Миний 2003 онд бичсэн “Монгол Чуулганы суурь онол”, 2005 онд бичсэн “Өөрийгөө бэдрэн тэнүүчлэхүй” гэсэн нийтлэлүүдэд би дэлхий даяар[1] буй чуулганы хэлбэршлийг үндсэнд нь 2 хувааж ойлгож болно гэж хэлж байсан:
1. Үндэсний Чуулган. Энэ хэлбэршил бол тодорхой нэг үндэстэн угсаатны дунд байгуулагдсан Христийн чуулган тухайн үндэстний хэл соёл, нийгэм, сэтгэлгээтэй төдийгүй олон улсаар хүлээн зөвшөөрөгдсөн хил хязгаарт нь өөрийнхөө зохион байгуулалт, удирдлага, мөргөлийн хэв шинж, чуулганы соёлыг хамаатуулж ойлгодог, хүрээгээ тодорхойлдог. Дэлхийн Даяар Чуулганы хүрээнд Византиас угшилтай зүүн Европ, Ойрхи Дорнод болон Орост дэлгэрсэн Ортодокс буюу Зүүний Үнэн Алдартны[2] Чуулганууд, бас Хойд Африк, Египетэд байх Дорнын Үнэн Алдартны Чуулганууд албан ёсоор автокэфал[3] гэх онолыг баримталдаг. Энэ онол ёсоор алив улс үндэстний Чуулган өөрийн улсын хил хязгаарын дотор өөртөө засан тохинох эрхийг эдэлдэг. Өөр улсын үндэсний Чуулган нөгөө үндэсний Чуулганыг захирах эрх байхгүй гэж ойлгож болно. Жишээ нь Гүржийн Чуулган Грекийн Чуулганы дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, Грекийн Чуулганы канончилсан газар нутагт илгээлт хийх зэргийг зөвшөөрдөггүй гэсэн үг. Мэдээжийн хэрэг, хууль бус янз бүрийн завхрал гажуудал бий болж болох ч, автокэфал эрхтэй үндэсний чуулгануудын тэргүүнүүдийн уулзалт юмуу, бүс нутгийн бишопуудын уулзалтаар иймэрхүү асуудлуудыг шүүн хэлэлцдэг.
Барууны орнуудын жишээ гэвэл Их Британи болон Үндэсний Нөхөрлөлийн орнуудад Англикан буюу Англи үндэсний Чуулган гэж бий. Үүнээс гадна, хойд Европын орнууд, Герман, Дани, Скандинавын орнууд Шинэчлэлийн үеэс хойш албан ёсоор Католик шүтлэгээс татгалзан Лютеран онолыг баримтлах болсон төдийгүй үндэсний Чуулган гэж үзэх хандлагатай. Гэхдээ энэ барууныхан дээрх Үнэн алдартнуудаас ялгаатай нь албан ёсны автокэфал гэсэн онол байхгүй.
2. Деноминэйшнэлизм[4]. Энэ хэлбэршил бол Барууны Чуулганы[5] үндсэн шинж мөн. Баруун Европод анхнаасаа Ром хотын чуулган эзэнт гүрний нийслэлд байсан гэдэг утгаараа нөлөөтэй, бусад чуулгануудаа захирдаг байсан бөгөөд МЭ 4-р зуунд Ромын эзэнт гүрэн хоёр хуваагдсан цагаас эхлэн баруун Ромын эзэнт улсад байгаа чуулганууд Ромын бишопт харъяалагдан үлдэж, харин зүүн Ромын эзэнт улсад байх чуулганууд нь газар нутгийн харъяалалаараа Константинополийн бишопт хамаарах болсон байна. Тэр цагаас эхлэн Ромын чуулган (Латин чуулган гэж нэрлэх нь ч бий) баруун Европын улс үндэстнүүдийг өөрийн захиргаанд, нөлөөнд байлгах бодлого явуулсаар ирсэн. Угаасаа олон үндэстэн ястныг захиргаандаа барьж байсан эзэнт гүрний чуулган үндэстэн угсаатан бүр өөрийн гэсэн чуулгантай, өөртөө засан тохинох эрхтэй байхыг анхнаасаа хүсэхгүй нь тодорхой. Тиймээс дундад зууныг хүртэл баруун Европт үндэстэн бүрд хэл соёлоосоо үл хамааран бүх чуулганууд мөргөлөө Ромын албан ёсны хэл болох Латин хэлээр явуулдаг, жирийн ард иргэд мөргөлийг ойлгодоггүй, Библийг Латин хэл дээр л уншдаг байлаа. Улс үндэстэн дамнасан чуулгануудын дээд эрхийг кардиналуудын зөвлөл барих агаад тэргүүнд нь өөрийгөө Петрийн залгамжлагч гэж үзэх Ромын пап заларна. Ромын Католик Чуулган өөр бусад улс үндэстнүүдэд илгээлт хийдэг боловч мөн л дээд эрх, удирдлага, онол сургаал нь ямар байхыг төвөөс шийдэж өгдөг байлаа. Филиппиний Католик чуулганы тэргүүн нь Ромын пап гэсэн үг. Хаа холын өмнөд Америкт Бразилид, Мексикт, алс дорнын Азид Хонконгт, Японд Католик чуулганых нь тэргүүн бол Ромын пап. Мин улсын үед Хятадад ажиллаж байсан Католик шүтлэгт Есүсийн Нийгэмлэгийн илгээлтийн эздийг нутгийн шашин шүтлэгтэй хэт хутгалдсан гэсэн гүжирдлэгээс болж төвөөс нь шууд буцаан татаж байлаа. Дэлхий дээр үндэстэн дамнасан хамгийн том шашны институц бол Ромын Католик Чуулган[6]. Өнөөдөр үүнээс болж манай өмнөд хөрш БНХАУ албан ёсоор Хятадын Католик чуулганыг Ватиканаас[7] хамааралгүйгээр өөрсдөө бие дааж шийдвэр гаргахыг шаарддаг. Ватикан үүнийг нь эсэргүүцдэг.
Протестантууд 16-р зуунд Ромын Католик Чуулганы удирдлага, онол сургаалыг эсэргүүцэж баруун Европод гарч ирсэн боловч, угшил нь эндээс тул хичнээн өөрсдийгөө өөр гэж тодорхойлдог ч гэлээ, шинж чанараараа бол адилхан. Ромын Католик Чуулган болоод Протестант чуулгануудын хоорондох төстэй чанарууд гэвэл нүглийн талаарх ойлголт, Библийн болоод Христийн тухай онол нь хэт хууль цааз, ёс суртахууны өнцгөөс тайлбарлагддаг баригдмал шинжтэй, улс үндэстэн соёлын талаар сөрөг хандлага ихтэй. Хамгийн тод шинж бол Христитгэлийг хэтэрхий задалж ангилж зүйлчилж, томъёолж ойлгодог, ингэж заадаг. Ингэж сурахыг бас шаарддаг. Тийм ч учраас баруунд хөгжиж дэлхий даяар тархсан барууны Христитгэлийг “танхимын шашин” гэж нэрлэх нь бий.
Протестант чуулганууд, жишээ нь Мефодист, Пресбитериан, Харизматик, Пэнтэкост, Лютеран, Баптист урсгалууд бас л улс үндэстний гэсэн шинж байхгүй, зөвхөн онолын хувьд бие биенээсээ ялгардаг, тодорхой түүхэн цаг үед Англид, Германд, Шотландад, АНУ-д бий болсон хөдөлгөөнүүд юм. Тэгээд Христитгэлт соёлтой нийгэмд үүссэн учраас аль нэг үндэстний гэх боломж байхгүй, харин сургаалаа энд тэнд дэлгэрүүлж хоорондоо хаяа зэрэгцэн оршиж эхэлжээ. Нэг гудамд зэрэгцээд Пресбитериан, баптист чуулган байх үзэгдэл эндээс л эхэлсэн. Зэрэгцүүлээд л илгээлт хийгээд байна, зэрэгцээд л өөрийнхөө урсгал чиглэлийн чуулган байгуулаад байна. Эндээс эхлээд л “Хэдэн Христ байгаа юм бэ?” гэсэн онигооны асуулт тавигдаж эхэлсэн. Нэг нь “жинхэнэ итгэгч хүн бол Сүнсээр дахин төрсөн байх ёстой гэнэ, дахин төрснийг нь батлах тэмдэг бол харь хэлээр ярих авъяас” гэж заана. Нөгөө нь “Христийн чуулганд пастор гэж байх ёсгүй, бүгд ах дүүс гэж Библид хэлсэн” гээд л авч өгнө. Гудамны нөгөө талд байгаа пастор “манайх цорын ганц амьд чуулган, бусад нь шашинлаг болсон” гэнэ.
Анхандаа онол үзэл сургаалаар ялгардаг байсан бол, сүүлдээ аль мөнгө санхүүгийн чадалтай нь өргөн далайцтай үйл ажиллагаа явуулах замаар өргөжиж, хүчтэй харизматай[8] удирдагчдыг тойрсон бүлэглэлүүд бий болж эхэлсэн. Үндэстэн дамнасан корпорациуд гэдэг шиг үндэстэн дамнасан ийм бүлэглэлүүд, урсгал чиглэлүүд хэдэн зуу мянгаараа бий болсон байна. Тэд явсан газраа өөрийнхөө онол сургаалыг сурталддаг. Баптист чуулганууд Монголд төдийгүй дэлхийн хаа ч газар баптист онолтой чуулган байгуулахыг, өргөжүүлэхийг зорьдог. Пресбитерианууд дэлхий дээр цорын ганц зөв чуулганы хэлбэр бол Шинэчлэгдсэн онол сургаалтай, ахлагч нарын засаглалтай чуулган гэж итгэж байна. Тиймээс явсан газраа ийм чуулган бий болгохын төлөө хүч хөрөнгө хаядаг, боловсон хүчнийг бэлддэг. Энэ бол зөвхөн Монголд болж буй үзэгдэл биш, дэлхий даяар Барууны угшилтай чуулгануудын хийдэг илгээлт.
Үүнээс ангижрах гарц байна уу? Байна. 16-р зуунд эхэлсэн энэ урсгал чиглэлийн ялгарал хуваагдал 20-р зууны 2-р хагас хүртэл үргэлжилсэн ч энэ хүч одоо асар их саарсан. Хэд хэдэн шалтгаан байна.
Саармагжих явц
1. Онолын ялгарал нь ноцтой том биш.
Үнэндээ жигтэйхэн олон урсгал байгаа мэт боловч, хоорондоо тийм аминд тулахуйц ялгаа байхгүй гэж хэлж болно. Чуулганы удирдлагын загвар ямар байх ёстой вэ, аврал мөнхөд баталгаатай юу, хэн тухайн урсгалыг үндэслэсэн бэ, хүүхдэд баптисм хүртээж болох уу, пасторыг ямар шаардлагаар сонгох вэ, мөргөл магтаал дээр бөмбөр оруулах уу үгүй юу гэх мэтийн асуудлыг тойрсон жижиг сажиг эрээвэр хураавар ялгаанууд.
Тэрнээс бүгд Библи бол Бурханы бичигдсэн илчлэлт, гурвалаар оршигч Бурхан, Христийн цагаатгал гээд нэг л суурь онолтой. Үүнийг Христийн Даяар Чуулганы догма[9] гэж ойлгож болно. Энэ олон урсгалууд Элч нарын болоод Никайн итгэлийн тунхаг дээр суурилсан янз бүрийн формула буюу томъёолсон үзэл баримтлалтай. 1970-аад оноос хойш энэ ялгарал эрс багассаар байна. Чуулган хоорондын энэ мэт жижиг ялгаа гэдэг одоо үед утгагүй болжээ. Үүний төлөө эдүгээ хэн ч илд агсаад бие биеэ хөнөөдөг цаг өнгөрсөн.
2. Хөрөнгө хүчний асуудал.
Барууны Чуулганы нэг том шинж болсон урсгал чиглэлүүд дэлхий даяар тархсаны нэг том хүчин зүйл нь яалт ч үгүй өнгөрсөн зуунуудад болсон Европийн колоничлол, түүнийг дагасан их гүрнүүдийн бодлого. Баян хүчирхэг Европ Америкийн чуулганууд ч асар их хөрөнгө мөнгө цутган байж илгээлт хийсэн. Индонези Голландын колони байсан, тэнд Голландын Шинэчлэгдсэн чуулган байгуулагдсан. Филиппин Испанийн колони байсан. Тэнд Ромын Католик чуулган байгуулагдсан. Энэтхэг Их Британий колони байсан. Тэнд Англикан чуулган хүчтэй байсан. Перс, Дундад Азийн хойд талаас Оросын нөлөө, өмнөд зүгээс нь Английн нөлөө хүчтэй орж ирсэн, хойд зүгт нь Оросын үнэн алдартны чуулганы илгээлт, өмнөд талд нь Англикан илгээлт хүчээ авсан. АНУ Филиппинийг Испаниас булаан авсны дараа тэнд Протестант илгээлтийн эзэд өөр өөрсдийн урсгал чиглэлээ хүчээр оруулж эхэлсэн. Үүний цаана асар их хөрөнгө мөнгө, хүн бий.
Гэтэл 1950-аад оноос хойш Ази, Африк, Латин Америкт олон улс орон тусгаар тогтнолоо олж авлаа. Колоничлол нурсан. Колони орнуудынхаа иргэдийг “гэгээрүүлж”, хүчээр Христэд итгүүлэн өөрсдөдөө уусгах гэсэн төрийн бодлогууд нь нурлаа. Эдүгээ барууны улс орнуудын төрийн зүгээс санхүүгийн дэмжлэгтэйгээр илгээлт хийгддэг үе өнгөрсөн. Колони орнуудын хүч хөрөнгө, баялгийг хуурайлсан тэр их хуримтлал нэг хэсэгтээ Барууны ертөнцийг тэжээсэн ч цаашид удаан тогтохгүй. Жил ирэх тусам барууны урсгал чиглэлүүдийн санхүүг босгох ажил улам хүндэрсээр байна. Цаашид бүр ч хүндэрнэ. Ингээд хөрөнгө хүчээр зоддог байсан илгээлт зогсонги байдалд орох цагт хөгжиж байгаа орнуудад тэдний байгуулсан том том институц нь яажшуу амь зогоох юм бол гэдэг нь сонин бөгөөд үзүүштэй үзэгдэл болох байх.
3. Урсгал чиглэлээс гадуур бие даасан илгээлтийн байгууллагууд.
Баруунд илгээлтийн мэргэшсэн байгууллагууд байдаг. Зарим нь тодорхой нэг урсгал чиглэлийн харъяанд, зарим нь бие даасан шинжтэй. Өнөөдөр бие даасан илгээлтийн байгууллагуудыг санхүүгээр дэмжих явдал илүү түгээмэл болж. Санхүүгээр дэмжигч хувь хүн байгууллагуудын зорилго ч аль нэг урсгал чиглэлийн бодлого хэрэгжээсэй гэхээс илүүтэйгээр Христийн Сайн мэдээ дэлгэрч, нутгийн чуулганууд бий болоосой, нутаг орныхоо соёл нийгэмд шүтэлцээтэй жинхэнэ итгэл бишрэл төрөхөд энэ бүх тусламж дэмжлэг нэмэр болоосой гэж үзэж байна. Ийм байгууллагын миссионерууд байгуулагдсан нутгийн чуулгантай хамтран ажиллах юмуу эсвэл чуулган байгуулаад нутгийн удирдагчийг томилоод буцдаг. Өнөөдөр Монголд өчнөөн олон ийм гадаадын илгээлтийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа.
Гэхдээ асуудал нь жалгын нэг үлдсэн чуулгануудад нэгдсэн бодлого зохион байгуулалт үгүйлэгдэж байна.
4. Барууны ертөнцөд Христитгэгчид эрс багассан.
Аймшигтай боловч гарцаагүй баримт бол уламжлалт Христийн соёлтой гэгддэг байсан барууны орнуудад Христэд итгэгчид асар цөөрч байгаа явдал юм. Статистик тоо баримтууд энэ бүхнийг баталсаар байгаа. Үүнийг дагаад чуулгануудын тоо цөөрч байна. Чуулганууд цөөрч байгаа тул тодорхой урсгал чиглэлийн хүчтэй хуваагдлууд алга болж эхэлж байна. Тэгэхээр жижиг урсгал чиглэл болгон тус тусдаа багахан хөрөнгө хүч зарж байсны оронд нийтлэг эрх ашгийн төлөө хамтдаа байж нийгэмд нэгдсэн гэрчлэл хийхийг зорьж байгаа юм. Жижиг сажиг онолын маргаан, удирдлагын зөрчилдөөнөөс болж үүсэж байсан энэ олон урсгал чиглэлийн эх орон Европ Америкт байдал өөр болчихлоо. Харин бид? Мода Монголоор дуусдагийн үлгэрээр өөр газрууд үеэ өнгөрөөж байгаа үзэгдэл манайд гангараад дуусах байх даа.
5. Христитгэлийг шинэ цөм шинээр томъёолж байна.
Өнөө цагт Христэд итгэгчдийн тооны хувьд, энэ бол Европын шашин байхаа больжээ. 50 жилийн өмнө ийм болно гэж хэлэхэд хэцүү байжээ, гэтэл энэ бол одоо хөдлөшгүй баримт. Цаашид Христийн чуулганы өнгө төрх улам бүр өөр болно. Библийг Бурханы үг сургаал гэж үзэх явдал хэвээр байна, уламжлалт итгэлийн тунхагууд хэвээр хадгалагдана, загалмайн үнэн Христийн үхэл амилалтын сайн мэдээ хэвээр үлдэнэ. Бусад юмс нь өөрчлөгдөх цаг ирнэ. Нэг талаасаа шинэ орчин соёл иргэншил үүнийг шаардана, нөгөө талаас урсан өнгөрөх цаг үе, нийгмийн өөрчлөлтүүд үүнийг шаардана. Зайлшгүй. Мөргөлийн хэв маяг, үйлчлэлийн тодорхойлолтууд, илгээлтийн арга зам, чуулганы хэлбэршилт өөрчлөгдөх болно. Хурдан уу, удаан уу гэдэг зөвхөн цаг хугацааны асуудал. Үндэстэн соёл болгонд байгаа чуулганууд өөрсдийгөө ялгаатайгаар илэрхийлж эхэлнэ. Энэ бүх өөрчлөлт дундаас би үндэсний Чуулган бий болох явцыг энд өгүүлье.
Өнөөдөр АНУ-д Христийн Чуулгануудын Үндэсний Зөвлөл гэж бий, 1950-аад онд байгуулагдсан. Энд Ромын Католик, Үнэн Алдартан, Протестант, Эвангелийнхан, Пэнтэкостууд гээд Христийн чуулганы том том урсгалын төлөөлөгчид багтдаг. 1977 онд Австралид Нэгдсэн Чуулган гэж байгуулагдсан. Мефодист, Пресбитериан, Чөлөөт чуулгануудын холбоонууд нийлсэн. Ийм хөдөлгөөн бас Канадад байгуулагдсан үйл ажиллагаа явуулдаг. Өмнөд Солонгост мөн адил. Манай зарим пасторууд энэ нэгдлийг Монголд бий болгохыг зорьж байх шиг байна.
Гэхдээ дээрх хөдөлгөөнийг 2 хувааж ойлгож болно. Нэг хэсэг нь бүрмөсөн онолын болон чуулганы практик ялгарлыг давж нэгдэж нэг зохион байгуулалтад орж байна. Нөгөө нэг хэсэг нь ингэж нэгдэх процесст ороогүй, зөвхөн улс орныхоо хэмжээнд байгаа чуулгануудын хооронд хамтын ажиллагаа хөгжүүлэх тухай ярьж байна. Нэг үндэстэн бол гарцаагүй нэгэн цагт үндэсний Чуулган болж зохион байгуулалтад ордог. Үүний нэг жишээ бол “Өмнөд Энэтхэгийн Чуулган” гэдэг нэртэй үндэсний институц. 1947 онд Энэтхэг тусгаар тогтносны дараа тэндхийн Англикан, Пресбитериан, Мефодист, чөлөөт чуулганууд нийлэн байгуулсан байдаг. 1990-ээд онд бас зарим Пентекост, Баптист чуулганууд нэгдэн орсон. Тэд бол Энэтхэг чуулгануудын итгэгчид. Тэд Америкийг дуурайсангүй, Австраличууд тэднээс хэзээ хойно нэгдсэн Чуулган болж эхэлсэн. Үнэн хэрэгтээ нэг түүхтэй үндэстэн, нэг хэл соёлтой, нэг газар нутаг дээр амьдарч байж нэг нь Пентекост гээд, нөгөө нь би Калвины сургаалтай гээд явж байх инээдтэй бөгөөд шившигтэй байгаа юм. Жирийн Монгол хүний нүдээр бол Христэд итгэгч бол итгэгч, чи Католик байна уу, баптист нь байна уу хамаа байхгүй. Тодорхой түүхэн цаг үед бол Европт хамаатай байсан, тийм үе байсан. Харин өнөөгийн Монголд хэнд хамаатай юм бэ? Яг ийм нөхцөл байдал дэлхий даяар нүүрэлчихээд байгаа юм. Бид ямар урсгал чиглэлийнх гэдгээс үл хамаараад нэгдсэн гэрчлэлтэй, нэгдсэн фронттой байх, нэгдсэн зохион байгуулалтад орж эхлэх нь бидэнд ашигтай юм. Ирэх цагийн өнгө ийм байна.
Үндэсний Чуулган байгуулах шаардлага
1. Орчин цагийн геополитикийн ойлголт
Эзэнт улсууд байгуулж янз бүрийн үндэстэн угсаатанг нэгтгэдэг үе өнгөрчээ. 1800-аад оноос хойш хүчтэй тавигдаж байгаа, дэлхий даяар тогтсон өнөөгийн ойлголт бол nation-state буюу нэг үндэстэн өөртөө тусгаар тогтнох эрхийн тухай ойлголт байна. Энэ зарчмын дагуу өнгөрсөн 60 жилийн дотор тусгаар тогтносон үй олон улс бий. Монгол улсын тусгаар тогтнолыг ойлгох зөвтгөх өнцөг бол энэ. Өнөөдөр дэлхийн сүүлчийн эзэнт улсууд болсон ОХУ, БНХАУ дотор олон үндэстнүүд бий. Тэдний дотор салан тусгаарлах үзэлтэнгүүд зөндөө бий… . Тэгэхээр Үндэсний Чуулган бий болох нэг угтвар нөхцөл бол нэг үндэстэн нэг хэл соёл байх учиртай, тэгээд тухайн үндэстэн нь олон улсын хамтын нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдсөн де жюрэ тусгаар улс байх ёстой. Монгол улс бол яг ийм улс. Ийм улсад хатуу тогтоосон хил хязгаар гэж бий, үндэсний эрх ашиг гэж бий. Үндэсний эв нэгдэл гэсэн ойлголт бий. Манай Монгол улс Швейцарьтай адилгүй. Швейцарь бол холбооны засаглалтай улс. Улс дотроо 2-3 албан ёсны өөр хэлтэй. Бид АНУ-тай адилгүй. Яагаад гэвэл АНУ бол цагаачдын орон. Унаган Америк хүн гэж нутгийн уугуул Индиан иргэдийг хэлдэггүй юм бол, бүгд өөр улс орнуудаас ирсэн. Ирэхдээ шүтлэг бишрэлээ, ёс заншлаа, урсгал чиглэлээ аваад очсон. Бүгд шинэ газар нутагт гаднаас ирэгсэд учраас хэн нь ч өөрийн шүтлэгийг, урсгал чиглэлийг Үндэсний гэж хэлэх эрх байгаагүй. Тиймээс бүгд эв найртайгаар зэрэгцэн оршсон, хөгжсөн. Харин анхны цагаачид ирсэн цагаас хойш 200 гаруй жил өнгөрөхөд тэдэнд одоо нэг улс, нэг үндэстэн гэсэн ойлголт бий болсон төдийгүй чуулганууд нь цаашид нэгдэх процест шилжиж байна. Австрали мөн адил, Канад, Шинэ Зеланд яг л энэ замаар явж байна. Харин хэдэн мянган жилээр төв Азийн энэ өндөрлөгт идээшин дассан, амьдарч ирсэн нүүдэлчин ардын үр удам болсон Христэд итгэгч Монголчуудын хувьд, бид улс үндсээ Эзэн Бурханаас бидэнд заяасан газар нутаг, хил хязгаар, үндэс угсаа соёл бахархал гэж ойлгох учиртай. Тэгээд бидэнд Үндэсний Чуулган байх ёстой. НЭГ ҮНДЭСТЭН – НЭГ ЧУУЛГАН. Энэ бол бидний уриа.
2. Библийн сургаал
Библийн эхэнд Эзэн бүх амьтдыг төрөл зүйлээр нь бүтээсэн тухай өгүүлсэн. Хүн төрөлхтнийг нэг гэр бүлээс буй болгосон хэдий ч, тэдэнд өгсөн тушаал бол “өсөн үржиж, өнөр өтгөн бол, газар дэлхийг дүүргэ” гэсэн байдаг[10]. Мөн тэд ажиллаж хөдөлмөрлөж, бүтээх ёстой байлаа[11]. Хүмүүнд соёрхсон Эзэний тушаалыг анхан удаа сайн мууг мэдүүлэгч модны жимсийг авч идсэнээр зөрчсөн[12] тэд Эхлэл 11- бүлэг дээр “бид нэрээ алдаршуулъя. Тарж бутралгүй нэг газраа амьдрая” гэсэн байдаг[13]. Өсөн үржиж дэлхийг дүүргэх ёстой байсан хүмүүс маань харин ч төвлөн сууж, өөрсдийгөө тойруулан бүх юмсыг төвлөрүүлэх гэсэн эрх мэдэл, хүч чадалд дурласан. Бүх юмсын төвд байж өөрийгөө алдаршуулах гэсэн энэ эрмэлзлийг Эзэн сүйрэлд хүргэсэн. Өнөөдөр ч гэсэн ямарваа нэг үндэстэн хүчирхэг болмогцоо заавал бусад бүгдийг өөрсдөөсөө хамааралтай болгож, эрх мэдэл хүч чадлаар бусдыг далайлгадаг, Бурханаас эмээлгүйгээр хүмүүний шударга бус тогтолцоог бий болгодог нь хүн төрөлхтний түүхээс илт харагддаг. Тэр болгонд Эзэн түүхийг өөрчилдөг. Хаадыг босгодог, унагадаг[14]. Хаанчлалуудыг төгсгөдөг. Эзэн бол хүн төрөлхтний түүхийг сэгсэрдэг. Хүн төрөлхтний түүх төдийгүй, авралын түүхт мөн Бурхан үндэстэн бүрээс өөрийн сонгосон хүмүүсээ авна гэж Библид хэлсэн байдаг[15]. Бас Библийн Илчлэлт номд үндэстэн бүрээс ирсэн хүмүүс Бурхан Эзэнд алдрыг өргөж байна гэсэн байна[16]. Шинэ Иерусалимын төвөөр гол урсах агаад голын хоёр талаар ургасан амийн моддын үр жимс сар бүр дэлгэрнэ, тэр нь үндэстнүүдийг илааршуулна гэжээ[17]. Үндэстэн гэдэг бол хэл, соёл, сэтгэлгээ, зүс царай гээд олон юмны нийтлэг нэгдмэл хүмүүний бүлэглэл юм.
Бурхан Эзэн загас, шувууд, амьтдыг хэдэн мянган төрөл зүйлээр бүтээсэн нь хоорондоо давтагдашгүй ялгарлыг бий болгосон байдаг. Мод ургамал энэ ертөнцөд байх бүх юмс давтагдашгүй чанартай. Тэгвэл Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн хүн давтагдашгүй бүтээл болохоос гадна, тэрхүү хүмүүсийн эгэл нэгдэл болсон гэр бүл ч мөн давтагдашгүй чанартай. Тэрхүү гэр бүл хэмээх нийтлэг хувь заяатай нэгдлүүд маань хамаатан садангаараа нийлж овог аймаг бүрдүүлнэ, тэр нь хөгжлийн тодорхой түвшинд үндэстэнг бий болгодог.
Үндэстэн бүрдэх явц бол Бурханы түүхээр дамжуулан хийдэг ажил юм. Тэрээр үй олон үндэстэнг бий болгосны дотор нэгэн хүнээс Абрахамаас Израиль үндэстэнг бий болгосон байдаг. Энэ үндэстэн эргэн тойрны бусад үндэстнүүдэд ивээл болох ёстой байлаа. Энэ Израиль үндэстэн цорын ганц үнэн Бурханаас эмээн хүндэлбэл, хэрхэн ивээж хамгаалж, хэрэв Түүнээс нүүрээ буруулбал хэрхэн шийтгэдэг болохыг гэрчлэх ёстой байлаа. Хуучин гэрээний туршид энэ түүх үргэлжилсэн. Мэдээж, энэ үндэстний дотор Бурхан Эзэнээс эмээдэг Түүний үг сургаалыг дагадаг хүмүүс байхад, хорон муу явдалтай, Эзэнээс эмээдэггүй, тэр ч бүү хэл өөр харийн шашин шүтлэгийг дагаж байсан бүхэл бүтэн үеийнхэн ч гарч ирж байлаа. Израиль үндэстний дотор Эзэний элч нар эш үзүүлэгчид гарч ирж, ард иргэдийг Эзэн рүү эргэхийг ятгадаг байсан. Эзэнээс ирж буй ивээлийн амлалт хийгээд айсуй шийтгэлийг анхааруулдаг ч хүмүүс байсан. Эзэнд Шаббат гараг бүр мөргөл хүндэтгэл өргөн, орлогынхоо аравтыг сүмд авчирдаг, Бурханы өмнө ажиллаж амьдардаг жирийн иргэд ч зөндөө л байсан. Улс орноо буруу замаар хөтлөн дагуулсан “хөлсний хоньчид”[18] шиг хаад удирдагчид ч гарч ирж байсан, Эзэн рүү ард түмнээ дагуулсан, хүмүүст таалагдахаасаа илүүгээр Бурханы хүсэл санааг эрэлхийлж байсан удирдагчдыг ч Тэрээр босгож байсан. Нэг үндэстэн гэдэг бол Бурханы авралын ажилд маш том ойлголт юм. Ийм нэг бүхэл хүмүүсийн дунд Бурхан өөрийн хүмүүсийг давс гэрэл нь болж гэрчилж амьдар гэсэн байдаг.
Бурхан газар дэлхий дээр хүмүүний дүрээр буун ирээд амьдрахдаа цэвэр Иудей цусны хүн болсон. Тэр космополитан[19] байгаагүй. Тэр Израилийн түүхэн нутгаас ч хол аялж үзээгүй. Иудейн улс төрийн болоод шашины удирдагчидтай Түүний хийсэн мэтгэлцээн зөрчил нь эцэстээ Түүнийг үхэлд хүргэхэд Ромын захирагч Понти Пилат “энэ хүний хэрэг бол Иудейн үндэсний дотоод шашин шүтлэгийн асуудал байна” гэж хэлсэн байдаг[20]. Есүс чөлөөт худалдааг дэмжих, эс дэмжих тухай юм уу, ардчилал бол Бурханаас өгөгдсөн хамгийн төгс засаглал гэсэн маргаан хийгээгүй. Гаднаас нь харвал Тэр ердөө л сүсэгт Еврей байсан. Есүс өөрийн ард түмэндээ чин сэтгэлээс хайртай байсан. Түүний нүдэнд Израиль үндэстэн хоньчингүй хонин сүрэг мэт тарж бутарсан ядарсан зүдэрсэн байлаа[21]. Тэр өвчтэйг нь эдгээж, сохрыг нь хараатай болгож, ядарсанд нь итгэл найдвар өгч, Иудейд тогтсон байсан бурангуй ёсны эсрэг тэмцэж байсан. Тэр баян чинээлэг Ромчуудаас тусламж гуйгаагүй, харь орон руу дүрвэхийг зөвлөөгүй. Явж сонгуулийн компанит ажил өрнүүлэн хар ПР хийж, бусдыг гутаан муучлаагүй. Тэр Бурханд эцсээ хүртэл итгэж найдаж байсан. Мэдээж Түүний төрөлт, үхэл, амилалтын цаана асар том авралын ажил явагдаж байсан гэдгийг хүмүүс мэдээгүй. Тэр өөрийгөө Израилийн төөрсөн хоньдын төлөө ирсэн гэдэг байлаа[22].
Тухайн үед Есүсийг дагаж байсан шавь нар нь мөн л хэзээ Бурхан ард түмнээ хаанчилж амар амгалан, хөгжил дэвшлийг Израиль үндэстэнд соёрхох бол гэж асууж байлаа. Тиймээс Есүсийг эцсийн удаа Иерусалимд орж ирэхээс өмнө 12 шавийн дунд хэн нь шинэ Израилийн ерөнхий сайд болох вэ гэдэг маргаан дэгдсэн байдаг. Хожим амилсан Есүс тэнгэрт одохын өмнө шавь нар нь хэзээ шинэ Израиль бий болох вэ гэж асуусан нь Үйлс номд бичигдэн үлджээ[23]. Хожим Паулын өөрийнх нь батлан хэлж байгаагаар, тэрээр хар багаасаа өөрийн үндэстний шүтлэг бишрэл, хууль цаазыг гарамгай сурч, Эзэн Бурханы төлөө, ард түмэн үндэстнийхээ төлөө агуу үйл хэргийг хийхсэн гэсэн дэврүүн хүсэл мөрөөдөлтэй байснаа дурдсан байдаг. Тэр үнэхээр үндэсний үзэлтэй, боловсролтой нэгэн байлаа. Христэд итгэгчдийг хавчиж байхдаа тэр үүнийг Бурханы төлөө, үндэстнийхээ төлөө гэж бодож байсан. Харин Эзэн Есүс Дамаск орох замд түүнтэй уулзсанаас хойш тэрээр эш үзүүлэгч Ионатай адилхан тавиланг эдэлсэн. Есүс түүнийг хөвч хөндүүлээгүй харь хүмүүсийн авралд илгээжээ. Тэрээр Бурханд захирагдан үүнийг хийж явахдаа ч, дотор байсан бодол санаагаа Ром 9:1-5 “би өөрийн үндэстний төлөө Христээс салгагдаж өөрөө хараал болоосой гэж хүсэж байлаа”, Ром 10:1-2 “миний зүрх сэтгэлийн хүсэл болон тэдний төлөө Бурханд залбирах нь тэдний (израильчуудын) аврал билээ” гэх мэтээр илэрхийлжээ. Ийм залбирлыг нэгэнтээ Израиль үндэстний удирдагч, Бурханы хүн Мосе Египетээс гарсан нь 32:32 “Хэрвээ Та энэ үндэстний нүглийг уучлахгүй бол, Өөрийнхөө бичсэн номоос намайг арилгаач” гэсэн байдаг.
Анхны чуулган бол Иудей Чуулган байсан. Анхны Иудей элч нар ч гэсэн нэг хэсэг нь Паул шиг хөвч хөндүүлээгүй хүмүүс рүү явсан бол, нөгөө хэсгийг нь Бурхан хөвч хөндүүлэгсэд рүү буюу Израиль үндэстэн тийш илгээсэн билээ. Харь үндэстнүүд рүү хийгдсэн анхны илгээлт бас л Иудейн чуулганаас хийгдсэн. Тийм ч учраас Сирийн Антиохт болсон маргааныг шийдүүлэхээр Паул Иерусалим орж байсан. Грек, бага Азид хийсэн илгээлтийн тайлангаа Паул Иерусалимын Чуулганы өмнө тавьж байсан. Библид яг л ингэж бичигдсэн байгаа.
Эндээс Чуулганыг Бурхан хоёр талбар руу илгээсэн байгааг бид харж байна. Нэг нь тухайн дуудагдсан итгэгчид өөрийн ард түмний дунд гэрчлэх эн тэргүүний зорилготой. “Үндэсний чуулганы энэ тэргүүний зорилт бол өөрийн үндэстний энэ мэт асуудлыг Библийн сургаал ба Бурханы мэргэн ухаан, Сүнсний хүчээр шийдвэрлэхийн төлөө Бурханаас илгээгдсэн явдал гэж бид үздэг.”[24] Бидэнд үндэсний Чуулганд Бурханаас канончилж өгсөн газар нутаг байгаа гэж итгэдэг. Аливаа нэг үндэсний Чуулган тухайн үндэстний, улс орны хил хязгаарыг Бурханаас тэдэнд соёрхсон эзэмшил талбар гэж үзэх ёстой. Үүнээс цааш өөр улс үндэстний хил хязгаарт нэвтрэх, өөр үндэстэнд Сайн мэдээ хүргэхийг илгээлтийн талбар гэж үзнэ.
Тэгэхээр Чуулган гэж юу болж таарч байна вэ? Энэ бол гадаадын шашины институц төдий зүйл биш юм. Энэ бол гадаадын нэг гайгүй мөнгөтэй хүнтэй нийлж аваад Христийн чуулган нэртэй хүчтэйхэн институц (компани) маягийн юм байгуулаад явчих юм биш. Библид хэлэхдээ Эзэний Чуулган бол Эзэний ард түмэн гэсэн байгаа. Эзэний дуудсан, сонгосон ард түмэн. Хуучин гэрээний утга ч тийм, шинэ гэрээний утга ч ийм. Монгол үндэстний дундаас түүхийн энээхэн цаг үед Эзэний авралыг хүртсэн Түүний дуудсан хүмүүс бүгд нийлээд Эзэн Бурханаар овоглосон Монгол ард түмэн болж байгаа юм. Энд шинэ Монголын дүр төрх нуугдаж байгаа юм. Нүгэл ба хүчирхийллээр, харанхуйн хүчинд эвдэрсэн Бурханы дүр төрхийг тээгч Монгол хүн нэг бүр Эзэн Есүсийн авралд багтсанаар шинэ Монголын дүр төрхийг Христийн дотор гэрчилж байгаа юм. Бид бүгд нийлээд Эзэний Монгол Чуулган. Энэ харанхуйн хүчинд баглуулсан хуучин Монголыг би санагалзахгүй байна. Харин Христийн үнэнээр ариусгагдсан соёл бүхий шинэ Монголын нийгмийг, шинэ Монголын нүүр царай болсон Үндэсний Чуулганыг би эрэлхийлж байна.
3. Тогтолцооны дарамт гэдэгтэй холбоотой асуудлууд
Яахав, Монголд ороод ирчихсэн, цаашид орж ирж байгаа олон урсгалуудын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөх эсэхийг мэддэг эрх бүхий байгууллага байна уу? Төрийн байгууллага лав чадахгүй. Тэдэнд гадаадаас хэр их хөрөнгө мөнгө орж ирэх нь л чухал байхдаа. Монголын төр энэ ард түмэнд “сайн хоньчин” шиг байж чадахгүй байна. Сайн хоньчин шиг дөлгөөн усны дэргэдүүр хөтөлж, ногоон бэлчээрт хэвтүүлэхгүй байна. Тэгэхээр тэдэнд найдалтгүй.
Монгол чуулгануудын цөөн зарим нь гайгүй болоод байгаа ч, дийлэнх маань ямар байгаа билээ? Ядруу л байгаа даа. Энд хөгжил гацаанд орчихоод байгаа юм. Гацаж байгаа хэд хэдэн шалтгаан байна. Соёлын, санхүүгийн, бүтцийн, удирдлагын гээд… Монгол Чуулганы бүтцийн тухайд би ингэж санадаг. Наад зах нь бүсчлэлийн асуудал. Монгол бол бүс нутгийн хөгжлийн тухай ярьдаг ч, тэр нь ажил болдоггүй улс. Засаг захиргааны бүтэц нь аймаг гэсэн нэгжид хуваагддаг болохоос бүс гэж хуваагддаггүй. Энэ засаг захиргааны бүтцээ барьж зохион байгуулалт хийвэл алсдаа ашиг нь гарна. Нутгийн бие даасан чуулгануудыг чадавхжуулах, тэгээд тухайн орон нутагт харъяалагдаж байгаа чуулганууд нутгийн хүчтэй хамтын ажиллагааг бий болгож, ингэснээр тухайн орон нутагт гэрчлэх, төр засаг нийгэмтэй хамтран ажиллах болон шаардлагатай тохиолдолд шахалт үзүүлэх иргэдийн хүчтэй дуу хоолой, эрүүл саруул ухааны төв нь болж байх ёстой. Нутгийн өөрөө удирдах ёсыг бид Христийн чуулганууд жинхэнэ утгаар нь Монголд хэрэгжүүлж болох юм шиг санагддаг.
Монгол чуулгануудын санхүүгийн асуудал байна. Гаднаас орж ирсэн энэ тогтолцоо асар өндөр өртөгтэй. Зүйрлэж болохоор нэг яриаг би өгүүлье. Нэг удаа хүүтэйгээ хамт машинаар явж байлаа. Саяхан баригдсан нэг өндөр барилгыг харж байснаа хүү маань “аав аа, манай Улаанбаатар хэзээ Нью Йорк шиг өндөр өндөр байшинтай болноо” гэж санаашрангуй хэллээ. Би түүнд “Хэзээ ч болохгүй. Яаж ч хөгжсөн заавал Токио шиг юмуу, Шанхай Нью Йорк шиг тийм байх албагүй юм. Япон 120 сая, Америк 200 сая хүн амтай, Хятад 1 тэрбум хүн амтай. Тэр чинээгээр багахан газар, хүн амын суурьшил нягт, мөнгөн эргэлт, зах зээлийн багтаамж гээд олон юм үүнд нөлөөлдөг. Харин Монгол 2 сая гаруй хүн амтай. Нийслэлд нь 100 давхар хэдэн байшин барихад бүх албан байгууллага оффис орно гэж бодож байна? Харин түүний оронд, яг манай өөрийн улс оронд тохирсон хөгжлийн зөв бодлого, иргэдийн ая тухтай амьдрал, эрүүл эдийн засгийн орчин байх ёстой юм. Заавал Нью Йорк шиг болж байгаагаар, гадаад төрхийг дуурайснаар хөгжил хэмжигдэхгүй, харин нэг хүнд оногдох ДНБ ч юмуу хүний хөгжлийн итгэлцлүүрүүдээр нь хэмжинэ” гэсэнд хүү маань зөвшөөрч билээ. Миний хүү ч яахав хүүхэд тул асуудалд гадна үзэгдэх талаас нь хандаж байна. Харин Монгол чуулгануудын удирдагчид чуулганы хөгжлийн асуудалд үзэгдэх өнгөн талаас нь бус, харин дотоод агуулгыг нь сайтар бодолцдог байгаасай. Чуулган Сайн мэдээг энэ үндэстэнд хүргэх үүрэгтэй. Энэ бол ганц нэг семинар хийх, хүний бэлтгэсэн хичээлийг дамжуулахын нэр биш, харин энэ бол Монгол үндэстний соёлд, зан заншилд, сэтгэлгээнд, гэр бүлүүдэд, хөдөөд хотод, ухамсарт нь, ахуй орчинд нь хүн ардынх нь гэгээрэлд хийх ёстой шинэчлэлийн ажил юм. Үүнийг Үндэсний Чуулган гэсэн ухагдахуун байхгүйгээр яаж хийх вэ?
Төгсгөл
Эцэст нь, Үндэсний Чуулганы 3 шинжийг ингэж томъёолж байна:
- Энэ үндэстний түүх соёл сэтгэлгээ, амьдралын орчил Бурханы тогтоосноор оршин байгаа гэсэн эерэг итгэл үнэмшил.
- Христийн Даяар Чуулганы түүхэн итгэл үнэмшлийн баримтлал.
Дээрх хоёр үзэл дараахь суурь үзэлд зангилагдана.
НЭГ ҮНДЭСТЭН – НЭГ ЧУУЛГАН
“Үүрдийн гэгээ” чуулганы тэргүүн пастор: Хатгин. П. Энх-Амгалан
Улаанбаатар хот. Манай Эзэний 2010 оны 12 дугаар сар 5
Зүүвэр:
[1] Даяар Чуулган – Грекээр Католикос гэсэн энэ үг бүх нийтийн, дэлхий дахины гэсэн утга илэрхийлнэ. Бүх цаг үеийн туршид, бүх дэлхий даяар оршин байх Бурханы Чуулганыг онол үзэл сургаалаас үл хамааран Даяар Чуулган гэнэ. Англи хэлнээс буувал Catholic буюу орчин цагийн хэллэгээр Universal Church гэж бууна. Энэ утга нь Ватиканд төвтэй Ромын Католик Чуулгантай хамаагүй. Даяар Чуулган гэсэн нэр томъёо Элч нарын тунхагт орсон.
[2] Үнэн алдартан – Грек орто-догса гэсэн хоёр үгийн нийлбэр. Үнэн зөв шүтлэг үзэл, эсвэл үнэн зөв алдар гэж орчуулж болно. Ортодокс буюу Православие гэдэг. Зүүн Европийн Христийн чуулганууд өөрсдийгөө үнэн зөв сургаалыг баримталдаг гэдэг утгаар энэ нэрийг хэрэглэдэг.
[3] Автокэфал – өөртөө засаглах эрх.
[4] Деноминэйшнэлизм – манайхан урсгал чиглэл гэж хэлдэг. Үндсэндээ улс үндэсний ялгаа заагаас бус, харин чуулганы онол үзэл сургаал, удирдлагаас болж хуваагддаг үзэгдэл.
[5] Барууны чуулган – энд Ромын Католик болон Протестант Чуулгануудыг тооцдог. МЭ 5-р зуунаас хойш Ромын бишоп баруун Европод үнэмлэхүй ноёлж, тийшээ Латин хэл, чуулганы мөргөлийн Латин соёл болон Ромын папын засаглал дэлгэрсэн. Хожим Протестантууд Ромын Католик Чуулганыг эсэргүүцэж гарч ирсэн боловч, энэ нь Католик шүтлэггүй газруудад ямар ч нөлөө үзүүлээгүй.
[6] 2008 оны байдлаар дэлхий даяар таван тивд 1 тэрбум, 100 сая гаруй итгэгчидтэй.
[7] Ватикан – Ромын Католик Чуулганы төв. Ватикан хот улс, энд Ромын Пап болон Католик чуулганы төв байрладаг. Шашны хот улс гэж ойлгож болно.
[8] Харизма – хувь хүний бусдад нөлөөлөх, бусдыг өөртөө татаж дагуулах төрөлхийн авъяас билэг
[9] Догма – хөдлөшгүй суурь онол баримтлал
[10] Эхлэл 1:26-28
[11] Эхлэл 2:15
[12] Эхлэл 3:1-19
[13] Эхлэл 11
[14] Дуулал 75:7
[15] Матай 24:31; Иохан 10:16
[16] Илчлэлт 7:9
[17] Илчлэлт 22:2
[18] Иохан 10 – хоньчин гэсэн үгийг хэрэглэхдээ Есүс зөвхөн шашины пастор гэсэн утгаар хэлээгүй байдаг. Бурхан өөрийгөө хоньчинтой, Израилийг хонин сүрэгтэй зүйрлэхдээ Израилийг бүхэлд нь нийгмээр нь хэлсэн байдаг бол, Езекиел Иеремиа номуудад Израилийн хоньчид гэдэг нь зөвхөн шашины багш тэргүүнүүд биш, Израилийн хаад, удирдагчид, хот тосгодын ахлагч нарыг ч оруулж хэлсэн байдаг. Тиймээс Есүс “Надаас урьд ирэгсэд бол хулгайч алуурчид, хөлсний хоньчин” гэсэн байдаг нь тухайн үеийн Израилийн улс төрийн, нийгмийн, шашины удирдагчдыг бүхэлд нь хэлж байгаа юм. Тиймээс Монголд пастор буюу хоньчин гэсэн үгийг зөвхөн чуулганы удирдагч төдийгөөр ойлгох энэ явцуу ойлголтыг яваандаа халах хэрэгтэй.
[19] Космополитан – аль нэг улс үндэстэнд харъяалалгүй, бүхэл дэлхийн хүн гэсэн утгатай. Одоогийнхоор бол глобал үзэл санаатай хүн гэсэн үг.
[20] Мат 27:18
[21] Мат 9:35-36
[22] Матай 15:24
[23] Үйлс 1:6
1 comment:
Баярлалаа, үнэхээр сайхан бичсэн, хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй зүйлс байна!
Post a Comment