Tuesday, April 25, 2006

Өөрийгөө бэдрэн тэнүүчлэхүй

Үүнийг бичигч бивээр хэрэн хэссээр нэгэн ийм бичиг бүхий эртний язгууртны булшин дээр ирэв. Чулууны бичээсийг сийрүүлбээс

"(Сири бичгээр) Есүс Христийн нэрээр ... (Түрэг бичгээр) Эзэн хаан Александрын 1629 онд, Түрэг хуанли ёсоор могой жилийн 3-р сарын 9-нд /энэ нь даруй Манай Эзэний 1317 оны 5-р сар 20 гэсэн үг болно/ Даду (Бээжин) хотын дүүргийн захирагч Самшагийн эхнэр Элизабет 33 насандаа таалал нөгчсөнд, эрхэм дээд эзэгтэйн шарилыг энд онголов. Түүний сүнс Диваажинд мөнхөд амарлих болтугай... Үүрд мөнхөд амар амгалан лугаа хөхөн баясаж, нэр нь дуурсаг. (Сири бичгээр) Амэн, чин үнэнээр Амэн" хэмээж1.

Нар салхинд идэгдэн хэдэн зууныг элээсэн бор чулууг сайтар ажиглан харвал, дөрвөн жигүүр дэлгэсэн хоёр тэнгэр элчийн дүрээс гадна загалмайн сийлбэртэй болох нь мэдэгдэв. Эл талийгч Элизабетийн эр нөхөр Самша хэмээгч нэгнийг Монгол хүн байсан гэж түүхэнд өгүүлсэн байнам. Монгол хүний шарил дээр загалмайн дүрийг товойлгон байсан нь зөвхөн энэ бидний үед биш юмсанжээ. Үүнийг харж зогсохдоо, юуны учир энд ирснээ эргэн бодлоо. Ой тоонд үлдэж хоцорсон ядмаг дурсамжуудаа нэхэн хөөвөөс, ухаан орохын би гэдэг хүн хаашаа ч юм, юунд ч юм сэтгэл татагдан эцэс төгсгөлгүй мэт санагдах алсын замд гарсан байх юм. Би юу бэдрээд байгаагаа, юунд тэмүүлээд байгаагаа ч үл мэдэн, өмнө минь зурайх тэр л замыг дагаад зах нь үл харагдах талын дундуур алхан алхсаар энд, энэ булшны дэргэд иржээ. Булшны дэргэд амсхийн суугаад алс тэртээ дорно зүгт нүд бэлчээн, унасан газраа дурсан саналаа. Миний Монголын хөх тэнгэр, миний Монголын дунайртсан уудам ногоон тал юутай гайхам сайхан... Бодол хөвөрсөөр, эрхлэн тоглож өссөн балчир насаа дурслаа. Энэ л зах хязгааргүй мэт санагдах уудам нутагт төрж өссөн болоод ч тэр үү, задарсан хүний өмнө "тонголзон бөхийж", ядарсан хүний дээрээс "сарьж" үзээгүй өдий хүрчээ. Бодол хөвөрсөөр, туулж өнгөрүүлсэн замаа эргээд нэг харлаа, уулзаж учирсан, тулж тулгарсан "хүний, өөрийн" олон хүнийг тунгаан бодлоо. Эх нутгийнхаа элгэн дээр учирсан тэр хүмүүсийг санахуйд зарим нь ч гуйлгачин байх, зарим нь ч доншуурчин байсан биз, зарим нь бүр хачин араншинтай, Монгол хүн "хүнээр хүн хийдэгсэн" харин хүнээр хүүхэлдэй хийдэг хүнтэй ч таарч байлаа. Энэ хорвоогийн элдэв бусын хүнтэй учраад, гартаа тоолох нь ядмагхан ч, тал шигээ сэтгэлтэй өвгөдөө үгүйлэх нь жилээс жилд нэмэгдсэн ч юмуу. Би юу бэдрэн тэнүүчилнэ вэ? Хүний нутгийн барааг хараад ч сэтгэл тайтгарсан нь үгүй, хөлхөн үймэх олны дунд ороод ч хөвсөлзөж хөөрөх сэтгэл төрсөнгүй. Би юу бэдрэн тэнүүчилнэ вэ? Анир чимээгүй бодлогошрон, халиуран гүвэлзэх өвсний толгойг хэсэг ширтэн сууснаа.... гэнэт, "Аа, би өөрийгөө хайгаад байгаа юм байна шүү дээ" хэмээн уулга алдлаа. Яг тийм, би өөрийгөө хайсаар өдий хүрчээ.

Цагаан морин жилийн хувьсгалаас хойш, Монголд олон ч юм орвонгоороо эргэж, бас ч чамлахааргүй юмс өнгө төрхөө шинэчилжээ. Хөмөрсөн тогооны "хуучин хүү" Монголчуудын өмнө ертөнцийн үүд хаалга цэлийтэл нээгдэж, даяаршлын хүчит давалгаанд бид байдгаа урсгаад зогсохгүй, зарим нь ч энэ цалгисан их усанд хөл алдаж, хөгөө чирж явна. Даяаршил хэмээн нэрлэгдээд байгаа энэ их урсгал өнгөн талдаа үзэмжтэй ч, үнэн чанартаа яах аргагүй "барууны соёл иргэншил"-ийн боловсон хүчирхийлэл гэдэг нь тодорхой. Энэ давалгаанд зөвхөн Монголчууд өртөж байгаа юм биш, хуучин Социалист гэгдэж байсан бүх л улс орнууд, хэдэн зуун сая хүмүүс салам цохигдсон. Энэ бол түүхийн цоо шинэ эмгэнэл биш, биднээс өмнө Зүүн өмнөд Азийн улс орнууд, Африк, Латин Америк, Ойрхи Дорнод гээд энэ дэлхийн хөвөө хязгаар бүхэнд энэ зовлонг туулсан, туулсаар ч байна. Барууны соёл иргэншлийн тархи болсон "хувь хүнийг төвчлөх сэтгэлгээ" нь өнгөрсөн хэдэн зууны колоничлол, империализмээс олж завшсан хөрөнгөлөг байдал, "евроцэнтрик" онол сургаалтай нь сүлэлдэн нийлээд, эцэстээ барууны чуулганууд үүний учрыг олох гэж тархиа гашилгаж сууна. Хэдийгээр энэ сэтгэлгээг үүсэн бүрэлдэхэд Барууны Чуулган түүхэнд тодорхой үүрэг гүйцэтгэсэн ч, захирч залдаг цаг нь эдүгээ нэгэнт өнгөрсөн бололтой, үнэнийг хатуухан хэлэхэд, Баруун сүүлчийн хүчээ шавхан амьсгалж байна. Үүнийг тайлбарлан нуршихад цаг заралгүйгээр сонирхуулах нэгэн баримт бол, өнөөгийн ямар ч миссиологч Христийн хөдөлгөөний төв байршил шилжээд эхэлчихсэн гэдгийг санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байгаа. 2004 оны 8-р сард Малайзын нийслэл Куала-Лумпурт болсон Дэлхийн Миссион судлаачдын хуралд Сингапурын Тринити Теологийн Коллежийн лектор рев. доктор Ли. Мүүнжаны тавьсан илтгэл дотор ч энэ тухай тун ч тодорхой дурдсан нь бий.2 Өнөөдөр Христэд итгэгчдийн тоо 2000 оны байдлаар Европ, Хойд Америкт 820 сая байхад, Ази, Латин Америк, Африкт 1 миллиард 179 сая байна. Гуравдагч ертөнц гэж нэрлэгдэж байсан энэ орнуудын итгэгчдийн тоо 25 жилийн дараа гэхэд 1 миллиард 771 сая болж өснө гэсэн тооцоо бий. Харин Европ, Хойд Америкийн өсөлт харьцангуй удаан 844 сая болно.3 Уншигч та магадгүй статистикийн энэ тоон үзүүлэлтийг хараад, Европ Америк ч гэсэн их байна шүү дээ гэж хэлж магадгүй юм. Харин үнэнийг хэлэхэд, энд Зүүн Европийн 220 саяыг хамруулчихсан байгаа. Гэтэл бодит байдал дээр, Зүүн Европийн дийлэнх нь Христийн Үнэн алдартны шүтлэгтэй бөгөөд тэд хэзээ ч өөрсдийгөө "Барууны Чуулган" гэж тодорхойлж байгаагүй. Өдгөө "барууны чуулгануудын эх" гэж хэлэгддэг Ромын Католик Чуулганаас нэгэн мянган жилийн тэртээ туурга тусгаарласан тэд өөрсдийгөө харин ч Зүүний Чуулган гэж нэрлэж заншсан. Гэтэл үүнээс бүр хэдэн зууны өмнө Христийн бодгалийн талаар агуу онолчдын хооронд дайн дэгдэж байх тэр цагт, МЭ IV-V зуунд Сири Перст байсан Чуулган тусгаар тогтносноо зарлан тунхаглаж, патриарх, католикос, метрополитан гээд мяндагтангуудаа өөрсдөө тохоон тавьж эхэлсэн билээ. Тэд мөн л өөрсдийгөө Зүүний Чуулган хэмээн нэрийдэж байсан. Зүүний Чуулган гэдэг маань зөвхөн миний гаргах гээд байгаа нэр томъёо ч биш, угаасаа байсан нэр томъёо. МЭ 800-аад оны үед Дамаскаас зүүн зүгт амьдарч байсан Христ шүтлэгтний тоо толгой өрнөдийнхөнтэй зүйрлэшгүй олон байсан нь түүхэн үнэн.4 Лалын шашинтнуудын аймшигт дайн, хавчлага, хүйс тэмтрэх бодлогын уршгаар Ази, Хойд Африк битгий хэл, өмнөд Европийн зарим оронд хүртэл Христийнхний ул мөр устан алга болсон ч, тэр л итгэгчдийн үлдээсэн улбаа мөр түүхийн хуудаснаас арилаагүй байгаа.

Угаас Христийн чуулганы анхны түүхэн үед МЭ III-VI зуунд юмдаг, үндсэндээ Газрын Дундад Тэнгисийг тойрон Христийнхний таван гол төв байсан нь Ром, Александр, Константинопол, Антиох, Иерусалим. Энэ тавын нэг нь Европод буюу Эзэнт гүрний нийслэлд, нэг нь Африкт, нөгөө гурав нь Азид байлаа. Хэрвээ түүхийг нягтлан судлах аваас, ялангуяа, Христологи-ийн асуудал дээр дайснаа илрүүлээд бие биенийгээ нухаж авдаг нэг сайхан заншил тэр үед тогтсон нь цаанаа геополитикийн учир шалтгаантай байсан. Эхлээд Иерусалимыг жагсаалаас гаргасан. Дараа нь Антиохыг, Нестор гэдэг нөхрийг Константинополийн патриархийн суудлаас мултлахын тулд Александрын патриарх Кирил, Ромын Паптай нийлж аваад цааш нь харуулчихсан хэрэг. За энэ ч яахав гэхэд, хамгийн гол нь миний дээр дурдсанчлан түүнээс өмнө Иерусалимаас зүүн тийш Ази руу илгээлт хийгдээд хэдийнээ Христийнхэн Перст тодорхой хэмжээний нөлөөгөө бэхжүүлчихсэн байлаа. Сүүлд нь Перс Ромын улс төрийн харьцаа хурцдах үед чуулгануудын хоорондох харьцаа бас хөндийрсөн. Бас дээрээс нь Ромын бишоп (пап) бусдыгаа дарж авах шалтгаан байсан зэргээс болоод, Азид байсан чуулганууд түүхээс мартагдсан гэх юм уу даа. Ром сүүлд нь Александрын патриархыг бас нухаж аваад, эцэст нь одоо Коптик чуулган гэж багахан шиг чуулган Египетэд байдаг юм байна. Зүүний чуулган бүр мартагдаад, ор сураггүй. Гэхдээ тэд МЭ 1400-аад он хүртэл нөлөөтэй байсан гэдгийг нотлох баримт их бий. Хамгийн сүүлд Ромын Чуулган Констанинополын патриархтай тулаад МЭ 1052 онд сүүлчийн тулалдаанаар бүр хоёр тийшээ хараагүй гэж үү? Нэг нь Католик болж, нөгөөдөх нь Үнэн алдартан болоод жүжиг дууссан. Сүүлд Католикийг эсэргүүцээд баруун болон төв Европод Протестантууд гарч ирлээ. Тэдний янз бүрийн шалтгаанаас болоод одоо дэлхий даяар деноминэйшн буюу "урсгал чиглэлүүд" үүсэн бий болсон. Уг гарал нь Европ, угтаа бол Барууны Чуулган тэр дундаа Ромын Католик Чуулганаас гал тастаж өрх тусгаарлагсад. Энэ их урсгал Азид түрэн орж ирэхдээ Барууны Чуулганы бий болгосон бүхэл бүтэн системийг тээн авчирсан. Өнөөдөр хүмүүс энэ системийг Библийн эрх мэдлээс, Сайн мэдээний үнэнээс ялгаж салгахгүй байна, тэгэхийг ч зарим нь хүсэхгүй байгаа нь нууц биш. Киргизэд ажиллаж байсан нэгэн миссионер "Америкийн чуулганы тогтолцоо Солонгос миссионеруудаар дамжин Киргизийн хөрсөнд суулгагдаж байна" гэж харамсан ярьж байлаа. Үнэн хэрэгтээ, Барууны Чуулганы Ази дахь хамгийн том түшиц газар бол Солонгос гэдэг нь хэнд ч илэрхий байгаа. Тогтолцооны гажуудлын талаар, мөн тогтолцооноос ангижрах "гэгээрэл"-ийн талаар би дараа бичих болно.

Энэ бүхнийг нуршаад байгаагийн нэгээхэн том учир шалтгаан бол, бидэнд өөрийн гэсэн үүх түүх, гарвал угсаа байх хэрэгтэй гэж үзсэнийх юм. Өнөөдөр Ази тивдээ тэргүүний гэгдэх Библийн судлаач эрдэмтэн мэргэд теологийн шинэчлэл, Христэч боловсролийн тогтолцоо, үйлчлэлийн цар хүрээ, илгээлтийн бодлогыг өөрийн ахуй соёлд шингэсэн байдлаар дахин тодорхойлох нөр их ажилтай тулгараад байна. Тэд аль хэдийнээ барууны чуулганы системээр "тархиа угаалгачихсан" учраас асуудлыг шинэлэг байдлаар харж чадахгүй байгаа нь ажиглагдаж байгаа. Гэтэл энэ бүхнийг чуулганы түүхтэй уялдуулан авч үзээгүй цагт, жинхэнэ Азийн, жинхэнэ Монголын гэсэн чуулган хэзээ ч төрж чадахгүй, төрөх ч учиргүй. Монгол дээл өмсөөд, морин хуур барьснаараа Монгол болчихоод байгаа юм биш... Эсвэл нутгийн ахлагч нар нь пастор гэдэг цол зүүчихээр л Монгол болчихож байгаа юм биш, харийн хүнээс царай алдахгүй гэдэс нь цатгалдаад ирэхээр нутгийн чуулган бие дааж байгаа ч юм биш... Энэ бүхнээс дээгүүр сэтгэлгээний хараат бус байдал жинхэнэ Монгол чуулган төрөхөд жинтэй үүрэг гүйцэтгэх учиртай юм. Өөрийн гэсэн үүх түүхгүй бол, ой ухаанаа алдсан хүн шиг гэж хэлж болно. Малайзын Теологийн Семинарын захирал Хва Юнг "Манго юу, эсвэл Банана уу" гэдэг номдоо иймэрхүү санааг их тод гаргасан... Тэрээр өнөөгийн Азийн итгэгчдийг Банана шиг байна гэж шүүмжилсэн байна, учир юунд вэ гэхээр Банана Манго гэдэг хоёр жимс хоёулаа гадна тал нь шар өнгөтэй. Харин дотор тал нь өөр. Банана гадна тал нь шар мөртлөө дотроо цагаан, түүнтэй адил Азийн Христийнхэн гадна талдаа шар арьстан мөртлөө сэтгэлгээ нь цагаан арьстан шиг болсныг шүүмжилж байхгүй юу, харин Манго бол гаднаа шар, дотроо бас шар өнгөтэй.5 Тэгэхээр жинхэнэ Ази чуулган Манго шиг гаднаа ч шар, дотроо ч шар байх учиртай ч, Азийн соёл иргэншил гэж юуг хэлэх вэ гэдэг тал дээр их том асуудал байгаа юм. Ази тив том, Азийн улс үндэстэн соёл өөр хоорондоо харилцан адилгүй. Гэхдээ бидэнд тулгарч буй нийтлэг нэг асуудал бол, Христийн итгэл үнэмшлийг Европ Америкчуудын шашин гэсэн ойлголт Азид хавтгай байдаг. Бид энэ ойлголтыг халахын тулд, анхнаас нь Бурханы энэ агуу авралын нууцыг Монгол хүний сэтгэлгээнд ойр дөт, төрөлхийн юм шиг болтол нь ахуй соёлд нь нийцүүлэх хэрэгтэй. Эс бөгөөс, Азийн гэлтгүй, Монголын цөөхөн итгэгчид бид хайрлан бахархах үүх түүхгүй хүмүүс, эх орон нэгтнүүдийнхээ хувьд, харийн шар толгойтнуудыг тахин шүтсэн төдийгүй тэдний шашин шүтлэгийг дагалдан баясагсад, эх орон үүх түүхээ огоорогсод гэсэн нэр зүүсээр байх болно.

Өнөөдөр дэлхий дээр оршиж байгаа чуулганы хэлбэрийг хоёр хуваан ангилж болно. Нэг нь үндэсний чуулган (ялангуяа Протестант Эвангелийн чиглэлийн чуулгануудуудын зүгээс шашинлаг, үндсэрхэг хэмээн адлагддаг), нөгөө нь деноминэйшн буюу урсгал чиглэл. Хэрвээ Англи, Орос, Болгар ч юмуу, Армени гээд өөр олон улс орнуудын чуулганыг харвал тэд Үндэсний Чуулгантай. Яагаад гэвэл үү, тэд нэг хэл соёл бүхий нэгдмэл ард түмэн. Тэдэнд нийтлэг ашиг сонирхол гэж юм бий. Харин хэзээ урсгал чиглэл бий болсон бэ гэвэл, нөгөө л Ромын Католиктай үзэлцэх үед Европт өргөн дэлгэрсэн үзэгдэл. Чухамдаа хөгжлийн туйл нь Америк. Хар л даа, Америк бол эрээвэр хураавар хүмүүсийн газар. Тэдэнд нийтлэг угсаа гарал, хэл соёл гэх юм байхгүй, Германаас, Англиас, Италиас, Оросоос, Африкаас гээд л... Энэ тохиолдолд, шүтлэг бишрэлийн хувьд, нэг үндэсний чуулган байх угаасаа боломжгүй, Америк тивд анх нүүдэллэн суурьшигсад өөрсдийнхөө шүтлэг бишрэлийг тээж авчраад эв найртайгаар хамтран амьдарсан. Баптист байна уу, брэтрэн байна уу, Католик байна уу тэдэнд ер падлий байхгүй. Тийм учраас тэнд энэ урсгал чиглэл туйлдаа хүртэл хөгжөөд, тэндээс дэлхий даяар хүчтэй тархаж байна. Бас Европын цагаачид очсон газар бүртээ урсгал чиглэлүүдээ аваад очсон байгаа. Тэгэхээр нэг бол, гаднаас цутган орж буй энэ их урсгалыг даган хөвөх, эсвэл нэг хэсэг нь Үндэсний Чуулганыг байгуулах гэсэн хоёр хувилбар Монголчууд бидний өмнө байна.

Монгол бол нэг хэл соёлтой нэг ард түмэн. Бид нийтлэг ашиг сонирхол, нэг хувь тавилантай. Бидний өнгөрсөн түүх, ирээдүй бүхэн бидэнтэй холбоотой. Бид Халхын хавтгайгаас хаачих ч үгүй, Бурхан биднийг энэ газар нутаг дээр эзэн болгосон, бидний үр удам энэ газар нутаг дээр Эзэн Бурханы ивээл нигүүлслийг хүртэн, эрх чөлөө, тусгаар тогтнолоо хадгалан хүмүүний жамаар амьдрах болно. Энэ үндэстний сайн сайхан хөгжил дэвшил, мандал бадрал Христийн Чуулгантай салшгүй холбоотой байх учиртай. Энэ сэргэн мандлын галыг бадраагчид нь Үндэсний Чуулган байх тавилантай гэдэгт би эргэлзэлгүй итгэж байна. Монгол Чуулган бүх талаар тусгаар байх эрхтэй. Бидний халдашгүй дархан эрх гэж байх ёстой. Газар нутгийн бүрэн бүтэн байдал төдийгүй, ард түмний ахуй ёс, уламжлал, сэтгэлгээний хэв шинж гээд бүх зүйл бидний хувьд нандин. Өнөөдрийх шиг, хэн дуртай нь ирээд Монголыг нулимдаг, хэн дуртай нь ирээд Монголыг өөлдөг, хэн дуртай нь ирээд эмс охидынх нь бөгсийг, эрчүүдийнх нь тархи толгойг нь худалдаж авдаг ийм тогтолцоог эвдэхийн тулд энэ Чуулган зогсох болно. Бурхан Монгол газар нутаг /Бурханы бүтээл/ дээр Монгол хүнд /Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн эрдэнэт хүмүүн/ өгсөн тэр язгуур эрх, эрх чөлөө, сайн сайхныг бүрэн утгаар нь эдлүүлэхийн тулд энэ Чуулган зогсох учиртай. Эргээд энэ нь, биднийг Монголын нийгмийн шинэчлэгч хүчний дунд өөрийнхөө зүй ёсны байраа эзлэхэд хүргэнэ, нөгөө талаар Монгол Чуулган жинхэнэ өөрийн хөрсөн дээрээс ургаж эхэлнэ гэж найдаж байна. Ингэхийн хэрээр, гадны хүчнээс хамааралтай байх явдал багасахын хажуугаар, бид энэ системийг бүхэлд нь хөдөлгөхийн тулд өөрсдийн боловсролын систем, үндэсний хөрөнгөлөг хэсгийг бий болгож дэмжихэд гаднаас хөрөнгө оруулалтыг бодлоготойгоор оруулах хэрэгтэй болно. Энэ бол нийгмийг шинэчлэх хөдөлгөөн, нөгөө талаас оюун санааны, сүнсний сэргэлтийг жинхэнэ утгаар нь Монгол хүмүүний төрөлх байдалд нийцүүлэх гэсэн эрэл хайгуул байх болно. Үндэсний чуулган нь өөрийн боловсролын тогтолцоо, бизнес, санхүү, мэдээлэл харилцаа, утга соёл, мэдээллийн бааз, илгээлт, нийгмийн уялдаа гэх мэт өргөн салбарыг хамрах юм. Үндэсний Чуулганыг бий болгохдоо бидний харж судлах зүйл бол, бусад уламжлалт үндэсний чуулгануудтай орнуудыг, тэдний чуулганы бүтэц загваруудыг харж, алдаа оноон дээрээс нь суралцах хэрэгтэй л дээ. Ямартай ч байлаа гэсэн би Христийг дагахдаа Монголоо алдмааргүй байна, ямартай ч байлаа гэсэн би Монголын төлөө цохилох зүрхнээсээ Христийг салгамааргүй байна.

Тийм ээ, би өөрийгөө хайсаар, эрлийнхээ үзүүрээс бариад авлаа. Та бас өөрийгөө хайж байгаа юм биш биз? Тэгвэл алс холын аянд хамтдаа гарахгүй биз? Оройд залрах Бурханаас заяасан энэ газар нутагт эрдэнэт хүмүүний биеийг олж мэндэлсэн тэр өдрөөс хожмын нэгэн өдөр, ирэх өдөр нь улирах өдөртэйгөө харьцуулшгүй гайхам эгэлгүй тансаг, хүмүүний санаанд чиг үл буух, чанад алсын тэр оронд очих хүртлээ нэгэн жимээр бид алхана. Тэнгэрт хүрэх гэгээн замыг олсон нь юутай завшаан, харин тэнд хүрэн хүртэл Христ намайг нэгэнтээ эл байгаагаар минь олсон шиг, би "бавгар шар сахалгүй, кимчи үнэртүүлээгүй" Түүнийг, мөн өөрийгөө олохоор явлаа. Би зөвхөн өөрийгөө төдийгүй, загалмайн үнэнээр ариусгагдсан шинэ Монголын дүр төрхийг хайж байна. Он цагийн уртад, түүхийн хуудаснаа мартагдсан өвгөдийнхөө буурийг олж, ертөнц дахинаа хөл нийлсэн, хүчирхэг шинэ Монголын хэтийг цохин, очийг бадраах Монгол Чуулганы шавийг тавилцах хүсэлдээ хөтлөгдөн би алсын аянд гарлаа. Абрахам, Исаак, Иаковтай хамт байж, тэднийг удирдан замчилсан Бурхан аян замыг минь хамгаалан адислах болтугай.

(Манай Эзэний 2004 оны 9 дугаар сар 14)


Зүүвэр:
1 Ian Gillman and Hans-Joachim Klimkeit, Christians in Asia before 1500.
2 Personal resource on his paper Asianization of Theology and Theological Education and Re-configuration of Western Theology in Asia
3 D. B. Barrett and Т. М. Johnson. World Christian Trends. William Carey Library, 2001. pp 319-334.
4 John Young. By Foot to China: Mission of the Church of the East.
5 Yung Hwa, Mangoes or Bananas? : The Quest for an authentic Asian Christian Theology. Oxford- Regnum, 1997

No comments: