Monday, January 09, 2012

Ойрхи Дорнодын Христ шүтлэгтнүүд – Зүүний Ортодокс Чуулганууд (Византийн угшилтай)

Огноо: 13/05/2011

Туркийн Станбул хотод байрлах Константинополийн патриарх, Египетийн Александрын патриарх, одоо Дамаскт байрлах Антиохын патриарх Иерусалимын патриарх нар Византийн уламжлал бүхий Зүүний Ортодокс Чуулгануудыг бүрдүүлдэг. Мөн өөртөө засах эрх бүхий 11 Үндэсний Чуулган багтдаг. Орос, Румын, Серб, Грек, Болгар, Гүрж, Кипр, Чех ба Словак, Польш, Албани, Синайн Чуулганууд энд хамаарна.

Дорнын Ортодокс чуулгануудаас ялгаатай талууд нь гэвэл тэд Иохан Хрисостомын зохиосон Византийн мөргөл, жаягийг дагадаг учраас Византийн Ортодокс гэгддэг. Бас 541 онд болсон Халкедоны даяар чуулганы хуралдайгаас гарсан шийдвэрийг дагадаг тул Халкедоны Ортодоксууд гэгддэг. Энэ хурлаас “монофист” үзэлтнүүдийг ялласан билээ.

Мөн меликч Ортодоксууд гэх нь бий, яагаад гэвэл тэд 1453 онд Мусульманчуудад ялагдах хүртэл Византийн эзэн хаадын талыг баримталсан билээ. Мелик гэдэг нь хаан гэсэн үг. Дараа нь энэ чуулганууд Мусульман шашинт Оттоманы Туркүүдийн үед ч Константинополийн патриархын эрх мэдлийг хүлээн дагасаар байсан билээ. Тэднийг Грек Ортодокс гэж нэрлэх нь буруу бөгөөд ийм нэр нь тэднийг Грек Чуулганы нэг хэсэг ч юм шиг санагдуулах буйзаа. Гэтэл Ойрхи Дорнодод энэ чуулгануудын дийлэнх итгэгчид нь Араб юмуу Арабжсан өөр үндэстний хүмүүс байдаг.

Ойрхи Дорнод дахь Зүүний Ортодокс Чуулганууд хоёр чухал зүйлээр Дорнын Ортодоксуудаас ялгардаг. Нэгдүгээрт, Зүүний Ортодокс чуулганууд анхны 7 даяар чуулганы хуралдайг хүлээн зөвшөөрдөг. Үүнд Никай (МЭ 325 он), Константинополь (381), Ефес (431), Халкедон (451), Константинополь 2 (553), Константинополь 3 (680), Никай 2 (787). МЭ 4-8 зуунд энэ хуралдайнуудад Христитгэлт бүх газруудаас, улс орнуудаас төлөөлөгчид ирж байсан гэдэг утгаараа Даяар юм. Үүнийг экумени гэдэг. Хоёрдугаарт, Зүүний Ортодокс Чуулганууд Константинополийн патриархыг Экумени патриарх гэж хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ ингэж хүлээн зөвшөөрнө гэдэг нь ижил тэнцүү эрхтэй патриархуудын дундаа “ахлах” гэсэн утгатай болохоос биш, Ромын Католикуудын папын эрх мэдэл бүхнээс дээгүүр гэдэгтэй адилгүй. Яагаад гэвэл энд Үндэсний Чуулган тус бүр бүрэн утгаараа өөртөө засан тохинох (автокэфал) эрхийг эдэлдэг.

Константинополийн Экумени патриархын алба
Ромын эзэн хаан 1-р Константин МЭ 300 онд засгийн газраа Италийн Ромоос зүүн зүг Босфорын хойлоод Византиум хэмээх бяцхан хотод шилжүүлсэн тэр цагаас эхлэн Константинополийн патриархын түүх эхэлсэн.

МЭ 381 онд Константинопольд болсон их Хуралдайгаас уг хотын бишоп Ромын бишопийн дараа орох ач холбогдолтой хүн гэж үзсэн. 451 онд болсон Халкедоны их Хуралдайгаас Константинополийн Чуулганы бүтэц зохион байгуулалтыг яв цав тогтоож өгсөн. МЭ 520 оноос хойш уг хотын чуулганы бишопийг экумени Патриарх гэж цоллох болсон билээ.

Патриархын алба баруун Европын Их Британи, Франц, Герман, Австри, Итали, Швед, Бельги, Швейцарьт буй Үнэн алдартны итгэгчдийг болон Финландын автономи Чуулган, баруун Европ дахь Оросын дүрвэгсдийн чуулганыг хариуцдаг. Мөн Австрали, Шинэ Зеландад тэргүүн бишопийн албыг байгуулсан. Нью Йорк дахь Америкийн тэргүүн бишоп Хойд Өмнөд Америкийн Грек Ортодокс Чуулганыг хариуцахын зэрэгцээ экумени патриархад харъяалагддаг.

Орчин цагийн Христийн янз бүрийн уламжлал, урсгалуудын хооронд хамтын ажиллагаа ойлголцлыг бий болгоход экумени патриарх идэвхтэй оролцдог төдийгүй Дэлхийн Чуулгануудын Зөвлөлийг анхнаас нь дэмжиж ирсэн билээ. Дэлхийн Чуулганы Зөвлөлд суух байнгийн төлөөлөгчийн газар нь Женевт 1955 оноос хойш ажилласаар ирсэн. Одоо Ортодокс Чуулгануудын Ариун их Синодын хуралд бэлтгэж байна.

Александр ба нийт Африкийн Грек Ортодокс патриархын алба
Грек, Сири, Ливан гаралтай 10,000 гишүүдтэй, Египетэд 4 (Александр, Танта, Кайро, Порт Сайд), Суданд 1, Эфиопод 1 (Аксум), хойд Африкийн хотуудад 1 (Ливи-Тунис, Алжир, Марокко) дүүрэгтэй. Патриархын алба зүүн болон төв Африкийн орнуудад шинэ салбар чуулгануудыг нээж, тэнд зүүн Африкаас гаралтай бишопуудыг ажиллуулж байна. Өмнөд Африкийн Иоханнесбург Кэйптаун дахь дүүргүүдэд 40,000 хүн хамрагдаж байна. Зимбабвегийн Хараред 10000, Зайрын Киншасад 20000, Кениа улсын Найробид 40,000 гишүүн тоологджээ.

МЭ 381 онд болсон Константинополийн 2-р хуралдайгаас Александрын патриархыг Константинополийн дараа орох чухалд үзсэн байдаг. 451 онд Халкедонд хуралдайгаас болсон хагарал хуваагдлаас болж эндхийн чуулганы нэг хэсэг нь Копт Ортодокс чуулган болж хувирсан билээ. Чуулганыг патриарх удирдах бөгөөд ингэхдээ Синод буюу бишопуудын зөвлөлөөс хамтран шийдвэр гаргадаг билээ. Энэ чуулганд мөргөлөө эх хэлээр явуулах ёстой гэж үздэг тул Египетэд Грек чуулганууд нь Грек хэлээр, Араб чуулганууд нь Араб хэлээр мөргөлөө явуулдаг.

Иерусалим дахь Грек Ортодокс патриархын алба
МЭ 451 онд Халкедонд болсон 4-р Хуралдайгаас энэ чуулганд “бие даасан чуулган”-ы статус олгосон. Үүнийг Константинополь, Александр, Антиохын дараа 4-рт жагсаасан. Ингээд Иерусалимын патриарх гэх болсон. Палестин, Иордан болон 250,000 Араб итгэгчид энд хамрагддаг. Мөргөл Араб хэлээр, заримдаа Грек хэлээр явагдана.

Антиох ба Дорно дахины Грек Ортодокс патриархын алба
Түүхэнд анх удаа “христийнхэн” гэж нэрлүүлсэн Антиох хотод энэ патриархын алба үүссэн. 6-р зууны сүүлээр Антиох хот дайн тулааны хөлд нэрвэгдэж 638 онд хот Мусульман шашинтнуудад эзлэгдсэн. Тэр цагаас хойш 15-р зууныг хүртэл энэ чуулганыг Константинополийн патриарх давхар хариуцаж байлаа. 16-р зуунд энэ албыг сэргээн Дамаскт шилжүүлсэн. 18-р зуунд Ливаны ууланд Грек Католик меликч Чуулган байгуулагдсан цагаас эхлэн хуваагдал хагарал үүссэн. 19-р зууны сүүлчээс энэ чуулганд шинэчлэлийн ажил эхэлж, дараа дараагийн патриархууд чуулганыг хөгжүүлэх шинэчлэх ажлыг эрчимтэй хийсээр байна.

Антиохын чуулган мөргөл залбирлаа нутгийн Араб хэлээр явуулдаг. Уг бүс нутагт байгаа Христ шүтлэгт Араб хүмүүсийн ихэнх нь энэ чуулганд хамрагддаг. Хэдийгээр бүхэлдээ Араб биш боловч, Араб хэл соёл энэ чуулганы шинжийг бүрдүүлдэг.

Ойрхи Дорнодод 1 сая 300,000 хүн уг чуулганд хамаарагдана. Сирид 800,000 гишүүн, 6 дүүрэгтэй (Дамаск, Алеппо, Хорн, Хама, Латакиа, Хуран), Ливанд 400,000 гишүүн, 6 дүүрэгтэй (Бейрут, Триполи, Коур, Аккар, Захле – Баалбек, Тир – Сидон). Ирак Кувейтийн дүүрэг 30,000 гишүүнтэй. Арабын Христ шүтлэгт цагаач иргэдээс бүрдсэн АНУ, Канад, Мексик, Чили, Бразил, Аргентин, Австрали, Шинэ Зеландад 1 сая орчим гишүүдтэй.

Кипр Чуулган
“Стефанаас болж өрнөсөн хавчлагын улмаас тархагсад … Фойник, Кипр, мөн Антиох хүртэл явсан ажээ.” (Үйлс 11:19). Энэ бол МЭ 37 он байлаа. МЭ 45 онд Паул Барнаб хоёр Маркийг дагуулан Саламист хүрээд бууж Пафт очиж Ромын консул Сергей Паул хэмээх захирагчид сайн мэдээг тунхагладаг. Барнаб хожим Киприйн анхны бишоп болжээ.

Энд чуулган маш хүчтэй болж, 325 онд Никайн их хуралдайд Киприйн Саламис, Паф, Тремитусаас бишопууд ирсэн байлаа. 431 онд болсон Ефесийн хуралдайгаас Антиох Александр, Константинополь, Иерусалимын патриархуудад олгогдсон байсны адилаар Киприйн Чуулганд автокефал эрх олгосон.

Византын үед энэ чуулган Араб дээрэмчдийн довтолгоонд нэлээн өртсөн, дараа нь Загалмайтны аян дайны үед Франкуудын гарт орж, сүүлд нь Венициүд захирах болсон. Энэ үед тэд Ортодокс тэргүүн бишопуудыг нь зайлуулаад Латин бишопуудыг томилж байжээ. 1571 онд Туркууд арлыг захирах болж 1752 онд Веницүүдийн эсрэг дайндаа хамсаатан болгох гэсэндээ Латин бишопуудыг хөөн дахин Ортодокс бишопуудыг томилсон байдаг.

Киприйн хүн амын цөөнх нь Христ шүтлэгт бөгөөд тэдний 80 гаруй % нь Византийн Ортодокс итгэгчид. Киприйн түүхэнд Христийн чуулган асар их нөлөөтэй байсан бөгөөд нийгмийн асаргаа халамж, боловсрол, шүүх шударга ёсыг тогтоохын төлөө ажиллаж байсан.

1974 онд Турк улс Киприйг эзлэн авснаар 200,000 Грек гаралтай кипрчүүд орон гэрээсээ дүрвэн гарсан бөгөөд тэдний төлөө чуулган үйлчилсээр байна. Тэргүүн бишопийн суух Никос хот болон Курени, Морфийн бишопууд ч мөн Туркүүдэд эзлэгдсэн нутагт байдаг.

Синай уулын Чуулган
Эзэн хаан Юстин МЭ 527 онд энд гэгээн Катерины сүм, аварга том шилтгээн байгуулсан. Тэндхийн санваартнуудыг хамгаалуулахаар Румын болон Египетээс 200 Христ шүтлэгт гэр бүлийг илгээсэн байна. Исламын шашин гарч ирсэнтэй холбоотойгоор тэд бүгд өөр шашинд дагаар орж сүмдээ үлдсэн бөгөөд Ибелиэх гэж нэрлэгдэх болжээ.

Уг сүмийн номын санд 3000 хэвлэмэл ном судар, Грек болон бусад хэлээр бичигдсэн 300 гар бичмэл, Библи, Сайн мэдээний номууд, шашины судрууд, 6-р зууны үеийн дурсгалт хөрөг зургууд хадгалагдаж үлджээ. Энэ номын сан Ватиканы номын сангийн дараа орох олон гар бичмэлийг агуулдгаараа алдартай.

No comments: