Tuesday, April 25, 2006

Нэгдмэл Монгол Чуулганы суурь онол

Христийн Зүүний Чуулганы тухай нэгэн номын оршилд ийм тэмдэглэл бичигдэн үлджээ:

"... Англи хэлээр ярьдаг Христийнхэн Барууны Чуулган хэрхэн үүсэн бий болсон, хэрхэн тархан түгсэн тухай сонирхдог атлаа Зүүний Чуулганы илгээлтийн санаанд багтамгүй түүхийг төдийлөн сонирхдоггүй, тэгээд ч тэр талаар бичсэн материал төдийлөн элбэг биш. Тэртээ улирсан он цагийн нэгээхэн зайнд Ази тив гэдэг тухайн үедээ хүн ам хамгийн их нягт суурьшсан, хөгжлийн өндөр түвшинд хүрсэн газар нутаг байсан хийгээд Христийн хаанчлалын сайн мэдээ тэдэнд хэрхэн хүрч байсан нь өнөөгийн барууны Христийнхний анхаарлыг тийм ч их татахгүй байгаа бололтой. Сайн мэдээний төлөөх тэр их зүтгэл чармайлт, хөлс хүч, амь нас өнөөдөр бараг л олж мэдэхийн аргагүй арчигджээ... Нэгэн цагт цэцэглэн мандаж байсан чуулганууд хожмын үеийнхнийхээ ой ухаанд ч буухгүй болтлоо түүхээс арчигдан хаягдаж, тэдний итгэл бишрэлийнх нь хэм хэмжүүрийг бүү хэл, өөрсдийнх нь тухай хэн ч хэзээ ч мэдэхгүй болох тийм цаг үе, тийм нөхцөл байдал тулгардаг юм байна шүү гэдгийг түүх бидэнд сануулж байна. Үүнийг бидэнд зөвхөн тэртээ он цагийн тоосонд булагдсан талийгчдын гэрчлэл, булш бунхны бичээсүүд л гэрчилж байгаа бус уу. Улиран одсон тэртээ цаг үеийн тэр л дуу хоолойны нэгээхэн илэрхийлэл болж МЭ 9-р зууны үеийн нэгэн Христэд итгэгчийн дурсгал, төв Азийн цээжинд байгаа гэрэлт хөшөөн дээрх "Энэ бол бидний Золигч Эзэн Есүсийн төлөө амьдралаа өргөсөн Пасакийн булш" гэсэн бичээс бидэнд намуухан шивнэн байна. Тийм л учраас түүхээс суралцахын нигуурыг нэгэн мэргэн хүний "Өнгөрсөн түүхээсээ суралцдаггүй хүн ирээдүйд алдаагаа дахин давтах үйлтэй хүн" хэмээсэн ухаант үгээр та бүхний мэргэн ухаанд толилуулъя".

Христийн Чуулганы түүхийг Монголд 1990 оноос эхлэн тоолдог хүн эдүгээ олон байгаа нь бидэнд нэгэнт илэрхий болсон түүхийн эх сурвалжуудыг мэдэхгүйн харгайгаар төөрөлдөж байгааг дээрх мэргэн хүн голчтой онож хэлснээс гадна, бидэнд ер нь өөрийн гэсэн хайрлан бахархах эх орон, соёл иргэншил, үүх түүх, гарвал угсаа байна уу? МЭ 7-р зуунаас эхтэй Монгол Чуулганы түүхийг сэргээн, улс үндэстнээ хайрлах сэтгэлийг хөхүүлэн дэмжих үү, эсвэл Барууны соёл иргэншлийн нүдээр зэрлэгүүд гэгддэг байсан цаг үеийг бүрмөсөн эх түүхээсээ таягдан хаяад, "зөвхөн нарыг хэвээр үлдээх" "хөл нүцгэн хувьсгалчид" гэсэн нэр зүүх үү гэдэг асуулт бидний өмнө тавигдаж байна. Монголын итгэгчид үүх түүхээ бодсон ч, хэл соёлоо аваад үзсэн ч биднийг нэгтгэж байх үндэсний гэх нийтлэг ашиг сонирхол байх учиртай санагдана.

Монголд Христийн Чуулган нэгдмэл байхын утга учрыг зөвхөн Эвангелийн чиглэлийн гадаадын багш нарын Библийг юу гэж тайлбарлаж байгаагаар нь юмуу, ямар цонхоор харах ёстой гэсэн чиглүүлгээр нь бус, харин Бурханы өв тэгш чиг санаа Библид хэрхэн тусгагдсанаар нь, мөн дээл, гутал өмсөж, хадаг барьснаар нь биш, харин Монголын төлөө цохилох зүрх, чинхүү залбирлаар нь ойлгох цаг ирээд байна. Чуулгануудын Монгол удирдагчид ч сүүлийн үед энэ талаар илүүтэй ярих болж байгаа хэдий ч, суурь үзэл санааг төрүүлэх тал дээр дутагдалтай байгаа нь ажиглагдаж байна. Иймд энэ талаар зарим нэгэн зүйлийг тодруулах нь цаг үед нийцсэн алхам болох болов уу хэмээн миний бие сэтгэлээ.

2003 оны 8-р сард Улаанбаатар хотноо хуралдсан "Монгол Чуулганы Ирээдүй" чуулга уулзалтаас гаргасан баримт бичигт энэ үзэл санаа албан ёсоор анх тусгагдсан болно:

"... Бид МОНГОЛ ЧУУЛГАН гэсэн нэгэн дээвэр доор Даяар Чуулганы эгнээнд зүй ёсны байр сууриа эзэлж, өөрийн дуу хоолойгоо илэрхийлэхийн төлөө байгаа бөгөөд хүмүүний соёл иргэншил дэх өөрийн давтагдашгүй, өвөрмөц өнгө төрхийг хадгалан өвлөхийн зэрэгцээ хүн төрөлхтний өв соёлын эрхэм чанаруудыг өөртөө шингээж, Эзэн Бурханы нигүүлсэл ба Христийн загалмайгаар ариусгагдсан шинэ Монголын дүр төрхийг эрэлхийлж, Библийг Бурханы алдаа мадаггүй үг хэмээн үзэхийн сацуу христийнхний түүхэн итгэлийг баримталж, улс үндэстнийхээ язгуур эрх ашгийг дээдлэх болно."

Бид дараах хоёр шалтгааны улмаас МОНГОЛ ЧУУЛГАН нэгдмэл байх үзэл санааг чиг шугамаа болгон дэвшүүлж байна. Үүнд:

1. Эрхэм дээд шалтгаан бол Судар бидэнд " Сүнсний нэгдлийг хадгалахыг хичээгтүн. Та нар өөрсдийнхөө дуудлагын нэг найдвар дотор дуудагдсаны адил нэг бие, нэг Сүнс, нэг Эзэн, нэг итгэл, нэг баптисм, нэг Бурхан байна. Тэр бол бүгдийн Эцэг бөгөөд бүгдийн дээр бүгдээр дамжуулан бүгдийн дотор байдаг" (Еф 4:4-6) гэж айлдсан явдал мөн.

2. Удаах шалтгаан бол Монгол үндэстний нийтлэг хил хязгаар, хэл соёл, улс үндэстний эрх ашиг билээ. Монгол чуулганы удирдагч бид гарал үүсэл, нийгмийн байдал, мэдлэг боловсрол, үзэл баримтлал ялгаатай хэдий ч, "нэг Эзэн, нэг итгэл" дээр эвлэлдэн нэгдэж, харилцан хүндэтгэл үзүүлж, аливаа ялгарлыг давж, дараах нийтлэг ойлголтыг бий болгож нэгдмэл байр сууриа илэрхийлж байна"

Тунхагт тусгагдсан дээрх хоёр учир шалтгааныг бид салгаж ойлгож хэрхэвч болохгүй. Бид итгэгч хувь хүн бүрийг Библийн эрх мэдлийн тусгал болсон итгэлийн амьдралтай байхыг хүсдэг бол, тэгэх тусмаа Библийн үзэл санааг дээдэлсэн улс үндэстний эрх ашгийг өндөрт авч үзэх нь зүйн хэрэг.

"Монгол Чуулган" нэршлийн утга хийгээд хэвшүүлэн тогтоохын ач холбогдол

Зарим хүн ""Монгол Чуулган" гэвэл үндсэрхэг үзэл санаа нэвт шингэсэн байна. Тэгээд ч Христийн чуулган гэж байна уу гэхээс Монгол Чуулган гэж байхгүй. Дэлхий даяар нэг л бие, нэг л Даяар Чуулган байгаа тул "Христийн Монгол дахь чуулган" юмуу, "Монгол дахь Христийн чуулган" гэсэн нэр томъёо илүүтэй" гэцгээж байна. Гэвч "юманд учир, суманд занги" бий:

Энэ асуудлыг нэгдүгээрт, үзэл санааных нь шийдлийн хувьд авч үзье:

Грекээр "экклэсиа" хэмээх үгийг Монгол Библид "чуулган" хэмээн орчуулсан болно. Энэхүү чуулганыг 1) Католик (Ромын биш) буюу Даяар Чуулган, 2) нутгийн чуулган гэж хоёр ангилдаг болохыг уншигч та хэдийнэ ямар нэгэн замаар мэддэг болоо биз. Монгол Чуулган хэмээх санаанд аль нэг нутгийн чуулганы тухай яригдаагүй, харин Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Христийнхний нийт чуулган, байгууллага, хувь итгэгчдийг хамруулан ойлгож байгаа учраас "чуулган" гэдгийг жижгээр бус, оноосон нэр хэмээн үзэж томоор бичих нь зүйд нийцнэ. Нөгөө талаар Даяар Чуулганы эгнээнд бид хэрхэн нэгдэж, яаж ялгарах вэ?

Өнгөрсөн түүхийг сөхөн үзвээс, өнөөгийн бүхий л чуулганы хэлбэршилт нь тухайн улс үндэстнийхээ үүх түүх, соёл, засаглалын хэлбэр хүрээ, газарзүй-угсаатны байршлаасаа болж тогтсон байх юм. Монгол Чуулганыг бүрдүүлэгч нутгийн чуулгануудын дийлэнхийг нь Америк, Солонгосын илгээлтийн эзэд үүсгэж, удирдаж байгаа тул тэндхийн Христийнхний нэг том онцлог болох деноминацаар ялгарах үзэл нэлээд хавтгай байна. Энэ заавал ийм байх ёстой гэсэн үг үү гэвэл хараахан тийм бус. Деноминацийн ялгарал хамгийн хүчтэй тогтсон улс бол яах аргагүй Америк мөн. Харин Америк Монголыг хооронд нь харьцуулбал, ялгаатай зүйл асар их байгаа. Солонгосын хувьд ч мөн адил. Гэтэл манайх гэдэг айл нэг хэл соёлтой, бүгд найрамдах засаглалтай, нэг үндэстэн (казах иргэдийг эс тооцвол) гэдгээс гадна манай газарзүйн байршил, ард түмний идээшиж дадсан амьдралын хэв маяг, үзэл суртал, сэтгэлгээний онцлог энэ болгон яах аргагүй Сайн мэдээний байлдан дагуулалтын жинхэнэ утга учир юу болохыг (эсвэл, энэ чинь колоничлол юмуу?), тухайн улс үндэстний Чуулган гэж юу болохыг (эсвэл, энэ чинь шилжүүлэн суулгасан ургамлын суулгацыг хэлдэг юм уу?) нухацтай тунгаан бодохыг биднээс шаардаж байгаа юм. Үүнийг бид үл хайхрах аваас, манай үндэстний эрх ашиг хохирно. Зарим хүн улс үндэстний эрх ашиг гэж ярихаас айж байна. Яагаад? Яагаад гэвэл, хар нялхаасаа интернационалч үзлээр хүмүүжиж, нийтийн тусын тулд эх орноо Социалист лагерийн МАА-н орон болохыг, гадны империалист довтолгооноос хамгаалах стратегийн халхавч орон болохыг зөвшөөрч, хариуд нь хэрээ мэдэхгүй давилуун загнах гэж баахан өр шир тавьж амьдарч сурсан тул, эдүгээ үнэнч, сайн Христэч хүн байхын тулд мөн л тэнгэрийн улсын харъяат болсон гэх сайхан халхавчаар хаанахын хэн ч байсан хамаагүй мэт аяглах нь ёсонд үл нийцнэ.

Эзэн Есүс өөрийн иудей шавь нартаа (тэдний дунд нэг ч харь үндэстэн байгаагүй) Израиль хэмээх үндэстнийг, соёлыг үл ойшоох тухай зааж байгаагүй, харин Израилийг бусад үндэстнээс дээгүүр тавих гэсэн мухар сохор үндсэрхэх үзлийг нь дэвэргэж байгаагүй гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй. Петр ч, Паул ч, Христийн Чуулганы тулгуур болсон энэ хүмүүс өөрсдийгөө зөвхөн иудей гэж хэлснээр хязгаарлаагүй, иудейчүүдийн сүнсний аврал төдийгүй, тэдний сайн сайхан, хөгжил дэвшлийн төлөө залбирсаар, үйлчилсээр байсан гэдгийг Библиэс хараарай. Эдүгээ Сайн мэдээ улам бүр түгэн дэлгэрэхийн хэрээр дэлхийн өнцөг булан бүрт, улс үндэстэн болгонд итгэгчид "Бид Барууны юмуу, Библид суурилсан гэх өөр нэгэн улс үндэстний соёлын хэв маягаар амьдарч, тэдний зөв буруугийн хэмжүүрээр өөрсдийгөө хэмжиж, тэдний үзэмжээр шүүн тунгаах уу?" гэж өөрсдөөсөө асуусаар байна.

Жинхэнэ Христийн Чуулган гэж юу юм бэ? Жинхэнэ Монгол Чуулган гэж юу юм бэ? Энэ хоёр ойлголт хоорондоо харшлах уу? Үгүй, ерөөс тийм биш. Таныг Монгол хэлээрээ залбирахад чинь сонсон авралаа хайрлаж, Монгол хэлээр Өөрийн үгийг бидэнд уншуулж, яг л энэ соёлын дунд эрээн бараантай бүхнийх нь дундаас таныг л гэж байгаагаар нь авч, өнөөдрийг хүртэл дагуулан замчилсан Бурхан энэ соёлыг чинь, хэлийг чинь, сэтгэлгээг чинь, ахуй амьдралыг чинь үзэн яддаг гэж үү? Бурхан нүглийг, бузар муу бүхнийг, хүчирхийллийг, шударга бус байдлыг үзэн ядаж байна гэдгийг л мэдэхээс өөр юуг ч би мэдэхгүй байна.

Монголд сүүлийн хэдэн жил ажиглагдаж байгаа нэг үзэгдэл бол, бүлэглэл үүсэх явц. Энэ явц удирдлагын түвшинд найз нөхдийн харилцаагаар явагдаж байгаа ч, онол сургаалаар нэгдэн бүлэглэх нь илүү давуу нөлөөтэй байгаа. Энд нэгдмэл удирдлага, алсын хараа, стратеги төлөвлөлт, мөн боловсон хүчний бөөгнөрөл үүсэн бий болох цогц систем бий болж байгаа юм. Пентекостууд, баптистууд, пресбитерианууд, методистууд гээд тус тусдаа бодлогоо боловсруулж, хүрээгээ тэлж, дэлхий дахины хэмжээнд садан төрлүүдтэйгээ холбогдож тухайн чиглэлээрээ байр сууриа тодорхойлж байгаа нь зөв зүйтэй боловч, бидний нийтлэг бүхнийг хамтатган багтаасан Монгол Чуулган гэсэн нэгэн дээврийн доор өөрсдийгөө тодорхойлох нь бидний цаашдын эрүүл саруул хөгжил дэвшилд амин чухал байна.

Хоёрдугаарт, нэр томъёоны шийдлийн хувьд авч үзье:

Зарим хүн "Монгол дахь Христийн бие" гэж ярина гэж байна. Энэ буруу. Хэдийгээр үзэл нь зөв мэт боловч, дэлхий нийтийн нэгэнтээ хэрэглэж хэвшиж дадсан, нийтэд ойлгомжтой хэллэгийг барих нь олон талын мэдлэгтэй, өргөн боловсролтой хэний ч хувьд соёлын асуудал мөн. "Христийн бие" гэдэг хэллэг нь итгэгчдийн хүрээнд хэрэглэгддэг билэгдлийн шинжтэй үг болохоос оноосон нэр хараахан биш. Энэ нь угтаа мөн л чуулганыг хэлж байгаа нь хэн ч хараажийн илт байна. Иймээс чуулган гэсэн нэр илүү зохимжтой. Гэтэл чуулган гэсэн үгийг хэрэглэх тал дээр яривал мөн ярвигтай.

Зарим хүн "Монгол дахь Христийн Чуулган" гэхийг илүүтэйд үзэж магад. Гэвч бодож үзэх зүйл бий. Дээр өгүүлсэнчлэн, Библи дэх экклэсиа гэдэг үг нь Грек хэлэндээ анх дуудагдсан хүмүүсийн цугларалт гэсэн утгатай байсан хэдий ч, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр шашны утга нь давамгайлан хэрэглээнд үлдэж эдүгээ англи хэлнээ church, орос хэлнээ церковь гэвэл Христийн чуулган гэсэн утгыг шууд илэрхийлдэг болсон байна. Энэ үгсийг өөр ямар ч шашны цугларалттай хольж хутгадаггүй. Мөн Чуулган (жич: жижиг биш шүү) гэж хэрэглэхэд, ер Улсын ардын дуу бүжгийн чуулга юмуу, Улсын Их Хурлын намрын чуулган гэж хүн ойлгохгүй юм. Монгол гэсэн үгийн тухайд, Чуулган гэсэн үг маань Монгол гэсэн тодотголыг өмнөө авснаар өөрийн давтагдашгүй дүр төрхийг, улс үндэстний тусгаар тогтнолыг Христийн загалмайн тугийн доор хадгалах, өвгөдийн уламжлалыг Библийн үнэнээр ариусган өвлөн авснаар жинхэнэ Монгол дүр төрх гэж юу болохыг, Бурханыг алдаршуулах соёл иргэншил нь зөвхөн Англи-Саксоны соёл юмуу, Солонгосын соёл ч бус, эсвэл нөгөө талын туйлшрал болох космополитик үзэлтнүүдийг төрүүлэн хөхүүлэн дэмжих явдал бус, харин бид Монголчууд Бурханаас заяасан эх орондоо, өнөөдрийг хүртэл хадгалан үлдсэн ялгарахуйц өв соёл, сайн сайхан үнэт чанар, хэл соёлдоо үнэнч үлдэн, улмаар үүнийгээ хөгжүүлж, энэхүү Төв Азийн уудам тал нутгаас Эзэнд магтаалыг өргөх, шашинлаг бус, харин Сүнсээр өөрчлөгдсөн мянга мянган хүмүүсийн итгэл, амьдрал, үйлсээр илэрхийлэгдэх шинэчлэлтийн төлөө гэсэн зүрх сэтгэлийн дуудлагыг тодорхойлох болно. Мөн Монгол гэсэн үгийн ард заавал харъяалахын тийн ялгал залгах уу гэдэг асуудал байна. Энэ бол илүүц хийгээд, ер хэлний баримжаагүй хүний хийдэг зүйл мөн.

"Монгол Чуулганы Ирээдүй" үндэсний чуулга уулзалтаас гаргасан тунхгийн албан ёсны англи орчуулгыг хийх явцад гарсан нэг инээдтэй ч гэх үү, эмгэнэлтэй ч гэх үү явдал бол "Монгол Чуулган" гэсэн нэрийг англиар "Mongolian Church" гэх үү, "Mongol Church" гэж бичиж хэвших үү гэсэн яриа хөөрөө байлаа. Англи хэлэнд эдүгээ хүртэл Дауны синдром буюу сэтгэцийн согогтой хүнийг Монголжуу хүнтэй нүүр царай нь төстэй болдог гэсэн утгаар Монголоид юмуу Монгол гэж хэлж дадсан тал бий. Тэгээд "Mongol Church" гэж тавьбал ийм утгаар ойлгогдож магадгүй гэж эргэлзсэн хүн ч байлаа. Харин миний бодлоор, хэрвээ үнэнхүү бид даяаршиж буй ертөнцөд амьдарч буй нь үнэн бол, хүмүүний соёл иргэншлийн ялгарлыг эрх тэгш гэж үздэг цаг үед амьдарч буй нь үнэн бол, тэр тусмаа гүнээ соёлжсон Христийн ертөнцөд манийг тэгэж ойлгох хүн ер байхгүй байгаасай гэж санахын хажуугаар, хэрвээ байлаа гэхэд тэр хүн хаанаас нь ч харсан их гүрний дээрэнгүй үзэлтэй, ухвар мөчид хүн яавч гарцаагүй мөн гэж мунхаглан сэтгэсэн болно.

Манжид гурван зуугаад жил, Орост 70 жил дарлагдсан нь биднийг туйлын арчаагүй, харийн хүний таалалд нийцүүлэх гэсэн сэтгэлгээтэй, тэднийг тахин шүтэх ухамсартай болгосон байна гэсэн дүгнэлт хийхэд буруудахгүй болов уу. Ялангуяа Монголд Христийнхэн өсөж төлөвшиж байгаа эдүгээ цагт нэг талаас, Монгол удирдагчид өөрсдөө хувь хүнийхээ хувьд ч бүрэн төлөвшөөгүй насандаа гадны хүнээс хэт их мэдээлэл авч, даган баясаж байгаа нь тэднийг харийн соёлын бүтээгдэхүүн болгохын нэгэн угтвар болж өөрсдийн гэсэн алив зүйлд өөнтөгч нүдээр харах хөрсийг бүрдүүлж байгаагаас гадна, Монголд ирсэн илгээлтийн эздийн хувьд ч, ядуу буурай орны ядарсан зүдэрсэн хэдэн хүнтэй ч гэсэн туурга тусгаар Монгол улсын нутаг дэвсгэрт хэл соёлын баялаг өвтэй ард түмний дунд байгаагаа умартан, зарим талаар үндэсний удирдлагыг дэндүү басамж үзэн зааж зааварлан, өөрийн хүчинд эрдэж бүхнийг мэдэгч, хамгийг чадагч бурхны дүрд тоглож байгаа нь Христийн сайн мэдээний тулгуур үзэлтэй ер авцалдахгүй байна. Христийн Чуулганы 2000 жилийн түүхийг аваад үзсэн ч, тухайн үед Европод үүсэн бүрэлдсэн Чуулганыг хэн хамгийн зөв хэлбэр гэж заасан юм бэ? Өнөөгийн барууны Христийнхний теологийн ухааны үндсийг тавигчид үнэндээ хуучин Грек-Ромын соёлын бүтээгдэхүүнүүд байсан төдийгүй, Грекийн гүн ухаантнуудаас суралцсан хэмжээгээрээ Библийг тайлбарлаж, дүгнэх оролдлогыг хийсээр байгаагүй гэж үү? Америк чуулгануудын хөгжлийн явцад гарсан алдаа завхралыг хэн шүүж хэмжсэн бэ? Солонгос Чуулганыг энэ дэлхий дээрх хамгийн төгс шатны чуулган гэж хэн үзсэн юм бэ? Өнөөдөр ч бид энэ нь ийм, тэр нь тийм гэж харьцууллаа ч, тухайн улс үндэстний Чуулганыг шүүн хэлэлцэх эрх өөр бусад үндэстний чуулгануудад бий гэж үү? Өөрийнхөө соёлын хэм хэмжүүрээр бусдын соёлыг шүүх хэмжээлшгүй эрх хэн нэг илгээлтийн эзэнд бий юү? 1990-ээд оныг хүртэл Өмнөд Африкийн Чуулган арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг албан ёсны номлолоо болгон зааж байхад хэн тэднийг буруушаасан юм бэ? 1960-аад оныг хүртэл Америкийн өмнөд мужуудын чуулганууд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг өөгшүүлсээр, эцэст нь энэ нь пастор Мартин Лютер Кингийн амь насыг хороох хэмжээнд хүртэл даварч байхад Англи Үндэстний Чуулган энэ талаар ямар мэдэгдэл гаргасан юм бэ? Үнэндээ Монгол Үндэстний Чуулганыг үндэслэн байгуулагчийн хувьд, Бурхан Өөрөө биднийг цаашид ч сургамжилсаар, зэмлэсээр, тэвэрсээр авч явах болно гэдэгт би итгэж байна. Тиймээс Монгол Чуулганы туйлын чиг алив хүний үзэмж, нөгөө үндэстний соёлын хэмжүүрээр тодорхойлогдох бус, Библийн хэм хэмжүүрийн тусгал, манай соёл дахь Бурханы хүслийн илэрхийлэл болж байх ёстой бус уу? Энэ бол Монгол итгэгч хүн бүрийн сэтгэлдээ сүслэн тээх буулга юм.

Эцэст нь, миний энд бичихгүй байхын аргагүй нэгэн сайхан найргийн мөрүүд морьтон ардын эрмэлзэл, эх орон улс үндэстнээ хайрлах сэтгэлийг эрхгүй бадрааж байгааг өвгөдийн амиа тавин тэмцэж байж бидэнд үлдээсэн газар нутагт чөлөөтэй амьсгалж байгаа хүн бүр мэдрэх учиртайсан. Жинхэнэ итгэгч хүн бол эх орон ард түмнээ хайрладаг нэгэн байх агаад, жинхэнэ эх оронч хүн бол Эзэн Есүсийн авралд ард түмнээ дуудах сэтгэлтэй нэгэн байх учиртай.

"Монгол нутгийн гол мөрнөөр ундаалсан би
Морьтон ардын дуу хуураар хөглөгдсөн би
Тоост зам, аяны харгуйд хөл дээрээ тэнцсэн би
Тоймгүй олон баатруудын гавъяаг сонссон би.
Зам толгод уулс, шувуудыг чинь би
Заяагдсан амьдралаа дуустал хайрлана би,
Завсаргүй сүлжих гол мөрнийг чинь би
Залуу насны гэрэлт амраг шигээ энхрийлнэ би.

Дахилт: Хоёр дахин төрвөөс, энэ л нутагтаа эргэнэ
Хоёр дахин үхвээс, энэ л нутагтаа дуусна
Хорвоод миний хаяг миний Монгол
Холоос давхисан хүлэг морь шиг эх орон

Үүл нэвтэлсэн Алтайн оргил дууг минь өргөнө
Үргэлжилсэн дорнын тал хайрыг минь хүлээнэ
Үзэж харсан бүхэн минь үнэн гайхамшиг
Үхэшгүй мөнхийн алдар, өгүүлшгүй хотлын нутаг
Яруу дуут галуудын ганганаанд хаврыг чинь би хайрлана
Яргуй дэлгэрэх хаврын цагт уулсыг чинь би шүтнэ.
Жигдхэн хүнгэнэх хуурын эгшгэнд буйраа тэлж
Жилээс жилд өндөрсөх толгодыг чинь би ширтэнэ. (О. Дашбалбар)"

Эх орон нэгт энэ ах минь Буддын шашинтан учраас яруу тансаг энэхүү найрагтаа манайхны зарим нь хүлээж авмааргүй зүйлийг илэрхийлсэн байлаа ч, даяар Монголын ариун голомт төв Халхын намхан бор толгодын оройгоос бид Загалмайн тугийн доор нэгэн түрлэг болон босч, ертөнцийн чихэнд Монгол хэмээх нэрийг дахин дуурсгах цаг заавал ирнэ гэж хүсэн залбирнам. Монголыг Бурхан Эзэн ивээх болтугай.

No comments: