуулганы орлого юунаас бүрддэг вэ?
• Итгэгчдийн өргөл
• Байрны түрээс
• Гадаадаас орж ирэх хандив

Бидэнд гадаадаас орж ирэх хандив байхгүй байгааг та дараах хүснэгтээс харж болно. Гадаадаас чуулган мөнгө төгрөгний туслалцаа авах биш, харин манай итгэгчид, үйлчлэгчид өөрсдөө хувиараа янз бүрийн бизнес эрхлээд, үйлчлэл хийгээд түүндээ гаднаас санхүүжилт олбол сайн байна. Ингэвэл хувь итгэгчид чадварждаг, ивээгддэг, амьдрал ахуй орлого нь дээшилдэг. Үүнийг би “Үйлчлэлийг хувьчлах” гэж нэрлээд байгаа юм. ИТГЭГЧ БАЯН БОЛ ЧУУЛГАН БАЯН. Манайхнаас бизнес эрхлэгчид, хуульчид, багш нар төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс аж ахуй эрхлээд, төсөл бичээд түүндээ гадаадын Христэд итгэгчид, чуулган байгууллагуудаас санхүүжилт олох хэрэгтэй байна, тийм чадвартай баймаар байна. Тэгэхээр мөнгөний урсгал сүм чуулганаар дамждаг биш, харин итгэгчдээр дамждаг, тэр итгэгчид маань чадваржиж, хөрөнгөлөг болохын хэрээр чуулганаа дэмждэг баймаар байна. Чуулган ядууст туслахгүй байна, чуулган надад мөнгө өгсөнгүй гээд хараадаг биш, харин тэр хөрөнгөлөг чадвартай үндэсний Христитгэлтнүүд маань нийгмээ эрүүлжүүлэх талаар дорвитой ажилладаг, нийгмийн эмзэг бүлгийнхэнд итгэлийн гараа сунгадаг баймаар байна. Ийм хувь итгэгчидтэй чуулган бол хүчирхэг чуулган. Өнгөрсөн оны орлогыг хувилбал ийм дүн харагдана:

ОРЛОГЫН ӨРГӨЛ ДҮН ЭЗЛЭХ ХУВЬ
1 АРАВТЫН ӨРГӨЛ 18 624 119,00 24%
2 ТАЛАРХЛЫН ӨРГӨЛ 9 218 587,50 12%
3 БУСАД ХАНДИВ 10 979 303,07 14%
4 БАЙРНЫ ТҮРЭЭС 35 685 862,25 46%
5 БУЦААСАН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОРЛОГО 102 600,00 0%
6 БУСАД ОРЛОГО 2 602 975,35 3%
НИЙТ ДҮН 77 213 447,17 100%

Манай чуулганы онцлог гэж хэлж болохуйц хоёр том ололт байна: 1. Манай чуулган байраа түрээслэдэг, 2. Пастор үйлчлэгч нар маань хагас цагийн үйлчлэгчид.

1. Чуулганы байрыг түрээслэдэг нь яаж байгаа юм бэ?
Чуулган гэж юу юм бэ? Чуулган бол манай итгэгчид юм. Чуулганы байр байшин гэдэг бол чуулган бишээ. Энэ байрыг яах гэж барьсан гэхээр итгэгчид маань цугларч мөргөлөө хийдэг өөрийн гэсэн байр савтай байлгах гэсэн санаа. Өнөөдөр бид дулаахан тохилог өөрийн гэсэн байр савтай байгаадаа баярлах хэрэгтэй. Үүнийг ухаалаг нярав шиг авч явах, тордож засаж байх хэрэгтэй. Манай байр анх баригдахад хийсэн нэг ухаалаг арга хэмжээ бол байртай холбоотой зардлуудыг нөхөх болон чуулганы санхүүжилтийн нэг эх үүсвэр болгох гэж анхнаас нь түрээсэлж эхэлсэн явдал юм. Энэ түрээсийн үйл ажиллагаа манай чуулганы санхүүд асар их түлхэц нэмэр болж ирсэн. Түрээсийн бодлого анхнаасаа зөв байсан. Түрээсийн орлогыг чуулганыг дэмжихэд ашиглах гэсэн энэ санаа бол маш мэргэн ухаалаг арга гэж би бодож байна. Ялангуяа манайх шиг хөгжиж байгаа орнуудад… . Цаашид манай чуулганы сүнслэг уур амьсгал тогтворжихын хэрээр өргөл нэмэгдэнэ гэж итгэж байна. Тэр тохиолдолд, түрээсийн орлогыг бид чуулган тарилтад, бас нийгмийн чиглэлтэй үйлчлэлүүдэд зориулах хэрэгтэй гэж боддог. Бид энэ жилээс залбирч байгаачлан энэ байраа өргөтгөж чадвал, түрээслэх талбай ч нэмэгдэнэ. Тэр мөнгөний урсгалыг бид Хаанчлалын үйлсэд зориулах суваг нэмэгдэж байна гэж үзнэ.

2. Пасторуудыг яагаад хагас цаг болгосон бэ?
Монгол шиг улс орнуудын сүм чуулгануудад бүтэн цагаар ажиллаад байх лам хэрэггүй юм байна л даа. Христийн сургаал анхлан дэлгэрч байх үед бүтэн цагаар цалин аваад сүмд шавилан суудаг лам (пастор гэж нэрлэнэ үү, санваартан лам гэнэ үү, үнэндээ эцсийн бүлэгт бол ялгаа байхгүй л дээ) гэж байсангүй. Харин сүүлд Христийн шашин зарим улс орнуудад төрийн шашин болсонтой холбоотойгоор улсаас татаас авдаг, бас хүмүүсийн өргөл хандив их цугларсан тохиолдолд удирдаж байгаа хүн нь тэр өргөлөөс цалинжаад амьдрал ахуйгаа аваад явах боломжтой байдаг байсан байна. Тэр хүн нь сүмээ сахиад хүмүүсийн төлөө залбирдаг, Библи заадаг, зөвлөгөө өгдөг, буян үйлддэг яг л ламтантай адил. Христитгэл Монголд 1990-ээд онд орж ирэхдээ яг энэ загвараа авчирсанаас болоод бид өөрөөр харж сэтгэхгүй байх шиг байна. Өнөөгийн нийгэмд, 21-р зуунд бидэнд тийм лам хэрэгтэй юү? Манай чуулганы бодит санхүүгийн боломжийг үзэхийн бол, пасторууд 100 хувь биш, 40 хувиар ажиллаж цалинжихад сарын цалинг нь тавих гэж бид үйлээ үзэж байна. Яг үнэндээ ажлын ачааллыг нь аваад үзэх юм бол, пастор хүн өглөө 9 цагт ирээд орой 6 цаг хүртэл махийтал ажиллаад гүрдийгээд байгаа юм алга. Ирээд хийх юмаа хийлээ, долоо хоногтоо эсийн бүлгийн ахлагч нартайгаа уулзлаа, бас пасторын багийн хуралд суулаа, өвчтэй нэгнийг эргэлээ тойрлоо, мөргөл дээрээ суугаад удирдаад номлолоо, хааяа кэмп зохион байгууллаа. Дуусаа… .

Итгэгч хүн үйлчлэлд гараад пастор болохоороо “хагас цагийн итгэгч, бүтэн цагийн пастор болдог” гэсэн шог яриа байдаг. Нэг ёсондоо урьд нь сэтгэлээрээ, итгэлээрээ халуунаар үйлчилдэг байсан бол, цалин аваад орон тооны болохоороо албадлагын ажилтан шиг хандлагатай, цалин хөлс бага, ядарлаа барьлаа гээд үглэж гомдоллох нь ихэсдэг гэсэн үг л дээ. Ийм бүтэн цагийн гомдоллогсодтой байсанд орвол байхгүй байсан нь дээр. Бүтэн цагаар сүмд ажиллаад эхлэхээрээ хүмүүс жирийн итгэгчдийн зовлон жаргалыг ойлгохгүй болоод ирдэг тал бий. Гэр бүлээ тэжээх гэж яаж зүдэрч, итгэдэггүй хамт олны дунд нийгэмд яаж итгэлээ хамгаалах гэж тэмцэж, алдаж онож ядарч зүдэрсэн хүмүүс цуглаандаа ирэхэд нь өөдөөс нь мундаг мундаг Библийн хэм хэмжүүр, ариун байдлын тухай заагаад, яллаад буруутгаад … . Матай номын 23-р бүлэгт Есүс Фарисайчуудыг, шашины удирдагчдыг хайр найргүй өршөөлгүйгээр загнасан байдаг. “Тэд хүнд ачаанууд баглаж хүмүүсийн мөрөн дээр тавьдаг атлаа өөрсдөө тэр ачаанд хуруугаа ч хүргэж туслахыг хүсдэггүй” Матай 23:4. Дандаа итгэгчдийн хүрээлэлд байдаг болохоор пасторуудад уруу таталт, өдөөлт бага. Тийм болохоор ариун амьдралын тухай ярихад амархан. Пасторууд Фарисайчууд шиг болчихвий гэсэндээ тэднийг зориуд нийгэмд тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг, үл итгэгчдийн хүрээлэлтэй харьцаатай байхыг шаардаж байгаа юм.

Нийгэмд тэргүүлэгч байхын тулд зөвхөн итгэгчдийн дунд бааварлаад байх биш, үл итгэгчдийн ертөнцөд ч манлайлалтай, бизнестэй, ажил төрөлтэй байр суурьтай байх хэрэгтэй. Манай пасторууд ийм чадвартай байх ёстой. Итгэлээрээ яаж манлайлах ёстойг, итгэлээрээ яаж ертөнцийг дийлэх ёстойг өөрсдөө харуулаг. Цаашдаа бид олон олон пасторуудыг төрүүлнэ гэсэн хараатай байна. Гэхдээ лам нарыг биш. Сүмээс санхүүгийн хамааралтай, нийгэмд амьдрах чадваргүй хүмүүсийг биш. Харин ажлаа хийгээд, бизнесээ хийгээд, гэр бүлээ авч яваад хажуугаар нь сүм чуулганыг аваад явах чадвартай чадалтай, ухаантай ноён нуруутай, зан чанарын болон итгэлийн гэрчлэлтэй, манлайлалтай хүмүүсийг бид пастораар томилох болно. Тэд ажлаа хийгээд л явна, амьдралынхаа төлөө зүтгэнэ, хажуугаар нь тэд итгэлээрээ үйлдэнэ, Эзэний үгээс заана сургана, бусдын төлөө залбирна, нийгэмд нөлөөлөлтэй байх болно. Миний хараа ийм байна. Ингэснээр бид чуулганы нуруун дээрх санхүүгийн дарамтыг багасгаж байгаа юм.

Монгол чуулгануудын өнөөгийн байдал
Өнөөдөр Монголд 400-аад чуулган бий гэсэн статистик бий. Зарим нь байртай, байргүй, ахлагчтай ахлагчгүй, зарим нь гадаадын хүний удирдлагатай. Хөдөө хотод гээд ялгаа их бий. Монголын энэ олон чуулгануудын 70-аад хувь нь 50-аас доош хүнтэй. 50-иас доош хүнтэй чуулган бол Ням гаригт 10-30 хүн цуглардаг гэсэн үг. Ялангуяа гэр хороолол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт чуулганууд төвлөрсөн байгаа. Ийм чуулганы сарын орлого дунджаар 20,000-50,000 төгрөг. Байраа түрээслэе гэхээр, гэр хороололд түрээслэх боломж байхгүй. Чуулганы итгэгчдийнхээ өргөлөөр пастор нь цалинжих гэхээр ямар ч боломж байхгүй. Тэгэхээр гадны байгууллага, цуглаанаас, миссионерээс санхүүгийн туслалцаа авч эхэлдэг. Буцаагаад үйл ажиллагааны тайлан өгдөг. Яваандаа энэ нь чуулганыг ямар буруу зам руу оруулж байна вэ гэхээр нутгийн чуулганы пастор нь тухайн чуулгандаа хариуцлагатай хандахаас илүүгээр гадаадын байгууллага, санхүүжүүлэгчдэд тайлагнадаг тийм зарчим үүсэж байгаа юм. Энэ замаар явсан ийм чуулганууд зөндөөн бий, зөвхөн Монголоор тогтохгүй дэлхий даяар ялангуяа хөгжил буурай орнуудад тоо томшгүй бий. Тайландад гэхэд 200 жилийн дараа ч гэсэн чуулганууд нь гадаадаас санхүүгийн хамааралтай, Филиппин ч мөн адил. Ази Африк, Латин Америкийн олон ядуу улс орнуудад Христийн чуулганууд гаднаас санхүүгийн хамааралтай байдаг. Хэдэн зуун жил өнгөрсөн ч тухайн үндэстэн ядуу л бол, энэхүү чуулган гэдэг байгууллагажсан институцийг авч явахад зардал өндөртэй учраас яалт ч үгүй санхүүгийн туслалцаа авахаас өөр аргагүй болдог. Монгол улс ядуу хэвээр байвал цаашид бид ч бас ийм л зам руу орно.

Мэдээж, чуулганы хөгжлийн түвшин гэж нэг юм бий. 18 жилийг ардаа элээсэн “Үүрдийн гэгээ” чуулганы хувьд ч гэсэн, байгуулагдаад 5 жил болж байгаа чуулганы зовлонг туулсан үе ч байгаа. 10 жил болж байгаа чуулганы удирдлагын шилжилтийн хямралыг туулсан үе ч байгаа. Бидэнд байргүй байсан үе бий, Монгол удирдагчид нь Библийн боловсрол мэдлэггүй байсан үе бий, удирдаж байсан гадаад багшаасаа “хоёр яс салсан” хүндхэн үе ч бий. Бид энэ болгоныг туулаад ирсэн, өнөөдөр ч итгэлээрээ урагшилсаар л байна. Яагаад гэвэл бидэнд ирээдүй бий.

Эцэст нь хэлэхэд, манайхан алив ярианы домогжсон, ид шидийн талд нь итгэх дуртай хүмүүс. Солонгосууд үүрийн залбирал хийсэн учраас ийм өндөр хөгжсөн гэнээ гэхээр, тийм яриа манайханд илүү үнэмшилтэй сонсогдоно. Залбираад байхаар гэрийнх нь гадаа баахан мөнгө уначихсан байсан гэнэ гэдэг гэрчлэлийг сонсохдоо сэтгэл нь хөөрнө. Зарим талаараа, Христитгэл манайханд мухар сүсгийн байдалтайгаар хөгжиж байна. Солонгос, Гонконг, Сингапурийн чуулганууд яагаад ийм өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг, санхүүгийн чадавхтай байна вэ? Тухайн улс орон нь хөгжсөн, иргэд нь баян учраас тэр. Иргэдийнх нь үзэл бодол, шүтлэг бишрэл санхүү эдийн засгийн талаарх ойлголт, шаргуу хөдөлмөрч зан, засаг төрийнх нь ухаалаг бодлогын үр дүн. Монгол үндэстэнд сэргэн мандах найдвар байна уу? Монгол улсад хөгжлийн гарц байна уу? ЯАХ ВЭ? Уг нь Христитгэгчид бид хариулт нь юм биш үү?

“Үүрдийн гэгээ” чуулганы тэргүүн пастор: Хатгин. П. Энх-Амгалан
Улаанбаатар хот. Манай Эзэний 2010 оны 2 дугаар сар 5

No comments: