Wednesday, January 18, 2012

Загалмайн билэгдэл хийгээд өдгөө цагийн өнгө




Ислам шашны таних тэмдэг гэж хэлж болохоор өнгө дүрс бол хавирган сар, ногоон өнгө. Жүүд хүн бол Давидын од гэж нэрлэх зургаан өнцөгт хошуугаараа танигдана. Харин Христитгэлтнүүд Загалмай буюу хэрээс тэмдгийг бахархалтай нь аргагүй сүмийнхээ орой дээр зална, хүзүүндээ зүүлт, чихэндээ ээмэг, зарим нь бүр шивээс болгон хийлгэсэн байна. Зарим хүмүүс итгэл бишрэлийг гангараа чимэг, дүрс тэмдэг биш, зөвхөн хүмүүн цээжиндээ хадгалах нандин зүйл байх ёстой гэж үзэвч, бүх хүн адилхан сэтгэх учиргүй ажээ. Үүндээ ч хорвоогийн амт, зөрчил оршдог бизээ.




Манай Монголд Христийн шүтлэг бишрэл дэлгэрээд нэгэн арваныг элээхүйд, манай монголчуудын дотор нэгээхэн хэсэг нь энэ сургаалд итгэж бишрээд олон сүм цуглаан үйл ажиллагаагаа явуулж байна. Эдүгээ бид Библийн судрыг эх хэлнээ буулган орчуулж, хэд хэдэн хувилбартай болчихсон, онгод авъяастай дуу хоолойтой нэг нь орчуулгын бус, өөрийн сэтгэлээс урган гарсан магтаал дуугаар мөргөл үйлдэж байна. Сургаал номлол ч аандаа монгол хүний унаган сэтгэлгээнд буухуйц байхын ач холбогдлын талаар пастор ахлагч нар ярьж байна. Энэ үед би загалмайн дүрсийн тухай өгүүлье гэж бодлоо. Ингэхдээ газар газрын загалмайн дүрс ялгааг цухас жишээ татаад, манай түүхэн уламжлалтай холбогдох талаас болон дорнын буюу үндэсний шинж чанарыг агуулсан дүр төрхийг бий болгоё гэж саналаа.




Эхлээд бидний сайн мэдэх загалмайн хэлбэрээс эхлэе.






Латин загалмай, загалмайн энэ энгийн хэлбэрийг баруун Европын гэдэг утгаараа латин хэмээн нэрийдсэн. Католик, Протестан шүтлэгтэнгүүд адилхан энэ загалмайг хэрэглэдэг. Үүнийг бид бараг л цорын ганц, зөв хэлбэр гэж хэлэх нь холгүй. Оросын сүмийн орой дээрх загалмайг буруу гэж ирээд, мэдэх мэдэхгүй олон юм ярих хүн захаас аваад гарна даа. Тэгэхээр ядаж багахан ч болов мэдлэг болоосой гэж бусад хэлбэрийг нь танилцуулъя.




Оросын гэсэн тодотголтой Христийн Үнэн алдартны шүтлэгт загалмайн дүрс нь гурван хөндлөвчтэй байдгийг ухан нягтлах аваас, дээд хөндлөвч нь “Назарын Есүс, Иудейчүүдийн хаан” гэсэн пайзыг, доод хөндлөвч нь цовдлогдсон хүний хөлийн тулгуурыг төлөөлөх агаад нэг үзүүр нь дээш, нөгөө үзүүр нь доош чиглэсэн нь Есүсийн хоёр талд цовдлогдсон дээрэмчдийн хувь тавиланг харуулсан хэрэг аж. Нэг талд асан хэрэгтэн итгэж, нүглээ наманчилсан тул Есүсээс өнөөдөр надтай хамт диваажинд байх болно гэсэн амлалтыг авч, нөгөө талынх нь дээрэмчин итгэл үзүүлээгүй доромжилсон тул тамд мөхөх тавилантай болсон гэх түүхтэй. Үүнээс гадна Копт загалмай, Келт загалмайн хэлбэр ч гэж бий. Тэднийг эс дурдаад, манайтай холбоотой хэлбэрийг нь яръя.




Перс загалмай, Энэтхэг нутгийн Мар Томасын[1] христитгэлтнүүдийн загалмайн хэлбэр дүрс нь бусдаасаа бас онцлогтой, өөрийн гэсэн өвөрмөц төрхтэй. Энд Загалмайг бадамлянхуа цэцгийн дээр залсан байх аж. Дорно дахинд бадамлянхуа цэцэг нь ихэд утга учир, билэгдлийг агуулсан байх агаад Энэтхэгийн Хинди, Буддын, Даогийн болон бусад олон шашнуудад хэрэглэгдсээр ирсэн дорно зүгийн орнуудад ихэд дэлгэрсэн билэгдлийн тэмдэг мөн. Ингэж бадамлянхуа цэцгийн дээр Загалмайг залсан байх нь өнөөгийн Иракт орших Ассиричуудаас зүүн тийш орших Христитгэлт сүм чуулгануудад түгээмэл хэрэглэгдсээр иржээ. Үүнийг бид түүхэн эх сурвалжуудаас олж үзэж болох юм.




Өмнөд Хятадын Фужиан муж болон өмнөд Энэтхэгийн Керала мужаас олддог булшны чулууны зургийг би энд тавьлаа. Христийн сүм чуулган зөвхөн өрнө зүг Европт түгэн дэлгэрсэн биш, дорно зүгт Азид асар их түгсэн хийгээд эдүгээ ч Ойрхи Дорнодод хэдэн сая Христэд итгэгчид байдаг, Энэтхэг, Ирак, Армян, Гүржид эртний уламжлалт сүм чуулганууд оршсоор байгаа. Христийн Несториан[2] гэж нэрлэгддэг урсгал төв Ази, Хятад хүрсэн байсан түүхэн баримт мэдээ, архелогийн олдворууд нэн арвин бий. Энэ булшны чулуунууд бол өөр ямар ч үеийнх биш, харин Хятад дахь Монголын эзэнт гүрэн[3]-ий үеийн дурсгалууд билээ. Түүхэнд Хятадын өмнөд мужид засан тохинуулах учиртай Монгол гарнизон байсан тухай гардаг. Юнань мужид үлдсэн нь ч бий. Христийн сүмийн түүхэнд бичигдэхдээ хятад бус хүмүүс буюу монгол түрэгүүд тухайн үедээ загалмайн шүтлэгээ тээж тэр газарт очсон гэдэг. Харин хэдэн зууны дараа мөнөөх монголчууд нь нийтээрээ буддын, түрэгүүд нь исламын шашин шүтлэгтэй болж, хятадууд энэ мэт түүхэн олдворуудыг нь өөрийн болгон сурталдаж, Христийн сүмийн түүх судлаачид энэ тухай Хятадын түүх дотор оруулан заадаг болж л дээ. Эл чулууны дээрх загалмайн доор бадамлянхуа цэцгийг болон, дээр нь байх шүхэр, Пагва ламын зохиосон дөрвөлжин үсгийг та бүхэн анхаараарай. Чухам хаанаас нь ч харсан дорны үнэр өнгө нэвт шингээстэй. За, миний яриа хэдэн зууны өмнө ийм байсан олдвор гэх мэтээр өндөрлөхгүй ээ. Эдүгээ бидний үед ч гэсэн бадамлянхуаг загалмайн хамт залсан явдал байна. Дараах зургийг харцгаая.




Энэ бол Өмнөд Энэтхэгийн Сүм Чуулган нэртэй экуменикал[4] байгууллагын лого дээр дүрслэгдсэн загалмай хийгээд бадамлянхуа. Энэтхэгт бадамлянхуа бол орчлон ертөнцийн бүтээлээс гадна, ариун гэгээн ёсон, гэрлийг шүтэж амьдрах гэсэн давхар давхар утгыг илэрхийлж байна. Лого дээр “ӨМНӨД ЭНЭТХЭГИЙН ЧУУЛГАН: ТЭД НЭГ БАЙХЫН ТУЛД”[5] гэж бичжээ. Эмблем дээр Загалмай нь христитгэлийг илэрхийлж байгаа бол, бадамлянхуа нь дорнын шинж төрхийг, бичигдсэн Библийн ишлэл нь Христийн Чуулган нэгдмэл нэг гэсэн санааг тус тус гаргасан байна. Тэгээд ч Энэтхэг бол Азийн, дорнын агуу их иргэншлүүдийн нэг, манай Монголын түүх соёлд тэндээс улбаалсан зүйл их.




Бадамлянхуа цэцэг манай түүхэнд зөвхөн шашны билэгдэл байгаад зогссонгүй, төрийн билэг тэмдэг болж хэрэглэгдсээр ирсэн. Манай одоогийн төрийн сүлдэн дээр ч мөн бадамлянхуа цэцэг байх ажгуу. Анх 1924 онд бүгд найрамдах засгийг тунхаглан соёмбо тэмдгийн доор байрлуулснаас гадна, Богд хаант Монгол улсын үед ч хэрэглэгдэж байсан байна. Академич Б. Ренчин гуайн тайлбараар бол “бадамлянхуа цэцэг бол усын ёроолын хар шавар дотроос ургадаг боловч тvvний ариун цагаан цэцэгт хир буртаг нь огт халддагvйн адил монгол улсын тєлєє зvтгэгч хvн бvхний сэтгэлд амин хувийн ашиг завшааныг эрэхийн хир буртаг vл халдах болтугай хэмээсэн санаа болно” гэжээ.




Бадамлянхуа дээр залсан загалмайн дүрс манай Монгол Чуулганы билэг тэмдэг, нүүр царай байж болох уу? Монголын түүх соёл, уламжлалт сэтгэлгээ Христийн сайн мэдээний үр урган төрөх жинхэнэ хөрс болохын билэгдэл нь бадамлянхуа цэцэг, ингэхдээ урьд цагийн адилаар дээр нь алив хүний, амьтны дүрийг бус харинчиг манай итгэл бишрэлийн тэмдэг болсон ариун загалмайг залах нь соёл сэтгэлгээ үндэстний алив сайн сайхнаа авч үлдэхийн сацуу итгэл бишрэлээ дээдлэн, оройдоо зална гэсэн санаа билээ. Ер алив юмс үзэгдлийг ёгт утга санаагаар илэрхийлэх нь манай Монголын унаган сэтгэлгээнд харш зүйл хэрхэвч биш. Та тунгаан бодоорой. Үүнийг уншигч таны мэргэн ухаанд даатган үлдээе.






[1] Мар гэдэг нь багш, гэгээнтэн гэсэн Сири гаралтай үг. Азийн ихэнх уламжлалт чуулганууд Есүсийн шавь Томасыг өөрсдийнх нь сүмийг үндэслэгч гэж итгэдэг. Эртний чуулганы захидал баримтууд ч Томасыг дорно зүгт Энэтхэг, Перс зэрэг орнуудад сайн мэдээ тараасан гэдэг. Тийн Мар Томасын сүм гэж нэрлэдэг болжээ.




[2] Одоо бол Ассирийн Зүүний Чуулган гэдэг.




[3] Академич Майдар гуайн санал болгосон нэр томъёо. Бусад судлаач, түүхчид Хятадын Юань улс гэж нэрлэдэг.




[4] Экуменизм. Ойкомунэ (Гэр орон) гэсэн Грек үгээс гаралтай үзэл санаа. Христийн чуулган нэгдмэл байж, урсгал чиглэл гэж хуваагдалгүйгээр Христийг гэрчлэх ёстой гэсэн үзэл санааг илэрхийлдэг. Энэ байгууллагыг Англикан, Пресбитериан, Мефодист гээд олон урсгалын сүм чуулганууд нэгдэж байгуулжээ.




[5] Иохан 17:11, 21



Monday, January 09, 2012

Яах вэ?

/Миний бие Үүрдийн гэгээ чуулганы ахлах пасторын үүрэгт ажлыг хүлээн авсан цагаас чуулганыхаа гишүүдэд зориулан олон нийтлэл бичсэнийхээ заримаас та бүхэнтэй энд хуваалцаж байгаа тул зарим асуудлуудыг нийтэд хандаж бичсэн гэж ойлгохгүй байхыг хүсэе. 2008 онд, 2009 онд, 2010 онд бичиж байсан нийтлэлүүд юм. Харин зарим нь үүнээс өмнө 2003-2006 онуудад бичигдсэн.

Жич: Энэ нийтлэлд 2009 оны чуулганы санхүүгийн мэдээлэл байгаа. Бид чуулганы санхүүгийн мэдээллийг 1) чуулганы итгэгчдэд нээлттэй байлгадаг, 2) энэ нийтлэл манай чуулганы итгэгчид аль хэдийнэ үзсэн мэдээлэл, бас энэ талаар залбирч удирдлагатайгаа санал бодлоо солилцдог зүйл, 3) дүүргийн татварын алба болон харъяа байгууллагуудын удаа дараагийн шалгалтад онц сайн үнэлгээтэй гардаг учраас нууцлах хэрэггүй гэж бодлоо. Бусад Монгол Христийн чуулгануудад Үүрдийн гэгээ чуулганы санхүүгийн төлөв байдал, пасторын болон Удирдах зөвлөлийн чиг харааны талаар мэдээлэл болог гэж санасан болно./

——– х ——– х ——— х ———–

Бид хүмүүст Есүс Христ аврагчийн тухай ярихдаа Иохан 3:16-г гаргаад “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ илгээсэн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм” гэдэг ишлэлийг ашигладаг. Хэсэг хугацааны дараа мөнөөх Хүүд итгэлээ гээд зогсох ёсгүй юм байна, цааш нь Сайн мэдээгээ бусдад түгээх ёстой юм байна гэдгийг Матай 28:18-20 “Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа… .” гэсэн ишлэлээс уншаад л явж өгдөг. Тэгээд л за итгэгч хүн ерөөсөө л Сайн мэдээ тарааж байвал боллоо гэж үзэх гэтэл… Бүх юм үүгээр бас зогсохгүй ажээ.

Библи ерөөсөө Иохан 3:16 ч юмуу, Матай 28:20 гээд л дуусдаггүй юм байна гэдгийг итгэгч хүн он цаг өнгөрөхийн хэрээр ойлгодог ажгуу. Үгүй ядаж л, Бурханы Үг болох Библийн судар гэдэг маань Шинэ Хуучин гэрээнд хуваагдсан 66 номоос бүрддэг, 1189 бүлэг, 31103 ишлэлтэй байдаг аж. Тэгэхээр Библийн 1 ишлэлийг цээжлээд, түүгээрээ Бурханыг, авралыг, чуулганыг ойлгож болдоггүй, 1 ишлэлийг тойроод нөгөө 31 мянган ишлэл нь эргэлдэж байдаггүй юм байна гэдгийг ухаарахад итгэгчдэд тодорхой хугацаа шаардагддаг. Есүс Христ Матай 16:16-д хэлэхдээ “Петрийн итгэлийн тунхаг дээр чуулганаа барьж байгуулна” гэж дурдсан байдаг. Тэрхүү чуулган нь Бурханы шинэ гэрээний ард түмэн болох учиртай байлаа. Тэрхүү шинэ гэрээ нь Хуучин гэрээний шууд үргэлжлэл. Хуучин шинэ гэрээнд адилхан үргэлжилдэг энэхүү Бурханы ард түмэн гэсэн ойлголт Хуучин гэрээнд зөвхөн Абрахамаас гаралтай Израиль үндэстнийг зааж байсан бол, шинэ гэрээнд бүх улс үндэстнээс хүмүүс сонгогдож энэхүү ард түмнийг бүрдүүлэх учиртай гэж өгүүлсэн байна. Экклижиа буюу ЧУУЛГАН гэх энэ Грек үг бол ердөө л нэгэн зорилгоор дуудаж цуглуулсан хүмүүсийг л хэлж байгаа юм. Гэтэл хүмүүс болсон юм хойно нийлээд ирэхээрээ дахиад л сайн муу бөөн юм болдог аж. Манай өвгөд дээдэс ч гэсэн олон хүн нийлж цугларахаар яадаг, уг нь ямар байвал зүгээр байдгийг сургасаар ирснийг бид бишгүй л олон сонсож байсан. Жишээ нь одоо, “Хүн ахтай дээл захтай”, “Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр”, “Эвт шаазгай буга барина”, “Арван толгойтой нэг сүүлтэй могойноос нэг толгойтой арван сүүлтэй могой дээр” гэхчлэн нэгдмэл нэг санаатай, бүлсэг, дэг журамтай, удирдлагатай байхын чухлыг заасан сургаал үг олон байдаг шиг, “Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг”, “Хоёр хүн эвтэй бол төмөр хүрээ мэт, 20 хүн эвгүй бол эвдэрхий хэрэм мэт” гээд бас олон хүн нийлэхээрээ эвгүй бол муухай төдийгүй аюултай болохыг сануулдаг.

Тэгэхээр Бурханы зорилгын дагуу дуудагдсан энэ хурсан олон түмнийг эмх цэгцтэй, зохион байгуулалттай, тодорхой бүтэцтэй соёл бүхий шинэ орчинд нийгэмшүүлэхийн тулд Бурхан анхнаас нь элч нарыг Апостолуудыг томилсон байдаг. Тиймээс Апостолуудын сургаал ба эрх мэдэл дээр үндэслэгдсэн чуулгануудад дараа дараагийн үед нь Бурхан бишоп буюу харгалзагч нарыг, үйлчлэгчдийг, ахлагч нарыг томилж, чуулганд гарах алив сүнслэг материаллаг асуудлуудыг шийдвэрлүүлдэг байлаа. Чуулганыг бид энэ өнцгөөс нь харахаар зүгээр нэг хүн-сүрэг биш, харин Эзэнээс газар дэлхий дээр байгуулсан ИНСТИТУЦ гэж ойлгож болно.

Чуулган Христийн институц болохынхоо хувьд, өөрийн гэсэн дэг журам, соёл, харилцааны стандарт, хэв хэмжээ, засаглалыг бий болгосон байдаг. Чуулганд гишүүнчлэл бий, байнгийн үйл ажиллагаа гэж бий. Манай “Үүрдийн гэгээ” чуулганы дүрэмд тусгагдсанаар бол “Христийн сайн мэдээг дэлгэрүүлэх, Библийн сургаалыг заах, ариун ёслолуудыг гүйцэтгэх, төрөл бүрийн үйл ажиллагааг эрхлэн явуулах, ном судар эрхлэн гаргах, аж ахуй эрхлэх” гэх мэтээр үйл ажиллагааны үндсэн чиглэлээ тодорхойлсон байдаг. Ийм ажлуудыг хийхэд, ийм институцийг авч явахад санхүү зайлшгүй шаардлагатай болдог. Удирдлага байгаа бол захиргааны зардал гарна, ажил явагдаж л байгаа бол үйл ажиллагааны зардал гарна, чуулган өөрийн гэсэн байр савтай, эд аж ахуйтай бол байрны зардал, улсад бүртгүүлсэн бол татварын зардал гээд өч төчнөөн хэдэн саяар тоологдох зардлууд гарч эхэлдэг. Ингээд би энэ удаа чуулганы санхүүгийн талаар бичихээр шийдлээ.

Библид юу гэж заасан байдаг юм бэ?
Өргөл гэж юу вэ?
Энэ бол Эзэн Бурханыг хөрөнгө баялагаараа эмээн хүндэлж буйгаа илэрхийлэх зан үйл юм. Эрт цагт хүмүүс мал амьтан, өргөл барьц эд агуурс өргөдөг байсан бол, эдүгээ цагт бэлэн мөнгөний эдийн засагт шилжсэнээс хойш өргөлийг ихэвчлэн мөнгөн хэлбэрээр хийдэг болсон. Бидний олох орлого болгон Бурханаас ирдэг гэж итгэдэг тул бид Түүнд зөвхөн дуу хоолойгоороо магтаал хүндлэл өргөөд, авъяас чадлаараа үйлчлээд зогсохгүй, орлогоороо Түүнд мөргөл хүндлэл өргөж болдог. Үүнийг Эзэн Библид тушаасан.

Ямар хандлагаар Эзэнд өргөх ёстой вэ?
- Бүхий л эд баялаг, боломж, амьдралын сайн сайхан болгон Эзэнээс ирдэг гэж итгэдэг итгэлээр өргөдөг. /Иов 1:21; Дуу 24:1; Хаг 2:8/
- Эзэн Бурханаас надад олгосон бүхнээс дээжийг нь буцаан талархсан сэтгэлээр өргөдөг. /Лев 27:30/
- Өргөхдөө албадлагаар дурамжхан бус, чин сэтгэл ба хайрын илэрхийлэл болгож, Эзэнийг эмээн хүндлэх байдлаар өргөдөг. /2Ко 9:7; Сур 3:9/
Эзэн Есүс сүмд өргөл өргөсөн хүмүүсийн дотроос ядуу бэлэвсэн эмэгтэйн сэтгэлийг сайшаасан байдаг /Лк 21:1-4/. Бага ч гэсэн сэтгэлээрээ өгсөн гэдэгтээ биш, харин тэр эмэгтэйд байсан хоногийн хоолныхоо мөнгийг харамлалгүйгээр Эзэнд өргөсөн сэтгэлийг нь энд хэлээд байгаа юм. Тэрнээс, түрийвчнээсээ ёс болгож 50 төгрөг өргөлийн хайрцагт хийчихээд “найз нь сэтгэлээрээ шүү” гээд байдаг хуурамч хандлагын тухай энд өгүүлээгүй.

Өргөл юунд зориулагддаг вэ?
- Эзэний үйлчлэлд буюу Чуулганы (институц) явуулж буй үйл ажиллагаа, санхүүгийн хэрэгцээнд зарцуулагддаг. /Мал 3:8-12/
- Эзэний сүмд, үйлчлэгчдийг хоол ундтай байхад буюу Эзэний чуулганд тусгайлан бэлтгэгдсэн үйлчлэгчдэд зориулагддаг /1Ко 9:9-12; 1Тим 5:17-18/
- Чуулганы илгээлт болон ядуу буурай хүмүүст зарцуулагддаг. /Иак 1:27/

Хуучин гэрээний цаг үед мал амьтны тахилыг болон Аравтын өргөлийг онцолдог байлаа. Библийн ариун Бурханд хүн ойртон очихын тулд нарийн зааварчилгаатай тахилын бүхэл бүтэн системийн дагуу өргөл өргөдөг, гэм нүглээ цайруулдаг байлаа. Заасан тусгай сүмд тахилчдын оролцоотойгоор энэ бүхэн гүйцэтгэгддэг байж. Тухайн сүмийн болон тахилчдын Леви овгийнхныг тэжээхийн тулд Эзэн Израильчуудыг бүх орлогынхоо Арван хувийг татвар болгон авчрах ёстой гэж тушаасан байлаа. Эндээс Аравтын өргөлийн ойлголт бий болсон гэж ойлгож болно. Энэ өргөл тахилын систем Израильчуудын амьдралын бүхий л салбар нэгжид хамааралтай хууль цааз байсан.

Шинэ гэрээ, аравтын өргөлийг албадлага маягаар шаардахаа больсон ч, Эзэнд өргөх өргөлийн үндсэн зарчмыг өөрчлөөгүй юм. Харин ч Паул хэлэхдээ, бид ямар нэг юмныхаа тодорхой хувийг өргөдөг байх биш, бид өөрсдөө 100 хувь Эзэнд өргөл болж амьдардаг байх ёстой гэж хэлсэн байдаг. /Ром 12:1-2/ Учир нь Эзэн Бурхан бидний төлөө, биднийг аврахын төлөө Өөрийгөө бүхлээр нь 100 хувь үхэлд хүртэл тушаасан билээ. Шинэ гэрээний 1Коринт 16-р бүлгийн эхэнд тухайн үеийн чуулган долоо хоног бүр уулзахдаа өргөл хандив өргөсөөр байсныг, 2Коринт 8, 9-р бүлэгт энэхүү өргөлийн хандлага, зориулалтын тухай Паул элч тодорхой хэлсэн байдаг. Зарим Библийн судлаачид Шинэ гэрээний чуулган Аравтын өргөл авах ёсгүй гэж хэлдэг ч, дийлэнх чуулганууд энэ өргөлийг авдаг. Бас олон итгэгчид Эзэнд Аравтын өргөлийг өргөхдөө баяртайгаар, урамтайгаар өгсөөр ирсэн. 2000 жилийн туршид ийм л итгэгчдийн харамгүй өргөл хандиваар Христийн сайн мэдээ бүх тивд, бүх улс үндэстэнд тархах боломжтой болж, шинэ шинэ чуулганууд бий болсоор ирсэн. Бид Эзэнд хайртай, тиймээс магтан дуулъя гэдэг, Эзэний үгээс чимээгүй цаг хийе гэдэг, Эзэнтэй яръя залбиръя гэдэг. Зарим нь сэтгэл нь шатаад чуулганд үйлчлэе гэдэг, бид авралын зараар явъя гэдэг, эсийн бүлэг удирдая гэдэг. Болж байна, сайн байна. Харин та Эзэнийг эд хөрөнгөөрөө, олсон орлогынхоор тодорхой хувиар хүндэлж чадах уу? Та үнэхээр мөнгөнөөс илүү Эзэнд хайртай юу? Матай 6-р бүлгийн 24-р ишлэлд Есүс ингэж хэлсэн:
Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцнэ. Та нар Бурхан болоод эд баялагт хоёуланд нь зэрэг үйлчилж чадахгүй… .
Бид Эзэнд өргөж чадахгүй, мөнгийг тэргүүнд тавиад харамлаад, харамсаад байна уу? Эзэнд өргөгтүн, Тэр яаж ивээдэг болохыг амсаж үз гэж Эзэн айлдсан. Итгэж чадахгүй байвал, туршаад үз гэж Малахи номын 3:10 “Миний өргөөнд хоол хүнс байхын тулд бүхий л аравны нэгээ агуулахад авчир. Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгах эсэхийг Намайг одоо үүгээр шалга” гэж айлдсан тэр Эзэн өнөөдөр ч амьд байна.

Бид Эхлэл 32-р бүлэгт, Иаковын Бурхантай зууралдан барилдсан түүхэнд гардагчлан “Та намайг ерөөхөөс нааш таныг явуулахгүй” гээд Эзэнээс зуурдаг Иаков шиг тийм зантай баймаар байна. Санхүү хэцүү байсан ч, Эзэнд өргөлөө итгэмжтэйгээр өргөөд, өөрт үлдэх 90 хувийг маань өсгөж, 30, 60, 100 дахин өсгөж өгөөч хэмээн зууран залбирах тийм итгэгчид төрмөөр байна. Бүр тавихгүй зуураад, ерөөлийг хүсэн залбирсаар, хөдөлмөрлөсөөр зүтгэсээр баймаар байна. Эзэн бол Хангагч Эзэн билээ.

Бид Шастирийн дээд 4-р бүлэгт, зовлон гамшгийн үүр уурхай болсон Иабез яаж ах дүүсээсээ илүүгээр хүндлэгдэж ивээгдэх болсон тэрхүү түүхийг уншихдаа, Иабезийн залбирлыг харахдаа, түүн шиг Бурхан бидний хүслийг гүйцэлдүүлэх болно гэсэн тийм итгэлийг өвөрлөмөөр байна. Эзэн бол Итгэлийн Зохиогч билээ.

Библийн итгэлийн баатрууд болох Иосеф шиг, Даниел шиг бид юу ч хийсэн тэр нь амжилт олж, эргэн тойронд байгаа хүмүүс ах дүүс, хамаатнууд маань биднийг ерөөгдсөн гэж дуудаж, бидний ивээлийн үндэс болсон Эзэнийг таньж мэдэх гэж уралдан гүйх тийм цаг үеийг бид үзмээр байна. Эзэн бол Дэд хууль 28:1-14 айлдсанчлан:
Хэрэв чи өөрийн Бурхан Эзэнд дуулгавартай байж, миний өнөөдөр чамд тушааж буй Түүний бүх тушаалыг хичээнгүйлэн дагаж мөрдвөөс, ЭЗЭН Бурхан чинь чамайг газар дэлхий дээрх бүх улс үндэстнээс илүү өндөрт тавина. Хэрэв чи өөрийн Бурхан Эзэнд дуулгавартай байвал эдгээр бүх ерөөл чам дээр бууж, чамд хүрнэ. Чи хотод ч ерөөгдөнө, хөдөөд ч ерөөгдөнө. Биеэс чинь төрөх үр хүүхэд, газрын чинь ургац, мал амьтдын чинь төл, үхэр хонины чинь төл ерөөгдөнө. Чиний сагс талх исгэдэг сав ерөөгдөнө. Чи орохдоо ч ерөөгдөнө, гарахдаа ч ерөөгдөнө.

Чиний эсрэг босох дайснуудыг ЭЗЭН чиний өмнө ялагдахад хүргэнэ. Тэд чам руу нэг замаар довтолж, чамаас долоон замаар зугтана. ЭЗЭН чиний тариа будааны агуулах, чиний гар оролцох бүх зүйлд ерөөл айлдана. ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй тэр газарт Тэр чамайг ерөөнө. Хэрвээ чи ЭЗЭН Бурханыхаа тушаалыг сахиж, Түүний замаар явбаас ЭЗЭН чамд тангарагласан ёсоороо чамайг Өөрийн ариун ард түмэн болгон байгуулна. Тэгвэл чамайг ЭЗЭНий нэрээр дуудагдсан болохыг газар дэлхий дээрх бүх ард түмнүүд хараад, чамаас айх болно. ЭЗЭНий чамд өгөхөөр чиний өвөг дээдэст тангарагласан газар дээрээ чиний эд хөрөнгийг, биеэс чинь төрөх үр хүүхэд, малын чинь төл, газрын чинь ургацыг арвин болгоно. Газар дээр чинь цаг улиралд нь хур бороо оруулж, гарын чинь аливаа ажил үйлсийг ивээхийн тулд ЭЗЭН чиний төлөө огторгуйн сайхан сан хөмрөгөө нээнэ. Олон үндэстэн чамаас зээлнэ. Харин чи зээлэхгүй. Хэрэв миний өнөөдөр чамд тушааж буй ЭЗЭН Бурханыхаа тушаалыг чи сахин үйлдэхийн тулд тэдгээрийг сонсвол ЭЗЭН чамайг сүүл болгохгүй, тэргүүн болгоно. Чи доор орохгүй ямагт дээр нь байна. Өнөөдөр миний та нарт тушааж буй аливаа үгнээс баруун тийш ч, зүүн тийш ч хазайж, өөр бурхдад үйлчлэхээр дагаж болохгүй.

Энэ ерөөл таных байх болтугай. Итгэлээр энэхүү ерөөлийг өвлөн авахыг хүсэгч хэн боловч үүнийг уншихдаа “Амен” гэж хэлэг.

“Үүрдийн гэгээ” чуулганы байдал
Манай чуулганы тухай ярихаасаа өмнө би “Чуулган төрөлт”-ийн тухай хэдэн үг хэлмээр байна. Өчилийн эхэнд, итгэгчид зөвхөн Сайн мэдээ ярих нь Бурханы ажил гэж ойлгодог тухай хэлсэн. Гэтэл Христ бидний төлөө нас бараад Сударын дагуу дахин амилсан, Түүнд итгэгч нь мөнх амьтай гэх энэхүү Сайн мэдээг хүлээн авсан хүмүүс маань нэгдэн нийлж Христийн биеийг бүрдүүлэх ёстой байдгийг би тэнд дурдсан байгаа. Тэр нутгийн чуулган нь Христийн дүр төрхөөр өөрчлөгдөж, нийгэмдээ эргэн тойрондоо гэр бүлдээ улс орондоо өөрчлөлтийг авчрах Бурханы хаанчлалын гишүүд байх ёстой гэдгийг би дурдсан. Тэр чуулган төлөвших ёстой, бие даасан чанарыг агуулсан байх ёстой. Ингэхдээ хөгжлийн хэд хэдэн үеийг туулдаг. Үүнд:
• Үйл ажиллагааны хувьд, бие даасан тогтвортой хөгжил
• Удирдлагын хувьд, бие даасан тогтвортой хөгжил
• Санхүүгийн хувьд, бие даасан тогтвортой хөгжил
• Онол теологийн хувьд, бие даасан тогтвортой хөгжил
1. “Үүрдийн гэгээ” чуулган 1992 онд байгуулагдсан цагаасаа хойш, үйл ажиллагаа буюу авралын зар тараах, цуглаан мөргөлийн үйл ажиллагаа, ариун ёслол, айлчлал, энэрлийн үйлс концерт драм гээд чуулганд зайлшгүй явагдах, хийгдэх ёстой ажлуудыг Монгол итгэгчид, ахлагч удирдагчид хангалттай сайн хийж ирсэн. Авралын зар тарааж чадахгүй байна, цуглааныхаа магтаалыг удирдаж чадахгүй байна гээд гадаадаас хүн урьж байсан тохиолдол бидэнд байхгүй.
2. Манай чуулган анхнаасаа Монгол ажилчидтай байсан. Чуулганы Монгол ажилчид болон эсийн бүлгийн ахлагч нар цөм Монголчууд байлаа. Чуулганы ахлагч, туслагч нарыг Монгол хүнээр томилдог байсан. Ямар ч миссионер өөр улс оронд чуулган байгуулаад, тодорхой хугацааны дараа нутгийн удирдлагыг гаргаж ирэх ёстой байдаг. Энэ бол Библийн зарчим. 2003 оныг хүртэл энэ чуулганд ахалж удирдаж байсан олон Монгол удирдагчид тусдаа цуглаан байгуулж гарч байсны нэг том шалтгаан бол тухайн үед чуулганыг удирдаж байсан гадаад хүн болон монгол ахлагчдын хооронд чуулганыг хэрхэн удирдаж авч явах тал дээр үзэл бодол зөрүүтэй байснаас болдог байсан. 2003 оны сүүлээр чуулганы монгол ахлагч нар, ажилчид манай чуулганыг тухайн үед удирдаж байсан хүнтэй үзэл бодол таарахгүй болсон учраас нутгийн чуулганы удирдлагыг Монголчууд гартаа авч, тэр цагаас эхлэн Удирдах Зөвлөлөөр чуулганы дээд эрхийг барьдаг болсон. Тэр цагаас хойш манай Монгол пастор, ахлагч нар, Удирдах зөвлөлийн гишүүдэд алдсан зүйл ч олон бий, оносон зүйл ч олон бий. Ямартай ч байсан өнөөдрийг хүртэл энэ чуулганыг удирдлагаар хангаж, зааж чиглүүлж, үүрч дүүрсээр ирсэн. Алдаан дээрээсээ суралцсан, хатуужсан, асуудлыг хооорондоо яриад шийдсэн, залбирсан, цаг заваа үүнд зориулсан. Өнөөдөр ч гэсэн бид энэхүү зарчмыг үргэлжлүүлэн барьсаар байна. Сатан монголчуудыг Христийн чуулганыг удирдаж чадахгүй гэж басаж байсан байж магадгүй юм, алдахыг нь хүлээж байсан байж болох юм. Харин өнгөрсөн жилүүд Бурханы Сүнс монголчуудаар дамжуулан чуулганыг удирдаж чадна гэдгийг гэрчлэн харуулсан юм. Өнгөрсөн жилүүд бидний алдаагаар биш, харин биднийг өдгөө хүртэл урамшуулан босгож урагшлуулсаар байгаа Бурханы нигүүлслээр хэмжигдсэн. Хэн Бурханы сонгосон хүмүүсийг буруутгах вэ? Бурхан нь зөвтгөгч нэгэн мөн. Ялладаг нь хэн юм бэ? Христ Есүс нь үхээд, бүр амилуулагдсан, Бурханы баруун талд байдаг, бидний төлөө зуучлан гуйдаг Нэгэн юм. /Ром 8:33-34/ “Үүрдийн гэгээ” чуулганд эсийн бүлгээс авхуулаад чуулганы пасторуудын эгнээнд, Удирдах зөвлөлд үйлчилсээр ирсэн олон олон эх орон нэгтнүүддээ, итгэл нэгт ах эгч дүү нартаа би хувиасаа талархмаар байдаг. Сатан бидний унахыг хүлээж бах таваа хангахыг хүсэж байсан, харин бидний итгэдэг Эзэн итгэмжтэй. Тэр биднийг Сатаны элэг доог болгоогүй, бидний мууг үзэхийг хүссэн хүмүүсийн хэл амны зугаа болгоогүй. Бид Монгол газар нутагт байгаа нутгийн чуулганы хувьд, нутгийн хүмүүсээр удирдуулсан чуулганыг төлөвшүүлж чадсан.
3. Санхүүгийн хувьд, 2003 оноос хойш бид хангалттай чардайж амьдарч байна. Эх орон маань хөгжил буурай, ард түмний маань амьдрал ядуу зүдүү. Гадны тусламж, санхүүгийн дэмжлэгт шүтэхийг урьтал болгоогүй жинхэнэ Монгол чуулган болохынхоо хувьд манай “Үүрдийн гэгээ” ч гэсэн халгиж цалгиад байгаа юм алга. “Үүрдийн гэгээ” чуулган бол ашгийн байгууллага биш, компани биш. Жил болгон татварын өрөө төлөх гэж, ажилчдын цалингаа тавих гэж ардахаараа урдахаа нөхөж өнөөгийн Монгол айлын санхүүгийн дүр зураг ямар байгаа вэ түүнчлэн явж байна. 2003 оноос өмнө Хуан багшийг удирдаж байх тэр үед ямар нэгэн үйл ажиллагаанд, татвар торгууль дээр мөнгө дутвал багшаас гуйдаг, багшийн кармаанаас ч мөнгө нь олддог байлаа. Гадаадын хүнийг чуулганыхаа удирдлагад байлгахын нэг ашигтай тал нь энэ. Дараа нь тодорхой хэмжээнд Маркус багшаас санхүүгийн дэмжлэг авдаг боллоо. 2009 оноос эхлээд бид яг өөрсдийнхөө бодит хөрсөн дээр унаж байна. Бодит санхүүгийн чадавх, дотоод нөөц бололцоо маань ямар вэ гэдгээ харж байна. Итгэгч Монголчууд маань өргөлөөрөө чуулганаа аваад явж чадах нь уу? Бид өөрсдийгөө итгэлээр төлөвшсөн гэж үзэж байгаа бол, тэр хэмжээгээрээ Эзэнд өргөж чаддаг, Христийн бие болсон чуулганыг хайрладаг, хариуцлага үүрдэг, залбирдаг, үйлчилдэг тийм хүмүүс болж төлөвшиж үү? Эсвэл шүүмжлэгчид, танхайрагчид, сагсуурагчид, амиа хичээгч, чуулганыг үл хайрлагч, хов жив хутгагчид, өө сэв хайгчид, гомдоллогсод болж уу? Энэ чуулган өвчинтэй байна, энэ нь ч болохгүй байна, тэр нь ч болохгүй байна гээд муулж муулж хаяад явагчид болж уу? Бид санхүүгийн хувьд босож ирэхийн тулд чуулганы итгэгчдийн сүнслэг орчин эрүүлжээсэй. Чуулганы төлөө гэсэн халуун сэтгэлтэй бизнес эрхлэгчид, санхүүгийн батлан даагчид манай чуулганд төрөн гараасай. Энэ чуулганд 100 хүн сард 500,000-1,000,000 төгрөгний орлого олдог, тэрнийхээ Аравтыг итгэмжтэйгээр өргөдөг байлаа гэхэд 5-10 сая төгрөгийг бүрдүүлэх боломжтой. Манай чуулганы итгэгчдийн дотроос хэдхэн хүн санаа нийлээд Хүүхдийн цуглааны жилийн үйл ажиллагааны зардлыг батлан даах боломж бий гэж би итгэдэг. Сар тутамд хийдэг хүүхдийн багш нарын цуглаанаас авдаг дэмжлэгийн 15,000 төгрөгийг нь даах ч юмуу, уулзалтыг нь гэртээ хийлгээд ивээх тийм итгэгчдийг төрж гараасай гэж би ямар их хүснэ вэ? Бид гадаадын хүнээс, байгууллагаас, чуулгануудаас мөнгө авч болноо. Энэ амархан. Бид тэр мөнгөөр том том үйл ажиллагаа явуулаад, бүх юм сайхан байна хөгжиж байна гэж ярьж болноо. Чуулганы ажилчдын цалингаа нэмж чадахгүй санхүүгийн хүнд байдалд байхад нэг пастор маань гадаадаас санхүүжүүлэгч олъё л доо гэж байлаа. Би зөвшөөрөөгүй. Үүнээс болж тэр хүн надад дургүй болсон байх. Яагаад? Манай монголчууд эртнээсээ нааш материаллаг баялаг бүтээдэггүй, бэлэн мөнгөний харилцаанд төдийлөн суралцаагүй нүүдэлчин удамтай улс. Тэр чигээрээ байсаар байгаад Манжийн үетэй золгосон. Монгол ноёдыг хамгийн амархан эрхэндээ оруулах арга нь бэлэг сэлт, шан харамж, зоос өгөх явдал байж. Өөрсдөө бөндгөрөө ажиллуулж хоёр гараа хөдөлгөж баялаг бүтээх тийм сэтгэлгээ манайханд хомс, харин хүнээс мөнгө аваад амархан баяжаад жаргах хүсэлтэй хүн олон. Энэ л зангаасаа болж Манжийн явуулгад автаж ах дүүс бие биенээ худалдаж, хоорондоо дайтаж эвдрэлцсэн. Хөндлөнгийн хүний зууш болсон. Эцэст нь бид ядуу хэвээрээ үлдсэн. Монгол улс Социализмын сүүлийн 30 жилд ЗХУ-аас 9 тэрбум рублийн зээл авсан, бас буцалтгүй тусламж авсан. Бид зээл аваад, тусламж аваад ард түмний амьдрал сайн байна гэж хөгжиж байна гэж дуулсаар ирсэн. Харин тэр суваг хаагдахад Монгол хүнд юу үлдэв, ямар сэтгэлгээ үлдэв? Бид бэлэнчилж сурчээ, бид хариуцлагагүй үрэлгэн байж сурчээ. Бид хэрээ мэдэхгүй цамаан байж сурчээ. Бид том том ярьж сурчээ. Гэртээ идэх талхгүй, хүн ороход аятайхан суучих сандалгүй мөртлөө, ганган утас гоё машин барьж сурчээ. Бид ажил голоод, цалин голоод сурчихжээ. Бидний голсон ажлуудыг Хятадууд орж ирээд хийж байна. Биднийг саятан болох юмсан гээд санаашраад хэвтэж байх зуур тэд өдөр шөнөгүй зүтгээд, мөнгөө хуримтлуулаад дансандаа сая сая төгрөгтэй болчихож. Бид залхуу, бид чалчаа, бид юу ч сураагүй байна. Энэ бол өнөөгийн Монголын дүр зураг. Бурханы Сүнсээр өөрчлөгдөж байгаа, Христийн сургаалаар хүмүүжиж байгаа гэсэн итгэгчид энэ Монголд ямар шинэчлэлийг авчрах гэж байна вэ? Над дээр 2 жилийн өмнө нэг итгэгч залуу ирээд гэр бүл нь салж сарних гээд байна гээд уйлан алдаад ярьлаа. Өөрийг нь эхнэр нь тоохгүй байна гэнэ. Чи юу хийдэг юм бэ гэж асуулаа. Группэд байдаг гэж байна, цааш нь ухаад ярилцсан чинь тийм ч ноцтой өвчин биш. Хөдөлмөрийн бүрэн чадвартай мөртлөө, арын хаалгаар бичиг хийлгээд авчихсан. Тэгээд группын хэдэн төгрөгөндөө сэтгэл хангалуун болоод байдаг гэнэ. Үхдэг ч үгүй, сэхдэг ч үгүй. Зүгээр л өдрийн хоолтой учраас амьдралд тэмцэл байхгүй. Хайран залуу. Над дээр дахин ирээд уулзлаа. Бас л сэтгэл санаа хүнд байна, залбирч өгөөч гээд л гоншигноод… Би тэр залууд ингэж хэллээ. Хэрвээ чи ажил хийхгүй, гэр бүлээ эр хүн шиг тэжээхгүй, хоёр гараараа хоолоо олж идэхгүй, тэгсэн атлаа Библи сүнс яриад гоншигноод ирэх юм бол би чамайг хүлээж авахгүй шүү гэсэн. Бодвол гомдсон биз, цуглаанд дахиж үзэгдээгүй. Өнөөдөр олон чуулган пасторууд Монголын төлөө гээд л амаа цууртал ярьдаг. Харин энэ ард түмний сэтгэлгээнд нь амьдралд нь гүн гүнзгий нэвчсэн энэ мэт ядуурлыг өөрчлөхгүйгээр, дахиад л чуулганууд нь пасторууд нь гадаадаас доллараар цалинжаад л, гоё сайхан сургаал яриад л эхэлчихэвэл, бид итгэдэггүй монголчуудаас юугаараа ялгарч байгаа юм бэ? Бид орчин үетэйгээ хөл нийлүүлж чадах хариуцлагатай, хөдөлмөрч, зорилготой, ухамсартай, ухаантай итгэгчдийг төлөвшүүлэн бий болгохгүйгээр яаж “Монголын нийгэмд тэргүүлэгч Христийн дагалдагчдыг” төрүүлэх гээд байгаа юм бэ? Эсвэл гадны хөрөнгө мөнгөнд дулдуйдаж энэ ард түмнийг ядуугаар нь далимдуулж хэрэгцээгээр нь шашин шүтлэгтээ оруулах гээд байна уу? Мөнгө төгрөгөөс нь болж гадныхны улыг нь долоох шахан бөхөлзөх атлаа, эх орон нэгтэндээ болохоор эр бар загнадаг доорд үздэг энэ ертөнцийн ялгаварлах үзлийг бид Христийн чуулгануудад, гадаадын гэсэн тодотголтой байгууллагуудад ч гэсэн харсаар байгааг юу гэх вэ? “Үүрдийн гэгээ” чуулган санхүүгийн хувьд бие даасан тогтвортой хөгжлийн замыг сонгосон. Бидний хувьд, манай Монголчуудын санхүүгийн үзэл санаа нэн тэргүүнд өөрчлөгдөх ёстой. Бид хариуцлагатай болж төлөвших ёстой. Эзэнд өргөдөг, улам илүү их санхүүгийн ивээлийг авахын төлөө бөндгөрөө ажиллуулдаг, залбирдаг, зүтгэдэг байх ёстой. Бид авсан ивээлээсээ бусдад ивээл болох ёстой. Эзэнд өргөж, бусдыг ивээж, чуулганыг батлан даах чадвартай байхын тулд та баян байх ёстой, баян байхын тулд та хөдөлмөрлөх ёстой. Ингэж оюун санаа нь шинэчлэгдсэн монголчууд олон болохын хэрээр Монгол улс маань өөдлөн дэвжинэ, эрүүл саруул бизнесийн орчин бий болно. Монгол улс гадаадын зээл тусламжид шүтэн амь зогоодог биш, харин хүч хөдөлмөрөөрөө, Эзэн Бурханы ивээлийн доор хүчирхэг эдийн засагтай улс болох болно. Библийн Номлогчийн Үгс 9:10а “Гар чинь юуг хийхээр тэмүүлнэ, түүнийг бүхий л чадлаараа хийгтүн”.
4. Онол теологийн хувьд, энэ оноос 2010 оноос миний бие Үндэсний чуулганы үзэл баримтлал, онол сургаалыг бий болгох цэгцлэх тал дээр илүү ажиллах санаатай байна. Бичье гэж бодсон зүйл олон байна, гэвч тэр болгон санаагаар гарч өгөхгүй, цаг зав болохгүй зовлон бас байна. Чуулганы баримтлах итгэлийн тунхаг, бүтэц, мөргөл, ариун ёслол, литург, түүх, институц, нэршил гээд бичих томъёолох зүйл их байна. Өнгөрсөн хугацаанд хангалттай хуучин тогтолцоотой зууралдлаа, эрүүл галзуу нь мэдэгдэхгүй гүжир гүтгэлэгтэй хутгалдлаа, цаг хугацаа ч алдлаа. Та нар энэ талаар залбирч өгөөрэй. Өнөөдөр чуулганууд амжилттай байх тухай ярихаараа дандаа сайн менежмэнтийн тухай ярьж байна, энэ учир дутагдалтай. Менежэрүүд бол хамгийн прагматик хүмүүс байдаг, тэдний дээр чиглүүлж залах сэтгэгчид гарч ирэхгүй бол Монгол Чуулган оюуны-сэтгэлгээний ядууралд хоосролд орно. Тийм учраас Үүрдийн гэгээ чуулган энэ алхмыг хийхийн тулд энд зогсож байгаа юм.

Чуулганы санхүү, тоо баримтууд
2007 оны сүүл, 2008 оны эхээр намайг “Үүрдийн гэгээ” чуулганы тэргүүн пасторын албыг хүлээн авах үед манай чуулган нийтдээ 19 ажилтантай байсан. Дийлэнх нь хагас цаг, гар дээрээ авдаг нь бага. Өнгөрсөн 2 жил гаруйн хугацаанд үндсэн ажилчдын тоог 12 болгож цомхтгосон. Одоо санхүү, жижүүр, үйлчлэгчийг эс тооцвол бусад бүх ажилтнууд хагас цагаар ажиллаж байгаа. Олон ажилтанд хүртээмж муутай цалинг цөөн ажилтанд хүртээмжтэй байхаар зохицуулахыг зорьж ирлээ. Бид ийм арга хэмжээг эрт аваагүй байсан бол, сүүлийн 2-3 жилд бий болсон инфляцийн түвшинтэй уялдуулан цалингийн фондоо яаж өсгөх байснаа мэдэхгүй байна. Инфляци зөвхөн сүүлийн 1 сард 2,5 хувьд хүрсэн мэдээ байгаа. Монголын төр засгийн явуулж байгаа эдийн засгийн буруу бодлого ард түмний амьдралд хүнд тусаж байна, манай итгэгчдийн санхүүд ч нөлөөлж байгаа. “Үүрдийн гэгээ” чуулганд удирдлагын түвшинд болон хүмүүсийн хоорондын харилцаанд бий болсон хямралыг 2006 оноос хойш бид туулсаар байна. Хамгийн хүнд цаг үеэ давсан гэж би ойлгож байгаа. Гүтгэлэг, хов жив, цуурхал, хуваагдал, үл итгэлцэл манай чуулганы гишүүдийн тоон ирцэд ч нөлөөлсөн, өргөлд ч маш ихээр нөлөөлсөн. Өргөлийн хэмжээ 30 хувь буурсан. Гэтэл өргөл буурлаа гээд гардаг зардлууд буураагүй. Энэ бол зөвхөн манай чуулганд нүүрлэсэн хямрал биш, манай Монголын томоохонд тооцогддог нэгэн чуулганы өргөлийн хэмжээ 40 хувиар буурсан гэж би сонссон. АНУ-д энэ талаар гарсан статистикт бас буурсан үзүүлэлт байгаа. Гэхдээ манайд хүнд туссан зүйл нь Дэлхийн эдийн засгийн хямрал-бэлэн мөнгөний хомсдол, чуулганы сүнслэг хямрал нэг цаг үед давхцсанд байгаа юм.

Манайд гардаг нэг том зардал бол байрны эд аж ахуй, дулаан цахилгааны урсгал зардлууд. Өнгөрсөн онд бид цахилгаанд 2,100,000 МНТ, дулаанд 3,200,000 МНТ, усанд 1,500,000 МНТ төлсөн. Үүн дээрээс нэмээд улсын татварын зардал асар өндөр байдаг. Бид газрын татвар 1,500,000 төгрөг, НДШ 7 сая гаруй гээд зардал сая саяараа урсдаг.

Нийт зардлыг багцалбал:
Захиргааны зардал 35 491 762,80 40
Чуулганы үйл ажиллагааны зардал 18 190 138,66 21
Барилга ашиглалтын зардал 13 667 326,00 15
Нийт татварын зардал 10 067 425,73 11
Үйл ажиллагааны бус зардал 542 680,00 0,6
Нийт элэгдлийн зардал (энэ бол бодит бус зардал) 10 276 306,00 12,4
Чуулганы нийт зардал 88 143 570,12 100%

Гэтэл манай чуулганы орлого юунаас бүрддэг вэ?
• Итгэгчдийн өргөл
• Байрны түрээс
• Гадаадаас орж ирэх хандив

Бидэнд гадаадаас орж ирэх хандив байхгүй байгааг та дараах хүснэгтээс харж болно. Гадаадаас чуулган мөнгө төгрөгний туслалцаа авах биш, харин манай итгэгчид, үйлчлэгчид өөрсдөө хувиараа янз бүрийн бизнес эрхлээд, үйлчлэл хийгээд түүндээ гаднаас санхүүжилт олбол сайн байна. Ингэвэл хувь итгэгчид чадварждаг, ивээгддэг, амьдрал ахуй орлого нь дээшилдэг. Үүнийг би “Үйлчлэлийг хувьчлах” гэж нэрлээд байгаа юм. ИТГЭГЧ БАЯН БОЛ ЧУУЛГАН БАЯН. Манайхнаас бизнес эрхлэгчид, хуульчид, багш нар төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс аж ахуй эрхлээд, төсөл бичээд түүндээ гадаадын Христэд итгэгчид, чуулган байгууллагуудаас санхүүжилт олох хэрэгтэй байна, тийм чадвартай баймаар байна. Тэгэхээр мөнгөний урсгал сүм чуулганаар дамждаг биш, харин итгэгчдээр дамждаг, тэр итгэгчид маань чадваржиж, хөрөнгөлөг болохын хэрээр чуулганаа дэмждэг баймаар байна. Чуулган ядууст туслахгүй байна, чуулган надад мөнгө өгсөнгүй гээд хараадаг биш, харин тэр хөрөнгөлөг чадвартай үндэсний Христитгэлтнүүд маань нийгмээ эрүүлжүүлэх талаар дорвитой ажилладаг, нийгмийн эмзэг бүлгийнхэнд итгэлийн гараа сунгадаг баймаар байна. Ийм хувь итгэгчидтэй чуулган бол хүчирхэг чуулган. Өнгөрсөн оны орлогыг хувилбал ийм дүн харагдана:

ОРЛОГЫН ӨРГӨЛ ДҮН ЭЗЛЭХ ХУВЬ
1 АРАВТЫН ӨРГӨЛ 18 624 119,00 24%
2 ТАЛАРХЛЫН ӨРГӨЛ 9 218 587,50 12%
3 БУСАД ХАНДИВ 10 979 303,07 14%
4 БАЙРНЫ ТҮРЭЭС 35 685 862,25 46%
5 БУЦААСАН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОРЛОГО 102 600,00 0%
6 БУСАД ОРЛОГО 2 602 975,35 3%
НИЙТ ДҮН 77 213 447,17 100%

Манай чуулганы онцлог гэж хэлж болохуйц хоёр том ололт байна: 1. Манай чуулган байраа түрээслэдэг, 2. Пастор үйлчлэгч нар маань хагас цагийн үйлчлэгчид.

1. Чуулганы байрыг түрээслэдэг нь яаж байгаа юм бэ?
Чуулган гэж юу юм бэ? Чуулган бол манай итгэгчид юм. Чуулганы байр байшин гэдэг бол чуулган бишээ. Энэ байрыг яах гэж барьсан гэхээр итгэгчид маань цугларч мөргөлөө хийдэг өөрийн гэсэн байр савтай байлгах гэсэн санаа. Өнөөдөр бид дулаахан тохилог өөрийн гэсэн байр савтай байгаадаа баярлах хэрэгтэй. Үүнийг ухаалаг нярав шиг авч явах, тордож засаж байх хэрэгтэй. Манай байр анх баригдахад хийсэн нэг ухаалаг арга хэмжээ бол байртай холбоотой зардлуудыг нөхөх болон чуулганы санхүүжилтийн нэг эх үүсвэр болгох гэж анхнаас нь түрээсэлж эхэлсэн явдал юм. Энэ түрээсийн үйл ажиллагаа манай чуулганы санхүүд асар их түлхэц нэмэр болж ирсэн. Түрээсийн бодлого анхнаасаа зөв байсан. Түрээсийн орлогыг чуулганыг дэмжихэд ашиглах гэсэн энэ санаа бол маш мэргэн ухаалаг арга гэж би бодож байна. Ялангуяа манайх шиг хөгжиж байгаа орнуудад… . Цаашид манай чуулганы сүнслэг уур амьсгал тогтворжихын хэрээр өргөл нэмэгдэнэ гэж итгэж байна. Тэр тохиолдолд, түрээсийн орлогыг бид чуулган тарилтад, бас нийгмийн чиглэлтэй үйлчлэлүүдэд зориулах хэрэгтэй гэж боддог. Бид энэ жилээс залбирч байгаачлан энэ байраа өргөтгөж чадвал, түрээслэх талбай ч нэмэгдэнэ. Тэр мөнгөний урсгалыг бид Хаанчлалын үйлсэд зориулах суваг нэмэгдэж байна гэж үзнэ.

2. Пасторуудыг яагаад хагас цаг болгосон бэ?
Монгол шиг улс орнуудын сүм чуулгануудад бүтэн цагаар ажиллаад байх лам хэрэггүй юм байна л даа. Христийн сургаал анхлан дэлгэрч байх үед бүтэн цагаар цалин аваад сүмд шавилан суудаг лам (пастор гэж нэрлэнэ үү, санваартан лам гэнэ үү, үнэндээ эцсийн бүлэгт бол ялгаа байхгүй л дээ) гэж байсангүй. Харин сүүлд Христийн шашин зарим улс орнуудад төрийн шашин болсонтой холбоотойгоор улсаас татаас авдаг, бас хүмүүсийн өргөл хандив их цугларсан тохиолдолд удирдаж байгаа хүн нь тэр өргөлөөс цалинжаад амьдрал ахуйгаа аваад явах боломжтой байдаг байсан байна. Тэр хүн нь сүмээ сахиад хүмүүсийн төлөө залбирдаг, Библи заадаг, зөвлөгөө өгдөг, буян үйлддэг яг л ламтантай адил. Христитгэл Монголд 1990-ээд онд орж ирэхдээ яг энэ загвараа авчирсанаас болоод бид өөрөөр харж сэтгэхгүй байх шиг байна. Өнөөгийн нийгэмд, 21-р зуунд бидэнд тийм лам хэрэгтэй юү? Манай чуулганы бодит санхүүгийн боломжийг үзэхийн бол, пасторууд 100 хувь биш, 40 хувиар ажиллаж цалинжихад сарын цалинг нь тавих гэж бид үйлээ үзэж байна. Яг үнэндээ ажлын ачааллыг нь аваад үзэх юм бол, пастор хүн өглөө 9 цагт ирээд орой 6 цаг хүртэл махийтал ажиллаад гүрдийгээд байгаа юм алга. Ирээд хийх юмаа хийлээ, долоо хоногтоо эсийн бүлгийн ахлагч нартайгаа уулзлаа, бас пасторын багийн хуралд суулаа, өвчтэй нэгнийг эргэлээ тойрлоо, мөргөл дээрээ суугаад удирдаад номлолоо, хааяа кэмп зохион байгууллаа. Дуусаа… .

Итгэгч хүн үйлчлэлд гараад пастор болохоороо “хагас цагийн итгэгч, бүтэн цагийн пастор болдог” гэсэн шог яриа байдаг. Нэг ёсондоо урьд нь сэтгэлээрээ, итгэлээрээ халуунаар үйлчилдэг байсан бол, цалин аваад орон тооны болохоороо албадлагын ажилтан шиг хандлагатай, цалин хөлс бага, ядарлаа барьлаа гээд үглэж гомдоллох нь ихэсдэг гэсэн үг л дээ. Ийм бүтэн цагийн гомдоллогсодтой байсанд орвол байхгүй байсан нь дээр. Бүтэн цагаар сүмд ажиллаад эхлэхээрээ хүмүүс жирийн итгэгчдийн зовлон жаргалыг ойлгохгүй болоод ирдэг тал бий. Гэр бүлээ тэжээх гэж яаж зүдэрч, итгэдэггүй хамт олны дунд нийгэмд яаж итгэлээ хамгаалах гэж тэмцэж, алдаж онож ядарч зүдэрсэн хүмүүс цуглаандаа ирэхэд нь өөдөөс нь мундаг мундаг Библийн хэм хэмжүүр, ариун байдлын тухай заагаад, яллаад буруутгаад … . Матай номын 23-р бүлэгт Есүс Фарисайчуудыг, шашины удирдагчдыг хайр найргүй өршөөлгүйгээр загнасан байдаг. “Тэд хүнд ачаанууд баглаж хүмүүсийн мөрөн дээр тавьдаг атлаа өөрсдөө тэр ачаанд хуруугаа ч хүргэж туслахыг хүсдэггүй” Матай 23:4. Дандаа итгэгчдийн хүрээлэлд байдаг болохоор пасторуудад уруу таталт, өдөөлт бага. Тийм болохоор ариун амьдралын тухай ярихад амархан. Пасторууд Фарисайчууд шиг болчихвий гэсэндээ тэднийг зориуд нийгэмд тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг, үл итгэгчдийн хүрээлэлтэй харьцаатай байхыг шаардаж байгаа юм.

Нийгэмд тэргүүлэгч байхын тулд зөвхөн итгэгчдийн дунд бааварлаад байх биш, үл итгэгчдийн ертөнцөд ч манлайлалтай, бизнестэй, ажил төрөлтэй байр суурьтай байх хэрэгтэй. Манай пасторууд ийм чадвартай байх ёстой. Итгэлээрээ яаж манлайлах ёстойг, итгэлээрээ яаж ертөнцийг дийлэх ёстойг өөрсдөө харуулаг. Цаашдаа бид олон олон пасторуудыг төрүүлнэ гэсэн хараатай байна. Гэхдээ лам нарыг биш. Сүмээс санхүүгийн хамааралтай, нийгэмд амьдрах чадваргүй хүмүүсийг биш. Харин ажлаа хийгээд, бизнесээ хийгээд, гэр бүлээ авч яваад хажуугаар нь сүм чуулганыг аваад явах чадвартай чадалтай, ухаантай ноён нуруутай, зан чанарын болон итгэлийн гэрчлэлтэй, манлайлалтай хүмүүсийг бид пастораар томилох болно. Тэд ажлаа хийгээд л явна, амьдралынхаа төлөө зүтгэнэ, хажуугаар нь тэд итгэлээрээ үйлдэнэ, Эзэний үгээс заана сургана, бусдын төлөө залбирна, нийгэмд нөлөөлөлтэй байх болно. Миний хараа ийм байна. Ингэснээр бид чуулганы нуруун дээрх санхүүгийн дарамтыг багасгаж байгаа юм.

Монгол чуулгануудын өнөөгийн байдал
Өнөөдөр Монголд 400-аад чуулган бий гэсэн статистик бий. Зарим нь байртай, байргүй, ахлагчтай ахлагчгүй, зарим нь гадаадын хүний удирдлагатай. Хөдөө хотод гээд ялгаа их бий. Монголын энэ олон чуулгануудын 70-аад хувь нь 50-аас доош хүнтэй. 50-иас доош хүнтэй чуулган бол Ням гаригт 10-30 хүн цуглардаг гэсэн үг. Ялангуяа гэр хороолол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт чуулганууд төвлөрсөн байгаа. Ийм чуулганы сарын орлого дунджаар 20,000-50,000 төгрөг. Байраа түрээслэе гэхээр, гэр хороололд түрээслэх боломж байхгүй. Чуулганы итгэгчдийнхээ өргөлөөр пастор нь цалинжих гэхээр ямар ч боломж байхгүй. Тэгэхээр гадны байгууллага, цуглаанаас, миссионерээс санхүүгийн туслалцаа авч эхэлдэг. Буцаагаад үйл ажиллагааны тайлан өгдөг. Яваандаа энэ нь чуулганыг ямар буруу зам руу оруулж байна вэ гэхээр нутгийн чуулганы пастор нь тухайн чуулгандаа хариуцлагатай хандахаас илүүгээр гадаадын байгууллага, санхүүжүүлэгчдэд тайлагнадаг тийм зарчим үүсэж байгаа юм. Энэ замаар явсан ийм чуулганууд зөндөөн бий, зөвхөн Монголоор тогтохгүй дэлхий даяар ялангуяа хөгжил буурай орнуудад тоо томшгүй бий. Тайландад гэхэд 200 жилийн дараа ч гэсэн чуулганууд нь гадаадаас санхүүгийн хамааралтай, Филиппин ч мөн адил. Ази Африк, Латин Америкийн олон ядуу улс орнуудад Христийн чуулганууд гаднаас санхүүгийн хамааралтай байдаг. Хэдэн зуун жил өнгөрсөн ч тухайн үндэстэн ядуу л бол, энэхүү чуулган гэдэг байгууллагажсан институцийг авч явахад зардал өндөртэй учраас яалт ч үгүй санхүүгийн туслалцаа авахаас өөр аргагүй болдог. Монгол улс ядуу хэвээр байвал цаашид бид ч бас ийм л зам руу орно.

Мэдээж, чуулганы хөгжлийн түвшин гэж нэг юм бий. 18 жилийг ардаа элээсэн “Үүрдийн гэгээ” чуулганы хувьд ч гэсэн, байгуулагдаад 5 жил болж байгаа чуулганы зовлонг туулсан үе ч байгаа. 10 жил болж байгаа чуулганы удирдлагын шилжилтийн хямралыг туулсан үе ч байгаа. Бидэнд байргүй байсан үе бий, Монгол удирдагчид нь Библийн боловсрол мэдлэггүй байсан үе бий, удирдаж байсан гадаад багшаасаа “хоёр яс салсан” хүндхэн үе ч бий. Бид энэ болгоныг туулаад ирсэн, өнөөдөр ч итгэлээрээ урагшилсаар л байна. Яагаад гэвэл бидэнд ирээдүй бий.

Эцэст нь хэлэхэд, манайхан алив ярианы домогжсон, ид шидийн талд нь итгэх дуртай хүмүүс. Солонгосууд үүрийн залбирал хийсэн учраас ийм өндөр хөгжсөн гэнээ гэхээр, тийм яриа манайханд илүү үнэмшилтэй сонсогдоно. Залбираад байхаар гэрийнх нь гадаа баахан мөнгө уначихсан байсан гэнэ гэдэг гэрчлэлийг сонсохдоо сэтгэл нь хөөрнө. Зарим талаараа, Христитгэл манайханд мухар сүсгийн байдалтайгаар хөгжиж байна. Солонгос, Гонконг, Сингапурийн чуулганууд яагаад ийм өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг, санхүүгийн чадавхтай байна вэ? Тухайн улс орон нь хөгжсөн, иргэд нь баян учраас тэр. Иргэдийнх нь үзэл бодол, шүтлэг бишрэл санхүү эдийн засгийн талаарх ойлголт, шаргуу хөдөлмөрч зан, засаг төрийнх нь ухаалаг бодлогын үр дүн. Монгол үндэстэнд сэргэн мандах найдвар байна уу? Монгол улсад хөгжлийн гарц байна уу? ЯАХ ВЭ? Уг нь Христитгэгчид бид хариулт нь юм биш үү?

“Үүрдийн гэгээ” чуулганы тэргүүн пастор: Хатгин. П. Энх-Амгалан
Улаанбаатар хот. Манай Эзэний 2010 оны 2 дугаар сар 5

Монгол Библид “Бурхан” хэмээх үгийг ашиглах нь зөв үү?

Үгийн тодорхойлолт

Шашны ухагдахуун. Жүүдийн болон Лал, Христ зэрэг монотейст шашинд Бурханыг цорын ганц Үүсгэн бүтээгч, бүхнийг эрхшээгч, хамгийг чадагч оройн дээд бодгаль хэмээн үздэг. Хинду Буддын гэх дорнын политейст шашинд бурхад олон бий гэдэг.
Монгол үгийн тайлбар. Ихэнх Монгол толь бичгүүдэд бурхан гэсэн үгийг Будда хэмээх санскрит үгийн хувилбар гэжээ.

Үгийн гарал үүсэл
Монгол хэлний бурхан гэсэн үг Будда гэсэн утгатай юу, этимологийн (үгийн гарвал) хувьд тэндээс орж ирсэн эсэх нь тун ч ярвигтай, маргаантай асуудал билээ. Манай зарим нэртэй эрдэмтэд энэ үгийг гаднаас орж ирээгүй, язгуурын Монгол хэлнийх гэж үздэг. Бөө мөргөлийн зан үйлтэй холбоотойгоор тайлбарласан нь ч бий, хожуу үеийн Шарын шашин дэлгэрсэнтэй холбоотой гэж үзсэн нь ч бий. Ямартай ч эцсийн дүгнэлтийг аль ч тал гаргаж чадаагүй.

Орчин цагийн хэрэглээ
Ардын хувьсгалаас өмнө шарын шашинд нэвт орсон монголчууд бурхан гэх үгийг нэг л шашны утгаар нь ойлгож хэрэглэж ирсэнтэй хэн ч маргахгүй. Харин Коммунист он жилүүдэд шарын шашны гэгдэх бүхэн устгагдаж, хожмын үеийнхэн судар ном зан үйлийг нь ч танихаа байсан. Шашны олон нэр томъѐо хэрэглээнээс арчигдсан, үүний дунд бурхан гэх үгийг зөвхөн шарын шашны шүтлэг бишрэлтэй холбож ойлгохоо больсны бэлээхэн том илрэл бол хуучин цагийн европын сонгодог бүтээлүүдэд олонтаа дурдагддаг Орос хэлний Бог, Англи God, Франц Dieu, Герман Gott гэсэн үгсийг бурхан – тэнгэр гэж орчуулахдаа бичгийн их хүмүүс маань, 1-рт өөрсдөө Европийн соѐл Буддын соѐл тэс өмнөө гэдгийг мэддэг төдийгүй, 2-рт уншигч олон нь энэ үгийг Будда гэж буруу ойлгоод дундан зууны францчууд буддист байжээ гэж хэрхэвч санахгүй гэдгийг мэддэг байсан бизээ. Зөвхөн тэр цагийн уран зохиол бүү хэл, манайхны барууны кино хөрвүүлэгт ч бурхан гэсэн үгийг хэрэглэж байгаад ямар ч асуудал гарахгүй байгаа нь энэ үгийн утга зөвхөн Буддын шашинд хамаатай гэсэн явцуу ойлголт ташаа болохыг харуулна.

Библийн хэрэглээ, Хуучин Шинэ гэрээ
Теологийн талаас аваад үзсэн ч, Библийн Хуучин гэрээнд Еврей, Арамей хэлний Elohim гэсэн үг зөвхөн израильчуудын хэрэглэдэг нэр томъѐо байсангүй, харин ч ерөнхийлсэн нэр (general term) байлаа. Шинэ гэрээнд Грэк хэлнээ Theos гэж бичигдсэн нь мөн л дээрхтэй адил утгатай байжээ. Гэтэл а) ерөнхийлсэн нэр (general term), б) оноосон нэр буюу тусгайлан заасан нэр (specific term) гэдэг бол тусдаа ангид гэж ойлгох хэрэгтэй. Нэг ѐсондоо, Израилийн бурхан (‘el; elohim) ямар нэртэй вэ гэхээр еврей хэлээр Адонай, Яавэ гэнэ, Грек хэлээр Куриос (энэ нь Эзэн гэсэн утгатай) гэх мэтээр нэрлэх жишээтэй. Филистчүүдийн бурхныг (elohim) Дагон (Шү 16:23), Ассирийн бурхныг (elohim) Нишрох (Иса 37:38) гэдэг байсан гэж Библид яг энэ үгээр тэмдэглэсэн байдаг. Тухайн цаг үед ингэж хэрэглэгдсэн байдаг нь өнөө цагийн манайхны хэрэглээтэй тунчиг төстэй. Жишээ нь, манайхан “Христос бол Орос хүний бурхан, Аллах бол Казахуудын бурхан” гэж ярьдаг. Хэрвээ энэ тайлбар хангалтгүй санагдвал, үүнийг нотлох хангалттай баримт Библийн эхний бүлгээс дуустал бий гэдгийг хэлэхэд илүүдэхгүй биз.

Бусад улс орнуудын туршлага
Библи бол дэлхийн номер нэг гүйлгээтэй ном. Дэлхийн хамгийн олон хэл дээр орчуулагдсан ном бол зөвхөн Библи. Одоогийн байдлаар Библийн ямар нэгэн хэсгийг 2000 гаруй хэлээр хөрвүүлэн буулгасан гэсэн мэдээ бий. Тухайн орчуулагч бүрт тулгардаг томоохон бэрхшээл бол Библийн түлхүүр үгсийг утга санааг нь гажуудуулалгүйгээр буулгах явдал. Библи орчуулгын онолоор, 1) хуучин үгийг хэрэглэж шинэ утгыг хэвшүүлэх, эсвэл 2) тухайн утгыг илэрхийлж чадахуйц шинэ үгийг бүтээх, эс бөгөөс 3) хамгийн эцсийн арга болох гадаад үгийг нутагшуулах. Манай Монголд бурхан гэсэн үгийг хэрэглэж байгаа нь тийм ч бузар булай ѐсонд үл нийцэх явдал биш, харин гол анхаарах асуудал нь уг үгийн цаадах утга санааг сайтар тайлбарлан таниулах ѐстой гэж санадаг.

Өмнөх орчуулгуудын үгийн сонголт
Библийн судрыг Монгол хэлээр хөрвүүлэн буулгасан түүх бидэнд мэдэгдэж байгаагаар МЭ 13-р зуунаас эхлэн тоологддог. Түүнээс өмнө ч байсан байхыг үгүйсгэхийн аргагүй (сонирхуулахад, Англи хэлээр Библийг анх 1382 онд Жон Уиклиф хөрвүүлсэн байдаг), зөвхөн Библи ч биш, мөн Христийн сайн мэдээний товхимол, мөргөлийн авлагуудыг орчуулж байсан түүх бий. Үзвэл дийлэнх нь бурхан гэсэн үгийг ашигласан байгааг тогтоож болно. Энэ талаар миний бие АНУ-гийн Индиана Их Сургуулийн багш Жеорж Кара буюу Хар Дорж гэж Унгар хүнд (энэ хүн бол их багш Бямбын Ренчиний хүргэн) имэйл бичиж харилцсан. Тэр хүн ч надад хэлэхдээ, Монголчуудын түүхэнд янз бүрийн үг ашиглаж байсан, гол нь утгыг яаж тайлбарлах нь чухал гэж заасан байсан. Үүнээс гадна, тэнгэр хурмаст гэх мэтээр өөр үгсийг ашиглаж байсан түүх бий. Ертөнцийн Эзэн гэсэн нэр томъѐо зөвхөн 1990 онд гарч ирсэн Шинэ Гэрээнд анх үзэгдсэн. Хэдийгээр Жон Гиббэнс уг нэр томъѐог 1968 оны Нямсүрэнгийн Англи-Монгол толиос авсан гэх боловч, тэр нь хэзээ ч монголчуудын дунд тийм түгээмэл нэр томъѐо байсангүй.

Утгаас гадна, үгийн зохицох чадвар
Библийн орчуулгыг утгачилсан, хадмал гэж үндсэнд нь 2 хуваан ангилдаг. Библийн утгачилсан орчуулгад зохиомол нэр томъѐоноос үүдэн асуудал гарах магадлал бага, харин хадмал орчуулгад түвэгтэй байдаг. Библийн нэр томъѐо зөвхөн Библийн орчуулгаар хязгаарлагддаггүй, цаашдаа Христийн шашны онол сургаал, теологийн ухагдахуунуудтай холбогдон нарийсдаг. Үүнийг анхнаас нь бодолцож шийдэхгүй бол, хожим зохиомол үг нэр томъѐо хэрэглээнд тохирохгүй болох магадлал ихтэй, техникийн хувьд хүндрэлтэй болох эрсдэлтэй.

Эцэст хэлэхэд,
Дээрх товчхон тайлбарыг уншаад, эрхэм уншигч та Христэд итгэгч ч бай, итгэдэггүй ч бай нэгийг тунгаах буйзаа хэмээн хүснэ.

Хатгин. П. Энх-Амгалан
Окланд хот. Шинэ Зеланд улс.
Манай Эзэний 2005 оны 10-р сарын 16

Өчил

/Үүрдийн гэгээ чуулганы итгэгчдэд зориулан 2010 он 4 сард бичсэн нийтлэл/

“Ахлах пасторын ӨЧИЛ” хэмээх энэхүү бодрол-нийтлэлийг чуулганыхаа итгэгчдэд зориулан гаргаж эхлээд чамгүй хугацаа өнгөрлөө. Зөвхөн манай чуулган төдийгүй зарим пасторуудад ч бас хүргэдэг. Үзэл бодлоо хуваалцах хэрэгсэл минь гэх үү дээ. Би ер нь зожиг талдаа хүн, энэ бол миний сул тал гэж би хааяа боддог юм. Гэхдээ Бурхан намайг ингэж л бүтээж… Би хүмүүстэй худал үнэн хэрэгтэй хэрэггүй юм чалчиж суух дургүй, надад хамаагүй хэрэгт хошуу дүрэх дургүй. Гомдол гутрал, баяр хөөрөө тэр болгон хүнтэй хуваалцаад байдаггүй, дотроо л оволзож явдаг хүн. Найз нөхөд цөөнтэй. Тийм болохоор хэлье гэсэн зүйл маань тэр болгон хүмүүст хүрч чаддаггүй, үзэл бодлоо илэрхийлж байна гээд энд тэнд “цуураад” явж чаддаггүй. Аль таарсан хүнтэйгээ “тэр ингэсэн гэнэ, энэ ингэсэн гэнэ” гэх ухамсар төлөвшөөгүй. Ер нь ч ярихаараа санаж бодсоноо бүрэн дүүрэн илэрхийлж чаддаггүй, энд тэндээс нь өм цөм ярьдаг тэр хэмжээгээрээ хүнд буруу ойлголт төрүүлэх магадлалтай хүн шиг байгаа юм. Ингээд л бичгээр өөрийнхөө бодол санааг, үйлдлээ үйлчлэлээ та бүхэндээ таниулж байхаар шийдсэн минь энэ.

ӨЧИЛ гэдэг үгийн утга нь хэрэгтэн үгээ өчин мэдүүлэх гэсэн санаа. Заавал ч хэрэгтэн байх албагүй л дээ. Жишээ нь, 90-ээд оны эхээр Оросын ерөнхийлөгч асан Борис Ельциний Өчил хэмээх дурдатгал ном гарч байлаа. Ельциний хэрэгтэн гэж юу байхав дээ. Ерөөсөө л тэр хүний амьдралын замнал, үзэл бодлоо л хүмүүст нээлттэй өчиж байгаа юм шүү дээ. Нэг талдаа ч энэ нэр таарч байгаа юм. Энх-Амгалан гэдэг хүн юу бодож, юуны төлөө явсан юм бэ гэдгээ өчиж байгаа юм. Ямар үзэл санаатай хүн бэ гэдгийг минь эндээс та харж танилцаж болно. Зөв бурууг нь шүүн тунгааж болно. Би Монгол дахь Христийн Чуулганы хөгжлийн талаар, алс хэтийн чиг баримжааны талаар бодож залбирч, судалж санааширсан, зах зухаас нь бичиж Мараната интернет сэтгүүл, цөөн хэдэн вэбсайт дээр тавьсаар ирсэн. “Үүрдийн гэгээ” чуулганы ахлах пасторын албыг хүлээн авна уу хэмээн чуулганы УЗ-өөс 2007 оны сүүл 2008 оны эхээр надад санал тавихад, тэрхүү саналыг хүлээн авч зөвшөөрсөн гурван л шалтгаан байлаа:

1. Монголчууд удирдлага аваад явж чадахгүй арчаагүй гэж хэлэгдэх вий гэсэн эмзэглэл. 2003 онд ҮГ чуулган Солонгос пастораа хөөж гэнээ гэсэн том сенсаац Монгол дахь Христийнхний дунд тарсан. Тэрхүү Солонгос пастор нь тухайн үедээ бол Монголдоо хүчээ авчихсан нөхөр байлаа. Тухайн үедээ бидний дунд хоорондоо хэрэлдэж, гомдсон хувийн чанартай гэхээсээ илүүтэй чуулганы хөгжил, удирдлагын загвар ямар байх вэ, чуулганы нутгийн удирдлага ба миссионерийн харьцаа ямар байх ѐстой вэ гэсэн онолын асуудлаас энэ бүхэн үүдсэн байсан. Тэр үед би ҮГ чуулганд ахлагч байсан учраас уг асуудалд нэлээд гар бие оролцсон. Нэг талаас чуулганы Монгол ажилчдыг дэмжиж, нөгөө талаас нутгийн чуулганы удирдлага хөгжлийн талаарх зөрүүтэй үзэл бодлын ялгаанаас болж оролцсон боловч, сүүлд Энх-Амгалан гэдэг “лүд барам” хайртай Хуан багшийг хөөсөн гэнэ гэсэн муу нэртэй үлдсэн. Хэдэн жилийн дараа 2007 онд Шинэ Зеланд улсаас гэр бүлийн хамт буцаж ирэх үед чуулганд харилцааны, удирдлагын, итгэлцлийн хямрал нүүрэлчихсэн байсан. Хуучин пастор нь ядарсан, орхиод явахад бэлэн болчихсон. Чуулганд үүссэн нөхцөл байдалд миний нэрийг оруулан гүжирдэх, хов жив хутгах, хардах уур амьсгалыг үл тоон удирдлагыг гартаа хүлээн авахдаа нэг л зүйлийг би бодож байлаа. Энх-Амгаланг муулах, гүтгэж доромжлох яах вэ? Энэ чуулган цэгцэндээ ороод, Монголчууд маань удирдаж удирдуулж сураасай, бие биенээ хүндэлдэг болоосой, өөр хоорондоо хөнөөлддөг, нэр хүндийг нь гутаадаг энэ муухай арчаагүй муухай зангаа хаяасай гэж л залбирч байсан. “Үүрдийн гэгээ” чуулганыг тухайн үед булгидаг чуулган гэж нэрлэж байсан. Нэг ѐсондоо пастораа булгиж авч хаядаг морьтой зүйрлэсэн хэрэг шүү дээ. Монголд гадаадын миссионерийг “хөөсөн” чуулган болохынхоо хувьд, хэрвээ ҮГ муу явбал, “миссионер хөөвөл ингэж муугаа үздэг юм” гэж тавлуулах, эсвэл ҮГ сайн явбал монголчууд нь эвтэй байгаад нэгэн зорилгоор нэгдэж Эзэнийг алдаршуулж, Сүнс ба Үгээр хүчтэй нийгэмд нөлөөтэй байвал олон Монгол чуулгануудад үлгэр жишээ загвар болж бид чадах юм байна гэсэн итгэл зориг өгөх ийм хоѐр зам биднийг хүлээж байгаа юм. Ийм хариуцлагын мэдрэмж надад байсан. Тийм учраас ичиж зоволгүй энэ албыг хүлээн авсан. Харин сүүлд нь мөнөөх “лүд барам” Энх-Амгалан Майдарыг хөөгөөд өөрөө пастор болсон гэнэ гэсэн ярианд орсон доо.

2. Монгол газар нутаг дээр Монгол хүний ахуй ухамсарт шингэсэн, соёлд нь ууссан жинхэнэ Сайн мэдээ дэлгэрээсэй гэсэн чин хүсэл. Христ миний хувь хүний амьдралд ямар их өөрчлөлт, үзэл санааны шинэчлэлт авчирсныг би 17 жилийн итгэлийн амьдралаараа гэрчилнэ. Мянга мянган эмээ өвөө нарт, аав ээж нарт, үр хүүхдүүдэд танд надад өөрчлөлт авчирсныг бид харсан. Гэхдээ Христийн сайн мэдээ зөвхөн хувь хүнд л хамаатай гэж үү? Христийн хувьсган өөрчлөх агуу хүч чадал гэр бүлүүдийг өөрчлөхгүй гэж үү? Жирийн малчны хотонд үнэн Бурхан Христийн үг хүрч чадахгүй гэж үү? Ертөнцийг бүтээсэн хийгээд мутартаа атгагч, Өөрийнхөө хүслийн дагуу үйлдэгч төгс Бурханы Хүү Христэд энэ ядарсан буурай үндэстнийг өөрчлөх тийм хэцүү юм гэж үү? Нэг талаас улс үндэстнээ Христ рүү дагуулан авчрах, нөгөө талаас Христийг энэ монгол түмэнд эгэл байдлаар танилцуулахад бид өөрсдөө дунд нь ГҮҮР болж өгөхгүйгээр энэ зорилго хэрэгжихгүй. Христ Есүс Израильд хүн болж мэндлэхдээ төгс Иудей хүн болсон. Тэрээр Иудейчүүдэд Бурханы сайн мэдээг тунхаглахдаа гадаадын хөрөнгө мөнгөнд дулдуйдаагүй, Ромын эрх баригчдын гар хөл болоогүй, харин эгэл Иудей хүний ѐсоор амьдарч Эзэн Бурханаас өгөгдсөн ажлыг гүйцэлдүүлсэн байдаг.

Халширмаар, нүд халтирмаар арай ч дээ гэмээр эх оронд минь үзээд өгөх сайн сайхан үүх түүх, хэл соѐл, үндэсний бахархах өв сургаал байхгүй болчихоод бид гадаадын хүний хэлсэн болгоныг Бурханы зарлиг лүндэн лугаа бодож алгаа хавсран хүлээж авч байна уу? Миний эх оронд сайхан юм зөндөөн бий. Хүний сайхан чанар бий. Хүнлэг тусч сэтгэл бий. Мянга мянган жилээр тоологдох түүхийн шарласан он жилүүд бидэнд бий. Инээж баяссан, хуримлаж найрласан баярлаж талархсан мянга мянган гэр бүлүүд бий. Бүгдээрээ донтсон архичин, янхан, алуурчин, үгээгүй ядуус бишээ. Үр хүүхдүүдээ яаж сургахыг, гэр бүлээ босгохыг, ахас ихэсээ яаж ачлахыг мэдэхгүй болчихсон уулын сармагчингууд бид бишээ. Харин эдүгээ Христийн шашины нэр барьсан захын хүн ирээд Монголчуудад маань багш болоод суучихаж. Муур багшийн үлгэр байдаг даа. Өнөөдөр дэлхий даяар чуулган тарилт, сайн мэдээ тараана гэдэг бол үнэн чанартаа хэн хөрөнгө мөнгөтэй нь хийдэг болчихсон үе. Мөнгө байхгүй бол авралын зар тараах ажил зогслоо гээд шогширч байна, гадаадаас санхүүгийн дэмжлэг байхгүй бол Бурханы ажил далайцтай хийгдэхгүй байна гэнэ, гадаадын сүм цуглаануудтай, пасторуудтай (гэхдээ бүх гадаадынхан биш, зөвхөн Америк, Европ, Солонгос гэх мэт баян улс орны сүмүүд) түншлэхгүй бол ирээдүй алга л гэнэ. Бид гадаадын сүм байгууллагуудаас мөнгө авч л энэ бүхнийг хийдэг юм бол, харийн шашины Монгол дахь албан ѐсны дистрибьютер болсноос ялгаа юу байгаа юм бэ? Мөнгө дагаад эрх мэдэл орж ирдэг. Монгол итгэгчдэд юу заах ѐстойг нь, юу ярих, яаж аяглах ѐстойг нь зааж өгдөг гадаад багш нар олон бий. Тэр байтугай, “жинхэнэ итгэгч монголчууд Цагаан сараа тэмдэглэж болохгүй ээ, энэ бол хуучин шашинтай холбоотой баяр” гэж хүртэл сургасан Солонгос пастор бий. Монгол залуу хосыг цуглаан дээрээ гэрлэхэд нь Солонгос үндэсний хувцас өмсгөн адисласан ч бий. Үзэл бодол нь төлөвшөөгүй өсвөр насныхан, залуучууд Христийн сүмд олноороо ирж байгаа. Охид олноороо ирж байгаа. Тэдэнд улс үндэстнээ хайрлах өмөөрөх сэтгэл, үндэсний үзэл төлөвшөөгүй байдаг. Гадаадын багш нь юу гэж заана, тэрнийг нь мухар сохроор итгэн дагалдаж байна. Ийм юм болж байхад хорьдог газар ч гэж алга, эсэргүүцдэг хүн ч гэж алга. Ёстой л нөгөө “мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү ямар хамаа байна” гэдгийн үлгэр юм даа. Манай Монгол чуулгануудын пасторууд ч гэсэн байгууллага, үйлчлэлийг нь тэтгэж ивээдэг гадаадын “сургагч” нараа гомдоогоод үргээчих вий гэсэндээ тэдэнд үг хэлэх зүрхтэй хүн байхгүй. Харин бие биедээ, монгол итгэгчиддээ бол “эр бар”. Нөгөө л муухай Монгол хүний зан. Бидэнд сайн ч юм бий, бас муу ч юм бий. Түүнтэй адил, аль ч улс орны соѐлд авах ч юм бий, бас жигшин зайлах ч юм бий. Хүний сайн нь ч бий, хүний адаг нь ч бий. Үүнд бид авах гээхийн ухаанаар ханддаг байх учиртай. Тэрнээс биш, гадны нэг хүн ирээд л Библиэс ийм байх ѐстой, тийм байх ѐстой гээд л баахан гоѐ гоѐ зарчим ярьчихаад яваад өгдөг, энд үлдсэн монголчууд нь нөгөө сургаалыг нь бариад бие биенээ буруутгаад, шүүгээд яллаад талцаад байгааг харахад сэтгэл өвдмөөр. Христ биднийг энэ үндэстэнд өршөөл уучлалын Сайн мэдээг зарлуулахын тулд, цорын ганц үнэн Бурхан руу эргэх ѐстойг тунхаглуулах элч байлгахын тулд энэ ард түмний дундаас сонгосон биш гэж үү?

Үнэн сайн мэдээ гэж юу юм бэ? Христийн үхэл ба амилалтаар өгөгдсөн авралын мөн чанар нь юу вэ? Бурханы Үг болсон Библиэс уншаад, үнэн сайн мэдээ юу болохыг хараарай. Монгол хүний, гэр бүлүүдийн, энэ ард түмний соѐл заншил, сэтгэлгээг эвдэхгүйгээр Бурханы Сүнс алгуур боловч шинэчлэлийн ажлыг хийсээр байх учиртай юм. Давс ба гэрэлтэх дэнлүүний тухай Есүс Матай 5:13-16-д өгүүлсэн байдаг даа. Давс дангаараа хоол биш, алив юманд уусаж байж муудахаас сэргийлдэг амт оруулдаг чанартай эд. Сайн мэдээ тэгэж нийгэмд уусах ѐстой юм. Энэ соѐлд, гэр бүлийн харьцаанд, хүний дотоод мөн чанарт, үндэстний ухамсар сэтгэлгээнд, амьдралын хэв маягт нь уусаж байж сая хэргээ бүтээдэг. Тэрнээс механикаар заавал Европ юмуу Солонгос маягийн амьдралын хэв маягийг бий болгоод дагаж дуурайгаад, аашилж аягалдаг болоод, өөрийн үндэсний гэсэн болгоныгоо паа пүү гээд, урьд нь өөрөө ямар байсныгаа ердөө хэдхэн жилийн өмнө нөгөө гудамжинд лааз өшиглөж яваа нөхрөөс нээх дээрдэхээргүй сэтгэлгээтэй “модон толгойтон” явснаа мартчихсан элит юм шиг аашилж аяглахыг ч арай өөрчлөгдсөн Христитгэлт гэж хэлдэггүй л юм даа. Шууд утгаараа цэрэг дайны милитаризм империализм гэж байдаг, хүмүүс үүнийг ноцтой авч үздэг. Гэтэл соѐлын империализм болон шашин шүтлэгээр дамжин орж ирэх улс төрийн бодлого гэж байдаг. Хэрвээ Библид бичигдээгүй Христ тушаагаагүй л бол, хүний тогтоосон соѐл уламжлалаас үүдэлтэй аливаа зүйл, Христийн сүмийн халхавчин доор орж ирж буй “дайвар бүтээгдэхүүнүүд”-ийг манай улс үндэстний эрх ашигт хохиролтой байвал би тэр бүхний эсрэг зогсдог. Учир нь үнэн Сайн мэдээ бол соѐлын “дайвар бүтээгдэхүүн” биш.

3. Миний улс үндэстнээ хайрлах үзэл санаа минь намайг хөтөлсөн. Би Монголоороо үлдмээр байна. Би эрүүл саруул, хөгжин цэцэглэсэн ирээдүйг хүүхдүүддээ үлдээмээр байна. Би амар амгалан, инээд хөөр хадсан гудмаар алхмаар байна. Бурхан намайг төрүүлж өсгөсөн энэ ард түмэн бие биеэ хүндэлдэг, хайрладаг, нэгдмэл хүчтэй байхыг би үзмээр байна. Цор ганц Бурханыг шүтэх шүтлэг бишрэлээр нэгдсэн эрх чөлөөт оронд би амьдармаар байна. Өнөөдөр миний эх оронд ирсэн бол харийн хүмүүс хэн нь ч байлаа гэсэн миний эх орон нэгтнүүдийг хүндэлдэг байгаасай, энэ улс орны хууль тогтоомжийг нь мөрддөг байгаасай гэж би ямар их хүснэ вэ. Гадны хүн миний гэрт ирээд миний гэр бүлийг, миний хүүхдийг, миний эхнэрийг дээрэлхвэл би эгдүүцнэ, өөрийнхөө гэр бүлийг өмөөрнө хамгаална. Нэг үндэстэн, нэг ард түмэн гэдэг бол угтаа бас гэр бүл юм. Нэг хэл соѐл, үндэс угсаагаараа нэгдсэн том гэр бүл. Тийм учраас би бас өөрийн ард түмэнд хайртай. Монгол хүн гадныханд дээрэлхүүлэхэд би дургүй. Гадныхантай нийлж өөрийн ард түмнийг махыг нь идэж, цусыг нь сорогчдод би яснаасаа дургүй.

Гэхдээ Монгол хүн байхын тулд заавал шарын шашиныг шүтэх албагүй. Монголын түүхийг уншиж судалсан ямар ч хүн, манай Монголд шарын шашиныг оруулахад Манж Хятадын төрийн бодлого тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэдгийг хэлээд өгнө. Энэ ард түмэн өнөөдөр ингэтлээ мунхарсанд, ядуурсанд, нийгмийн баялаг бүтээдэггүй сэтгэлгээ төлөвшихөд, энэ насны амьдрал хамаагүй гэсэн арчаагүй ухамсар бүрэлдсэнд шарын шашин хариуцлага хүлээх ѐстой. Энэ насны амьдрал хамаагүй гэж сургаж, ад чөтгөр, нүгэл хилэнц гэдгээр шалтаглан ийм үхээнц дорой болгосон үндэстнийг тэд өнөөдөр ч мунхруулсаар, өргөл барьц авсаар уул овоо тахьсаар энэ ард түмний нуруун дээр хувалз мэт шигдсээр л байна. Энэ шарын шашиныг дагаж баясаад манай Монгол хөгжих нь юу л бол. 300 жил дагалаа байдгаа барьлаа, эвдрэлцлээ, ядуурлаа, мунхарлаа. 300 жил духаа цоортол мөргөлөө, хир бөөсөндөө баригдлаа, хүний өөдөөс ч эгцэлж харж чадахаа болилоо. 300 жил Монгол туургатан даяараа энэ шарын шашинаас аврал эрлээ. Цахар, хорчин, барга, үзэмчин цөм Хятадын дотор бага үндэстэн болж, хэл соѐлоо алдаж дууслаа. Буриад, тува, халимагууд Оросын мэдэлд орж Монголоор ярих залуу хүн ч байхгүй болж. Туурга тусгаар үлдсэн голомтоо сахьсан манай улсад одоо найдвар байна уу? Мунхрагсад, мөлжигчид, авилгачид, үзэн ядагсад, хорсогчид, атаархагчид, хүчирхийлэгчид, хүний мууд дурлагсад, хутган үймүүлэгчид, ашиг хонжоо хайгчид, залилан мэхлэгчдээс, алуурчдаас энэ улс орныг үр хүүхдийн минь ирээдүйг хамгаалж өгөх ачтан байна уу? Нэг л найдвар байна. Нэг л гарц байна гэж би тунхагламаар байна. Улс үндэстнээрээ эргэлт хийх цаг болсон юм биш үү? Гэр бүлүүдээрээ, ах дүү хамаатан саднаараа, айл хотлоороо, улс үндэстнээрээ хуучин харанхуй мухар шүтлэг, шашинаа орхин Христийг дагаж, загалмайн замыг сонгох юм биш үү? Гэхдээ хуучин байдлаараа мухар сохроор даган бишрэх биш, харин шинэ сэтгэлгээгээр, бүтээлчээр, эрүүл саруул ухаанаар хүн хүнээ ойлгож хайрласан тийм барилдлагаар бид шинэ нийгмийг цогцлоох хүсэл мөрөөдлийг өвөрлөх цаг ирсэн юм биш үү? Би үндэсний үзэлтэй учраас улс үндэстнийхээ ашиг сонирхол, ирээдүй хойч үеийнхээ төлөө Христийн шүтлэг бишрэлийг тунхагладаг. Миний эх орон нэгтнүүд минь энэ үнэний замыг таниасай, энэ Бурханаас аврал өршөөл гуйгаасай гэж уриалдаг хүн. Үнэн бүтээгч Бурхан ба Түүний илгээсэн Христийг таньж мэдэж мөнх амийг олж аваасай гэдэг бол миний чин хүсэл байсаар ирсэн.

Би ингэж бодож санаж ирсэн. Энэ өдрийг хүртэл би Бурханы өмнө болон чуулганы өмнө, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, итгэл бишрэл болон хүний мөс чанараар сайн амьдрахыг хичээж ирсэн. Мэдээжийн хэрэг, би та нарын хэнтэй ч адил мөхөс хүн учраас алдаа дутагдлаас ангид төгс байж чадаагүй, цаашид ч хүн бүрд таалагддаг тийм супер хүн болно гэж мөрөөддөггүй. Надаас илүү сэтгэл зүрхтэй, ухаалаг, зорилго чигтэй, чадвартай, боловсролтой, “ариун буянт явдалтай” хүн гарч ирэх аваас би энэ албыг өгөхдөө баяртай байна гэдгээ урьд нь ч мэдэгдэж байсан, эдүгээ ч өөрчлөгдөөгүй байна. “Үүрдийн гэгээ” чуулганы тэргүүн пасторын албыг хүлээж аваад өнгөрсөн 3 жилд олон ч юм тууллаа, чуулганд газар авсан анархи байдлыг илбэн тохинуулж сүнслэг байдлын хувьд нэг “буулган”-д орууллаа. Ажилчдын орон тооны хувьд ч нэлээд цөөллөө, цаашид бас үргэлжилнэ. Олон жилийн үлдээсэн бүтэц, үйлчлэлийн тухай хуучин ойлголтыг халах гэж нэлээд зүтгэлээ. Нутгийн чуулган гэж юу болох, чуулган юуны төлөө оршин байдаг, юунд зорьж чиглэх ѐстой, яаж хөдөлгөгддөг болох талаар бодлогыг шинээр тодорхойлоход сэтгэл оюунаа чилээж ирлээ. Энэ бүхнийг Эзэний чиг удирдамжийн дагуу хийж, Түүний хамгаалалт доор гүйцэтгэсэн болно. Энэ бүхнийг ажил хэрэг болгоход хамт байж, санал бодол хуваалцаж, залбирлаар дэмжиж, чиг өгч байсан Удирдах Зөвлөл болон чуулганы ажилчдад хувиасаа талархмаар байна.

Өдөр тутмын захиргааны ажил, удирдлагаар хангах, сургаал номлол мөргөлд бэлдэхээс гадна, алс хэтийн чиг хараа руугаа чиглэсэн “Үндэсний Чуулган”-ы талаар та бүхэнд зах зухаас нь хуваалцаж байсан. Үндэсний Чуулганыг үүсгэн байгуулах явц бол гадаадаас хэн нэгнээс семинар дээр сонсчихоод ирж хийх гээд байгаа ажил биш, энэ тэр номын санааг хуулбарлах гээд байгаа ч биш энэ санаа бол анхдагч байдлаараа Монголоос эндээс гарч байгаа юм. Энэ үзэл санааг гадаадаас ямар ч хөрөнгө мөнгөөр дэмжсэн юм байхгүй, аль ч урсгал чиглэлтэй холбоогүй. Энэ үзэл санааг тээж, илэрхийлж явахдаа өнгөрсөн хугацаанд олон хүмүүсийн санаатай болон санаандгүй буруу дутуу ойлголтуудаас болж, гүжирдлэг хардлага, тэдний хувийн байр суурь, нэр төр, ашиг сонирхлынх нь зөрчилтэй тулж гутарч урам хугарч, цухалдаж явсаар өнөөг хүрлээ. Миний яриад байгаа Үндэсний Чуулганд гаж буруу сургаалын үнэр ч байхгүй, гадаадынхны эсрэг өдөөн турхирсан үзэл ч байхгүй, хувь хүмүүсийн нэр төрийг гутаахад чиглэсэн ямар ч санаа агуулагдаагүй байсан билээ. Энэ бол цэвэр үзэл санаа, онол чиглэл байсан.

“Үндэсний Чуулган” концепцэд ямаршуухан санаанууд багтаж байгаа юм бэ гэж үү?
- Засаг захиргааны бүтцэд тулгуурласан чуулганы нэгж ба удирдлага зохион байгуулалт
- Орчин цагийн nation-state буюу нэг үндэстэн нэг улс орон гэсэн олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн геополитикийн ойлголттой холбоотойгоор нэг үндэстэн – нэг чуулган – нэг итгэл бишрэл гэсэн онолыг түгээн дэлгэрүүлэх
- Гадаадаас хараат бус, эрх тэгш харилцах зарчим бүхий үндэсний чуулганы удирдагчдын дээд зөвлөл – Синодыг бүрдүүлэх
- Монголын Үндэсний Чуулган онол сургаал, түүх, үзэл баримтлалын хувьд өөрийгөө тодорхойлох чадвартай байх чиглэлийг барих
- Үндэсний Чуулган нь Христийн Даяар Чуулганы түүхэн итгэлийг баримтлахдаа Монгол үндэстний эрх ашгийг дээдэлж, сүсэг бишрэл, соѐл заншил, ахуй амьдрал, оюун санааны амьдралд нь нөлөөлөх, Библид суурилсан үнэлэмжийг бий болгон хэвшүүлэх
- Зөвхөн Монгол улсаар тогтохгүй, тархсан Монгол туургатны сүсэг бишрэл, оюун санааны нэгдмэл байдлыг хангахын тулд Үндэстний Христитгэлт мөргөлийн төвийг (Хархорин гэж санал болгож байна) тогтоон зарлах
- Чуулганы уламжлалт тогтсон загварыг шинэчилж, орчин цагийн ертөнц, нийгмийн хувьсал өөрчлөлт, хүмүүсийн үзэл бодол амьдралын хэв маягт гарч буй асар хурдац бүхий өөрчлөлттэй уялдсан, орчин үеийн ертөнцөд амьдрах чадвартай итгэгчдийг, чуулганы үйлчлэгчдийг бэлдэн гаргах “Үйлчлэлийг хувьчлах” үзэл санааг дэлгэрүүлэх, сургалтын бааз бий болгох гэх мэт;
олон салбар, чиглэлийн суурь онол баримтлал, хийгдэх ажил хэргүүд гээд цаг хугацаа хүн хүч шаардсан зүйлсийн талаар бодож санаж, залбирч, зарим нэгээс нь бичиглэж та бүхэнд хүргэсээр ирсэн. Дээрх үзэл санаа, зорилгыг хэрэгжүүлэхэд нэгэн насны амьдрал багадна. Ганц хүн ч хийдэг юм биш. Үүнийг хэрэгжүүлэхэд ажил хэрэг болгоход хүн бүхний оролцоо, итгэл үнэмшил тус дэм, амьдралын зориулалт шаардагдана. Энэ бол зүгээр нэг ҮГ чуулганы хөгжлийн асуудлаас том зорилт. Бүхэл бүтэн нэг үндэстэнд Сайн мэдээгээр хүрэх төдийгүй, тэдний сэтгэлгээ, соѐл үнэлэмжийнх нь харилцаа гэр бүлүүдийнх нь цаана мянга мянган жил ажилласаар ирсэн харанхуйн хүчний эсрэг, тамын үүд хаалгын эсрэг хийх тийм тэмцэл юм. Тийм ч учраас бидэнд бүтэн цагаар ам нь ажилладаг хэдэн пастор биш, зэрэгцээд хамт зогсох итгэлийн пионерууд хэрэгтэй байгаа юм. Тийм гэр бүлүүд хэрэгтэй байна. Хороо болгон дээр залбирлаараа, үйлчлэлээрээ, Үг ба Сүнсээр зогсох гэр бүлүүд хэрэгтэй байна. Сум болгон дээр тухайн газар нутгийнхаа, хүн ардынхаа сүнс болон оюун санаа, харилцааны эрүүл энхийн манаанд Бурханаар томилогдон зогсох тийм гэр бүлүүд хэрэгтэй байна. Бидэнд багш хэрэгтэй байна, эмч хэрэгтэй байна. Бидэнд инженер-пастор, хуульч-пастор, бизнесмэн-пастор, теологич-пастор, худалдагч-пастор, тэтгэвэрийн пасторууд хэрэгтэй байна. Амьдралаасаа Бурханы хүсэл утга учрыг олж харж, Түүний ажлыг гүйцэлдүүлэхээр сэтгэл шулуудсан тийм итгэгчид энэ эгнээг өргөжүүлэх боломжтой гэж би боддог. Ингэж гэмээнэ, бид гаднаас орж ирсэн өндөр зардал чирэгдэл бүхий чуулганы тогтолцоог халж чадна. Ингэж гэмээнэ, бид Христийнхэн гэхээр гадаадаас санхүүжилт аваад хүмүүст гурил будаа тарааж буян үйлдэж байх ѐстой гэсэн төр засгийн ойлголтыг өөрчилж чадна. Цаашид хүмүүс цалин авахын тулд Эзэнд үйлчилдэг биш, харин сэтгэл зүрх, итгэл бишрэлээрээ, хайраараа Түүнд үйлчилдэг болох цаг ирнэ. Ажлаа алдчих вий, хүмүүст муучлагдах вий гэсэндээ айж “зөвт хүн”-ий дүр эсгэдэг биш, харин хүмүүст таалагдах гэж биш Эзэнээс эмээх сэтгэл төлөвшинө. Нандигнан хайрлаж байх ѐстой шүтлэг бишрэлээ талх олох хэрэгсэл болгосон хүмүүсийн цуваа багасах болно. Эзэнд үйлчилнэ гэхээр л зөвхөн цуглаан дээр үйл ажиллагаанд хамрагдаж зүтгэхийн нэр биш юм байна, харин гэр бүлдээ үр хүүхэддээ, эргэн тойрондоо сайныг үйлдэж үг хэлээрээ ч Эзэнийг тунхаглаж, хоѐр гараараа ажил хийж хөлсөө хүртэж амьдрах нь ивээл үйлчлэл юм байна гэдгийг ойлгох цаг ирнэ. Хүмүүс шударгаар сурч хөдөлмөрлөж, хүчирхийлэлгүй нийгэмд эрүүл саруул ухаан сэргэж, хүн ард маань элбэг дэлбэг өвчин зовлонгүй байж, газар нутаг минь сэргэсэн байгаасай гэж би мөрөөдсөөр байсан. Энэ бол би пастор болсноос хойшх “албан үүргийн мөрөөдөл” биш, энэ бол эх орон ард түмнээ хайрласан миний багийн хүсэл мөрөөдөл байсан. Энэ мөрөөдөлдөө хөтлөгдөн энэ өдрийг хүртэл гадаадад гарч амьдрал хөөсөнгүй, намайг янз бүрээр хардаж гүжирдэж байгааг сонссоор байсан ч больсонгүй, заримдаа гэр бүлээ хангалттай тэжээж чадахгүй гутарч суухдаа ч орхисонгүй.

Би энэ үйл хэргийг Бурханы хүсэл мөн бол ажил хэрэг болоосой гэж бодож ҮГ чуулганы тэргүүн пастор болсон. Монголоо алдан байж, өөрийн эрхэмсэг оршихуйгаа алдан байж үхэн хатан пастор байх гэсэн хүсэл надад алга. Монгол хүн гээд дээл өмсөөд эрх эргүүлэн маань уншиж, харийнхныг бүгдийг нь хөөж гаргаад гэр бариад Гандангийн үүдийг сахих туйлширсан хийрхэл ч надад алга. Нэг талаас Христэд итгэдэггүй Монголчууд маань, тэдний амьдралын хэв маяг, зан заншил намайг “чи харийн шашин шүтэгч” гэж гадуурхаж байхад, нөгөө талаас Христэд итгэснийхээ төлөө гадны соѐл сэтгэлгээний тулгалтуудыг хүлээн авах шахалтад орж, дуулгавартай гүйцэтгэгч нь байгаагүйнхээ төлөө адлагдан элдвээр хэлүүлж хардуулж байлаа. Энэ хоѐр шахалтын дунд байхдаа би Христийг дагах нь аль нэг хүний үүсгэсэн уламжлалыг дагаж, бий болгосон бүтэц тогтолцооны эрэг шураг болж амьдрахын нэр биш юм байна гэдгийг улам илүү ойлгосон.

Нэгэнт бий болчихсон тогтолцоог сөрөх, тогтсон хэвшсэн ойлголтыг халахад ямар хүчир болохыг бие сэтгэлээрээ мэдэрч, ганцаардаж, гутарч, үл хүлээн зөвшөөрөгдөж, гологдож, ядрахаас гадна санхүүгийн бэрхшээл, гачаалтай тулж, сүнслэг дайралтад өртөж байлаа. Зорилго хараа тавин ажиллаж байсан ажлаасаа халагдаж үзсэн. Сорилт өдөөлт, уруу таталтаас ч ангид байгаагүй. Харанхуйн хүчинд баглуулсан Монголын нийгмийн тогтолцоог би сөрөхийг хичээж байна, Монголын ахуй соѐлд таарахгүй байгаа чуулганы тогтолцоог би сөрөхийг хичээж байна. Би өөрийнхөө хуучин хүн, зуршил бодол санаагаа сөрөхийг хичээж байна. Муу ѐрын чөтгөрүүдийн дайралтыг би сөрөхийг хичээж байна. Би өөрийгөө алдаагүй ариун хүн гэж хэлэхгүй. Намайг идэж уусан хэргээр яллагчид, найз нөхөдтэйгөө баярлаж бүжиглэсний минь төлөө гутаагчид, ажил үйлчлэлийн хариуцлага тооцож зарим хүнд зарчмын арга хэмжээ авсны минь төлөө хувийн сэдлээр хонзогногчид, Христитгэлийг нутагшуулан ард түмнийхээ ахуйд оршоох гэсэн оролдлого арга замуудыг минь мушгин гуйвуулагчид, өөрсөдтэй нь адил үнэлэмжээр амьдраагүйд атаархагчидтай би тэмцэлдээгүй, тооцоо бодоогүй. Миний сэтгэлийг мэддэг, алдаа оноог минь дэнсэлдэг Эзэн бүхнийг цаг нь ирэхээр ил болгож, хэн нь хэн болохыг харуулах биз ээ.

Энэ бүхэн миний сэтгэлийн өчүүхэн өчил байлаа. Үзэл санаа, итгэл үнэмшил, хараагаа танилцуулахад ийм байна. Надад нэг л айдас, эргэлзээ байна. Явах ѐстой замаараа явсны эцэст эргэж хараад энэ бүхэн Эзэнээс биш байжээ гэж хэлэх тийм өдөр ирэх вий гэж би эмээж байна. Ингэж өөрийгөө ч өрөөлийг ч зовоон байж зүтгэсэн зорилго хүсэл минь хэрэгжих тавилангүй байвал яана гэж би эмээж байна. Түүний зөв баруун мутар хангахгүй юм бол, хамгаалахгүй юм бол, удирдахгүй юм бол би урагш хөдлөхөөс эмээж байна. Хэрвээ Тэр надтай хамт, миний өмнө явахгүй бол битгий намайг явуулаасай.

Гэхдээ эцэст нь хэлэхэд, тэнгэрийн доор бүх юмс үзэгдэл Бурханы хүслээр болж байдаг, Түүний товлосон цагт хэрэгждэг гэж би итгэдэг. Тийм ч учраас, Энх-Амгалан ингэж бодож мөрөөдөж, залбирч байсан ч, он цагуудаа, боломжуудаа үрсэн байсан ч, Эзэн эс таалбал миний хараа зорилго “хог новш” билээ. Эзэн Бурхан миний ард түмэнд өөр зорилго тавьсан байх аваас, Түүний хүсэл биелэг. Эзэн Бурхан ҮГ чуулганд өөр зорилго тавьсан байх аваас, Түүний зорилго хэрэгжиг. Эзэн Бурханаас Энх-Амгаланд өөр амьдрал, хувь тавилан тавьсан байх аваас, Тэр миний сэтгэлийг амрааж, Өөрийнхөө хүслийн дагуу явуулах болтугай. Таны хүсэл тэнгэрт шигээ газар дээр, миний ард түмэн дээр, миний чуулган дээр, миний гэр бүл дээр, над дээр хэрэгжих болтугай гэж залбирах байна.

Өнгөрсөн хугацаанд пастортайгаа хамт байж, тулж дэмжиж, цааш явах тэнхэлгүй итгэлгүй, сөхрөхөд минь түшиг болж байсан бүхий л хүмүүст, хамт үйлчилж ирсэн багтаа, залбирлаар болон урмын үг хайрлаж байсан итгэгч нартаа баярлаж явдгаа хэлмээр байна. Бурхан Эзэн та бүхний дээр огторгуйн сайхан сан хөмрөгөө нээж, ивээлийг хальтал асгаж, та нарт болон үр удамд чинь сайн сайхнаар хандаж, тэнгэр элч нараараа сахин хамгаалж, амьдралын чинь туршид та нарын өмнө замчлах болтугай гэж ерөөе! Аминь.

“Үүрдийн гэгээ” чуулганы тэргүүн пастор: Хатгин. П. Энх-Амгалан

2010 оны 4 дүгээр сар 19

Ромын Католик болон Протестантизмын ялгаа

Протестант болон Католикийн хоорондох ялгааны тухай ярихын өмнө бяцхан оршил хэлэх хэрэгтэй болно. Христийн шашин Монголд 1990 оноос хойш өрнөдийн хийгээд зүүн өмнөд азийн орнуудаас орж ирэхдээ тухайн нутаг орныхоо чуулганы хэлбэр уламжлалыг хамт дэлгэрүүлсэн нь бий. Үүний үр дүнд бий болсон Монголын Христийн шашины сүм чуулгануудыг хуваан ангилж үзвэл, миний мэдэж байгаагаар Оросын Үнэн алдартны 1 чуулган (Баянзүрх дүүрэгт орших), Ромын Католик 1 чуулганыг (13-р хороололд орших) эс тооцвол, бусад нь Христийн Протестант уламжлалын чуулганууд, тэр дундаа эвангелийн чиглэлийнх дийлэнх олонх болдог (би энд сектүүдийг оруулж тооцоогүй байна). Тиймээс манайхан Христийн шашиныг Протестант чиглэлийн чуулгануудаар төлөөлөн ойлгох явдал элбэг байдаг.

Гэтэл Даяар Христийн шашиныг ерөнхийд нь 3 том бүлэгт ангилж ойлгох агаад Ромын Католик Чуулган , Зүүний Ортодокс Чуулган, Протестант гэх ажгуу. Эдгээр нь дотроо үй түмэн уламжлал чиглэлд задрах агаад, энэ гурвын аль алинд нь багтахгүй жижиг урсгалууд, орон нутгийн юмуу аль нэг улс үндэстний шинжтэй бүлэглэл, хөдөлгөөн, урсгалууд бүр ч тоо томшгүй. Энэ бүхнийг дэлгэн үзвээс Христэд итгэх итгэл үнэмшил бол бүх ертөнцийн шинж чанарыг өөртөө агуулсан болохыг газарзүйн тархалтын цар хүрээ, итгэгчдийн тоон үзүүлэлт, хоорондоо асар ялгаатай соёл сэтгэлгээгээр дамжин илэрхийлэгдэх өнгө төрхөөс нь харж болно.

Чуулганд католик гэсэн нэр томъёог өгсөн анхны хүн бол Антиох хотын бишоп Игнатий байлаа. Тэр үедээ энэ үг Ромын чуулгантай огт холбоогүй, харин бүхий л цаг хугацаа орон зайд оршин байх Христийн чуулганыг тодорхойлсон байж л дээ. Яваандаа энэ нэр томъёог гаж буруу сургаалтай чуулгануудаас өөрсдийгөө ялгахын тулд хэлдэг болж. Тиймээс 325 онд болсон Никейн хурлаас гаргасан итгэлийн тунхагт “нэг, ариун, католик (даяар), апостолийн эрхэт Чуулган” гэж тодорхойлсон байна. Тэгсээр чуулганууд онолын зөрүүтэй үзэл баримтлалаас болж хоорондоо маргалдан хуваагдахын хэрээр, Христийн чуулганууд үнэн зөв сургаалаар нэгдмэл нэг гэсэн санаа нь орхигдсоор, маргалдагч хоёр тал өөрийгөө нөгөө талаасаа илүү зөв гэдгийг батлахын тулд католик гэсэн үгийг хэрэглэх болжээ. Нэг ёсондоо өөрийнх нь баримталдаг сургаал “даяар чуулган”-ы онол сургаал мөн гэсэн утга барьж байгаа хэрэг л дээ. Онолын зөрүүтэй үзэл баримтлалаас болж хагарч бутарсан тухай болгоныг ярьвал цаг хүрэлцэхгүй, тэгээд ч энэ удаагийн сэдэв бол Католик Протестантын шашины ялгааны тухай юм. Энэ бол хэзээ хойно 16-р зуунд болсон явдлаа.

Газарзүйн байршил болон хамрах хүрээний хувьд аваад үзвэл, урьд чуулганы түүхэнд гарсан хагарал бутарлаас хамаагүй жижиг хэмжээтэй, төдийлөн хэл иргэншлийн ялгаан дээр суурилсан гэхээргүй ач холбогдол багатай юм шиг мөртлөө, тухайн цаг үеийн газарзүйн их нээлт хийгээд европчуудын колонийн эрин үеийн хамтаар дэлхийн өнцөг булан бүрт “хэрүүл”-ээ дагуулан очсон Ромын Католик Чуулган ба Протестантизмын хоорондох онолын гол ялгааг дараахь гурван зүйлээс харж болно:

1. Дээд эрх мэдлийн талаар – Протестантууд Библи бол итгэгч хүний цорын ганц даган мөрдөх дээд эрх мэдэл, Христэд итгэгч хүн Ариун Сүнсний гэгээрүүллээр Бурханы удирдамж-үгийг ойлгох боломжтой гэж үзэж байхад Ромын Католик Чуулган Библийн зэрэгцээ чуулганы удирдлагад эрх мэдэл байх ёстой гэж үзнэ. Үүнийгээ Чуулганы уламжлал гэнэ.Үүнээс үүдэлтэйгээр чуулганы дээд эрхийг барих Пап болон бишопуудын зөвлөл голлох үүрэгтэй;
2. Авралын арга замын талаар – Хүн зөвхөн Христэд итгэвэл л аврагдана гэж протестантууд тайлбарладаг бол католикууд хүн итгэлээр болон чуулганд соёрхсон Бурханы эрх мэдэлд захирагдан, буян үйлдэн явснаар авралыг олно гэж сургадаг;
3. Тахилчийн үйлчлэлийн талаар – Протестант онолчид Христийн шашинд тахилчлалын 2 шатлал байх ёсгүй, хүн бүр Бурханы өмнө адил агаад Христээс өөр тахилч байхгүй гэж үзэхэд, Католикууд жирийн итгэгч ард түмэн болон Бурханы хооронд тусгай бэлтгэгдэж “томилогдсон” санваартан буюу чуулганы цол мяндагтан гэсэн ангилал байх ёстой гэж үзнэ. Энэ нь Христээс эхлэн элч нараар уламжлан ирсэн чуулганы үйлчлэлийг гүйцэтгэхээр тусгайлан “дуудагдсан” санваартан гэсэн үг.

Бурханы үг хүн бүрд нээлттэй байх ёстой гэж үздэг учраас Протестантууд эхнээсээ тухайн нутаг усны хэлээр Библийг орчуулахаас гадна, мөргөлийн үйл ажиллагааг нутгийн хэлээр явуулдаг байсан бол, Католикууд 1962-1965 онд болсон Ватиканы 2-р хурал хүртэл Библийг зөвхөн Латин хэлээр уншихыг шаарддаг, мөргөлийг Латин хэлээр явуулдаж байжээ. Протестант Библи 66 номоос бүрддэг (Хуучин Гэрээний 39, Шинэ гэрээний 27) бол, Католик Библи 73 номтой (Хуучин гэрээний 46, Шинэ гэрээний 27). Протестант чуулганы засаглал харьцангуй эрх чөлөөтэй гэж үзэж болох бол, Ромын Католик Чуулганд шууд дээрээс доош шатлан захирах дэгтэй.

Үүнээс гадна, Протестантууд Баптисм, Эзэний Зоог хоёрыг л чуулганы ариун ёслол гэж тооцдог байхад, Католикуудын хувьд ариун ёслол 7 байх жишээтэй. Энэ мэтчилэн ариун гэгээн хүмүүст залбирал өргөх, лаа асаах, Есүсийн эх Мариаг онцлон шүтэн бишрэх, чуулганы ном уншлага, дэг жаяг гээд протестант чиглэлийнхэнд харь санагдахуйц зан үйл Ромын Католик Чуулганд их бий. Уншиж танилцах аваас төдийлөн бас буруутгамгүй утга начиртай болох нь танигдана. Үүн лугаа адил, Ромын Католик шүтлэгтэнгүүд Протестант чуулгануудын үйл ажиллагаа, тэдний зан үйлийг хараад их л гайхдаг нь бас аргагүй.

Энэ бүх хэрүүл гэнэт нэг өдөр эхэлчихсэн биш ээ. 395 онд Ромын эзэнт гүрэн зүүн баруун хоёр хэсэгт хуваагдсанаас хойш, зүүн Ромын эзэнт улс дахь чуулганууд Константинополийн патриархийн эрх доор байх болж, баруун европ тэр чигтээ Ромын бишоп буюу Папын эрхэнд байх болсон билээ. Яваандаа төр шашины хэмжээлшгүй эрхтэй болсон Ром дундад зуунд Европт болсон улс төр засаглалын олон хуйвалдаан, дайн дажинд шууд болон далд байдлаар оролцох болсонд нь, бас санваартнуудын төдийгүй чуулганы дээд эрх баригчдын бусармаг үйлд нь ард түмэн эгдүүцэн дургүйцэж иржээ. Мэдээжийн хэрэг, тухайн үеийн чуулганы тэргүүд нь байр суурь, эрх мэдлийн төлөө үхэн хатан тэмцэлдэж байсан нь яг л өдгөө аль ч чуулганд байдаг л асуудал байлаа.

Энэ бүхнийг эсэргүүцсэн Протестант хөдөлгөөнийг Герман санваартан Мартин Лютер 1517 оны 10-р сарын 31-нд Виттенбэрг хотын сүмийн хаалган дээр 95 зүйлтэй ухуулах хуудас нааснаар эхлүүллээ. Нүглийг цагаатгах бичиг гэгдэх индульгенц зарах явдлыг эсэргүүцсэн энэхүү ухуулах хуудас 2 сарын дотор бүх Европоор тархсан байсан гэдэг баримтыг үзвэл сүм чуулганы талаарх олон нийтийн санаа бодол ямаршуухан байсныг мэдэж болох биз. Шашиныг шинэчлэх хөдөлгөөн газар бүр өрнөж байсны дундаас түүхэнд нэр нь үлдсэн Протестант онолчид Мартин Лютер, Ян Гус, Цвингли, Жон Калвин, Томас Кранмер, Жон Кнокс нар энэ үеийн төлөөлөгчид билээ.

Баруун Европод теологчдын дунд маргаан дэгдэж, аль аль тал нь өөрсдийн онолоо хамгаалан тэмцэж байсан бол, бас зэвсгийн хүчээр асуудлыг шийдэх гэсэн чармайлт их гарсан. Францад болсон цуст аллага, протестант Нидерландад Католик арми орж ирсэн, Германы иргэний дайн, Чехийн ардын хөдөлгөөн, Англи, Ирланд дахь шашины мөргөлдөөнд оролцогч талууд өөрсдийгөө Бурханы алдрын төлөө, чуулганы төлөө, үнэний төлөө гэж үзэж байлаа. Эцэст нь дайны гал дарагдахад, Европ тивийн өмнөд хэсэг нь Ромын Католик шашинтай хэвээр үлдэж, умард хэсгийн дийлэнх нь Протестант итгэл үнэмшлийг өвлөн хоцорсон байх юм.

Энэ цагаас хойш энэ хоёр том нөлөө бүхий уламжлал бие биеэ үгүйсгэсээр ирсэн боловч, өнгөрсөн зуунд харилцан ойлголцол хамтын ажиллагааг эрхэмлэн хоёр талаас нааштай алхмуудыг хийж эхэлсэн байна. Жишээлбэл, Ромын Католик Чуулгантай 1999 онд Дэлхийн Лютерануудын Холбоо, 2006 онд Дэлхийн Мефодистуудын Холбоо зарим нэгэн онолын тохиролцоонд хүрсэн баримтад гарын үсэг зурсан. 2-р Ватиканы хурлаас хойш Ромын Католик Чуулган бусад чуулгануудад илүү нээлттэй хандах болсон агаад 1054 онд Ромын Католик Чуулган, Зүүний Ортодокс Чуулган бие биеэ хөөсөн байсныг 1965 оны 12 сард хүчингүй болгосон бол, Зүүний Ассирийн Чуулгантай 1994 оны 11 сард Христологийн талаарх түүхэн тохиролцоонд хүрсэн билээ.

Эдүгээ Ромын Католик Чуулган өмнөд Америк, өмнөд Европ өмнөд Азид хамгийн их шүтэн бишрэгчтэй бөгөөд 1 тэрбум гаруй гэж тооцоолдог дэлхийн хамгийн том шашины институци юм. Үүнтэй харьцуулахад, Протестант чуулганууд нийтдээ хагас тэрбум орчим итгэгчидтэй гэж тооцоолдог ч, институцийн хувьд нэг биш, салангид хэдэн зуун деноминаци, бие даасан нэгжүүдийг агуулдаг. Бидний сайн мэдэх эвангелийн гэх урсгал нь энэхүү Протестант уламжлалд багтдаг.

Хатгин. П. Энх-Амгалан
Окланд хот, Шинэ Зеланд улс. Манай Эзэний 2004 оны 9 дугаар сар 04

Нэг хот, нэг бишоп, нэг чуулган – Чуулганы түүх

Орчуулагчийн зүгээс: Чуулганы түүхийг уншиж судалж байхад эдүгээ бидний дунд гарч байгаа бүхий л сайн муу үзэгдлүүд том цар хүрээтэй, бас бүс нутгийн хэмжээнд гээд бүгд л гарч байсан нь ажиглагддаг. Тиймээс энэ удаа Хиларион Алфиевийн бичсэн нэг нийтлэлийг та бүхний мэдлэгт нэмэр болог хэмээн орчууллаа. Миний зүгээс хэлэхэд:

1. Чуулганы бүтэц зохион байгуулалтын талаар Библид тодорхой заагаагүй. Харин Библийн багш нар тодорхой багц ишлэлийг аваад, тодорхой нэг үзлийн үүднээс заадаг. Библи Бурханы бичигдсэн Үг мөн боловч, үүнийг судалж зааж тайлбарлаж байгаа багш нар хүн учраас тодорхой нэг цаг хугацаа, соёл, үнэлэмж, сэтгэлгээний орчилд байдаг тул тайлбар нь төгс үнэн байх боломжгүй. Тэгэхээр бид Монгол Чуулган цаашид ямар бүтэц зохион байгуулалтыг бий болгох вэ гэдэг тал дээр Ариун сүнснээс асууж нээлттэй хандах хэрэгтэй.

2. Монгол бол нэг хэл соёл бүхий нэг үндэстэн. Үүнд Ортодокс Чуулганы автокэфал буюу Үндэсний Чуулган өөртөө засан тохинох эрхийн онол хамгийн тохиромжтой гэж би боддог. Тус тустаа бие даасан нутгийн чуулган нэгдмэл зохион байгуулалтад орох явц бол хамгийн ярвигтай ч, бидэнд гарц байна харин үүнд Чуулганы түүхээс онолын үндэс байх хэрэгтэй.

3. Би энэ нийтлэлийг танин мэдэхүйн ач холбогдолтой гэж үзээд орчуулсан болно. Тиймээс намайг Ортодокс итгэл үнэмшилтэй гэж үзэхгүй байгаасай гэж хүснэ.

4. Чуулганы түүхэнд гарч байсан энэ мэт бусармаг явдлууд, эрх мэдэлд үхэн дурлах, өөрийнхөө хил хязгаарыг тэлэхдээ бусад жижиг чуулгануудаа залгих замаар (салбараа болгох юмуу, санхүү мөнгө, зэрэг зиндаагаар, эрх мэдлээр) хийх, боломж чадавхи бүхий цөөн хүний засаглалыг тогтоох гэсэн эрмэлзэл энэ бүхэн Монгол Чуулганд бүү давтагдаасай, харин хайр харилцан хүндлэл дотор хамтдаа Христийн бие нэгдмэл өсөөсэй гэж залбирна.

Вена ба Австрийн бишоп Хиларион Алфиев. Тэрээр Оросын Үнэн алдартны (Ортодокс) Чуулганы Европын институцуудтай харилцах төлөөлөгчийн албыг хашдаг.

Канончлагдсан нутаг дэвсгэрийн онол ба “зэрэгцээ засаглалын бүтэц” бий болсон нь

Христийн Чуулганы анхны 3 зууны туршид “Нэг хот – нэг бишоп – нэг Чуулган” гэсэн зарчим үйлчилж, тодорхой нэг газар нутгийг нэг бишоп хариуцдаг байлаа. Энэ зарчмын дагуу бол “Элч нарын тогтоосон журам” болон анхны Чуулганы үед тогтоосон бусад хууль дүрэм ёсоор бишоп пасторууд бие биенийхээ үйлчлэл эрх мэдлийн хүрээнд халдахыг хориглодог байлаа. Чуулганы Канон буюу ариун журам ёсоор бишоп өөрийн хариуцдаг дүүрэг нутаг дэвсгэрээ орхин өөр нутагт зөвшөөрөлгүйгээр шилжин байрлахыг хориглодог байжээ (кан 14). Бишоп өөрийн дүүрэг нутаг дэвсгэрээс гадуур пастор томилохыг хориглоно (кан 35). Өөр хот руу шилжин суурьших болоход, тухайн нутгийн чуулганаас сахилгын арга хэмжээ авагдсан пастор ахлагчдыг, итгэгчдийг өөртөө татахыг хориглоно (кан 12). Бишопын (пастор) зөвшөөрөлгүйгээр ахлагч хүн өөр газар үйлчлэх эрх байхгүй (кан 15). Нэг бишопийн чуулганаас хөөсөн юмуу, сахилгын арга хэмжээ авсан үйлчлэгчийн эрхийг өөр бишоп сэргээх эрх байхгүй (кан 16, 32). МЭ 4-8 зуунд орон нутгийн болон Даяар Чуулганы хуралдаанаас гаргасан ийм дүрэм журмууд Ортодокс Чуулганд өнөө ч мөрдөгдсөөр байдаг.

Анхны хуваагдаагүй байсан Чуулган газар нутгийн хуваарилалтыг хийхдээ тухайн үеийн Ромын засаг захиргааны нэгжийн дагуу хийсэн байдаг. МЭ 2-3 зууны үед аль нэг аймгийн төв хотод бишоп нь суурьшин тэндээ үйлчилж, тухайн аймгийн нутаг дэвсгэрт байгаа жижиг суурин тосгодын ахлагч (пресбитер, хор-епископой) пасторуудыг удирддаг байлаа. Гэтэл МЭ 4-р зууны эхээр Эзэн хаан Диоклетиан (МЭ 284-305) Ромын эзэн улсын аймаг гэсэн нэгжүүдийг нэгтгэн “диокэс” гэсэн мужууд болгон засаг захиргааны шинэчлэл хийсэн байна. Үүнтэй холбоотойгоор Христийн чуулганууд бүтцээ томсгосон хуваарилалтад (эпархиэс, мужийн бишоп) оруулах шаардлагатай болсон. Ингээд томсгосон засаг захиргааны нэгжийг хариуцсан бишоп буюу муж хариуцсан бишопийг метрополит гэж нэрлэх болжээ. Мужийн төв хотын бишоп нь метрополит болж, бусад бишопууд нь түүний захиргаанд байх боллоо. Гэхдээ бишопууд урьдын адилаар аймгийн хүрээнд эрх мэдлээ хэрэгжүүлэн, зөвхөн өөрсдийнх нь мэдлээс хэтэрсэн асуудлуудаар мужийг хариуцсан метрополитод ханддаг байлаа. Яг энэ 4-р зууны үед Ромын эзэнт гүрнийг баруун зүүн Ромын эзэн улс болгон хуваасантай холбоотойгоор Христийн Чуулган Баруун Зүүнээрээ хуваагдаж эхэлсэн гэдгийг мартаж болохгүй. Бас Ром хотыг тусгай бие даасан нэгж болгон зарласан байлаа. Гэтэл нөгөө талд Константинополь хотыг эзэнт улсын нийслэл болгон “Хоёрдугаар Ром” гэж тунхагласан.

Засаг захиргааны нэгжийн дагуу чуулган зохион байгуулалтад орох энэ зарчим анхны Чуулганы үед ерөнхийдөө мөрдөгдөж байсан хэдий ч, үргэлж тийм байсан уу гэвэл бас үгүй. Чуулганы нэрт теологич Их Васил болон Тиана хотын бишоп Анфимос хоёрын хооронд маргаан гарч, тэрнийг нь Назианзений Григорий нэгд нэггүй бичиж үлдээжээ. МЭ 370 оны зун Каппадоки аймгийн чуулганы бишопын албыг Васил хүлээн авах үед Каппадоки аймаг нь Кайсари төвтэй нэг аймаг байжээ. Гэтэл 371 оны өвөл эзэн хаан Валент Каппадоки аймгийг Кайсари төвтэй Каппадоки 1, Тиана төвтэй Каппадоки 2 гэсэн хоёр нэгж болгон хуваасан байна. Тэгэхээр Тиана хотын бишоп Анфимос шинэ хуваарилалтын дагуу өөрийгөө Каппадоки 2-ийн метрополит гэж ойлгоод өөрийн харъяаны нутаг дэвсгэртээ Василын эрхийг хүлээж авахгүй гэдгээ мэдэгджээ. Гэтэл Васил болохоор өмнө нь байсан шигээ өөрийгөө бүх Каппадоки мужийг хариуцсан метрополит гэж үзсээр байлаа. Ингээд 372 оны хавар Васил эрх мэдлээ хэрэгжүүлэх үүднээс бишоп Анфимосын “канончлагдсан нутаг дэвсгэрт” орших хотуудад бишопууд томилж эхэллээ. Сасима хотын бишопоор найз теологич Григорийг, Нисса хотод дүү Григорийг томилжээ. 374 онд Василийн үнэнч шавь, теологич Григорийн үеэл Амфилохиусыг Икониум хотын бишопоор томиллоо. Энэ бүх явдлыг Тианагийн Анфимос ёс бус явдал гэж үзэж, Василийн томилсон бишопуудад аль болохоор саад хийхийг хичээж байжээ. 379 онд Васил нас барсны дараа л Каппадоки 2-ын бишопууд Тиана хотын Анфимосыг уг нутаг дэвсгэрийг хариуцах эрхтэй метрополит гэж хүлээн зөвшөөрсөн байдаг.

Түүхэн баримтуудад тулгуурлан “канончлагдсан нутаг дэвсгэр” гэсэн зарчим хэр үндэстэй болохыг хангалттай баталж болох юм. Элч нарын үеэс энэ хэлбэр зохион байгуулалт явагдаж эхэлсэн бөгөөд 2-3-р зууны үед Чуулганы албан ёсны зохион байгуулалт болсон байсан гэж хэлж болно. Томсгосон нэгж буюу мужийн байгуулалт метрополит 4-р зуунд бий болсон. Ингээд МЭ 4-р зууны эцсээр канончлагдсан газар нутгийн хүрээнд 3 түвшний нэгж бий болжээ. Метропол буюу муж, энэ нь хэд хэдэн аймгуудаас бүрдэнэ. Аймаг буюу эпархи, хэд хэдэн хороо дүүргүүдээс бүрдэнэ. Тэгээд хамгийн анхан шатны нэгж бол париш гэж нэрлэгддэг хороо, хорооны чуулганыг ахлагч пастор удирдана. Христийн чуулган цаашид хөгжихийн хэрээр метрополитуудыг нэгтгэн захирсан патриарх гэсэн зэрэг дэв бий болсон байдаг.

Нэгдмэл байсан Христийн Даяар Чуулганд МЭ 5-р зууны дундуур анхны хуваагдал гарлаа. Энэ нь Дорно зүгийн итгэгчид 451 онд Халкедонд болсон Их Хуралдайгаас гарсан шийдвэрийг эсэргүүцсэнээс үүдэлтэй. Үүнээс болж Зүүн Ромын эзэнт улсын хэд хэдэн нутгуудад “зэрэгцээ засаглал” гарч ирсэн. Одоо ч гэсэн энэ хэвээрээ байгаа. “Зэрэгцээ засаглал” гэдгээр юу хэлээд байна вэ гэхээр нэг засаг захиргааны нэгж дээр, нэг газар нутагт 2 болон түүнээс дээш тооны бишоп зэрэгцэн оршиж, аль аль нь өөрийгөө хууль ёсны гэж тунхаглаад байгааг хэлж байгаа юм. Египет, Сирид одоо ч хүртэл Александр ба Антиохын Патриарх гэж өөрийгөө нэрлэдэг хоёр ч патриарх зэрэгцэн оршиж байна. Нэг нь Халкедоны хуралдайн шийдвэрийг дагадаг хэсгийг төлөөлдөг бол, нөгөөдөх нь эсэргүүцсэн хэсгийг төлөөлдөг. Иерусалим хот, Константинополь хотуудад мөн адил, нэг нь Ортодокс “Халкедон”-ы талын патриарх, нөгөө нь “Халкедон”-ы бус чуулгануудыг хариуцдаг Армений патриарх байна. Ингэж давхардсан зохион байгуулалт яваад байгаа нь юуг харуулж байна вэ гэхээр энэ чуулганууд бие биенийгээ хүлээн зөвшөөрөөгүй гэсэн үг.

МЭ 11-р зуунд болсон удаахь том хуваагдал нь шууд “зэрэгцээ засаглал”-ыг бий болгосонгүй. 1054 онд Ром Константинополийн хооронд харилцаа хүйтэрсний дараа ч өмнөх 1000 жилийн туршид хадгалагдсан Чуулганы газар нутгийн канончлалын тухай ойлголт мөрдөгдсөн хэвээр байсан бөгөөд Зүүн Ромын эзэнт улсын нутаг дэвсгэрийг 4 патриархийн (Константинополь, Александр, Антиох, Иерусалим) дунд хуваасан байлаа. Харин Баруун Ромын эзэнт улсад зөвхөн Ромын бишопын эрх мэдэл дангаар ноёрхож байсан. Бүх мужуудын чуулганы удирдлага Ромоос хамааралтай байсан. Баруун Европт Ромын бишоп цорын ганц метрополит, патриарх гэж тооцогдсон байлаа. Ромын бишоп Зүүний Ортодокс чуулгануудын газар нутаг руу халдаагүй, Зүүний патриархууд ч бие биенийхээ харъяалагдах газар нутагт хөндлөнгөөс ордоггүй байсан. Тиймээс канончлагдсан газар нутагийн зарчим хэвээр хадгалагдаж байсан гэж үзэж болно.

Харин Загалмайтны аян дайнаас болж энэ бүхэн өөрчлөгдсөн юм. Барууны Латин цэрэг арми Ортодокс патриархуудад харъяалагдаж байсан газар нутаг руу цөмрөн орж, тэнд Латин патриархуудыг томилж эхэлсэн байдаг. МЭ 1097 онд Загалмайтнууд Антиох хотыг эзлэн аваад тэндхийн Ортодокс патриархыг хөөн оронд нь Латин патриарх томиллоо. 1099 онд тэд Иерусалимыг эзлэн авсныхаа дараа мөн адил үйлдлээ. Баруун Европын загалмайтнууд 1204 онд Константинополийг цөлмөн дээрэмдээд, тэнд Латин патриарх томилжээ. Харин 13-р зууны сүүлээр загалмайтнууд Ойрхи Дорнодоос хөөгдөн гарснаар Антиох, Константинополийн Латин патриархууд бас хөөгдөн гарсан юм. Иерусалимд томилогдсон Латин патриархыг 1291 онд буулгасан боловч, Ромын Католик Чуулган 1847 онд дахин томилоод тэр нь одоо хүртэл оршсоор байна. Ингээд Иерусалимд өдгөө гурван патриарх буюу Ортодокс, Арменийн, Латин угшилтай патриарх үйл ажиллагаа явуулдаг.

Загалмайтнууд Константинополь хотыг булаан эзэлсэн тухай Католик чуулганы түүхч Суттнер ийн бичжээ:
“Константинополийг эзлэн авсныхаа дараа булаан эзлэгчид хаан суудалд, патриархын албанд бүр цаашлаад орон нутгийн олон пастор бишопуудыг өөрийнхөө талын хүмүүсээр сольсон байна. Грек хаан, патриархыг Никэй рүү цөлөхөд, тэднийг дагаад олон сурвалжит гаралтай Грекчууд явжээ. Хэзээ нэгэн цагт төрөлх хотдоо эргэн ирнэ гэсэн найдлага өвөрлөсөөр тэд өнгөрсөн. Нормандууд өмнөд Италид яаж аашилж аягласан шиг, 11-р зуунд загалмайтнууд Антиох Иерусалимд хийсэнтэй эгээ адилаар ялсан баруун европынхон Зүүн Ромын эзэнт улсын нийслэлд Грекчүүдтэй тийм харьцсан билээ. Тэд 13-р зуунд хааны сэнтийд, чуулганы тэргүүнд Латин чуулганы хүмүүсийг томилсоноор Чуулганыг нэгтгэж эв нэгдлийг хангалаа гэж үзэж байлаа. Энэ тухай Латераны 4-р хуралдайгаас (1214 он) гаргасан бичигт тэмдэглэсэн байна. Тэд үүндээ улайран итгэж байсан юм. Харин нөгөө талд ийм хүчирхийллийг шударга бус байдлыг харсан Грекчүүдийн хувьд Христийнхний нэг хэсэг нь нөгөөгөө ингэж хүчээр буулган авч өөртөө нэгтгэж байгаа нь Библийн бус хэмээн үзэх үндэстэй байсан юм. Константинополийг эзлэн аваад Латинчуудын гаргасан авир хэрцгийлэл хүчирхийлэл Чуулганыг хуваагдал хагарлыг улам бүр гүнзгийрүүлсэн. Өнгөрсөн үед гаргасан энэ мэт эв нэгдэлд хүчээр түрэмгийлэн хүрэх гэсэн бүхий л алдаа эндэгдлийг дахин гаргахгүйн тулд бид түүхийг сайтар судлах ёстой.”

Ортодокс Ромын Католик Чуулгануудын харилцаанд сүрхий сэв суулгасан зүйлс бол Ромын Католик Чуулган хэдэн зууны туршид Ортодокс чуулганд харъяалагдах түүхэн газар нутгуудад хүчээр нэгтгэх юмуу итгэгчдийг нь өөрийн чуулганд янз бүрийн аргаар татан авах ажиллагаа явуулж ирсэн явдал юм. Каноничлагдсан нутаг дэвсгэрийн зарчмыг зөрчин Ромын Католик чуулган уламжлалт Ортодокс итгэл үнэмшилтэй улс орнуудад миссионеруудаа илгээж байсан нь Ортодокс чуулгануудын хувьд хамгийн хэцүү асуудал байлаа. Энэ тухай Протопресбитер Виталий Боровойн хэлсэн үгийг би иш татмаар байна. Тэрээр Ортодокс Католик Чуулгануудын хоорондох яриа хэлэлцээнд хамгийн идэвхтэй оролцогсдын нэг юм:

“Дундад зууны папын засаг зүүн тийш Ортодокс Чуулганы газар нутаг руу зогсон чөлөөгүй шунахайран ямар ч аргаар хамаагүй (ихэнх тохиолдолд хүч хэрэглэх замаар) Ортодокс чуулгануудыг өөртөө нэгтгэх гэж зүтгэсээр байсан. Энэ нэгдэл гэдэг нь эртний Зүүний Чуулганы Ортодокс буюу Үнэн итгэл бишрэлийг дундад зууны Барууны Католик Чуулганы Ромын итгэл бишрэлээр солихыг л хэлж байсан юм. Лион хотод (1274), Флоренцэд (1439), Брестэд (1596), Ужгород (1646), Мукачево (1733) гэх мэт газруудад олон удаа нэгтгэх гэсэн ажиллагаа явагдаж байлаа. Үүгээр зогсохгүй Ортодокс Ойрхи Дорнодын Армени, Копт, Сири-Иаковын, Сири-Халдейн чуулгануудыг ч өөртөө хүчээр нэгтгэх гэж оролдсоор байсан юм. Дээрх бүх оролдлогоор Ортодокс чуулгануудад хагарал үүсэж нэг хэсэг нь Католик шүтлэгтнүүдийг даган, үргэлжид Чуулганд нэгдлийг биш харин хуваагдлыг авчирч байлаа. Үүнээс болж Ортодокс итгэл үнэмшилтэй Христийнхний зүгээс Католик Чуулган болон Ромд хандах хандлага, эгдүүцэл, дургүйцэл, үл итгэх байдал өнөөг хүртэл үлдсэн төдийгүй “Ромын титэмээс Түрэгийн чалма дээр” гэсэн хэллэг бий болжээ. Цөхөрсөн энэ мэт хэллэгийн цаана байгаа түүхийн болон сэтгэлзүйн эмгэнэл нь Барууны болон Зүүний Чуулгануудын хооронд эв нэгдлийг бий болгоход асар их хүндрэл учруулж байгаа төдийгүй энэхүү хагарал хуваагдлын нүглийн аюултай урхагийг бидэнд маш тодорхой сануулдаг билээ.”

Хатгин. П. Энх-Амгалан

2011 оны 4 сарын 08